Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 750

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж, улсын яллагч П.Болормаа, хохирогч Б.Г-, шүүгдэгч О.М-, нарийн бичгийн дарга О.Бямбасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хан-Уул дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Х овогт О-ын М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1910023390751 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  Монгол Улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Сэлэнгэ аймаг, Орхонтуул суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, Орхонтуул констракшн ХХК-д захирал ажилтай, ам бүл 1, Баянзүрх дүүргийн ... дугаар хороо, .... дугаар байр ... тоотод оршин суух, урьд нь:

Хан-Уул дүүргийн шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн  147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сар 10 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 272 дугаар магадлалаар, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгагдаж байсан, бие эрүүл, ухаан бүрэн, Х овогт О-ын М.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч О.М нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин Цагаан хаалганы баруун талд иргэн Б.Г-той машинаар нь үйлчлүүлэх үедээ маргалдан улмаар баруун хөлийг нь хавирч унаган биед нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлсэн мэдүүлэг:

Хохирогч Б.Г-: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө эрт таксинд явсан, Нисэхийн тойрогийн орчим эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөөд зогсож байхаар нь авсан, хаана хүрэх үү гэхэд хотын төв орно гэсэн, хаана хүрэхээ хэлээгүй, тэгээд хот уу орсон байхад баруун эргэ, чигээрээ яв гээд замдаа чиглэлээ олон удаа өөрчилж хэлсэн, сүүлдээ чи хөгшин хүнээр тоглоод байгаа юм уу гэхэд энэ залуу машинаас бууж ирээд миний хаалгыг онгойлгоод намайг куртикээр боосон, тэгээд машинаас чирж буулгаад намайг хавсарч унагаасан, хавсарч унагаахаас өмнө гараа атгаад цохих гэж байснаа чи миний гарын аяыг даахгүй л дээ гэхээр нь ах нь гарын чинь аяыг даахгүй гэж хэлэхэд цохихоо болиод хавсарч унагаасан. Хавсарч унагаасны дараа миний баруун хөл их өвдсөн, тэгээд энэ залууд чи миний хөлийг гэмтээчихлээ гэхэд чи битгий баашлаад бай, машиндаа суу, эмнэлэг хүргээд өгьё гэж хэлсэн, би босож чадахгүй байна гэдгээ хэлсэн, тэгтэл энэ залуу тоохгүй байсан. Гудамжаар явж байсан нэг эмэгтэй ирээд надад цагдаа дуудаж өгсөн, гэтэл энэ залуу чи цагдаа дуудлаа гэж хэлээд надад чи намайг мөнгөгүй гэж бодоод байна уу гээд надад утсаа үзүүлсэн. Би өөрөө түргэн дуудсан, баримттай, баримтгүй 3 сая орчим төгрөгийн эмчилгээний зардал гарсан, дээр нь ажлаа хийж чадахгүй болсон, хэдэн сар хүртэл ингэж явахыг мэдэхгүй, сард таксинд яваад дор хаяж 500,000 төгрөгийн орлого олдог, надад 5 сая төгрөг олоод өгчих гэж хэлсэн, гэтэл эмчилгээний зардалд 1 сая төгрөг гарсан байна, дээр нь нэмээд 1 сая төгрөг, нийтдээ 2 сая төгрөг өгьё гэхээр нь би 5 сая төгрөг өг гэсэн, өнөөдрийн байдлаар нэг ч төгрөг төлөөгүй, нийтдээ 5 сая төгрөг нэхэмжилнэ, гомдолтой байна...” гэв.

Шүүгдэгч О.М-: “...Өөрийн үйлдсэн гэмт хэргийн гэм буруу дээр маргахгүй, хүлээн зөвшөөрч байна, миний буруу, тухайн үед дунд зэргийн согтолттой байсан, машинаас буухдаа хохирогчийг хөлөөрөө хавирч унагаасан, архи ууж хүнтэй маргалдсанаас ийм зүйл болдог гэдгийг мэдэж авсан, энэ гэмт хэрэг гарахгүй байх боломжтой байсан. Хохирогчид миний зүгээс 2 сая төгрөгийг өгьё гэсэн боловч 5 сая төгрөг өг гэсэн, 5 сая төгрөг өгөх боломжгүй байсан учир нэг ч төгрөгийн хохирол төлөөгүй байгаа. Хохирлыг төлөх талаар хохирогчийг эмнэлэгт хэвтэж байхад нь очиж уучлал гуйсан...” гэв.

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би таксинд явж байсан, нисэхийн тойрог орчим эрэгтэй, эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь суулгаад хаана хүрэх вэ? гэхэд хот руу орно гэж хэлсэн. Тэгээд би Дулааны цахилгаан станцын хойд талын уулзвар дээр ирсэн чинь эрэгтэй нь хаана явж байна гэж асуухаар нь Дулааны цахилгаан станцын арын уулзвар дээр явж байна гэж хэлсэн чинь Хан-Уул дүүргийн орчим очоод хэлээрэй гэсэн, тухайн үед түгжрэл ихтэй байсан. Тэгээд би Хан-Уул дүүргийн ойролцоо ирээд нөгөө залууд Хан-Уул дүүргийн гэрлэн дохион дээр ирлээ шүү гэж хэлсэн чинь баруун эргэ гэсэн, баруун эргэсэн чинь нөгөө залуу та яаж байгаа юм бэ? нэгдүгээр эмнэлэг орох гэж байхад чинь гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр залууд чи сая өөрөө баруун эргэ гэж хэлсэн биздээ гэхэд тэр залуу буцаад эргэ гэсэн, тэгэхээр нь би за гэж хэлтэл тэр залуу за за чигээрээ явчих гэхээр нь хаана хүрэх вэ? гэж асуухад урд чинь шар барилга байна уу? гэхээр нь харж байна гэж хэлсэн чинь наад байранд чинь очно гэсэн. Би нэгдүгээр эгнээ рүү зам чөлөөлөөд зогсоод эргэж хараад чи хөгшин хүнээр тоглоод байгаа юм уу гэхэд нөгөө залуу машинаас бууж ирээд миний хаалгыг нээгээд миний куртикны захаар намайг боосон ба намайг нэг гараараа цохих гэж байснаа, чи дүлийгээрээ далимдуулж километр гүйлгээд байна гэж хэлээд заамдсан чигээрээ машинаас буулгаад хавирч газар унагаасан. Миний баруун хөл маш их өвдсөн, тэгэхээр нь би тэр залууд чи хөл гэмтээчихлээ гэхэд баашлаад байгаарай гэж хэлээд баруун хөл рүү өшиглөсөн үү, дэвссэн үү мэдэхгүй, тэгээд би хүмүүсээс тусламж гуйж орилсон чинь нөгөө залуу баашлаад байгаарай, бос машиндаа суу, эмнэлэг хүргээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд босож чадахгүй байна, чи хөл хугалчих шиг боллоо гэж хэлсэн, тэгтэл нэг танихгүй эмэгтэй хүрч ирээд яасан бэ гэж асуухаар нь тэр эмэгтэйд би энэ хүүхэд хөл хугалчихлаа гэж хэлсэн чинь тэр эмэгтэй цагдаад дуудлага өгсөн, нөгөө залуу та цагдаа дуудаж яах гээд байгаа юм, хоёулаа эндээ ярилцаад салъя гэхээр нь би тийм юм байхгүй гэж хэлсэн. Удалгүй цагдаа ирээд юу болсон талаар асуухаар нь би болсон асуудлын талаар хэлсэн. Намайг гэмтээсэн залуу тийшээ явчихсан гэж заасан. Түргэн тусламж ирээд намайг гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан. Надад эмчилгээ хийлгэсэн баримт байгаа, баримтаар 811,794 төгрөгийн баримт байна. Цаашид дахин эмчилгээ хийлгэх шаардлагатай, цаашид гарах зардлаа тооцоод 4,188,206 төгрөг нэхэмжлэх ба нийтдээ 5,000,000 төгрөг болж байгаа...” /хх-ийн 8-9, 12/ гэсэн,

Гэрч Г.Болороо мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 08 цаг 19 минутын үед манай аав Б.Г 99008144 дугаараасаа миний 99018121 дугаарт залгаад аав нь хүнд зодуулчихлаа, хөл хугарчихлаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт үйлдвэрийн хаалганы хажууд зам дээр, машиндаа сууж чадахгүй байна гэж ярьсан. Тэгээд би Яармагаас гэрээсээ гараад очих гээд явж байтал аавыг түргэн тусламж ирээд гэмтлийн эмнэлэг рүү авч явсан гэсний дагуу шууд Гэмтлийн эмнэлэг рүү ойролцоогоор 09 цаг 40 минутын үед очиход аав эмнэлэгт хөлний зургаа авахуулж байсан. Тэгээд юу болсныг асуухад таксинд яваад нисэхийн тойргийн орчмоос эрэгтэй, эмэгтэй хүн аваад үйлдвэр лүү явсан, тооцоогоо авах гэсэн чинь тооцоон дээр маргаад тухайн хүн намайг боогоод, хавирч унагаагаад хөл хугалчихлаа гэж хэлсэн. Аав Б.Г-ийн баруун хөлнийх нь шилбэний яс, мөн нэг нарийн яс нь хугарсан гэж хэлсэн, эмчтэй нь уулзахад хадах хагалгаанд оруулна, хэвтэх шаардлагатай гэсэн. Мөн аавын хоолой нь улайчихсан боолгосон бололтой байсан, нүүрэнд нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй. Би аавыг зодсон хүнийг танихгүй, аав өөрөө хараад танина гэж байсан...” /хх-ийн 16/ гэсэн,

Гэрч Б.Отгонцэцэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны орой Нисэхийн тойргийн урд талд байрлах офисийн өрөөнд М-, манай захирал Дэлгэрмаа, М-гийн ажлын залуу бид нар хамт архи ууцгаасан, би тасраад унтчихсан байсан. Тэгээд маргааш өглөө миний архи гараагүй, М намайг хүргэж өгнө гэж хэлээд би М-тай хамт гарч байснаа санаж байна. Салхинд гараад тасарчихсан, нэг мэдсэн чинь 12 цагийн орчим буудлын өрөөнд сэрсэн. Буудлын ажилтан нь надад хамт ирсэн залууг чинь цагдаа нар орж ирээд аваад явчихсан гэж хэлсэн. Тэгээд би шууд гэрлүүгээ явсан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө О.М-тай хамт ямар машинд суусан гэдгээ санахгүй байгаа. О.М-г жолоочтой хэрэлдсэн гэдгийг би мэдэхгүй байна. Би таксинд ороод л унтчихсан, буудалд орсон гэдгээ ч санахгүй байгаа...” /хх-ийн 24-25/ гэсэн,

Шүүгдэгч О.М мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажил эхлүүлээд түүнийхээ баярыг тэмдэглээд үүрийн 6 цаг хүртэл архи уусан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг 30 минутын орчим тарцгаагаад нисэхийн тойрог дээр захиалагч байгууллагын менежер Отгоо гэх эмэгтэйн хамт такси барьж хотын төв рүү орно гэж хэлээд хамт явсан. Отгоо бид хоёр таксины арын суудалд орж суугаад унтчихсан байсан. Нэг сэрээд харсан чинь таксины жолооч буцаад эргэчихсэн Эрэл ХХК-ийн урд явж байхаар нь би тэр жолоочид буцаад эргээд яв гэж хэлсэн, тэгээд эргээд удалгүй 120 мянгатын цагаан хаалганы хажууд ирчихлээ гэж хэлсэн. Тэгэхээр нь би буудалд ороод унтъя гэж бодоод гэрлэн дохиогоороо урагшаа эргэчих гэж хэлсэн, тэгтэл эргээд явчихсан гал унтраах ангийн урд ирээд зогсчихсон байхаар нь би жолоочид буцаад эргэчих зочид буудлын гадаа буух гэсэн юм гэж хэлсэн ба тухайн үед зам түгжрэлтэй байсан тул нөгөө жолооч баруун эргээд зам дээр зогсоод эндээсээ буугаад алхаад яв гээд уурласан, тэгэхээр нь би нөгөө таксины жолоочтой муудалцаад би машинаас буугаад Отгоог сэрээх гээд байж байтал таксины жолооч буугаад ирсэн тэгээд таксины жолоочтой маргалдаж байгаад таксины жолоочийг би хавирч унагачихаад Отгоог сэрээгээд явчихсан. Таксины жолооч намайг хавирч унагааснаас хойш босч ирээгүй зам дээр сууж байсан, жолооч надад хөл болохоо байчихлаа гээд орилоод байхаар нь би таксины жолоочийг эмнэлэгт хүргээд өгье гэж хэлсэн чинь заавал цагдаа дуудна гээд байхаар нь би явчихсан. Тэгээд би буудалд унтаж байтал цагдаа нар орж ирээд намайг аваад явсан...” /хх-ийн 89-90/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн №12015 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт: 1. Б.Г-ийн биед баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал, эрүүний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 27/ гэсэн дүгнэлт,

 

- Дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/,

- Хохирлын баримт /хх-ийн 38-43/,

- Шүүгдэгч О.М-ы хувийн байдалтай холбоотой гэрч О.Мөнхбат, Б.Түвшинтулга нарын мэдүүлэг /хх-ийн 20-21, 22-23/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 47/, ял шалгах хуудас /хх-ийн 48/, магадлалын хуулбар /хх-ийн 50-53/, гэрлэлтийн лавлагаа /хх-ийн 54/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 55/, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 61/ зэрэг болно.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүгдэгч, хохирогч нарыг байцааж мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд дүгнэлт хийж, О.М-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт:

Шүүгдэгч О.М нь 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хуучин Цагаан хаалганы баруун талд иргэн Б.Г-той машинаар нь үйлчлүүлэх үедээ маргалдаж, хавирч унагаан эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Б.Г-ийн “...2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө би таксинд явж байсан, нисэхийн тойрог орчим эрэгтэй эмэгтэй хоёр хүн гар өргөхөөр нь суулгаад хаа хүрэх вэ? гэхэд хот руу орно гэж хэлсэн. Тэгээд би Хан-Уул дүүргийн ойролцоо ирээд нөгөө залууд Хан-Уул дүүргийн гэрлэн дохион дээр ирлээ шүү гэж хэлсэн чинь баруун эргэ гэсэн, баруун эргэсэн чинь нөгөө залуу та яаж байгаа юм бэ?, нэгдүгээр эмнэлэг орох гэж байхад чинь гэж хэлсэн, тэгэхээр нь би тэр залууд чи сая өөрөө баруун эргэ гэж хэлсэн биздээ гэж хэлэхэд тэр залуу буцаад эргэ гэсэн. Би нэгдүгээр эгнээ рүү зам чөлөөлөөд зогсоод эргэж хараад чи хөгшин хүнээр тоглоод байгаа юм уу гэхэд нөгөө залуу машинаас бууж ирээд миний хаалгыг нээгээд миний куртикны захаар намайг боосон, намайг нэг гараараа цохих гэж байснаа, чи дүлийгээрээ далимдуулж километр гүйлгээд байна гэж хэлээд заамдсан чигээрээ машинаас буулгаад хавирч газар унагаасан. Миний баруун хөл маш их өвдсөн, тэгэхээр нь би тэр залууд чи хөл гэмтээчихлээ гэхэд баашлаад байгаарай гэж хэлээд баруун хөлрүү өшиглөсөн үү, дэвссэн үү мэдэхгүй, тэгээд би хүмүүсээс тусламж гуйж орилсон чинь нөгөө залуу баашлаад байгаарай, бос машиндаа суу, эмнэлэг хүргээд өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би тэр залууд босож чадахгүй байна, чи хөл хугалчих шиг боллоо гэж хэлсэн...” /хх-ийн 8-9, 12/ гэсэн, гэрч Г.Болороогийн “...2019 оны 10 сарын 03-ны өглөө манай аав хүнд зодуулчихлаа, хөл хугарчихлаа гэж утсаар ярьсан, Гэмтлийн эмнэлэгт 09 цаг 40 минутын үед очиход аав эмнэлэгт хөлний зургаа авахуулж байсан. Тэгээд юу болсныг асуухад таксинд явж байсан эрэгтэй, эмэгтэй хоёр хүн тооцоон дээр маргаад тухайн хүн намайг боогоод, хавирч унагаагаад хөл хугалчихлаа гэж хэлсэн...” /хх-ийн 16/ гэсэн, шүүгдэгч О.М-гийн “...2019 оны 10 дугаар сарын 02-ны өдөр барилгын ажил эхлүүлээд түүнийхээ баярыг тэмдэглээд үүрийн 6 цаг хүртэл архи уусан. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өглөө 06 цаг 30 минутын орчим тарж менежер Отгоотой хамт такси барьж хотын төв рүү явсан, би буудалд орж унтъя гэж бодоод гэрлэн дохиогоороо урагшаа эргэчих гэж хэлсэн, тэгтэл таксины жолооч эргээд явчихсан гал унтраах ангийн урд ирээд зогсчихсон байхаар нь би жолоочид буцаад эргэчих зочид буудлын гадаа буух гэсэн юм гэж хэлэхэд эндээсээ буугаад алхаад яв гээд уурласан, тэгэхээр нь би нөгөө таксины жолоочтой муудалцсан, таксины жолоочтой маргалдаж байгаад таксины жолоочийг хавирч унагаасан...” /хх-ийн 89-90/ гэсэн мэдүүлгүүд,

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны №12015 дугаартай /хх-ийн 27/ дүгнэлт, дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 3/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг, заалт шүүгдэгчийн гэм буруутай үйлдэлд тохирсон, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаж тодруулсан байх тул дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, энэ зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч О.М нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Г-ийн эрүүл мэндэд баруун хөлний шаант, тахилзуур ясны далд хугарал, эрүүний зулгаралт бүхий хүндэвтэр хохирол учирсан, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Г “...Би таксинд явж, сард 500,000 орчим төгрөгийн орлого олдог байсан, гэмт хэрэг гарснаас хойш өнөөдрийг хүртэл таксинд явж чадаагүй, 6 сарын хугацаанд 3 сая төгрөг олох байсан, цаашид хэдэн сар явахгүй байхыг хэлж мэдэхгүй байна, мөн Гэмтлийн эмнэлэг болон дүүргийн эмнэлэгт үзүүлж эмчилгээ хийлгэсэн, энэ талаарх баримт хэрэгт авагдсан байгаа, эмчилгээний зардалд нэг ч төгрөг төлөөгүй, эмчилгээний зардал 1 сая орчим төгрөг гарсан, дээр нь 1 сая төгрөг нэмээд нийтдээ 2 сая төгрөг өгьё гэж надтай ярьсан, би 5 сая төгрөг олж өг гэж хэлсэн, эмчилгээний болон бусад зардалд нэг ч төгрөг төлөөгүй байгаа, мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна...” гэж мэдүүлжээ.

Хэрэгт авагдсан, хуулийн шаардлага хангасан нотлох баримтаар 670,294 төгрөгийн /хх-ийн 38-43/ баримт авагдсныг шүүх ханган шийдвэрлэж, хохирогч Б.Г нь такси үйлчилгээнд явж сард тогтмол 500,000 төгрөгийн орлого олдог байсан гэдгийг нотлосон баримт байхгүй, мөн цаашид гарах эмчилгээний зардалд хэдэн төгрөг гарах талаар хуулийн шаардлага хангасан нотлох баримт авагдаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагаас 4,329,706 төгрөгийг (5,000,000-670,294=4,329,706) хэлэлцэхгүй орхиж, хохирогч энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.  

Шүүгдэгч О.М нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл болно. Эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх дээр дурдсан хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн 1910023390751 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.М цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт О-ын М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-г 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч О.М-д оногдуулсан 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 1,000,000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.М оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-гаас /РД: ..........., Баянзүрх дүүргийн .... дугаар хороо, .... дугаар байр ... тоотод оршин суух хаягтай/-аас 670,294 /зургаан зуун далан мянга хоёр зуун ерөн дөрөв/ төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Г /РД: ............., Хан-Уул дүүрэг, ... дугаар хороо, ..... тоотод оршин суух хаягтай/-т олгож, хохирогч Б.Г нь гэмт хэргийн улмаас ажилгүй болсон хугацааны цалин, цаашид гарах эмчилгээний зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Эрүүгийн 1910023390751 дугаартай хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдсугай

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.АЛТАНЖИГҮҮР