Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 827

 

М.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:  

          прокурор Д.Оюунгэрэл,

          шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Б,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Батдэлгэрийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч М.Бд холбогдох 1711 0024 60009 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн М-гийн Б, 1982 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэгт татагдах үедээ хувиараа засварчин хийж байсан, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамж, 777 тоотод оршин суух,

- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан, /РД: /;

М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны оройн 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Саранцэцэгийг түлхэж унагаан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас:үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: М.Б-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан М.Б-д оногдуулсан 450 нэгжээр торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, нийт 30 хоногийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан М.Б-ийн 2017 оны 8 дугаар сарын 30-ны өдрөөс цагдан хоригдсон 1 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, М.Б-д оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Батдэлгэр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд:

Анхан шатны шүүхээс М.Б-д холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд “М.Бат-Эрдэнийг бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих ял дээр нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 1 жил 1 сарын хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн.

Гэтэл М.Б нь 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдөр 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, уг ялыг  1 жилийн хугацаагаар тэнсэж, хянан харгалзсан байсан. Үүнээс хойш буюу 2017 оны 7 дугаар сарын 1-нээс шинэ Эрүүгийн хууль мөрдөгдөж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэчилсэн Эрүүгийн хуулиар гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасч” хуулийг буцаан хэрэглэхээр зохицуулсан.

М.Б-ийн өмнөх хуулиар ял шийтгүүлсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэл нь шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэл багасаж, эрх зүйн байдал нь хөнгөрсөн, хорих ялгүй болсон байна. Иймд шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял шийтгэ оногдуулахаар байна. Гэтэл анхан шатны шүүх шинээр мөрдөж буй Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэх заалтыг хэрэглээгүй, өмнөх Эрүүгийн хуулиар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хуулийн хэрэглэх ёстой заалтыг хэрэглээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, М.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Прокурор Д.Оюунгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйл анги нь Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд хорих ялгүй байх тул Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжээр торгох ялаар шийтгэх саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдсан гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

М.Б нь 2017 оны 7 дугаар сарын 15-ны оройн 22.00 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо, Сургуулийн 39 дүгээр гудамжинд хувийн таарамжгүй харьцааны улмаас иргэн Ч.Саранцэцэгийг түлхэж унагаан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч Ч.Сийн “...Манай хүүхдийг “хужаагийн шээс” гэх мэтээр хэл амаар доромжлохоор нь би гэрээсээ гарч очиход манай гудамжны баруун тийш тоот хашаанд байдаг өндөр нуруутай М.Б гэх залуу байж байсан. Би гарч очоод “чи яахаараа хүүхэд рүү дайрдаг юм бэ” гээд хэлэхэд, миний өөдөөс “хуц, солиор” гэх мэтээр хэл амаар доромжилсон. Тэр үед М.Б “цагдаа дуудлаа” гэж хэлээд, утсаараа залгасан. Тэгэхээр нь би мөн адил цагдаа дуудсан. Тэгсэн чинь миний зүүн шанаа руу гараа тулгаж байгаад түлхсэн, тэгээд би хойшоо түлхэгдээд газар унаад босож ирэхэд намайг янз бүрээр хэлэх, хэлэхгүй үгээр доромжилсон. Тэгээд хэрэлдэж намайг есөн шидээр доромжилж байгаад яваад өгсөн. ...Би хойшоо савж унахдаа хоёр гарын тохой хэсгээрээ тулж унасан...”  /хх-7, 8-9/,

насанд хүрээгүй гэрч С.З-ын “...гэрийнхээ гадаа тоглож байтал манай гудамжны дээд талд байдаг өндөр нуруутай ах ирж байсан. Тэгэхээр нь би гэрлүүгээ явж орсон. ...Тэгээд гэрт байж байхад хашааны ганда “хужаагийн шээс, гөлөг” гэх мэтээр орилоод байсан. Тэр үед манай дүү нар ээжийг дуудсан. Манай ээж гарч ирээд уг хүнтэй хэрүүл маргаан хийсэн. Тэгээд манай ээжтэй хэрэлдэж байгаад ээжийн хацар луу гараараа түлхээд газар унагаасан...” /хх-13/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн “...Ч.С-ийн биед тархи доргилт, зүүн тохойн цус хуралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” гэсэн 9066 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-15, 22/,

хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-10/, шүүгдэгч М.Б-ийн сэжигтэн, яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг хэрэгт цугларсан бичгийн нотлох баримт болон анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Шүүгдэгч М.Б-ийн гэм буруу нь тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн дээр дурдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгүүд, хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдсон, анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Б нь “...М.Б-ийн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял шийтгэл оногдуулж, шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдол гаргажээ.

М.Б-ийн үйлдсэн 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 5 жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан бөгөөд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4, 61.5 дахь хэсэгт тус тус зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан байна.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Шинэ хуулиар тухайн гэмт хэрэгт оногдуулах ялын хэмжээг багасгасан тохиолдолд шүүх урьд ял шийтгүүлсэн этгээдийн ялыг шинээр тогтоосон хэмжээнд нийцүүлэн хасна.” гэж хуульчилжээ.

Өөрөөр хэлбэл, Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ...” гэж заасан тул хуулийн заалтыг буцаан хэрэглэх боломжгүй байх тул анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан хорих ялыг нэмж нэгтгэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй.

М.Б нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн 248 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, уг хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан үед буюу тэнсэнгийн хугацаанд дахин гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй зөв байна.

М.Б-ийн хохирогч Ч.С-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон, түүний гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл байдал үүсээгүй, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн, оногдуулсан ял шийтгэл шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруу, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанарт тохирсон, шүүх хуульд заасан ялыг оногдуулсан байх тул шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн 356 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.Б-ийн өмгөөлөгч С.Б-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ