Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 06 сарын 08 өдөр

Дугаар 00172

 

Гэрлэгсэдийн  эвлэрлийг баталж 

хэргийг хэрэгсэхгүй болгох  тухай

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж тус шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар нэхэмжлэгч Э.Эийн  нэхэмжлэлтэй, хариуцагч Т.Энт холбогдох гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нарийн бичгийн дарга Б.Цагаанцоож, нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Т.Эн нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: ... Миний бие Т.Энтай 2007 онд гэр бүл болж 2009 оны 11 сарын 18-ны өдөр гэрлэлтээ албан ёсоор батлуулж хууль ёсны гэр бүл болон амьдарсан хамтын амьдралтай байх хугацаанд бидний дундаас 2012 оны 05-р сарын 26 ны өдөр хүү Төгөлдөр төрсөн. Гэтэл сүүлийн 1  жил шахамын хугацаанд буюу 2015 оны 04 сар орчмоос миний нөхөр Т.Эн гэр бүлдээ анхаарал халамж тавихаа больж ааш зан нь эрс хувирч гэр орондоо тогтохоо больсон. Үүнийг нь би гэр бүлээс гадуур өөр бусадтай холбоо харьцаатай болсон гэж үзэж байгаа энэ байдал нь надад мэдрэгдсэн. Намайг салъя гэхээр Т.Эн өөрөө ч юм бол чамаас сална гадаадад гарч амьдрана гэдэг болсон. Одоо амьдарч байгаа банкны зээлээр авсан 96 айлын орон сууцны 1-р орцны 05 тоотын 2 өрөө байр миний нэр дээр байгаа банкны зээлийг би өөрөө хариуцаж төлж байгаа тул байраа хүү бид хоёр авна. Уг байрандаа хүү Төгөлдөрийн хамт амьдрана. Т.Эн бид хоёрын өмнө нь амьдардаг байсан 7-р баг дуушийн 13.а тоотын хашаа байшин газрын хамт байгаа боловч уг хашаа байшин, газрыг миний төрсөн дүү Э.Мөнхцэцэг 11 сая төгрөгөөр худалдаж аваад мөнгийг нь бидэнд өгсөн бөгөөд одоо уг хашаа байшинд миний аав, ээж хоёр амьдарч байгаа. Гэтэл энэ хашаа байшингийн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ Т.Энын нэр дээр байгаа учраас Т.Энаас 7-р баг дуушийн 13.а. тоотын хашаа байшин, газрын гэрчилгээг гаргуулж өгнө үү. Харин гэрийн доторхи хөрөнгөнөөс Т.Эн авна гэснээ авна биз. Приус маркын машинаа Т.Эн авах байх эд хөрөнгийн хувьд бид дээрхи байдлаар тохиролцох саналтай байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж хүү Э.Төгөлдөрт эцэг Т.Энаас нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэсэн нэхэмжлэл гаргасан боловч шүүх бид хоёрт эвлэрэх 3 сарын хугацаа өгч. Энэ хугацаанд бид хоёр ярилцаад гэр бүлээ тогтвортойгоор авч явах шийдвэр гаргасан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө

Хариуцагч Т.Эн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид хоёр эвлэрсэн цаашид ам бүлээрээ эвтэй амьдарч чадна гэдэгтээ итгэлтэй байна гэжээ.

 

Үндэслэх нь:

 

Нэхэмжлэгч Э.Э нь хариуцагч Т.Энаас  гэрлэлт цуцлуулж, тэтгэлэг гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх нэхэмжлэгч хариуцагч нарт эвлэрэх 03 сарын хугацаа өгсөн, энэ хугацаанд нэхэмжлэгч Э.Э, хариуцагч Т.Эн нар нь эвлэрсэн болох нь тэдний хамтран гаргасан өргөдөл, тайлбараар нотлогдож байх тул гэрлэгчдийн эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгон, хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1,132 дугаар зүйлийн 132.3-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Нэхэмжлэгч Э.Э хариуцагч Т.Эн нарын эвлэрлийг баталж, гэрлэлт цуцлуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй

            3. Энэ захирамжинд гомдол гаргах эрхгүйг  дурьдсугай.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                           Б.АЛТАНЦЭЦЭГ