Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 00344

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар /Регистрийн дугаар МЗ:9056084, утас-70369201/-ын нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3 дугаар баг, 2-р хэсгийн 6-11 тоотод оршин суух хаягтай, /РД: МБ:68102008, утас:99168789, 99345301, Боржигин овогт Цэвэлдоржийн Цэдэнсодномд холбогдох 515200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 22-ны  өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир 3-р багийн 2 дугаар хэсгийн 6-11 тоот хаягт оршин суугч Боржигин овогт Цэвэлдоржийн Цэдэнсодном нь 2012 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас өрхийн үйлдвэрлэл эрхлэх зорилгоор 500000 төгрөгийн 2012 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн дотор эргэн төлөх нөхцөлтэйгээр авсан. Хугацаа дууссанаас хойш удаа дараа шаардлага тавьж албан мэдэгдэл өгсөн боловч одоог хүртэл төлж барагдуулаагүй тул зээлийн үлдэгдэл 460000 төгрөг, алданга 55200 төгрөг, нийт 515200 төгрөгийг гаргуулахаар шүүхэд хандаж байна гэжээ.

Хариуцагч Ц.Цэдэнсодном нь шүүхэд гаргасан тайлбартаа: ... Миний бие нь Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын нэхэмжлэлтэй танилцлаа. Сум хөгжүүлэх сангаас 500000 төгрөгийн зээлийг 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр авсан нь үнэн. Одоо тус байгууллагаас нэхэмжилсэн 515200 төгрөгийг маргах зүйлгүйгээр төлж барагдуулна. Иймд энэхүү асуудлыг шүүгчийн захирамжаар шийдэж өгнө үү гэжээ.

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 515200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Цэдэнсодном маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газрын 515200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ц.Цэдэнсодном төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Засаг даргын тамгын газар нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                                Ж.ЭРДЭНЭБАТ.