| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төрбатын Шинэбаяр |
| Хэргийн индекс | 105/2020/0556/Э |
| Дугаар | 625 |
| Огноо | 2020-04-06 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | О.Баярсайхан |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 625
2020 04 06 2020/ШЦТ/625
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч О.Баярсайхан,
хохирогч П.Батдэлгэр,
шүүгдэгч Г.Б, М.Т /нар өөрөө өөрсдийгөө өмгөөлөн/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б, М.Т нарт холбогдох эрүүгийн 2009 00586 0619 дугаартай хэргийг 2020 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн Г.Б, 1998 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Булган аймаг Булган суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Булган аймгийн Булган сум 4 дүгээр баг Рашаантын Зүүн түрүү 38-01 тоот оршин суух бүртгэлтэй боловч одоо Баянгол дүүргийн 04 дүгээр хороо, Нипон зочид буудалд түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн М.Т, 2001 оны 05 дугаар сарын 12-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгааны техникч мэргэжилтэй, Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо, Баруунбаян Уулын 10-25 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, улсаас авсан гавъяа шагналгүй,
Шүүгдэгч Г.Б, М.Т нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабын гадна 2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 23 цагийн орчим П.Батдэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн яллах, цагаатгах нотлох баримтыг шинжлэн судалж ТОДОРХОЙЛБОЛ:
Шүүгдэгч Г.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Шүүгдэгч М.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч П.Батдэлгэр мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Ням-Эрдэнэ, Уран-Өлзий нарын хамт Арслантай гүүрний ертөнцийн зүгээр зүүн талд байдаг төв замын урд талдаа байдаг Цэ пабд үйлчлүүлээд сууж байгаад 21 цаг 50 минутын үед би тамхи татахаар гадаа гарсан гарахад тамхи татдаг цагийн цаад талд нь 4 хүн наад талд нь 2 эрэгтэй хүн тамхи татаад зогсож байсан тэгээд би тамхи татаж дуусаад тамхиа тэр хоёр залуугийн голоор шидэж хогийн саванд хийчхээд эргээд орох гэхэд араас нэг залуу нь дуудсан тэгэхээр нь эргэж хараад яасан гэхэд намайг дуудсан залуу над дээр ирээд шууд гараараа нэг удаа миний нүүр хэсэгт цохиод ахиад нэг удаа толгойгоороо мөргөсөн тэгээд намайг тэр залуу цохиж зодсон ба хамт байсан залуу нь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон тэгээд тэр залуу Цэ паб руу орсон...” гэх мэдүүлэг. /хх-ийн 10-11 дүгээр хуудас/,
Гэрч Х.Төмөрсүх мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Т, Б хоёр тамхи татахаар пабаас гараад явсан. Удалгүй Т, Б хоёр ар араасаа цувраад хаалгаар орж ирсэн ба араас нь нэг залуу Тгийн толгой руу цохиж аваад хоорондоо зууралдаад эхлэхээр нь Билгүүн бид хоёр дундуур нь орж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,
Гэрч Ч.Билгүүн мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед шиг санаж байна, Төмөрсүх ажилаа тараад ирсэн ба Төмөрсүх ирээд нэг шил пиво уугаад сууж байхад Т, Б хоёр тамхи татахаар пабаас гараад удалгүй орж ирсэн, Т, Б хоёр орж ирээд ширээ нь дээ сууж амжаагүй байхад араас нь үл таних эрэгтэй орж ирээд маргалдаад, ноцолдоод эхэлсэн, миний хувьд цохисон эсэхийг нь хараагүй. Ингээд Төмөрсүх бид хоёр очиж Т, Б хоёрыг салгасан ба Төмөрсүх Бг пабаас гар гээд гаргасан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23/,
Яллагдагч Г.Б мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 19 цагийн үед би найз Билгүүн, Т, Төмөрсүх нарын хамт Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабд орж үйлчлүүлсэн юм. 22 цаг өнгөрч байх шиг санагдаж байна, би Тгийн хамт тамхи татахаар гарсан ба тамхи татаад зогсож байхад үл таних залуу мөн тамхи татаад зогсож байгаал тамхины ишээ над руу шидэж байгаа юм шиг санагдахаар нь нөгөө залууг дуудаад шууд баруун гараараа нүүрэн хэсэгт нь нэг удаа цохисон ба гар хэсэг рүү нь хөлөөрөө өшиглөхөд найз Т нь дундуур орж ирээд салгах шиг болсон чинь нөгөө залуу Т рүү мөн дайрсан чинь Т тэр залуугийн нүүрэн тус газар мөн 2 удаа цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42/
Яллагдагч М.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабад уулзахаар Бтай ярилцсан. Тухайн үед Билгүүнтэй цуг явж байсан бөгөөд 9 цагт очиход Б ирчихсэн сууж байсан. Бөөндөө уулзаад Төмөрсүхийг дуудсан. Б ер нь архи уучихсан байдалтай байсан ба тэнд хүн тус бүрийн 4 шил Сэнгүр нэртэй пиво захиалж уусан. Тэгээд 22 цагийн үед Б бид 2 тамхи татахаар Цэ пабын баруун талд, Арслантай гүүрний зүүн урд буюу оюутны хотхон руу явдаг замын тэнд тамхи татаад зогсож байхад тэр залуу тамхины ишээ унтраалгүй бид хоёрын голоор шидээд явчихаар нь Б араас нь дуудсан чинь тоохгүй байсан болохоор араас нь очоод Б тэр залууг шууд нүүрэн тус газарт нь цохиод авсан, хоорондоо зууралдаад эхлэхээр нь би /солгой гартай/ зүүн гараараа 2 удаа нүүрэн тус хэсэгт нь цохисон...” гэх мэдүүлэг /хх-ийн 47-48/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №2237 дугаартай дүгнэлт:
Шүүгдэгч Г.Б, М.Т нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 06 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Цэ пабын гадна 2020 оны 02 дугаар сарын 02-ны 23 цагийн орчим П.Батдэлгэрийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь
Хохирогч П.Батдэлгэрийн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдөр ...би тамхи татахаар гадаа гарсан гарахад тамхи татдаг цагийн цаад талд нь 4 хүн наад талд нь 2 эрэгтэй хүн тамхи татаад зогсож байсан тэгээд би тамхи татаж дуусаад тамхиа тэр хоёр залуугийн голоор шидэж хогийн саванд хийчхээд эргээд орох гэхэд араас нэг залуу нь дуудсан тэгэхээр нь эргэж хараад яасан гэхэд намайг дуудсан залуу над дээр ирээд шууд гараараа нэг удаа миний нүүр хэсэгт цохиод ахиад нэг удаа толгойгоороо мөргөсөн тэгээд намайг тэр залуу цохиж зодсон ба хамт байсан залуу нь миний нүүр хэсэгт 2-3 удаа цохисон тэгээд тэр залуу Цэ паб руу орсон...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Х.Төмөрсүхийн: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 22 цагийн үед Т, Б хоёр тамхи татахаар пабаас гараад явсан. Удалгүй Т, Б хоёр ар араасаа цувраад хаалгаар орж ирсэн ба араас нь нэг залуу Тгийн толгой руу цохиж аваад хоорондоо зууралдаад эхлэхээр нь Билгүүн бид хоёр дундуур нь орж салгасан...” гэсэн мэдүүлэг,
Гэрч Ч.Билгүүний: “...2020 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 21 цагийн үед шиг санаж байна, Төмөрсүх ажилаа тараад ирсэн ба Төмөрсүх ирээд нэг шил пиво уугаад сууж байхад Т, Б хоёр тамхи татахаар пабаас гараад удалгүй орж ирсэн, Т, Б хоёр орж ирээд ширээ нь дээ сууж амжаагүй байхад араас нь үл таних эрэгтэй орж ирээд маргалдаад, ноцолдоод эхэлсэн, миний хувьд цохисон эсэхийг нь хараагүй. Ингээд Төмөрсүх бид хоёр очиж Т, Б хоёрыг салгасан ба Төмөрсүх Бг пабаас гар гээд гаргасан байсан...” гэсэн мэдүүлэг шүүгдэгч нарын үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу бэхжүүлж авсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Эдгээр нотлох баримт нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.
Прокуророос шүүгдэгч Г.Б, М.Т нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Иймд шүүгдэгч Г.Б, М.Т нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.
Хохирогч П.Батдэлгэр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирол төлбөрийн талаарх баримтаа хавтаст хэрэгт гаргаж өгөөгүй болно. Иймд хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдав.
Шүүгдэгч Г.Б М.Т нарт хуульд заасан ял хөнгөрүүлэх болон ял хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Б М.Т нарт нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал гаргасныг шүүгдэгч нар хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Г.Б, М. Т нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б, М.Т нарт тус тус 250 /хоёр зуун тавь/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Г.Б, М.Т нарт оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас илүүгүй цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дахь хэсэгт зааснаар Г.Б, М.Т нар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, Г.Б, М.Т нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.
6. Хохирогч П.Батдэлгэр нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний журмаар гэм буруутай этгээдүүдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл Г.Б, М.Т нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ШИНЭБАЯР