Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 44

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

нарийн бичгийн дарга С.Гончигбал,

улсын яллагч М.Сайнзаяа,

хохирогч Б.Х ,

шүүгдэгчийн өмгөөлөгч М.Найдан,

шүүгдэгч Ч.М  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ч.М д холбогдох эрүүгийн 1915004960235 дугаартай, 163/2019/0234/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдөр Давж заалдах шатны шүүхээс хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 20 настай, ам бүл 2, эрхэлсэн тодорхой ажилгүй, Х овогт Ч.М .

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ч.М  нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутагг байрлах “Ө” амралтын газрын автомашины зогсоол дээрээс иргэн Б.Х гийн эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, ззэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар 940000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М ын өгсөн: Өмнө өгсөн мэдүүлэг дээр нэмж ярих зүйлгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлыг төлнө гэх мэдүүлэг,

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Х гийн өгсөн: 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой манай найз Э  над руу утсаар залгаад очиход 3 найзтайгаа байсан. Тэгээд бид нар ярьж байгаад миний машинтай амралт руу явсан. М  замд “машинаа бариулчих, утсаараа яриулчих” гэж гуйж байсан, би зөвшөөрөөгүй. Очоод бид архи ууцгаасан. Эхлээд авч очсон 2 шил архиа уучихаад нэмж 1 шил архийг амралтын газраас авч М  уугаад үлдсэн. Э , Б  хоёр түрүүлээд унтаж амарсан. Харин би сүүлд нь тэр хоёрын хажуугаар орж унтсан. Өглөө 10 цагийн үед босоход М  байхгүй байсан. Хэсэг хүлээж байгаад гараад машины зогсоол дээр очиход миний машин байгаагүй. Амралтын газрын жижүүрээс асуухад шөнө 02 цагийн орчимд миний машиныг М  асаагаад явсан талаар надад хэлсэн. Тэгээд цагдаад мэдэгдсэн, өөрийн биеэр 4-5 хоног машинаа хайсан. Хохирлоо нэхэмжилж байна гэх мэдүүлэг, эрүүгийн 1915004960235 дугаартай хэргээс яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн ...ийн нутагт байрлах “Ө” амралтын газарт Ч.М ,  О.Б , Э.Э , Б.Х  нар нь Б.Х гийн эзэмшлийн хөх өнгийн “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй очиж гэр буудалд байрлан архи, согтууруулах ундааны зүйл хэрэглээд унтацгаасан байх ба шөнө 04 цагийн орчим Ч.М  нь Б.Х гийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг амралтын газрын зогсоол дээрээс зөвшөөрөлгүйгээр авч явсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь хохирогч Б.Х гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Миний бие 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Орхон аймгийн Б  сумын төвөөс өөрийн найз болох Ж буюу Э тай хорооллын эцэс дээр уулзалдсан. Ингээд орой 23 цагийн орчимд Орхон аймгийн төвөөс дөрвүүлээ миний өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй явцгаасан. Бидний очсон амралтын газар нь Булган аймгийн Орхон сумын нутаг дэвсгэрт байрлах "Ө" нэртэй амралтын газар байсан. Амралтын газар очоод гэрт байрласан. Гэртээ ороод замдаа худалдаж авсан архи, пивоо хувааж ууцгаасан ба Э , Б  нар нь архи уугаад түрүүлээд унтаж амарсан. Харин би М  гэх хүүхэнтэй жаахан юм ярьж сууж байгаад унтаж амарсан. Өглөө нь 11 цагийн орчимд сэрэхэд орон дээр Э , Б  хоёр унтаж байсан. Харин М  байхгүй байсан. Тэгэхээр нь гадаа жорлон орсон юм байх гэж бодоод хүлээгээд суугаад байсан. Ирэхгүй байхаар нь гадаа гараад автомашины зогсоол дээр машинаа хартал миний машин алга болчихсон байсан. Тэгээд байж байтал удаагүй Э , Б  хоёр сэрсэн. Тэр хоёрыг сэрэхээр нь М  байхгүй, мөн машин, гар утас хоёр алга болчихсон байна гэдгийг хэлсэн. Ингээд тухайн амралтын газраар М ыг эрж хайсан боловч олдоогүй, сүүлд нь тухайн амралтын газрыг ажиллуулж байсан нас тогтсон эрэгтэй, эмэгтэй хоёроос өөрийнхөө автомашин болоод хамт амралтын газарт ирсэн М ын талаар асуухад шөнө 02 цагийн орчимд миний машиныг М  асаагаад явсан талаар надад хэлсэн. ...Машины эвдрэлд 940000 төгрөг, тээврийн хэрэгслийг түр саатуулах хашаанд байлгасан хөлс 65000 төгрөг, тээврийн хэрэгслийн эвдрэлийн үнэлгээний хөлс 40000 төгрөгийг тус тус М аас нэхэмжилж  байна”  гэх мэдүүлэг /хх-ийн 9-14 тал/,

гэрч Т.Ө ийн өгсөн: “...Тэр өдрөө миний хүү хэдэн хүүхдүүдийн хамтаар амралтын газар руу явж, тухайн газраа хонож амарч байх үед нь хамт явсан гэх нэг хүүхэн нь миний хүүгийн автомашиныг асааж унаад одоог хүртэл сураггүй байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 тал/,

гэрч О.Б ийн өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн орой 21 цагийн орчимд Э  бид хоёр хорооллын эцэст найз М тай таарсан. Ингээд 22 цагийн орчимд бид гурвыг хорооллын эцэс дээр байхад Х  өөрийнхөө хөх өнгийн суудлын автомашинтай ганцаараа ирсэн. Ингээд автомашин дотор нь жаахан юм ярьж сууж байгаад хоорондоо тохиролцоод амралтын газар руу хоногоор явъя гээд шууд хорооллын эцсээс ...ийн нутагт байрлах “Ө” нэртэй амралтын газар руу явсан. Ингээд амралтын газартаа шөнийн 23 цаг өнгөрч байх үед очсон, бид 4 гэрт байрласан. Хоногийн мөнгө, төгрөгийг нь Х  өгөхөөр тохирсон. Тэгээд гэртээ орж байрлаад замдаа худалдаж авсан архи, пивоо хувааж уусан. Тэгээд Э  бид хоёр архиндаа согтоод унтсан. Бид хоёрыг унтах үед Х , М  хоёр архиа уугаад үлдсэн. Өглөө 10 цагийн орчимд Э  бид хоёрыг сэрэхэд Х  сэрчихсэн М ыг байхгүй, сураггүй алга болчихлоо гэчихсэн сууж байсан. Миний бодлоор тухайн шөнө М , Х тай  юм ярьж сууж байгаад унтаж хэвтэх гээд хувцсыг тайлахаар нь Х  “тайлахгүй” гэж жаахан маргасан юм шиг байна лээ. Өглөө нь Х г сэртэл гар утас нь байхгүй, автомашины зогсоол дээр байсан автомашин ч мөн байхгүй алга болчихсон байсан. Ингээд М ыг олж машин тэргээ авахаар эрж хайсан боловч тухайн амралтын газарт М  байгаагүй. Амралтын газрын Ө хоёроос М ын талаар асуусан чинь "та гуравтай хамт ирсэн нөгөө хүүхэн чинь та гурваас тамхины мөнгө аваарай" гэж хэлээд ирсэн машиныг чинь асааж унаад яваад өгсөн гэж бидэнд хэлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 17-19/,

гэрч Э.Э ын өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн  19  цагийн орчимд ...найз Н ийн гэрт найз Б , Н  нарын хамт байсан, ...удалгүй М  орж ирсэн. Тэгээд бөөнөөрөө байж байгаад би утсаар яриад Х  гэх найзыгаа дуудсан, ...Х  өөрийн эзэмшлийн хөх өнгийн “Subaru Impreza” загварын тээврийн хэрэгсэлтэй ирсэн. ...Ингээд авсан архи пивоо дэлгүүрээс жаахан холдоод засмал замын ойролцоо очоод машин дотроо хувааж уусан. Тэгээд архиндаа согтоод унтаад өгсөн. Өглөө сэрэхэд ...ийн нутагт байрлах “Ө” нэртэй амралтын газарт гэрт сэрсэн. Тухайн үед гэрт  Б , Х  бид 3 байсан ...М  байхгүй байсан. Өглөө сэрэхэд Х  “миний машин, түрийвч байхгүй болчихсон байна, М  авчихсан юм шиг байна” гэж Б  бид хоёрт хэлсэн. Ингээд М ыг хайж Орхон аймгийн Б  сумын Б ийн “З”  гэх хороололд байрлах гэрт нь очсон. Биднийг очиход гэрийнх нь гадна Х гийн машин байхгүй байсан. Гэрээс нь эрэгтэй, эмэгтэй хүмүүс гарч ирээд М ыг гэртээ ирээгүй гэж хэлсэн. Ингээд Орхон аймгийн нутаг дэвсгэрээр хайсан боловч олдоогүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 тал/,

гэрч О.Н ийн өгсөн: “...Маргааш нь манай гэрт Э , Б , Х  гурав ирсэн. “Ө” нэртэй амралтын газар руу яваад өглөө нь М  Х гийн автомашиныг аваад явчихсан байна гэж хэлээд “чам руу М  утсаар холбогдсон уу, байгаа газрыг нь мэдэх үү?, хаана очдог билээ” гэж асуухаар нь “Зээлд гэртээ байгаа байх, эсвэл Булган руу явсан байх” гэж хэлсэн. Ингээд манайд Х , Б , Э  нар байж байгаад хайхаар гараад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 тал/,

гэрч Я.Г ын өгсөн: “М  цагдаа над руу залгаж тээврийн хэрэгсэл ачих хэрэгтэй байгаа талаар хэлсэн. Тэгээд намайг “Дөгөмийн уулзвар дээр хүрээд ир” гэж хэлсэн. М ын хэлсэн газарт очиход **-** ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэл уулзварын хажуугийн газар шорооны ажил хийж байсан овоолсон шороон дээр тэгнэгдээд зогсчихсон байдалтай, мөн хаалга нь онгорхой байсан. Тэгээд би уг тээврийн хэрэгслийг ачааны машинаараа чирч овоолсон шорооноос буулгаад тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу аваачиж хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39 тал/,

гэрч А.М ын өгсөн: “2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө 05 цагийн үед Орхон аймгийн Б  сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Дөгөм”-ийн уулзвар дээр эргүүл хийж байхад **-** ОРХ улсын дугаартай “Субару Импреза” загварын тээврийн хэрэгсэл газар шорооны ажил хийгдэж байсан газарт овоолсон шороон дээр хамраараа тонгойсон байдалтай, тээврийн хэрэгсэл асаалттай чигээрээ эзэнгүй байж байсан. Тэгээд уг тээврийн хэрэгсэл эзэнгүй байсан учраас Орхон аймгийн тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаа руу ачигч машинаар аваачиж хийсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41 тал/,

        шүүгдэгч Ч.М ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн: “Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Б.Х гийн автомашиныг ямар нэгэн байдлаар зарж борлуулах, завших, үрэн таран хийх зорилгогүйгээр авч явсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ унаж яваад болгоомжгүй байдлаасаа болж замын ухагдсан нүх рүү ороод урд хэсгээр мөргөсөн, түүнээс биш санаатай эвдэж гэмтээсэн зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 72-75 тал/,

тээврийн хэрэгслийн үнэлгээний “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн “Subaru Impreza” маркийн тээврийн хэрэгслийн зах зээлийн үнэлгээ 3 500 000 төгрөг, эвдрэл гэмтлийн үнэлгээ 940 000 төгрөг” гэх 2019 оны 10 дугаар сарын 22-ны 19/355 дугаартай дүгнэлт /хх-43-49 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаар шүүгдэгч Ч.М ын үйлдэл нь идэвхтэй, бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж тээврийн хэрэгслийг түүний зөвшөөрөлгүй авч явж буй үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, өмчлөх эрхийн эсрэг авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Ч.М ын гэм буруутай үйлдлийн улмаас учирсан хохиролд  “Тольдох оюуны өгөөж” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр гарсан шууд болон шууд бус хохирлын 940000 төгрөг, үнэлгээний хөлс 35000 төгрөг, тээврийн хэрэгслийг ачсан болон журмын хашааны төлбөрийн 64900 төгрөг, нийт 1039900 төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ч.М аас энэ хохирлыг гаргуулж хохирогч Б.Х д олгох нь зүйтэй байна.  

         Шүүгдэгч Ч.М  нь ам бүл 2, өвөөгийн хамт Орхон аймгийн Б  сумын Б ийн 3-4 тоотод оршин суудаг, эрхэлсэн тодорхой ажилгүй, ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдал иргэний үнэмлэхний лавлагаа, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг хувийн байдлын талаархи /хх-77, 80, 90-98 тал/ нотлох баримтуудаар тогтоогдсон байна.  

Шүүгдэгч Ч.М д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Ч.М  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж байх тул түүний хувийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж, түүний 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 13-ны өдөр, 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс 02 дугаар сарын 21-ний өдөр хүртэл тус тус цагдан хоригдсон нийт 33 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна.

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэв.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогт Ч.М ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан авто тээврийн хэрэгслийг  завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүй авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М ыг 480 /дөрвөн зуун ная/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Ч.М ын цагдан хоригдсон 33 /гучин гурав/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу арван таван мянган төгрөгөөр тооцож, шүүгдэгч Ч.М ыг 480000 /дөрвөн зуун наян мянга/ төгрөгийн торгох ялыг эдэлсэнд тооцсугай.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасныг баримтлан шүүгдэгч Ч.М аас хохиролд 1039900 /нэг сая гучин есөн мянга есөн зуу/ төгрөгийг гаргуулж хохирогч Орхон аймгийн Б  сумын ... оршин суух Б.Х д олгосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Ч.М д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 С.ЦЭРЭНХАНД