Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 00322

 

  Зохигчид эвлэрснийг баталж хэргийг

                                                 хэрэгсэхгүй болгох  тухай

 

 Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймгийн Мандал сум 1 дүгээр баг, 96 дугаар байр № 81 тоотод оршин суух Боржигон овогт Гантулгын Гансүрэнгийн /РД:МЗ91021119, Утас:99078064/ нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сум 3 дугаар баг, Хараагийн № 07 тоотод оршин суух, Хангал овогт Гантөмөрийн Цогтсайханд /РД:ФМ86012474, Утас:99023862/ холбогдох 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Г.Гансүрэн нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Г.Цогтсайхан нь 2016 оны 8 дугаар сарын 29-ний өдөр миний эзэмшилийн Тоуоta-Сгеstа маркийн 79-55 СЭҮ улсын дугаартай цагаан өнгийн суудлын авто машиныг зарж өгөхөөр тохирч 2016 оны 08 дугаар сарын 29-ний өдөр надаар итгэмжлэл хийлгэж аваад Улаанбаатар хотруу авч явсан. Энэ үед нь би миний машиныг чи 2.800.000 төгрөгнөөс дээш хэдээр ч зарж болно. Надад 2.800.000 төгрөг өгчихөөрөө гэж хэлээд явуулсан. Ингээд Цогтсайхан нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр надруу утсаар яриад найз нь чиний машиныг 2.800.000 төгрөгөөр зарчихлаа. Маргааш мөнгийг чинь явуулна гэсэн. Тэгээд би маргааш, нөгоөдрөос нь миний мөнгийг өгөх байх гэж хүлээгээд байсан чинь өгдөггүй. Сүүлдээ утас нь холбогдохоо больсон. Гэртээ ирээд явдаг сурагтай байна. Би ээж, аав, эхнэрээс нь асуухаар мэдэхгүй гэх юмаа. Цогтсайханы аав, ээж, эхнэр Б.Байгалмаа, бид нар Цахилгаан шугам сүлжээнд хамт ажилладаг. Г.Цогтсайхан нь одоо надтай уулзахгүй зугтаагаад байна. Өнөөдөр би машин ч үгүй, мөнгө ч үгүй болоод байна. Иймд Г.Цопгсайханаас миний машины үнэ 2.800.000 төгрөгийг тохирсоны дагуу гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Г.Гансүрэн нь шүүхэд гаргасан тайлбартаа: Г.Гансүрэн миний бие Г.Цогтсайханаас 2.800.000 төгрөг гаргуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргасан. Г.Цогтсайхантай харилцан тохирч эвлэрээд нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 200.000 төгрөгөөс татгалзаж 2.600.000 төгрөгийг Г.Цогтсайханаас авахаар тохиролцлоо. Иймд уг хэргийг хялбаршуулсан журмаар шийдэж 2.600.000 төгрөгийг Г.Цогтсайханаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Г.Цогтсайхан нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Г.Цогтсайхан миний бие Г.Гансүрэнгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Нэхэмжлэгч Г.Гансүрэнтэй харилцан тохирч эвлэрээд нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 200.000 төгрөгөөс татгалзаж 2.600.000 төгрөг нэхэмжилсэнийг Г.Цогтсайхан би төлөхөөр хүлээн зөвшөөрч харилцан тохирч эвлэрлээ. 2.600.000 төгрөгийг Г.Гансүрэнд төлж барагдуулах болно гэжээ.

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Г.Гансүрэн нь хариуцагч Г.Цогтсайханаас 2.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч талууд эвлэрэн хэлэлцэж нэхэмжлэгч Г.Гансүрэн нь нэхэмжлэлийн шаардлагынхаа зарим хэсэг болох 200.000 төгрөгнөөс татгалзаж, 2.600.000 төгрөг нэхэмжилсэнийг хариуцагч Г.Цогтсайхан төлөхөөр тохиролцсон нь тэдний бичгээр гаргасан тайлбараар нотлогдож, хуульд харшлах зүйлгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

           1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Гансүрэн, хариуцагч Г.Цогтсайхан нарын 2.600.000 төгрөгийг өгч авахаар тохиролцсон эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 59.750 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Г.Цогтсайханаас 28.275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 29.875  төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.Гансүрэнд олгосугай.

           3.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураараа биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

           4.  Иргэний    хэрэг шүүхэд хянан шийдвэрлэхтухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                Б.ХЭРЛЭН