Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 28 өдөр

Дугаар 111

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,

улсын яллагч Хан-Уул дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Хурц,

шүүгдэгч Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

   Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Г.Б-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Номун виллаж хотхон 100-6 дугаар орцны 1-2 давхарын шатны голд иргэн Б.Б- мөргөж биед баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод эрүү хүзүүнд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Б-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ...Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй. Гэм буруугийн талаар маргахгүй гэв.

ы

Эрүүгийн ***** дугаартай хэргээс:

 

Хохирогч Б.Б-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 05-06, 10-14-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 26-р хуудас/,

Гэрч Г.Б-гийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 21-22-р хууда/

Гэрч П.Э-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-39-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд гэрч О.О-ын мэдүүлэг /хх-ийн 18-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 48-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 49-р хуудас/, эд хөрөнгөтэй эсэх лавлагаа /хх-н 51-р хуудас/, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 52-53-р хуудас/, бакалаврын дипломын хуулбар /хх-ийн 54-57-р хуудас /Сайн байшинт”ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 63-р хуудас/, депозит дансны хуулга /хх-ийн 64-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 95-р хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 12 дугаар сарын 01-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо, “Номун виллаж хотхон 100-6 дугаар орцны 1-2 давхарын шатан дээр хохирогч Б.Б-nйн нүүр рүү мөргөж “баруун дээд үүдэн 2 дугаар шүдний сулрал, доод эрүү хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

 

Хохирогч Б.Б-ийн ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны шөнө 00 цагийн үед эхнэр бид хойр гэртээ унтаж байсан. Тэгтэл манай ойр орчмын нэг айлд хүмүүс хоорондоо муудалцаад эмэгтэй хүн уйлаад байсан. Тэр чимээгээр нь бид нар сэрчихсэн. Би цагдаа дуудах гэж байгаад гэрээсээ хувцасаа өмсөөд гарахад нэг залуу 2 хүүхдээ дагуулаад явж байсан. Би “чи ингэж болохгүй ээ орон сууцанд байж бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулаад байна” гэхэд би “гэрийнхэнтэйгээ маргалдчихаад явж байна, чамд ямар хамаатай юм бэ” гээд шууд цохиод мөргөөд авсан. Би хариу үйлдэл үзүүлээгүй. Тэгээд би эхнэрээ дуудсан, манай эхнэр гарч ирсэн бас нөгөө залуугийн ээж нь гараад ирчихсэн байсан. Тэгээд цагдаа дуудсан...гэх мэдүүлэг /хх-ийн 05-06-р хуудас/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Хүний биед үзлэг хийсэн шүүх эмнэлгийн №*** дугаартай шинжээчийн дүгнэлтэнд: ...Б.Б-ийн биед баруун дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод эрүү, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн болох нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна.  Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 27-р хуудас/,

Гэрч Г.Б-ийн ....Б-ээс юу болсон талаар асуутал эхнэртэйгээ мрагалдсан, тэгээд гэрийн гадна буулгачихаад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би архи уулаа гэж загнахад Б унтаж байсан хоёр хүүхдээ аваад гэрээс гарах гэхээр нь гаргахгүй гэхэд би зүгээр, гараад такси бариад явчихна гэж хэлээд гэрээс гарсан. Тухайн үед гарахдаа миний утсыг аваад гарсан байсан. Намайг араас нь гартал Б нэг залуутай юм яриад зогсож байсан ба хажууд нь нөгөө залуугийн эхнэр нь бололтой нэг эмэгтэй байсан. Гэтэл тэр залуу намайг танай хүү цохичихлоо, би цагдаа дуудчихсан байгаа гэж хэлсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22-р хуудас/,

 

Гэрч П.Энхчимэгийн ...2019 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 23 цаг өнгөрч байхад манай байранд хүмүүс хэрэлдэж маргалдаад байсан. Тэгээд гэнэт Ээнээ гэж дуудахыг сонсоод дээгүүрээ юм нөмрөөд гараад очиход 1-2 дугаар давхарын дунд шатан дээр бие биенийгээ заамдчихсан байдалтай манай нөхрийг хананд шахчихсан, хажууд нь хоёр жоохон хүүхэд байсан. Намайг очиход бие биенийгээ заамдахаа болиход манай нөхөр цагдаа дуудсан... гэх мэдүүлэг /хх-ийн 23-24-р хуудас/

 

Шүүгдэгч Г.Б-ийн мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн “...Би 2019 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 01 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Номун Виллаж хотхоны ** дугаар байрны ** тоот аав, ээжийн гэрээс гараад явж байхад шатан нэг залуу зам хашиж зогсоод надад хандаж  “дандаа иймэрхүү хэрүүл болдог, гэртээ тайван байж чадахгүй” гээд манай хүүхдүүд рүү зааснаа “дандаа хүүхдүүдээ зоддог” гэж хэлсэн. Би “хүүхэд зодож байгаагүй хэрүүл болохоор нь хүүхдүүдээ аваад явж байна” гэж гэхэд Б-г “чи битгий худлаа яриад бай, чи архи уучихсан байна, харах царайны хүчирхийлэгч байна” гэж хэлэхдээ хүүхдүүд рүү хуруугаараа зааж байснаа чанга орилоод байхаар нь би Батбилэгийн эрүү хэсэг рүү хамраараа мөргөөд, нэг гараараа хувцасных нь энгэрээс заамдаж авсан. Би хүүхдүүдээ харахад айсан сандарсан байхаар нь заамдсан гараа тавиад өвөө, эмээ дээрээ очиж бай” гэж хэлэхэд хүүхдүүд гүйгээд яваад өгсөн. Тэгэхэд Батбилэг эхнэрийнхээ нэрийг дуудаж орилоход эхнэр нь бууж ирээд “юу болоод байгаа юм бэ” гэхөд нөхөр нь намайг цохисон талаар хэлсэн... Б.Б-ийн эрүү хэсэг рүү хамраараа мөргөөд, нэг гараараа хувцасныхан энгэрээс заамдсан....гэх мэдүүлэг /хх-ийн 37-39-р хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

           Шүүгдэгч Г.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Б- нүүр рүү нь мөргөж, заамдсаны улмаас “баруун дээд үүдэн 2-р шүдний сулрал, доод эрүү, хүзүүнд зулгаралт” бүхий хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн бүрэлдэхүүнийг шинжийг бүрэн хангасан байна.

 

           Иймд улсын яллагчийн гаргасан дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Г.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

 

           Энэ гэмт хэргийн улмаас хохирогч Б.Б-ийн биед хөнгөн гэмтэл учирсан байх боловч хохирогч нь хор уршигтай холбоотой нотлох баримтыг хэрэгт ирүүлээгүй ба хохирогч нь гомдол, саналгүй /хх-ийн 96-р хуудас/ гэснийг нь тогтоолд дурдав.

 

           Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

 

            Шүүгдэгч Г.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорт гаргасан ба улсын яллагчаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай эрүүгийн хариуцлагын саналыг хохирогч Б.Батбилэг, шүүгдэгч Г.Б нарт танилцуулж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байна.

 

Шүүгдэгч Г.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын лавлагааны санд бүртгэгдээгүй ял шийтгэлгүй байна.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Б-т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн ял хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн тэрээр эрхэлсэн тодорхой ажилтай, орлоготой хувийн байдлыг харгалзан улсын яллагчийн гаргасан саналын хүрээнд шүүгдэгч Г.Б-т торгох ял оногдуулах үндэслэлтэй гэж үзэв.

 

 Шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-т мэдэгдэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдав.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

                                                     ТОГТООХ нь:

 

            1. Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-ийг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор биелүүлээгүй тохиолдолд торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Г.Б-т мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Б-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.  

 

 

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 Х.ОДБАЯР