Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 41

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

шүүгдэгч Б.Н  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Н д холбогдох 163/2020/0040/Э индекстэй, эрүүгийн 2015000180020 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, урьд ял шийтгэлгүй, М овогт Б.Н,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ...ийн нутагт иргэн Б.Н г хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн духны хэсэгт сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Н гийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000180020 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Н гийн өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэртээ байж байхад манай төрсөн дүү болох Б ын эхнэр Б.Н  гаднаас 12 цагийн үед орж ирээд Б  дээр очоод бие нь яаж байна гэж асуусан чинь Б  чи цаашаа бай битгий дээрээс дараад бай гэж хэлэхээр нь би чи авах юмаа авсан байж яах гэж буцаж ирээд хэрүүл маргаан хийгээд байгаа юм бэ гэж хэлээд Б оос холдуултал хойшоо болчихоод Б ын хэвтэж байсан орны хөндийгөөс хувцасаа авна гэж хэлээд ууттай юм авахдаа Б ын дээр дараад байсан. ...би салгаад гэрээс гаргах гээд түлхэхдээ талийгаачийн хэвтэж байсан орон дээр Б.Н  бид хоёр давхралдаж унасан. Би орноос бостол Б.Н  сүхээр цохисон....” гэх мэдүүлэг /хх-ийн 27-31 дүгээр хуудас/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...манай ах Н  чи наад өвчтэй хүний дээр дарж хэвтэхээ болиоч гэхэд манай эхнэр босоод сүх аваад манай ах Н гийн толгойн хэсэгт сүхээр цохиж цусыг нь гоожуулсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...Б.Н  нь талийгаач ахын маань дээрээс босоод ширээн дээр байсан халуун савтай цайг аваад хоймор хэсгийн шал руу шидээд хагалсан... би бие засах гээд гэрээс гарсан, гэр лүү ортол Б.Н гийн толгой хэсгээс цус гарч байхаар нь юу болсон бэ гэж асуутал Б.Н гийн ах Г  нь надтай зөрөөд би мэдэхгүй шүү гэж хэлээд гэрээс гараад явсан. Манай ах Б.Н  цагдаа, эмнэлэгт дуудлага өгч байхад Б.Н  гэрээс гараад гүйгээд явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр хуудас/,

Гэрч Э.Н ын өгсөн: “...дуудлага өгсөн хаягаар очиход нэг гэр байсан гэрт орж үзэхэд баруун талын орон дээр бие муутай эрэгтэй хүн хэвтэж байсан мөн бие муутай хүний дүү гэх нэг залуу байхаар нь юу болов гэж асуухад бие муутай хүн манай гэрт хэрүүл зодоон болсон гэж ярихаар нь би сүхээр цохисон хүн нь хаана байна, сүх нь хаана байна гэж асуухад бие муутай хүний дүү гэх залуу энэ сүхээр цохисон гэж төмөр сүх өгөөд цаад гудамжинд чинь нэг тарган хүүхэн явж байгаа тэр хүн сүхээр цохисон гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 41-42 дугаар хуудас/,

Гэрч Д.Ө ийн өгсөн: “...толгой руугаа сүхээр цохиулсан гэх дуудлагын дагуу Булган сумын 1-р баг Хийдийн баруун талд байрлах айлд очиход үйлчлүүлэгч Б.Н гийн биед үзлэг хийж дуусаад духны баруун дээд талд зүсэгдсэн шархыг боож эмнэлэг рүү тээвэрлэсэн... толгой руугаа цохиулсныхаа дараа хартал манай дүүгийн эхнэр гартаа сүх барьчихсан байсан сүхний яг аль талаар нь цохисоныг мэдэхгүй байна гэсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 46 дугаар хуудас/,

Б.Н  яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр нөхөр Б ыгоо сахих гэж очоод хадам ах Б.Н тэй хэрүүл маргаан үүсгэж сүхээр толгойд нь 1 удаа цохисон... Б.Н д учирсан гэмтлийг би учруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 64 дүгээр хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 тоот дүгнэлтэнд: 1. 2. Б.Н н биед духанд шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 3. Дээрх духны шарх гэмтэл нь ир ирмэгтэй, зүүн чамархайн зулгаралт гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тус тус үүсгэгдэнэ. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй 4. Дээрхи гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 48 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 54-57 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 53 дугаар хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Н  нь 2020 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Булган аймгийн ...ийн нутагт иргэн Б.Н г хувийн таарамжгүй харилцааны улмаас толгойн духны хэсэгт сүхээр цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Н , гэрч Б.Б , Б.Б , Э.Н , Д.Ө  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Ж.Н гийн биед биед духанд шарх, зүүн чамархайд зулгаралт гэмтэл учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 22 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Б.Н гийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Н н дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Б.Н  нь учирсан хохирол, хор уршигийг арилгуулахаар нэхэмжлэл гаргаагүй байна. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Б.Н г “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Н н үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хагарсан цайны халуун сав 1 ширхэгийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, хураагдан ирсэн төмөр сүх 1 ширхэгийг хохирогч Б.Н д буцаан олгох нь зүйтэй байна.

Шүүгдэгч Б.Н  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч М овогт Б.Н г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н г 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Н д оногдуулсан 450.000 төгрөгний торгуулын ялыг хэсэгчилэн 10 сарын хугацаанд сар бүр 45000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Б.Н д оногдуулсан 450.000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгийн торгуулийн ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулсугай.

5. Энэ хэрэгт шүүгдэгч Б.Н  нь бусдад төлөх төлбөргүй, хохирогч учирсан хохирол, хор уршигийг арилгуулахаар гомдол санал гаргаагүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан төмөр сүхийг хохирогч Б.Н д олгож, хагархай халуун савыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Н д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН