Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 140

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Базарханд даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ж овогт У-ын Ш-д холбогдох эрүүгийн 20100 0200 0110 дугаартай хэргийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Улсын яллагч Б.Алтанцэцэг, шүүгдэгч У.Ш нарыг оролцуулан, нарийн бичгийн дарга Б.Боорчи шүүх хуралдааны тэмдэглэл хөтлөв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1997 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Алаг толгой” ХХК-д жолооч ажилтай, ам бүл 5, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт амьдрах, хххх оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, бие эрүүл, ухаан бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Ж овогт У-ын Ш- /РД: /,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурьдсанаар/

 

Шүүгдэгч У.Ш нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 413 тоотын үүдэнд “шөнө унтаж амраахгүй, чимээ гаргалаа” гэх шаардлага тавьсан иргэн О.Ө-гийн нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, уруулд нь язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэнд холбогджээ.                                         

 

                                                          ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч У.Ш нь Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  тус тус заасан “хууль зүйн туслалцаа авах, өмгөөлүүлэх” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өөрөө өөрийгөө өмгөөлж оролцоно” гэх хүсэлтийг тус шүүхэд бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрөө өөрийгөө өмгөөлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг шүүх хангасан болохыг тэмдэглэв. 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:

1. Шүүгдэгч У.Шын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: 

“...Миний хувьд өөрийн буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгсөн тул одоо шүүхэд нэмж хэлэх зүйл алга байна. Би урьд өмнө хохирогчийг зүс харж байсанаас таньж мэдэхгүй. Тухайн өдөр би архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. “Амраахгүй байна” гээд хэрүүл хийгээд байхаар нь цохичихсон юм. Хохирогч, бид хоёр өөрсдөө тохиръё гээд би эмчилгээний зардалд 500.000 төгрөг өгсөн. Энэ талаар хэрэгт баримт гаргаж өгөөгүй. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ харамсаж байгаа, дахин ийм асуудал гаргахгүй ээ. Тухайн асуудал шөнийн 02 цагийн үед гарсан. Хажуу айлын хүний тавьсан шаардлага нь зөв, тухайн үед би согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохоор уурлаад гараараа нэг удаа нүүрэн тус газарт нь цохичихсон юм. Шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүдийг хохирогч Өлзийбуянд би учруулсан, миний буруу.” гэсэн мэдүүлэг,

 

Эрүүгийн 20100 0200 0110 дугаартай хэргээс:

 

1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад О.Ө-гийн хохирогчоор өгсөн:

“...2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчимд унтаж байгаад хажуу айлын чимээнээр сэрсэн. Тэгээд хажуу айлын хаалгыг тогшиход нэг залуу гарч ирэхээр нь “чимээгээ багасгаач, шөнө болж байна. Би унтмаар байна” гэж хэлээд зогсож байхад цаанаас нь нэг залуу гарч ирээд нэг юм хэлсэнээ миний нүүрэн тус газар гараараа цохиод авсан. Цохисноос болж миний нүдний шил эвдэрч, хамарнаас цус гарсан. Тэгээд л би цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирсэн юм.

Би тэр залууг танихгүй, тухайн үед л харсан. Манай хажуу айлын нийтийн байрны 413 дугаар өрөөнд хөлсөөр амьдардаг хүмүүс байх. Би тухайн өдөр архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй, тэр залуус хэрэглэсэн байсан байх. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Б.Оюунбаатарын гэрчээр өгсөн:

“...2020 оны 01 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух найз Шуухаазын гэрт очоод бид хоёр нэг шил 0.75 литрийн савалгаатай “Эдэн” нэртэй архи хувааж уусан. Шөнө 02 цагийн орчимд тэдний хаалгыг нэг хүн тогшоод байхаар нь би очоод онгойлгоход нэг залуу “унтаж амармаар байна, чимээгээ болиоч” гэхээр нь “уучлаарай, одоо болиод амарлаа, ойрд уулзаагүй найзтайгаа уулзаад жоохон архи уусан юм” гэж хэлээд байж байтал манай найз Шуухааз “танайх ч гэсэн хааяа ийм шуугиантай байдаг биз дээ” гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Тэрнээс өөр зүйл болоогүй.

Би тэр залууг танихгүй, юунаас болж Шуухааз түүнийг цохисныг мэдэхгүй байна. Тухайн үед Шуухааз, түүний найз охин Норовсүрэн, мөн би байсан, өөр хүн гэрт байгаагүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

 

3. ШШҮХ-ийн шинжээчийн Хүний биед хийсэн шинжилгээний 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 1333 дугаартай:

1. О.Ө-гийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ.

3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн дүгнэлт /хэргийн 25-26х/,

 

4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч У.Шын яллагдагчаар өгсөн:

“...Би ял сонсгож яллагдагчаар татсан прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, хүлээн зөвшөөрч байна. 2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, өөрийн хөлсөлж суудаг байрандаа байж байхад найз Оюунбаатар ирээд бид хоёр 0.75 литрийн савалгаатай “Эдэн” нэртэй архийг хувааж уусан. Тэгээд шөнө 02 цагийн орчимд манай хаалгыг хүн тогшоод байхаар нь Оюунбаатар очоод онгойлгоход нэг залуу зогсож байсан. Оюунбаатартай юм яриад явахгүй байхаар нь би очоод тэр залуугийн нүүрэн тус газарт нь нэг удаа гараараа цохиод авсан.

Тэгэхэд Өлзийбуян гэх залуугийн хамарнаас цус гарахад, “цагдаа дуудлаа” гээд яваад өгсөн. Удалгүй цагдаа нар ирж Оюунбаатар бид хоёрыг аваад явсан юм. Би шүүх эмнэлгийн шинжээчийн дүгнэлтийг уншиж танилцлаа, санал хүсэлт байхгүй. Би Өлзийбуян гэх залуугийн биед учирсан гэмтлүүдийг учруулсан. Би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэсэн мэдүүлэг /хэргийн 33х/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа /хэргийн 37х/, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хэргийн 50х/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогч талуудын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй, шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх үүрэг бүхий мэргэшлийн шинжээч эмч гаргасан байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлсэн болно.

Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлууд бүрэн шалгагдаж тогтоогдсон тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч У.Шын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.   

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт:

 

Шүүгдэгч У.Ш нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс 09-ний өдөрт шилжих шөнө Хан-Уул дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийтийн байрны 413 тоотын үүдэнд “шөнө унтаж амраахгүй, чимээ гаргалаа” гэх шаардлага тавихад нь “танайх ч гэсэн хааяа чимээтэй байдаг биз дээ” гэж иргэн О.Ө-тай маргалдан, эсэргүүцэж нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохиж, түүний эрүүл мэндэд нь “...уруулд нь язарсан шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол учруулсан үйл баримт хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цуглуулан бэхжүүлж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн:

- хохирогч О.Ө-гийн: “...2020 оны 01 сарын 08-ны өдрөөс 09-нд шилжих шөнө 01 цаг 50 минутын орчимд унтаж байгаад хажуу айлын чимээнээр сэрсэн. Тэгээд хажуу айлын хаалгыг тогшиход нэг залуу гарч ирэхээр нь “чимээгээ багасгаач, шөнө болж байна. Би унтмаар байна” гэж хэлээд зогсож байхад цаанаас нь нэг залуу гарч ирээд нэг юм хэлсэнээ миний нүүрэн тус газар гараараа цохиод авсан. Цохисноос болж миний нүдний шил эвдэрч, хамарнаас цус гарсан. Тэгээд л би цагдаад дуудлага өгсөн бөгөөд цагдаа нар ирсэн юм. ...Надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг /хэргийн 19-20х/,

- гэрч Б.Оюунбаатарын: “...2020 оны 01 сарын 08-ны өдөр Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэрт оршин суух найз Шуухаазын гэрт очоод бид хоёр нэг шил 0.75 литрийн савалгаатай “Эдэн” нэртэй архи хувааж уусан. Шөнө 02 цагийн орчимд тэдний хаалгыг нэг хүн тогшоод байхаар нь би очоод онгойлгоход нэг залуу “унтаж амармаар байна, чимээгээ болиоч” гэхээр нь “уучлаарай, одоо болиод амарлаа, ойрд уулзаагүй найзтайгаа уулзаад жоохон архи уусан юм” гэж хэлээд байж байтал манай найз Шуухааз “танайх ч гэсэн хааяа ийм шуугиантай байдаг биз дээ” гээд нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан...” гэсэн мэдүүлэг /хэргийн 22х/,

- ШШҮХ-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн:

“...1. О.Ө-гийн биед уруулд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгджээ, дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна, цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөхгүй, дээрх гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.” гэсэн Хүний биед хийсэн шинжилгээний 1333 дугаартай дүгнэлт /хэргийн 25-26х/ болон шүүгдэгч У.Шын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг /шүүх хуралдааны тэмдэглэл, хэргийн 33х/ нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг гэмт хэрэгт тооцох хуулийн зохицуулалтай.

Хэргийн хохирогч О.Ө-гийн биед учирсан шинжээчийн дүгнэлтэд дурьдагдсан “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь шүүгдэгч У.Ш нь түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоноос үүссэн ба шүүгдэгчийн гэм буруутай шууд санаатай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтэл бүхий хохирол учирсан үр дагавар хоорондын шалтгаант холбоо тогтоогдсон байна.

 

Хан-Уул дүүргийн прокуророос У.Шын дээрх гэмт үйлдлийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь тохирсон, хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг мөрдөн шалгах ажиллагааны явцад бүрэн хангалттай шалгаж тогтоогдсон байна.

 

Түүнчлэн хэргийн шүүгдэгч У.Ш нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

 

Иймд шүүгдэгч У.Шыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй. 

 

“Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд тус тус тодорхойлж хуульчилсан.

 

Хохирогч О.Ө-гийн эрүүл мэндэд учирсан “...уруулд шарх, зөөлөн эдийн няцрал” гэмтэл бүхий хөнгөн хохирол нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох ба уг учирсан гэмтлийг эмчлүүлэх, эмчилгээ сувилгаа хийлгэхтэй холбоотой гарсан болон бусад зардал нь хохирол учруулсаны улмаас шууд үүссэн үр дагавар буюу гэмт хэргийн хор уршигт тооцогдох юм.    

 

Тухайн хэргийн нөхцөлд хохирогч О.Ө- нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй хэдий ч тэрээр мөрдөн шалгах ажиллагааны явцад “...Надад одоо ямар нэгэн гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” хэмээн мэдүүлж /хэргийн 19-20х/ баримт бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, гомдлын шаардлага гаргаагүй байна.

Иймд шүүгдэгчийн хувьд гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцож төлөх төлбөргүй гэж үзнэ.  

 

Шүүгдэгч У.Ш нь урьд ял шийтгэгдэж байгаагүй талаар хэргийн 50 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтдад “ЦЕГ-ын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн сангийн бүртгэлд бүртгэгдээгүй” тухай тэмдэглэгдсэн баримттай байх тул түүнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

 

Шүүгдэгч У.Ш нь нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдоогүй байна.   

 

Шүүх, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тэрээр тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй шүүгдэгчийн хувийн байдал, хохирогч О.Ө- нь “...гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэснийг болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгч У.Шыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэж шийдвэрлэв.    

 

Энэ хэрэгт У.Ш нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Өлзийбуян нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдах нь зүйтэй.  

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон                                                    

                                                

                                                             ТОГТООХ нь:

 

1. Ж овогт У-ын Ш-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар У.Шд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар У.Ш нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэх 90 /ер/ хоногийн хугацаанд биелүүлэхийг мэдэгдэж, хуулиар тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 /арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Энэ хэрэгт У.Ш нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэх эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл үгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч Б.Өлзийбуян нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг тус тус дурьдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба ялтан, хохирогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл тогтоолыг өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай. 

 

6. Эрх бүхий этгээд шийтгэх тогтоолд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд У.Шд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         С.БАЗАРХАНД