Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00170

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат би, Улаанбаатар хот Сүхбаатар дүүрэг 1-р хороо Чингисийн өргөн чөлөө-9 “Скайтел” ХХК-ийн нэхэмжлэлтэй Улаанбаатар Төмөр замын Зүүнхараагийн ачааны вагоны засварын депод холбогдох төлбөрийн үлдэгдэл 530000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 05 дугаар сарын 05-ны  өдөр хүлээн авч 2016 оны 05 дугаар сарын 12-ны өдөр иргэний хэрэг үүсгэн 

 

                                             Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: … Сэлэнгэ аймгийн Мандал сумын Вагон Депо нь манай үйлчилгээний нөхцөлийг хүлээн зөвшөөрч 2012 оны 06 дугаар сарын 13-ны өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулж ажилчидаа хамруулан гар утас зээлээр худалдан авсан. Гэтэл Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депо нь гэрээний үүргээ үл биелүүлэн 2013 оны 03 дугаар сард 200000 төгрөгийг төлснөөс хойш төлбөр төлөлгүй биднийг хохироож байна. Иймд Зүүнхараа дахь Ачааны вагон засварын депогоос төлбөрийн үлдэгдэл болох 522500 төгрөг, нотариатын зардалд 7500 төгрөг нийт 530000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Улаанбаатар Төмөр замын Зүүнхараа дахь ачааны вагоны засварын депогийн дарга Б.Азжаргал шүүхэд гаргасан тайлбартаа: ... Манай байгууллага нь “Скайтел” ХХК-тай хийсэн гэрээний дагуу ажилчдын үүрэн телефоны төлбөрийн үлдэгдэл 530000 /таван зуун гучин мянга/ төгрөгийг маргах зүйлгүй төлөх болно гэжээ.

                                                Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 530000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улаанбаатар Төмөр замын Зүүнхараагийн ачааны вагоны засварын депо нь маргах зүйлгүйгээр төлөхөөр хүлээн зөвшөөрсөн нь түүний бичгээр гаргаж баталгаажуулсан тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Мөн нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуулийн дагуу хариуцагчаас болон төрийн сангаас гаргуулах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийг  удирдлага болгон 

Захирамжлах нь:

 

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дах хэсэгт заасныг баримтлан  нэхэмжлэгч “Скайтел” ХХК-ийн 530000  /таван зуун гучин  мянга/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Улаанбаатар Төмөр замын Зүүнхараагийн ачааны вагоны засварын депо нь төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 16550 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, хариуцагч Улаанбаатар Төмөр замын Зүүнхараагийн ачааны вагоны засварын депогоос 8275 төгрөг, төрийн сангийн 130400941 тоот данснаас 8275  төгрөгийг тус тус  гаргуулж нэхэмжлэгч “Скайтел” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дах хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн  шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгүүлсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар захирамжинд зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурьдсугай.

 

 

ШҮҮГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.