Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 20 өдөр

Дугаар 42

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогчийн өмгөөлөгч Ц.Энхтуяа,

шүүгдэгчийн өмгөөлөгч П.Ган-Очир,

шүүгдэгч М.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Б д холбогдох 163/2020/0022/Э индекстэй, 1915005700283 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй, Б овогт М.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.Б  нь /яллах дүгнэлтээр/ 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрт **-** УБМ улсын дугаартай “Toyota Raum” загварын тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Ж.Ч ы эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.Б ын өгсөн: Гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлыг төлсөн. Цаашид гарах хохирлыг төлж барагдуулна гэх мэдүүлэг болон талуудын хүсэлтээр эрүүгийн 1915005700283 дугаартай хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Б  нь 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** УБМ улсын дугаартай, “Toyota Raum” загварын тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож явахдаа Булган аймгийн Булган сумын нутагт явган зорчигч Ж.Ч ыг мөргөж, зам тээврийн осол гаргасны улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт хохирогч Ж.Ч ы өгсөн: “...Би тухайн өдөр гэртээ ирсэн найзтайгаа хамт архи уучихаад гэрийнхээ дээд талд байдаг дэлгүүр орж тамхи авах гээд гэрийнхээ баруун талд байрлах засмал замаар явж байгаад машинд мөргүүлсэн. Нэг мэдэхэд эмнэлэгт сэрсэн. Би гомдолтой байна. Эмчилгээний төлбөрөө нэхэмжилнэ. Хэргийг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү...” гэх мэдүүлэг /хх-26-27 тал/,

гэрч Ч.С гийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн оройн 19 цаг 30 минутын орчим Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн урд байрлах халуун усанд нөхөр 2 хүүхдийн хамт орчихоод 20 цагийн орчим гарч ирээд “Бүргэдэй” дэлгүүрийн буюу 3 дугаар баг руу **-** УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийн хажуу талын суудал дээр суугаад явж байсан. Тэр үед 6 дугаар гудамжны үзүүр буюу замын хажууд нэг хүн явж байх шиг харагдсан, би сайн харж чадаагүй хоёр хүүхдээ саатуулаад явж байсан. Тээврийн хэрэгслийн баруун талын толинд нэг хүн орж ирээд тээврийн хэрэгслийг мөргөөд унасан. Тэгээд бид нар сандраад тухайн хүнийг аваад шууд нэгдсэн эмнэлэг рүү хүргэж өгөөд цагдаад дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-28 тал/,

зам тээврийн ослын шалтгааныг тогтоосон “Жолооч М.Б ын “B” ангилалын ****** дугаарын эрхийн үнэмлэх хүчинтэй бөгөөд Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3 дахь хэсэг зааснаар жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтыг зөрчсөн байна. ...Зам тээврийн осол гарсан шалтгаан нь жолооч М.Б  нь тээврийн хэрэгслээ зогсоох арга хэмжээ аваагүйгээс үүдсэн байна” гэх Замын цагдаагийн тасгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн дүгнэлт /хх-60 тал/,

хохирогч Ж.Ч ы биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “магадлуулагч Ж.Ч ы биед баруун, зүүн шилбэ ясны зөрөөгүй хөндлөн хугарал, зүүн дээд зовхи, эрүү, өвчүү, цээж, зүүн мөр, дал, бугалага, зүүн бөөр, баруун, зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, толгойн хуйханд зулгаралт, дээд үүдэн зүүн 1, 2-р шүдэнд булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд хэрэг болсон цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүндэвтэр хамаарна. Цаашид  ерөнхий хөдөлмөрийн чадвар 10% алдагдуулна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 319 дугаартай дүгнэлт /хх-47-48 тал/,

шүүгдэгч М.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд гэм буруугаа хүлээж  “Би 2019 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр өөрийн эзэмшлийн **-** УБМ улсын дугаартай “Toyota Raum” загварын тээврийн хэрэгслээ жолоодоод эхнэр С , хоёр ихэр охин болох 4 настай Н , 4 настай О  нарын хамтаар гэрлүүгээ харих гээд асфалтан замаар дээшээ өгсөөд явж байсан. Тухайн үед явж байхад манай ихэр охин хоёулаа машины хойд талд сууж явсан ба уйлаад байхаар нь би эргэж хараад “битгий уйлаарай” гэж хэлээд эргээд зам руугаа харахад 1 хүн замын хажуу талын явган хүний замаар явж байсан. Тэгээд би тэр хүний хажуугаар гарахдаа эсрэг урсгал тал руугаа хальт дараад буцаад өөрийн эгнээнд орохдоо тэр хүнийг машиныхаа баруун талаар мөргөсөн. Мөргөсний дараа би машинаа зогсоогоод тэр хүнийг нэг удаа “хөөе ахаа” гээд дуудсан боловч босч ирээгүй. Тэгээд би тэр ахыг машиныхаа хойд талын суудал дээр суулгаад эмнэлэг рүү шууд явсан. ...Тухайн үед тээврийн хэрэгслээ жолоодож явсан. Осол болоход хэн нэгэн нөлөөлсөн зүйл бол байхгүй. Миний өөрийн анхаарал болгоомжгүй үйлдлээс болж осол гарсан” гэх мэдүүлэг /хх-68-70 тал/,

2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Камерийн бичлэгт үзлэг хийсэн: “...Замын хажуу талын зогсоолын боржуур дээр сууж байсан нэг хүн гэнэт босож зам руу ороод зогсож байхад урдаас нь тээврийн хэрэгсэл ирээд мөргөсөн дүрс бичлэг байна. Уг бичлэг нь нийтдээ 2 минут орчмын бичлэг байв...” гэх тэмдэглэл /хх-20 тал/,

шүүхийн шатанд хохирогч Ж.Ч ы биед учирсан гэмтэл болон гэмтлийн зэргийг тогтоосон “Магадлуулагч Ж.Ч ы биед баруун, зүүн шилбэ ясны зөрөөгүй хөндлөн хугарал, зүүн дээд зовхи, эрүү, өвчүү, цээж, зүүн мөр, дал, бугалага, зүүн бөөр, баруун зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, толгойн хуйханд зулгаралт, дээд үүдэн зүүн 1, 2 дугаар шүдэнд булгарал, хүзүүний 5 дугаар нугалам, бүсэлхийн 1 дүгээр нугаламын дарагдсан хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчиллээр, хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Ж.Ч ы биед учирсан баруун, зүүн шилбэ ясны зөрөөгүй хөндлөн хугарал, хүзүүний 5-р нугалам, бүсэлхийн 1-р нугаламын дарагдсан хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар хүндэвтэр зэрэгт, зүүн дээд зовхи, эрүү, өвчүү, цээж, зүүн мөр, дал, бугалага, зүүн бөөр, баруун зүүн шилбэнд цус хуралт, дух, зүүн хацар, толгойн  хуйханд зулгаралт, дээд үүдэн зүүн 1, 2-р шүдэнд булгарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар 10% алдагдуулна” гэх Булган аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 37 дугаартай дүгнэлт /хх-143-146 тал/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн нөхцөл байдлаар шүүгдэгч М.Б ын үйлдэл нь Замын хөдөлгөөний дүрэмд “жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг ухамсарлаж түүний улмаас хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч дээрхи хор уршигт хүргэсэн гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч М.Б  нь өөрийн гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэм хорын хохирол болох Ж.Ч ы эмчилгээний зардлын 1101680 төгрөгийг төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч болон түүний өмгөөлөгч цаашид гарах эмчилгээний зардал болон шүд хийлгэх зардлаа нэхэмжилнэ, харин асаргаа тогтоосон хугацааны асаргааны зардлыг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хэрэгт цугларсан  нотлох баримтаар хохирогч Ж.Ч  нь 72 настай, зам тээврийн ослын улмаас хэвтэрт байгаа, хохирогчид гэмтэл согогын өвчний улмаас 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрөөс зургаан сарын хугацаагаар асаргаа тогтоосон комиссын дүгнэлт зэрэг нотлох баримт авагдсан байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын дүн тодорхойгүй, хохирогчийн цалин хөлс, орлогын /тэтгэвэр авч байгаа эсэх/ болон хохирогчийг асарч буй этгээдийн түүнийг асарч сувилсантай холбоотой дутуу авсан цалин хөлс, орлогын зөрүүг тооцох нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүйгээс хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагын хувьд тодорхой тооцоо гаргах бололцоогүй байх тул асаргааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Б  нь урьд ял шийтгүүлж байгаагүй, эхнэр болон бага насны хоёр хүүхдийн хамт эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэрийн орлогоор амьдарч байгаа зэрэг түүний хувийн байдал нь хэргийн 78-81 дүгээр талд авагдсан иргэний үнэмлэхний лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Булган аймгийн Булган сумын 3 дугаар багийн засаг даргын тодорхойлолт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байна.

Шүүгдэгч М.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлгийн тусламж үзүүлсэн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлж, цаашид гарах хохирлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хэрэгт хавсаргаж ирүүлсэн нэг ширхэг CD-ыг хэргийн хамт хадгалж, “B” ангилалын ****** дугаартай жолоочийн үнэмлэхийг эзэмшигч М.Б д буцаан олгохоор шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт М.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б ыг 550 /таван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550000 /таван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Б д оногдуулсан 550000 төгрөгийн торгох ялыг сар бүр 110000 /нэг зуун арван мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгох ялыг биелүүлэх хугацааг 5 /тав/ сарын хугацаагаар тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгч М.Б д сануулсугай.

4. Энэ хэрэгт шүүгдэгч М.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй болохыг тус тус дурьдаж, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон асаргааны зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурьдсугай.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт хавсарган ирүүлсэн нэг ширхэг “CD”-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, “B” ангилалын ****** дугаартай, жолоочийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчинтөгөлдөр болмогц шүүгдэгч М.Б д буцаан олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч М.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  С.ЦЭРЭНХАНД