Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 00321

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

                                              зөвшөөрснийг баталж, хэргийг

                                                    хэрэгсэхгүй болгох тухай

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Б.Хэрлэн би Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Дэнжийн № 09 тоотод оршин суух, Сахуу овогт Дагвасамдангийн Одгэрэлийн /РД:МИ72122204, Утас:99463908/,  нэхэмжлэлтэй Сэлэнгэ аймаг Мандал сумын Хэрх 4 дүгээр баг, Сүүл толгойн № 38 тоотод оршин суух, Алаг-Адуун овогт Алтанхуягийн Лхагвабаярт /РД:ПН87071011, Утас:99319266/ холбогдох 1.626.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч 2016 оны 11 дүгээр  сарын 01-ний өдөр иргэний хэрэг үүсгэн

Тодорхойлох нь:

Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь Мандал сумын Хэрх тосгонд 7 хүүхдийн хамт өрх толгойлон амьдардаг. Том хүү маань 1991 онд төрсөн, насанд хүрсэн учир ажил хийж дүү нараа өсгөхөд тус дэм болон амьдардаг байсан. Гэтэл 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 13 цагийн үед А.Лхагвабаяр гэгчид зодуулж амь насаа алдаж, бидэнд нөхөж хэзээ ч баршгүй уй гашуу хохирол учирсан. Шүүх хурал хийгээд А.Лхагвабаяр нь бага ял авсан учир би давж заалдан Улсын дээд шүүх хүртэл явсан боловч анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хэвээр батлагдсан. Би хэдэн хүүхдээ тэжээхийн тулд Улаанбаатар хотод барилгын ажил хөлсөөр хийж байсан, одоо ууланд самарт явж байгаа болно. Одоо би гэмт хэрэг гаргах үеийн оршуулагын зардлаас дутуу үлдсэн 500.000 төгрөг, хэрэг гарснаас хойш Улаанбаатараас Зүүнхараад ирж байсан мөн давж заалдхад Дархан уул аймгийн шүүхэд очсон зардал, ингэж явахдаа мөнгөгүй учир ээмгээ ломбарданд тавьж мөнгө авсан баримт, Давж заалдах хуралд өмгөөлөгч авсан болон бусад энэ хэрэгтэй холбогдуулан гарсан зардлын баримтыг хавсарган нэхэмжилж байна.         

Иймд бүгд 1.626.650 төгрөгийг Алтанхуягийн Лхагвабаяраас даруй гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Лхагвабаяр нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одгэрэлд оршуулга болон бусад зардалд 6.185.000 төгрөг, сэтгэл санааны гэм хорын хохиролд 3.000.000 төгрөгийн тус тус нэхэмжилсэний дагуу Алтанхуяг овогтой ялтан Лхагвабаяр миний зүгээс 2015 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр 4.200.000 төгрөг, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр 1.200.000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 785.000 төгрөг нийт 6.185.000 төгрөгийг хууль ёсны төлөөлөгч Д.Одгэрэлд төлсөн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 09-ний өдөр төлбөр барагдуулах өмчлөх эрх шилжүүлэх гэрээ байгуулж 3.000.000 төгрөгөөр үнэлэгдэх гэр бүлийн хэрэгцээний газар тус бүр хоёрыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Одгэрэлд шилжүүлсэн. Гэтэл 1.626.650 төгрөгийн төлбөр гарч ирсэн. Энэ нь надад хүндээр тусч байгаа болно. Ард үлдэж байгаа эхнэр болон хоёр хүүхэд орох оронгүй айлын хаяа бараадаж амьдардаг. Иймд энэхүү хохирол болох 1.626.650 төгрөгийг ял эдэлж байх хугацаандаа хөдөлмөрлөж хөдөлмөрийн хөлсөөр төлмөөр байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Д.Одгэрэлийн 1.626.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Лхагвабаяр нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Д.Одгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг удирдлага болгон

Захирамжлах нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Одгэрэлийн 1.626.650 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Лхагвабаяр нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 41.000 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч А.Лхагвабаяраас 20.500 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 20.500 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Д.Одгэрэлд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

 

 

 

ШҮҮГЧ                  Б.ХЭРЛЭН