Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 088

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Соёлмаа,

шинжээч Ж.Бадамсүрэн,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М,

шүүгдэгч Б.М, түүний өмгөөлөгч Ч.Мөнхсүх,

гэрч П.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.М-холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд “Ө” ХХК-нд борлуулагч-жолоочоор ажиллах хугацаандаа:

2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 111.530 төгрөгний барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацааны тооллогоор 484.015 төгрөгийн барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг тус тус байгууллагад тушаалгүй завшиж, “Ө” ХХК-нд нийт 1.263.055 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр хүний нөөцийн ажилтандаа хүүхэд бие өвдөөд хөдөө явах шаардлагатай боллоо, чөлөө олгож өгнө үү гэсэн өргөдөл гаргасан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр ерөнхий захирал Ганзориг руу залгаж чөлөөгөө сунгуулах талаар хэлэхэд “чамайг ажлаас халсан, ирээд хэрэггүй, тэр чигээрээ зайл” гэсэн. 2018 оны 6 дугаар сард цагдаагийн байгууллагаас над руу залгаад “Ө” компаниас тан дээр 2 сая 600 гаруй мянган төгрөгийн өр төлбөр гарсан гэх өргөдөл гаргасан байна гэсэн. 2018 оны 04 дүгээр сарын 30-ны тооллого хийгээд 100 гаруй мянган төгрөгийн бараа дутаасан гээд байгаа зүйлийн талаар гэвэл би 5 дугаар сарын 01-ний өдөр нягтлан бодогчтойгоо бараагаа тоолоод 5 дугаар сарын 02-ны өдөр ажилдаа гарсан байдаг. Манай байгууллага бараа дутаасан тохиолдолд ажилд гаргадаггүй. Дутаасан бараагаа заавал тулгаж байгаад ажилд гаргадаг. Би нягтлан бодогчтойгоо 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр тооллого хийгээд 5 дугаар сарын 1-ний өдөр бараагаа шахаад ажилдаа гарсан. Тэгээд 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр бараа аваад ажилдаа гарсан. Би 5 дугаар сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 12-ны өдөр хүртэл бараа материал дутаасан зүйл байхгүй. Граашт 7-8 жолооч, борлуулагч нар машинаа тавьдаг тул намайг чөлөөтэй байсан хугацаанд ямар нэгэн байдлаар бараа дутах боломжтой. Бараа материалд тооллого хийхдээ ямар байдлаар тооллого хийсэн гэдгийг мэдэхгүй байгаа тул надаас бараа материал дутсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Зарим нэг барааг бүтэн хайрцаг болгож өртүүлсэн байдаг. Харин 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн Баянгол гэдэг дэлгүүрт зээлээр өгсөн барааны үнийг 6 дугаар сарын 10-ны өдөр авч өөрөө хэрэглэсэн. Би тооллогоор илэрсэн дутагдалыг хүлээн зөвшөөрөхгүй гэв.   

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Б.М нь 2017 оны 8 дугаар сараас 2018 оны 5 дугаар сар хүртэл борлуулагч, жолоочоор ажиллаж байсан. Ажиллах хугацаандаа алдаа гаргаж цалингаасаа суутгуулж байсан. 2018 оны 4 дүгээр сарын тооллогын дутагдлын талаарх баримттай танилцаад гарын үсэг зурсан баримт нь хавтаст хэрэгт байгаа. 2018 оны 5 дугаар сарын 484.510 төгрөгийн бараа дутсан байгаа. Бэлэн мөнгөний дутагдал нь 667.510 төгрөг гэж гарсан. Үүнийг Б.М өөрөө хүлээн зөвшөөрч байгаа. Иймд өр төлбөрөө нэхэмжилж байна гэв.

 

Шинжээч Ж.Бадамсүрэн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Шинжээчийн дүгнэлт маш олон баримтанд үндэслэж гардаг. Нягтлан боох бүртгэл гэдэг нь цогц зүйл байдаг. Өмнө нь гарсан шинжээчийн дүгнэлтэд шинжилгээгээр “Ө” ХХК-д жолооч, борлуулагчаар ажиллаж байсан. М нь 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд шинжилгээнд ирсэн материал, тооллогын бүртгэл, хүлээн авсан бараа материалын зарлагын баримт, ачилтын хуудас, борлуулалтын орлогын бүртгэл, илүүдэл, дутагдлын тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд нийт 1.767.825 төгрөгийн дутагдал гаргасан гэж тооцсон. Протокол гэдэг нь санхүүгийн анхан шатны баримтыг  дэмжих баримт юм. Тухайн байгууллагын бизнесийн үйл ажиллагааны чиглэлийг харахад жижиглэнгийн худалдаа хийдэг байсан. Олон улсын стандаартаар бараа материал гэдэг нь цаашид борлуулж ашиг олохоор авсан бараа бүтээгдэхүүнийг бараа материал гэж хэлээд байгаа юм. Бэлэн мөнгө бол бараа биш. Тооллогын бүртгэл, хүлээн авсан бараа материалын зарлагын баримт, ачилтын хуудас, борлуулалтын орлогын бүртгэл, илүүдэл, дутагдлын тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг санхүүгийн анхан шатны баримт гэв.

 

Гэрч П.О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би тухайн үед хүний нөөцийн ажилтны албан тушаалыг эрхэлж байсан. Тушаалыг дахин дахин гаргасан асуудал байхгүй, эх хувиар нэг хувь гаргачихаад дахиад 5 дугаар сарын 17-ны өдрийн огноотой тушаал гаргасан байгаа. Надад тушаалын хувь үлдээгүй тул тушаалыг дахин гаргасан. би өөрт байгаа хувиа цагдаагийн байгууллагад гаргаж өгөөд дахиад гаргахдаа тухайн өдрийнхөө огноогоор гаргаж огнооны асуудал гаргасан тул намайг алдаа гаргасан гээд захиргааны арга хэмжээ авсан. Сүүлд гаргасан тушаал нь хүчин төгөлдөр юм. Б.М холбогдохгүй байсан тул гэр бүлийнх нь хүнтэй холбогдоход “мэдэхгүй Архангай явсан, надад ямар ч хамаагүй, холбогдох газраа өг” гэсэн. Тэгээд тооллого хийсэн. Тухайн үед Б.М тойрох хуудас зуруулаагүй ажлаа хаяж явсан тул ийм асуудал гарсан байгаа. Бараа материал дутагдуулсан, ажил үүргээ зохих ёсоор хүлээлгэж өгөөгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 хоногоос дээш хоног ажилдаа ирээгүй тул тооллого хийхэд зөрчил гарсан. Би тушаал гаргахдаа огнооны хувьд төөрөлдсөн байж магадгүй, одоогоор хүний нөөцийн менежерийн ажлаа хүлээлгэж өгсөн гэв. 

 

Эрүүгийн **** дугаартай хэргээс:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-54, 221, 229-р хуудас, 2-р хавтас 19, 101-р хуудас/,

Гэрч П.О-н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-42, 110, 228-р хуудас/,

Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,

Гэрч Я.М-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №*** дугаартай дүгнэлт /хх-ийн 1-р хавтас 58-67-р хуудас/,

Шинжээч Ц.О-ын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг  /хх-ийн 1-р хавтас 230-233-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №*** дугаартай дүгнэлт /хх-ийн 2-р хавтас 107-109-р хуудас/,

Шинжээч Ж.Бадамсүрэнгийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 112-113-р хуудас/,

 

 “Шинэ Бланс” ХХК-ийн ажлын тайлан /хх-ийн 1-р хавтас 29-38-р хуудас/,

 

“Ө” ХХК-тай холбоотой баримтууд:

- Тооллогын комисс томилох тушаал /хх-ийн 1-р хавтас 39, 212-213-р хуудас/,

- “Ө” ХХК Б.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 1-р хавтас 13-25-р хуудас/,

- Б.М-д холбогдох тушаалууд /хх-ийн 1-р хавтас 26-28, 144-р хуудас/,

- “Ө” ХХК-ийн цалин хөлс тооцож, олгох журам /хх-ийн 1-р хавтас 128-131-р хуудас/,

- компаний дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 132-133-р хуудас/,

- Зарлагын падаан /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,

- цагийн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 138, 211-р хуудас/,

- тооллогын комиссын протокол /хх-ийн 1-р хавтас 142-143-р хуудас, 2-р хавтас 89-90-р хуудас/

- Б.Мд сахилгын шийтгэл ногдуулж, ажлаас халах тушаал /хх-ийн 1-р хавтас 209-210-р хуудас, 2-р хавтас 91-р хуудас/,

- цалингийн цэс /хх-ийн 1-р хавтас 245-250-р хуудас, 2-р хавтас 1-16-р хуудас/,

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-82, 220-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 10-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 11-12-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 55-р хуудас/, гэрлэлтийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 85-р хуудас/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 1-р хавтас 86-87-р хуудас/, гэрч Г.С-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/, гэрч Х.П-ийн мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 121-р хуудас/, хүү М.Т-ийн амбулаториорын эмчлүүлэгсдийн картын хуулбар /хх-ийн 1-р хавтас 122-124-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 1-р хавтас 150-152-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

                                                                                                                                

Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.М-ийн гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаархи шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд “Ө” ХХК-нд борлуулагч-жолоочоор ажиллах хугацаандаа:

2018 оны 4 дүгээр сарын тооллогоор 111.530 төгрөгний барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн хугацааны тооллогоор 484.015 төгрөгийн барааг,

2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг дуусталх хугацааны борлуулалтын орлогын 667.510 төгрөгийг тус тус байгууллагад тушаалгүй завшиж, “Ө” ХХК-нд нийт 1.263.055 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М-ын ... Б.Мтэй 2018 оны 4 дүгээр сард тооллого хийхэд бэлнээр 82.000 төгрөг, бараагаар 111.000 төгрөгний дутагдал гаргаад дутагдлаа хүлээн зөвшөөрч төлж барагдуулна гэж хэлж байсан боловч удалгүй 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр ажлаа хүлээлгэж өгөлгүй хаяад явчихаар нь залгаж асуухад хүүхдээ хараад хөдөө байна, очихгүй гэсэн. Тухайн үед ажлаа болон бараа бүтээгдэхүүнээ хүлээлгэж өг гэдэг шаардлага тавьж байсан ч ирээгүй. Тэгээд ажилдаа ирэхгүй болохоор нь байгууллагаас комисс гаргаж М-ийн хэрэглэж байсан борлуулалтын автомашинд үзлэг хийж бараа материалыг тоолж хүлээн аваад тооцоо гаргахад гэмтэлтэй бараа 176.650 төгрөг болон өр дутагдал нэмэгдээд 1.767.825 төгрөг болсон. Уг дутагдлыг “Шинэ бланс” ХК-ний аудитын шалгалтаар давхар тогтоосон. ...М-ийн хамгийн сүүлийн цалин болох 2018 оны 5 дугаар сарын цалин болох 488.085 төгрөгийг хасч тооцсон. 488.085 төгрөгөнд цалин, ээлжийн амралт давхар бодогдсон. Барьцаа мөнгө нь 300.000 төгрөг байгаа. Харин борлуулалтын урамшуулал тооцогдоогүй. Тэгэхээр шинжээчийн дүгнэлтээр 1.888.085 төгрөгийг дутааж завшсан гэж гарсан боловч үүнээс ээлжийн амралтын мөнгө 488.085 төгрөг, барьцаа 300.000 төгрөгийг хасч тооцоод үлдэгдэл 1.100.000 төгрөгийг нэхэмжилж байна. ...“Ц” хүнсний дэлгүүрээс нийт 176.650 төгрөгийн гэмтэлтэй болон хугацаа дууссан бараа байсныг дүгнэлтээр 98.230 төгрөгийн тооцоо гаргасан байдаг...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 52-54, 221, 229-р хуудас, 2-р хавтас 19, 101-р хуудас/,

 

Гэрч П.О-ийн ... Б.М нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс худалдааны төлөөлөгчөөр туршилтийн хугацаанд 3 сар ажиллаад үндсэн ажилтнаар хөдөлмөрийн гэрээ байгуулан 2017 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс борлуулагч, жолоочоор ажиллаж эхэлсэн. М-ий 2018 оны 4 дүгээр сарын ажлын тайлан мэдээг шалгахад 600.000 гаруй төгрөгийн дутагдал гарахаар нь санхүүгийн тооллого хийхэд 1.373.310 төгрөгний дутагдал гарсан. Тэгээд М-тэй уулзахад “цалингаасаа суутгуулаад үргэлжлүүлэн ажлаа хийж байя” гэхээр нь ажиллуулсан. Ажиллаж байх хугацаандаа барааны мөнгөнөөс дутуу оруулаад байхаар нь санхүүгийн албанаас мөнгөө бүрэн төлөх шаардлага тавихад 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс ажлаа хаяад явчихсан. Дахин тооллого хийхэд 1.674.230 төгрөгний бараа дутагдуулж 157.710 төгрөгний бараа бүтээгдэхүүнийг цаашид худалдан борлуулах боломжгүй болгосон байгаа. Ингээд нийтдээ “Шинэ бланс” аудитын байгууллагаар санхүүгийн тайлан гаргуулахад 2.676.290  төгрөгний дутагдал гаргасан. Тэгээд М-тэй уулзахаар гэрийнх нь хаягаар хэд хэдэн удаа очсон боловч уулзаж чадаагүй. Эхнэр Н-тай нь ярихад “хөдөө явчихсан байгаа, би мэдэхгүй” гээд утсаа салгасан. Дахин залгахад утсаа авахгүй байхаар нь Цагдаагийн байгууллагад хандсан. Борлуулагч байгууллагаас бараа авахдаа захиалгаа өгч, захиалсан бараагаа ачилтын хуудсанд бүртгүүлснээр тухайн бараагаа хүлээн аваад худалдан борлуулсны дараа бэлэн мөнгийг байгууллагын дансанд өдөр бүр тушааж тооцоо нийлж тулгаж явдаг. ...ажлаа хаяж явах хүртэлх хугацаанд 2.676.290 төгрөгийн хохирол учруулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 41-42, 110, 228-р хуудас/,

 

Гэрч Б.М-ийн ... Б.Мтэй байгууллагын зүгээс холбоо барьж чадахгүй болохоор нь 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр байгууллагын захирлын тушаалаар тооллогын комисс байгуулагдаж Б.Мөнх-Эрдэнийн унаж явсан автомашинд байсан бараа бүтээгдэхүүнийг тооллого хийж зурагжуулсан баримтжуулж хугацаа дууссан, эвдэрч хэмхэрч дахин ашиглах боломжгүй барааг тусад нь тавьж гэрэл зургаар баталгаажуулж авсан. Чухам хэдэн төгрөгний бараа материал тоолж авсан нь тооллогын комиссын тэмдэглэл бусад баримтуудад тусгагдсан байгаа...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 107-р хуудас/,

 

Гэрч Я.М-ын ...Б.М 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдөр түгээлтээр явж байгаад машинаа бааз дээрээ үлдээгээд бүх юмнуудаа задгай хаяад яваад өгсөн. Тэрнээс хойш М-ийг ажилдаа ирэхгүй болохоор нь байгууллагаар тооллогын комисс гарч машинд байсан бараа бүтээгдэхүүнийг хүлээн авсан. М-тэй ажил хэргийн хүрээнд харьцаж байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 109-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн №*** дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээгээр “Ө” ХХК-д жолооч борлуулагчаар ажиллаж байсан Б.М нь 2018 оны 4 дүгээр сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд шинжилгээнд ирүүлсэн материалын тооллогын бүртгэл, ачилтын хуудас, хүлээн авсан бараа материалын зарлагын баримт, борлуулалтын орлогын бүртгэл, илүүдэл дутагдлын тайлан, харилцагчийн авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг санхүүгийн анхан шатны баримтын хүрээнд нийт 1.767.825 төгрөгийн зөрчил дутагдлын үлдэгдэлтэй байна. Үүнээс анхан шатны баримтгүй 4 дүгээр сарын утасны төлбөр 1.320 төгрөг болон тооллогоор илэрсэн гэмтэлтэй гэх 176.650 төгрөгийн барааны шинж чанар, гэмтлийн шалтгааныг эдийн засгийн шинжилгээгээр тогтоох боломжгүй тул мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. /хх-ийн 1-р хавтас 58-67-р хуудас/,

Шинжээч Ц.О-ын ...2018 оны 4 дүгээр сарын 30-ны тооллогын дутагдал нь 111.530 төгрөг, 2018 оны 5 дугар сарын 14-ний өдрийн тооллогын дутагдал 810.815 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 03-ныг дуустал хугацааны борлуулалтын орлогын дутагдал 82.570 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-нийг дуустал хугацааны борлуулалтын орлогын дутагдал 584.940 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 04-ний өдрөөс 2018 оны 5 дугаар сарын 14-ний хоорондох хугацааны гэмтэлтэй бараа /тооллогоор илэрсэн/ 176.650 төгрөг, 2018 оны 4 дүгээр сарын утасны төлбөр 1.320 төгрөг нийт зөрчил дутагдал 1.767.825 төгрөг болж байгааг дүгнэлтийн хавсралтад тодорхой тусгасан байгаа. 2018 оны 4 дүгээр сарын тооллогын дутагдлыг бөөний үнэ бүртгэлд тусгасан үнээр 111.530 төгрөгөөр тооцсон. 157.710 төгрөг нь жижиглэнгийн үнээр тооцогдсон дутагдал юм. Бүртгэлд тусгасан үнэ, жижиглэнгийн үнийн зөрүү 46.110 төгрөг байгаа. Энэ 46.110 төгрөгийг хасч 1.766.825 төгрөг болж байгаа юм. Хавтаст хэргийн 118 дугаар хуудсанд байгаа проро өдрийн хоол 24 ширхэг 228.000 төгрөгний бараа баримтаас, хавтаст хэргийн 119 дугаар хуудсанд байх хөөсөн чихэр 98.800 төгрөгний падаан шинжилгээнд хамрагдаагүй баримтууд байна. Тэгэхээр проро өглөөний хоол PR1002 кодтой 10 ширхэг, PR1003 кодтой өглөөний хоол 10 ширхэг, US1007 кодтой хөөсөн чихэр 12 ширхэг 22.800 төгрөг, PR1002, PR1003 кодтой барааны үнэ 190.000 төгрөг бүгд 212.800 төгрөг нь Өмнөговь аймгаас хугацаа дууссан бараа тогтоогдвол хасагдаж тооцогдохоор байна. Хавтаст хэргийн 118, 119 дугаар хуудсанд байгаа 2 падааны дүн 326.800 төгрөгнөөс 212.800 хасагдахаас үлдэгдэл 114.000 төгрөгийг хасч тооцхоор байна. Шинжилгээгээр хасагдсан 46.180 төгрөг, 833,325 төгрөгийг хасагдсан дүн нь жижиглэнгийн үнэ бүртгэлд тусгагдсан худалдах үнийн зөрүү бөгөөд эдийн засгийн шинжилгээгээр бодит хохирлыг тогтоодог болноо. Эдийн засгийн шинжилгээ нь тооллогын бүртгэл, ачилтын хуудас, хүлээн авсан бараа материалын зарлагын баримт, борлуулалтын орлогын бүртгэл, илүүдэл дутагдлын тайлан хариуцагчдын авлагын дэлгэрэнгүй бүртгэл зэрэг баримтуудыг үндэслэн шинжилгээ хийсэн. Хавтаст хэргийн 118, 119 дугаар хуудсанд авагдсан падаан 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн он сартай байна. Шинжилгээгээр 2018 оны 4 болон 5-р сарын санхүүгийн баримтуудаар тогтоосон. /хх-ийн 1-р хавтас 230-233-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Эдийн засгийн шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан №*** дугаартай дүгнэлтэнд: Шинжилгээгээр нийт 1.767.825 төгрөгний барааны дутагдал тооцогдсон. Үүнээс 167.650 төгрөгний барааг гэмтэлтэй гэж тайлагнасан боловч гэмтэлтэй бараа гэдгийг мөрдөн байцаалтаар тогтоохоор байна. 4 дүгээр сарын утасны төлбөр 1.320 төгрөгийн анхан шатны баримт байгаагүй болно. /хх-ийн 2-р хавтас 107-109-р хуудас/,

Шинжээч Ж.Бадамсүрэнгийн ...Өмнө нь гаргасан шинжээч Ц.Оюунтуулын гаргасан *** дугаартай дүгнэлт үндэслэлтэй байх бөгөөд Б.М нь 1.767.852 төгрөгийн дутагдал гаргасан нь баримтаар тогтоогдсон. Харин дээрх дутагдсан гэх үнийн дүнгийн 176.650 төгрөгийн бараа нь чанарын шаардлага хангаагүй, актлагдсан гэх тул энэ талаарх баримтыг цуглуулсан актлагдсан нь тогтоогдвол дээрх дутагдсан үнийн дүнгээс хасагдаж тооцогдох юм. Утасны төлбөр гэх 1.320 төгрөг нь баримтгүй байсан ба баримт нь байхгүй тохиолдолд дээрх дутагдсан үнийн дүнгээс хасагдаж тооцогдоно. Өөрөөр хэлбэл дээрх 2 үнийн дүн нь 1.757.825 төгрөгт орж тооцогдсон гэж ойлгож болно...гэх мэдүүлэг /хх-ийн 2-р хавтас 112-113-р хуудас/,

- Тооллогын комисс томилох тушаал /хх-ийн 1-р хавтас 39, 212-213-р хуудас/,

- Б.М-тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээ болон эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ /хх-ийн 1-р хавтас 13-25-р хуудас/,

- Зарлагын падаан /хх-ийн 1-р хавтас 135-р хуудас/,

- цагийн бүртгэл /хх-ийн 1-р хавтас 138, 211-р хуудас/,

- тооллогын комиссын протокол /хх-ийн 1-р хавтас 142-143-р хуудас, 2-р хавтас 89-90-р хуудас/

 

Шүүгдэгч Б.М-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн ...Би Хан-уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэр Гутал оффест байрлах хүнсний бүтээгдэхүүнийг худалдан борлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Ө” ХХК-нд борлуулагч, жолооч буюу худалдааны төлөөлөгчөөр 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс ажиллаж эхэлсэн. Ажиллаж байх хугацаандаа ямар нэгэн өр дутагдал гаргаж байгаагүй байхад намайг бараа дутаасан гэж үзээд байх юм. Би байгууллагаас авсан барааг цааш нь борлуулалт хийчихсэн байхад цаад байгууллагаас хугацаа дууссан барааг буцаадаг. Уг хугацаа дууссан барааг байгууллагад өгөх гэхэд авахгүй би өөр дээрээ өр болгож бичүүлээд цалингаас төлж барагдуулдаг байсан. “Ө” ХХК нь намайг 2.676.290 төгрөгний бараа материал дутаасан гэж гомдол гаргасан байсан. Гэтэл шинжээчийн дүгнэлтээр 1.767.825  төгрөгний дутагдал гаргасан гэж үзсэн ч энэ дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 81-82, 220-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

           Шүүгдэгч Б.М нь “Ө” ХХК-аас итгэмжлэн хариуцуулсан бараа болон борлуулалтын орлогоос нийт 1.263.055 төгрөг завшсан байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангаж байна.

 

            Иймд шүүгдэгч Б.М-ийг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэлээ.

 

 Гэм буруугийн хуралдаанаас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-с 1.263.055 төгрөг гаргуулж “Ө” ХХК-нд олгохоор шийдвэрлэсэн. Шүүгдэгч, түүний өмгөөлөгчөөс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирол төлөх талаар хүсэлт гаргаж шүүх хуралдааныг завсарлуулсан хугацаанд шүүгдэгч Б.М нь 2020 оны 02 дугаар сарын 12-ны өдөр “Ө”  ХХК-д 574.970 төгрөг төлж, үлдэх 688.085 төгрөгийг тус компаниас аваагүй цалин хөлснөөс суутгуулан хохирлыг бүрэн төлж барагдуулсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.М мэдүүлж байна. Иймд шүүгдэгч Б.М-ийг бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

           Шүүгдэгч Б.М нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Мөнхсүхээс “Б.М нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж гэм хорыг арилгасан, мөн хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

         Шүүгдэгч Б.М нь 2018 оны 5 дугаар сарын 01-нээс 2018 оны 5 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх хугацааны борлуулалтын орлогоос 667.510 төгрөгийг өөртөө хэрэглэсэн талаар мөрдөн байцаалтын болон шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлдэг ба хохирлын хэмжээн дээр маргасныг гэм буруугийн талаар маргасан гэж эрх зүйн байдлыг нь дордуулж болохгүй юм.

 

Шүүгдэгч Б.М-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирлоо нөхөн төлж барагдуулсан ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг /жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-д мэдэгдэх нь зүйтэй.

         

            Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг ирээгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

 

1. Б овогт Б-ын М-г бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  хорих ял оногдуулахгүйгээр Б.М-ийг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдвэл шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар ял оногдуулахыг шүүгдэгч Б.М-д мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М нь 1.263.055 төгрөг “Ө” ХХК-нд төлсөн ба бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.  

 

          5. Шүүгдэгч Б.М нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний  баримт баримт ирээгүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч  Б.Мд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай. 

 

 

 

                    ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Х.ОДБАЯР