Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 03

 

                                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: “Ц” ХХК

Хариуцагч: А аймгийн Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: А аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнх-Өлзий нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “Ц” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжаар “Ц” ХХК-ий А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд үйлчилгээний зориулалттай 500 м.кв газар, мөн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв газруудыг эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Манай компани Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд үйлчилгээний зориулалттай 500 м.кв газрынхаа үнийг төлж эзэмшиж, уг газартаа үйлчилгээний зориулалттай аялал жуулчлалын төв, зочид буудал байгуулахаар 2015 онд Жайка төслөөс санхүүжилт хүсч, 2017 оны 06 дугаар сард Жайка төслөөр Төрийн банкнаас 600.000.000 төгрөгийн санхүүжилт авсан. А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 07 дугаар сард барилга барих зөвшөөрөл хүссэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Гэтэл албан бичгийн хариуг өгөхгүй 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр манай газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгочихоод 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг өгсөн. Мөн хариуцагч талаас Захиргааны ерөнхий хуульд заасан нотлох баримт цуглуулах, сонсох ажиллагааг огт хийгээгүй. 

 Манай компани А аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв газрын сонгон шалгаруулалтанд тэнцээд, үнийг төлж эзэмшиж байхад газар эзэмших эрхийг цуцлах талаарх шаардлагыг манайд хүргүүлээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Манай компани уг газартаа барилгын үйлдвэрлэл эрхэлдэг. Уг газар дээр тог, цахилгаан байхгүй учраас барилгын материалынхаа үйлдвэрлэлийг өөр газарт хийгээд маргаан бүхий газар дээр хатаалга болох үйлдвэрлэлийнхээ нэг хэсгийг явуулж байсан. Жил бүр А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газар манай газрын гэрээг дүгнэн сунгаж, газрын төлбөрөө авч ажилладаг байсан. Одоо хүртэл газрын гэрээ сунгагдаад хүчин төгөлдөр байгаа. Тийм учраас А аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/463 дугаар захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.

Хариуцагч А аймгийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Р шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд байрлах газрыг барьцаалж Төрийн банкнаас 600.000.000 сая төгрөгийн зээл авснаа хүндэтгэн үзэх шалтгаан гэж “Ц” ХХК үзээд байна. Хүндэтгэн үзэх шалтгааны талаар Монгол Улсын Дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1.10-д “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэдгийг гэнэтийн давагдашгүй хүчний эсхүл байгалийн тогтолцооны өөрчлөлтөөс тухайн газарт нь эвдрэл, элэгдэл, цөлжилт бий болсон, бусдын хууль бус үйлдэл зэрэг газар эзэмшигчээс хамаарах шалтгаан байхгүй байсныг ойлгоно.” гэж заасан байдаг. Мөн “Ц” ХХК-ий барилга барих зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг манай байгууллагаас 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдөр 369 тоот албан бичгээр гарсан. Тус албан бичгийг манай бичиг хэргийн ажилтан 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдөр “Ц” ХХК-ий менежер Б.Б утсаар уншиж танилцуулж, бичгээ ирж авахыг мэдэгдсэн. Гэтэл “Ц” ХХК нь тухайн үед нь албан бичгийнхээ хариуг ирж авахгүй байсаар байгаад 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр ирж авсан ... Барилгын тухай хуульд заасан 5 нотлох баримтыг цуглуулсны үндсэн дээр барилга барих зөвшөөрлийг хүсэх ёстой байхад “Ц” ХХК ганцхан албан тоот өгч барилга барих зөвшөөрөл хүссэн, иймд зөвшөөрөл хүссэн албан бичгийн хариуг удаасан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. 

Хоёрдугаарт А аймгийн Э сумын 7 дугаар багт байрлах 10.000 м.кв газрыг хүчингүй болгосон асуудал байгаа. “Ц” ХХК уг газар дээрээ үйл ажиллагаа явуулж байсан гээд байгаа боловч шүүхээс тухайн газарт үзлэг хийхээр очиход үйл ажиллагаа явуулаагүй болох нь харагдана. Иймд маргаан бүхий 2 газар дээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулийн хугацаанд үйл ажиллагаа явуулаагүй нь газрын тухай хуулийг зөрчсөн байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

“Ц” ХХК-иас А аймгийн Засаг даргад холбогдуулан “А аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн “Ц” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт зааснаар захиргааны актыг хүчингүй болгуулахаар дээрх хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, Захиргааны ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д заасан аймгийн Засаг даргад холбогдох маргаан бөгөөд Захиргааны хэргийн шүүхийн харьяаллын хэрэг мөн, нутаг дэвсгэрийн хувьд харьяалагдаж байгаа учир хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах үндэслэлтэй. 

Маргааны үйл баримтаас дүгнэхэд: А аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2013 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн “Аймгийн 2014 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 10 дугаар хуралдааны тогтоолын 6 дугаар хавсралтаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, тус аймгийн Эрдэнэбулган сумын Үйлдвэрийн районд 1 га газрыг барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар төсөл сонгон шалгаруулах,  2014 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн “Аймгийн 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг батлах тухай” 11 дүгээр хуралдааны тогтоолын 3 дугаар хавсралтаар Иргэн, аж ахуй нэгж, байгууллагад үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх зориулалтаар эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг баталж, тус аймгийн Э сумын  72 айлын орон сууцны баруун талд 0.05 га газрыг үйлчилгээний зориулалтаар төсөл сонгон шалгаруулахаар тус тус баталжээ. /2х.х-н 51-53, 61-64/

Ийнхүү Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2 дахь хэсэгт зааснаар “Ц” ХХК нь 2014 оны 04 дүгээр сарын 23, 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан төсөл сонгон шалгаруулалтад оролцон шалгарч, А аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийн хавсралтаар “Ц” ХХК-д 1 га газрыг барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар Үйлдвэрийн районд 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ, 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/326 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар “Ц” ХХК-д 0.05 га газрыг 72 айлын орон сууцны баруун талд үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  дүгээр Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээг тус тус олгосон байна. /х.х-н 23-24,78-79/ 

А аймгийн Засаг дарга 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийн хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн  29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг хавсралтад дурдсанаар хүчингүй болгож, уг захирамжийн хавсралтын 4 дүгээрт: “Ц” ХХК-д 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн А/303 дугаар захирамжаар эзэмшүүлсэн Үйлдвэрийн районд байршилтай 10000м2 газар, 5 дугаарт: “Ц” ХХК-д 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/326 дугаар захирамжаар эзэмшүүлсэн 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 500м2 газрын газар эзэмших эрхийг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /х.х-н 49-50/

Нэхэмжлэгч “Ц” ХХК-иас “ ... Манай компани нь А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд үйлчилгээний зориулалттай 500 м.кв газартаа аялал жуулчлалын төв, зочид буудал байгуулахаар 2015 онд Жайка төслөөс санхүүжилт хүсч, 2017 оны 06 дугаар сард Жайка төслөөр Төрийн банкнаас 600000000 төгрөгийн санхүүжилт авсан. А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газраас 2017 оны 07 сард барилга барих зөвшөөрөл хүссэн боловч ямар нэгэн хариу ирүүлээгүй. Манай албан бичгийн хариуг өгөхгүй 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Газар эзэмших гэрээг 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр сунган байгуулсан. Уг гэрээний 4.4 дүгээр заалтын дагуу гэрээг дүгнэн, 1 жилээр сунган байгуулсан. Манай компани жил бүр газрын төлбөрөө төлдөг ... мөн А аймгийн Э сумын 7 дугаар багт барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалттай 10000 м.кв газрын сонгон шалгаруулалтанд тэнцэж үнийг төлж эзэмшиж байна. Гэтэл газрын ашиглалттай холбоотой газар эзэмшүүлэх гэрээний 4.2 дугаар зүйлд заасан шаардлагыг манайд хүргүүлээгүй, газар эзэмших эрхийг хүчингүй болгосон. Манай компани уг газартаа барилгын үйлдвэрлэл эрхэлдэг, барилгын материал үйлдвэрлэлийн хатаалгын процесс явагддаг. Газар эзэмших гэрээг 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл сунгасан ... манай компанийн эзэмших эрх бүхий газрыг 2 жил үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгож байгаа нь хууль эрх зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй хууль зөрчсөн ...” гэж; 

Хариуцагч А аймгийн Засаг дарга, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс: “Ц” ХХК нь 2015 онд төсөл сонгон шалгаруулалтанд тэнцэж А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын орон сууцны баруун талд үйлчилгээний зориулалттай 500 м.кв газар, мөн Эрдэнэбулган сумын 7 дугаар багт байрлах 10000 м.кв газрыг эзэмших эрхийг авсан. Дээрх газартаа зориулалтын дагуу 2 жил үйл ажиллагаа явуулаагүй, 2017 оны 10 дугаар сарын 10-ны өдөр хүрсэн. Маргаан бүхий захирамж дээр “Ц” ХХК-ий эзэмших эрх бүхий 2 газрыг 2 жил буюу түүнээс дээш хугацаагаар үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон. Харин газрын төлбөрөө төлж байсан, гэрээг сунгаж байсан гэдэг асуудал тусгагдаагүй. Улсын дээд шүүхийн 2008 оны 15 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийн 1.10-д хүндэтгэн үзэх шалтгаан гэдгийг тусгаж өгсөн байгаа. Иймд аймгийн Засаг даргын захирамж үндэслэлтэй” гэж тус тус маргажээ. 

Хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд хэргийн оролцогч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримтуудад үнэлэлт өгч нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

1.“Ц” ХХК-ийн Үйлдвэрийн районд байршилтай Барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалт бүхий 1 га газрын тухайд:

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлийн 34.2 дахь хэсэгт заасны дагуу А аймгийн Засаг даргын 2014 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/303 дугаар захирамжийн хавсралтаар “Ц” ХХК-д 1 га газрыг барилгын материалын үйлдвэрлэлийн зориулалтаар Үйлдвэрийн районд 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  дугаар Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон,  2015 оны 02 дугаар сарын 04-ний өдөр, 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №0213 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн нэг жил буюу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл байгуулсан байна. /х.х-н 63-69, 73-75/

Түүнчлэн хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг зэргээс үзэхэд: 2015 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн Зээлийн гэрээгээр “Энэрэл инвест” ББСБ-с бизнесийн зориулалтаар 10000000 /арван сая/ төгрөгийг нэг сард 10 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай авсан байна. Тус гэрээний хавсралт “Энэрэл инвест” ББСБ-н судалгааны тэмдэглэлд: “...“Ц” ХХК нь барилга, барилгын материалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. А аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг Үйлдвэрлэлийн районд байрлах өөрийн эзэмшлийн 1 га газартаа цэвэр усны худаг, худгийн таг хийж байлаа. Үйлдвэрлэл дээр 3 иргэн ажиллаж байна. Өдрийн 30.000 төгрөгөөр цалинжуулж байна. 1 худаг 70000 төгрөгөөр борлогдоно. Өртөг 45000 төгрөг. Сард 100 худаг гаргах боломжтой. Орлого 7-10 сая төгрөг. Бизнесийн сарын ашиг 2.500.000 төгрөг ... барьцаа хөрөнгө А аймгийн Эрдэнэбулган сумын 7 дугаар баг, Үйлдвэрлэлийн районд байрлах эзэмших эрх бүхий 10000м.кв газар эзэмших эрх...” гэх тэмдэглэл, 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн Хаанбанкны  дүгээр дансны хуулга, гэрэл зураг, гэрч Б.Б-ын мэдүүлэг “ ... Би 1000-н кольцог 9 дүгээр сарын эхээр авсан. Цэвэр бохирын шугам хөөх зориулалтаар авч, 2 худаг гаргасан. 4 ширхэг кольцо худалдаж авсан...” гэх,  гэрч Д.М-н мэдүүлэг: “ ...2017 оны 07 дугаар сарын 20-ны үеэр худалдаж авсан. Батлан хамгаалах нийгэмлэгийн жолооны дромын урд талаас 4 ширхэг кольцо, 4 ширхэг лүк худалдаж авсан...” гэх мэдүүлэг зэргээс үзэхэд нэхэмжлэгч “Ц” ХХК нь эзэмших эрх бүхий 1 га газартаа барилгын материалын үйлдвэрлэл үйлчилгээ явуулах зорилгоор зээл авсан, үүний дагуу кольцо болон худгийн таг үйлдвэрлэж уг маргаан бүхий газар дээрээ хатаалга хийж байжээ. /х.х-н 65-75, 2-р х.х-н 36-41, 44/

 

2. “Ц” ХХК-ийн 72 айлын орон сууцны баруун талд байршилтай 0.05 га газрын тухайд: 

Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1, 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсэгт заасны дагуу А аймгийн Засаг даргын 2015 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/326 дугаар захирамжийн 2 дугаар хавсралтаар “Ц” ХХК-д 0.05 га газрыг 72 айлын орон сууцны баруун талд үйлчилгээний зориулалтаар 20 жилийн хугацаагаар эзэмшүүлж,  дүгээр Аж ахуй нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ олгон, 2015 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр, мөн 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн №0242 дугаар Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг талууд гарын үсэг зурсан өдрөөс эхлэн нэг жил буюу 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр хүртэл байгуулсан байна. /х.х-н 26-27/

Нэхэмжлэгч “Ц” ХХК нь дээрх эзэмших эрх бүхий газартаа Аялал жуучлалын төв барих зориулалтаар 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 340 дүгээр Зээлийн гэрээ байгуулан Төрийн банкнаас 600000000 /зургаан зуун сая/ төгрөгийг сарын 0.67 хувь, жилийн 8 хувийн хүүтэй, 84 сарын хугацаатай зээл авч, 2017 оны 07 дугаар сарын 19-ний өдрийн №33 дугаар албан бичгээр А аймгийн Эрдэнэбулган сумын 3 дугаар баг 72 айлын баруун талд байрлах компанийнхаа эзэмшлийн 500м.кв  нэгж талбарын дугаар бүхий газарт аялал жуулчлалын төв, зочид буудлын барилга барих ажлын зөвшөөрөл олгохыг хүссэн байна. /х.х-н 41, 99-104, 114-210/

Дээрх хүсэлтийн дагуу А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2017 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн 369 дүгээр албан бичгээр “Ц” ХХК-д хариу хүргүүлж, 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гардан авчээ. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс дээрх 369 дүгээр албан бичгийг 2017 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “Ц ХХК-ий менежер Б.Б-д утсаар танилцуулж, мэдэгдсэн гэж тайлбарлаж байгаа боловч энэ тухайгаа баталгаажуулаагүй, холбогдох баримтыг шүүхэд ирүүлээгүй болно. /х.х-н 41-42, 201-202/

Уг маргаан бүхий газар нь  Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зээлийн барьцаанд байгаа болох нь тогтоогдож байна. /1-р х.х-н 89, 97-104/ 

Түүнчлэн А аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 20 дугаар албан бичигт: “Ц” ХХК нь .... 2017 онд 105000 төгрөгийг газрын төлбөрт төлсөн болохыг тодорхойлсон болно. /2-р х.х-н 91/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Маргаан бүхий захиргааны актыг гаргах болсон талаар А аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр “Ц” ХХК-д мэдэгдэж, “Ц” ХХК-иас дээрх мэдэгдэлд холбогдуулан 2017 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн №58, №59 дүгээр албан бичгээр хариу ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуульд заасан оролцогчид сонсох ажиллагааг хийсэн гэж тайлбарласан нь үндэслэлгүй байна. /2-р х.х-н 71-74, 93-94/

Учир нь: Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйл. Захиргааны үйл ажиллагааны зарчим 4.1.Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ. 4.2.Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах зарчмыг зөрчжээ. 

Тухайлбал, маргаан бүхий 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 захирамжийг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.4.Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно. 25 дугаар зүйлийн 25.1 Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага .. цуглуулна. 27 дугаар зүйлийн 27.5. Сонсох ажиллагаа явуулах хугацаа оролцогчийн тайлбар, санал гаргах боломжийг хангасан байна. 27.6.Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна гэж зааснаар хариуцагч захиргааны акт батлан гаргахын өмнө нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хүчингүй болгосноор түүнд ямар эрсдэл, хохирол үүсч болохыг тогтоох шаардлагатай бөгөөд дээрхи хуулийн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Маргаан бүхий захиргааны актад үндэслэсэн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг нь хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол газар эзэмших эрхийг хүчингүй болгох зохицуулалт нь газраа ашиглаагүй байх, энэ нь хүндэтгэн үзэх шалтгаангүй байх гэсэн хоёр нөхцөлийг хангасан байхыг шаарджээ.

Нэхэмжлэгч хуулийн этгээдийн тухайд эзэмших эрх бүхий газраа 2 жил ашиглаагүй нь хүндэтгэн үзэх шалтгаантай байсан гэж үзэх үндэслэлтэй байна. Тодруулбал, нэхэмжлэгч эзэмших эрх бүхий газраа барилгын материалын үйлдвэрлэл, үйлчилгээ явуулахаар 2015 оны 06 дугаар сарын 25-ны өдөр, аялал жуулчлалын төв барих зорилгоор 2017 оны 06 дугаар сарын 05-ны өдөр зээлүүдийг авсан бөгөөд 2017 онд Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулж гэрээний хугацаа дуусаагүй, газрын төлбөрөө төлсөн болох нь нотлогдож байна. Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “тус компани нь Эрдэнэбулган сумын 7 дугаар баг үйлдвэрийн район дахь кадастрын зурагд заагдсан 10000м2 газар дээрээ зориулалтаар нь үйл ажиллагаа явуулж байсан эсэх дээр шинжээч томилон дүгнэлт гаргуулах” хүсэлтийг шүүх хүлээн авахаас татгалзаж, хэрэгсэхгүй болгосныг дурдах нь зүйтэй. Учир нь: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлт шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд дүгнэлт гаргадаг бөгөөд маргаан бүхий газар дээр /үйлдвэрийн районд байрлах 10000м2 газар/ үйл ажиллагаа явуулж байсныг тогтоох шаардлагагүй гэж шүүх үзсэн болно.  /1-р х.х-н 95-96/ 

Түүнчлэн шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан гэрч Б.Б, Д.М нарыг хамгаалах хүсэлт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан уг хоёр гэрчийн мэдүүлгийг шалгуулах зэрэг хүсэлтүүдээ харьяалах цагдаагийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12, 107 дугаар зүйлийн 107.5  дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.6, 24 дүгээр зүйл, 27 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 60 дугаар зүйлийн 60.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсгийг тус тус баримтлан нэхэмжлэгч “Ц” ХХК-ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, А аймгийн Засаг даргын 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/463 дугаар захирамжийн хавсралтын /4, 5/ “Ц” ХХК-д холбогдох хэсгүүдийг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч /А аймгийн Засаг даргын Тамгын газар/ 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1.-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн төлөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

                                      ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Б.ОДОНТУЯА