Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 43

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Дэлгэрмөрөн даргалж,

нарийн бичгийн дарга Т.Батсайхан,

улсын яллагч П.Шижиртуяа,

шүүгдэгч Б.Л  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын ахлах зөвлөх П.Шижиртуяа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Л ид холбогдох 163/2020/0042/Э индекстэй, эрүүгийн 2015000350019 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, мэргэжилгүй, урьд 4 удаагийн шийтгэлтэй, Н овогт Б.Л,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гар, хөлөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд/

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Л ийн өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

2015000350019 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд:

Хохирогч Б.Т ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 21-ний шөнийн 00 цаг болж байсан.Тэгээд Л  ах бид 2 Ерөөл нэртэй 0,5 литрын архийг хувааж ууж дуусгаад 0,75 литрын Ерөөл нэртэй архийг задлаад Л  ах бид 2 хувааж ууж байхад Л  ах намайг чи 2019 оны хавар О т цохиулж байхад миний гарыг барьж О т намайг цохиулсан гэж хэлээд над руу уурлаад байхаар нь би Л  ахын баруун шанаанд нь гараа атгаж байгаад 1 удаа цохьсон. Л  ах намайг хувцасаа тайл мөч мөчөөр чинь салгана гэж хэлээд хоёр гартаа хутга барьчаад хооронд нь хавиралдуулаад байж байснаа миний баруун талын гуяанд Л  хутгалсан дараа нь зүүн талын дал хэсэгт 1 удаа хутгалсан тэрнээс хойш юу болсон талаар санахгүй байна....” гэх мэдүүлэг /хх-ийн 37-40 дүгээр хуудас/,

Гэрч М.Г гийн өгсөн: “...Эхнэрийнхээ эгчээс сонссон. Өөр зүйл мэдэхгүй....” гэх мэдүүлэг /хх-ийн 42 дугаар хуудас/,

Гэрч Б.С ийн өгсөн: “...өмд нь нил цус болсон дээгүүрээ нүцгэн байсан. Тэгэхээр нь би юу болсон юм бэ яагаад бие чинь цус болсон юм бэ гэж нөхрөөсөө асуутал нөхөр хариу хэлэхгүй байсан тэгтэл Л  ах би хутгалсан юм гэж хэлэхээр нь та хэзээ ирсэн юм гэж асуутал ах нь өчигдөр ирсэн гэж хэлсэн....” гэх мэдүүлэг /хх-ийн 59-60 дугаар хуудас/,

Гэрч Б.Б ын өгсөн: “...2020 оны 01 сарын 21-нд алсын дуудлаганд явах ээлжтэй байсны дагуу ажил үүргээ гүйцэтгэж байх үед Хутаг-Өндөр сумын Тээл багийн нутаг дэвсгэрт иргэн Т  нь хэвлийн тус газар нь өвдөөд байна гэсэн дуудлагыг түүний эхнэр утсаар дуудлага өгсөний дагуу дуудлаганд нь явж очсон...” гэх мэдүүлэг /хх-ийн 61-62 дугаар хуудас/,

Б.Л  яллагдагчаар мэдүүлэхдээ: “...би өмнө нь энэ хэргийн талаар гэрчээр маш тодорхой мэдүүлэг өгсөн. Тухайн үед болсон үйл явдлыг үнэн зөвөөр нь хэлж мэдүүлсэн. Түүн дээр нэмж хэлж ярих зүйл байхгүй. Би 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр Т тай уулзаад гэрт нь архи хувааж уусан. 2020 оны 01 дүгээр сарын 21-ний 02 цагийн үед Б.Т тай хөөрөгний дайлангаас болж маргалдсаны улмаас зүүн талын даланд 1 удаа баруун талын гуяны урд хэсэгт 1 удаа, баруун суганд 1 удаа баруун шилбэнд 1 удаа хутгалсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 88 дугаар хуудас/,

Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 31 тоот дүгнэлтэнд: Б.Т ын биед зүүн дал, баруун суганы урд хэсэгт, баруун шилбэ, баруун гуянд шарх гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Дээрхи гэмтлүүд нь хэрэг болсон гэх өдөр үүссэн байх боломжтой. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 64-66 дугаар хуудас/,

Гэмт хэрийн талаархи гомдол, мэдэлэл хүлээн авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-9 дүгээр хуудас/ иргэний үнэмлэхний лавлагаа зэрэг шүүгдэгчийн хувийн байдлын талаархи /хх-ийн 82-83 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг бичгийн бусад нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Л  нь 2020 оны 01 дүгээр сарын 20-ноос 21-нд шилжих шөнө Булган аймгийн Хутаг-Өндөр сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэрт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ иргэн Б.Т тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар гар, хөлөн тус газарт нь хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хэрэг гарсан цаг хугацаа, орон зай, сэдэлт шалтгаан, учирсан хор уршгийн талаарх хохирогч Б.Т , гэрч М.Г , Б.С , Б.Б  нарын мэдүүлгийн эх сурвалж нь өөр хоорондоо зөрүүгүйгээр өгсөн мэдүүлэг болон Б.Т ын Б.Т ын биед зүүн дал, баруун суганы урд хэсэгт, баруун шилбэ, баруун гуянд шарх гэмтлүүд учирсан болохыг тогтоосон Булган аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 31 тоот дүгнэлт зэрэг хуульд заасан журмын дагуу авч бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, нотолгооны ач холбогдол бүхий шууд болон шууд бус нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 Шүүгдэгч Б.Л ийн үйлдсэн дээрх гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгчийн гэмт үйлдэл болон гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршиг нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Иймд шүүгдэгч Б.Л  дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг агуулж байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

   Хохирогч Б.Л ид шүүгдэгч 710000 төгрөг төлсөн, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байх тул бусдад төлөх төлбөргүй гэж үзэх нь зүйтэй байна. 

   Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

   Шүүгдэгч Б.Л ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон эрүүгийн хариуцлага түүнд хүлээлгэх үндэслэлтэй байна.          

Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Л ийн үйлдсэн гэмт хэргийн шалтгаан, нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх прокурорын санал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Л ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг гарахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн хуванцар иштэй 21 см урттай 1 ширхэг хутгыг устгах, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3 дугаар зүйлийн 3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:    

1. Шүүгдэгч Н овогт Б.Л ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ийг 500 /таван зуу/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л ид оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Л  500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялыг найман цагийн ажлыг 1 хоногоор солихыг сануулсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, шүүгдэгч Б.Л  нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шар өнгийн хуванцар иштэй 21 см урттай 1 ширхэг хутгыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комиссд даалгаж, баримтыг хэрэгт хавсаргахыг шүүгчийн туслах Д.Түшигбаярт даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Л ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.  

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Л ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Ж.ДЭЛГЭРМӨРӨН