Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 00173

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1970 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр төрсөн, 46 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон 5-р баг, Булгийн 2-43 тоотод оршин суух /РД:МИ:70090503/ Боржигон овогт Баасанжавын Нийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1968 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, 48 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, Тракторчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл тосгон 5-р баг, Булгийн 2-43 тоотод оршин суух, /РД:МИ:68011012/ Харнууд овогт Замилангийн Эд холбогдох

 

Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Н, Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Мөнгөнцэцэг, Хариуцагч З.Э, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Баянжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь З.Этэй 1989 онд танилцан гэр бүл болон 1990 онд том хүү Э.Тангад, 1991 онд охин Э.Булгантуяа, 1993 онд охин Э.Мөнхтуяа,1997 онд охин Э.Болортуяа, 2003 онд хүү Э.Тамир нарыг төрүүлэн 5 хүүхэдтэй өнөр өтгөн сайхан л амьдарч байлаа. Одоо том хүү Тангад, бага хүү Тамир хоёроос бусад нь тусдаа амьдралтай болсон. Манай нөхөр бол амьдралын эхний үед хааяа архи уудаг л байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд архи уух нь ихсэж, 2016 оны 2-р сараас хойш байнга архи уугаад бараг орой болгон согтуу ирж хутгалж ална гээд дарамтлаад гэр орноос хөөгөөд бага хүү бид хоёр өвөлжөө хашаагаар нуугдаж гадаа хэцүү байх юм. Үгүй бол надад агсан тавьж зодох үед нь том хүү байвал намайг өмөөрч эцгийгээ зодож хүн амины хэрэг гарчих гээд үнэхээр хүнд зовлонтой байна. Бид эвлэрэх ямар ч боломжгүй. Нэг гэрт байх л юм бол хэрүүл зодоон хүчирхийлэл, дарамт гээд сэтгэл тайван ганц хором байхгүй байна. Одоо би 70 гарсан ээжтэйгээ 1 сар гаруй амьдарч байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Э.Тамирыг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй гэжээ.

Хариуцагч З.Э шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Б.Нийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үнэн зөв. Миний буруу. Бид 1989 оноос хойш Сэлэнгэ аймгийн Мандал сум, Хэрх тосгон, Түнхэлд амьдарч амьдрал ахуйгаа залгуулж ирсэн. Бидний дундаас 1990 онд хүү Э.Тангад, 1991 онд охин Э.Булгантуяа, 1993 онд охин Э.Мөнхтуяа, 1997 онд охин Э.Болортуяа, 2003 онд хүү Э.Тамир нар төрсөн. Миний хувьд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Бидний хооронд эд хөрөнгийн ямар нэгэн маргаан байхгүй  гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

           Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч З.Эгээс гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

           Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч Б.Н, хариуцагч З.Э нар нь 1989 онд танилцаж,  гэр бүл болж хамтран амьдарч байгаад 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж гэрчилгээ авсан ба тэдний дундаас 1990 онд хүү Э.Тангад, 1991 онд охин Э.Булгантуяа, 1993 онд охин Мөнхтуяа, 1997 онд охин Болортуяа, 2003 оны 03 дугаар сарын 28-ны өдөр хүү Тамир нар төрсөн болох нь зохигчдын тайлбар болон №19 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, 2005 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас буюу З.Э нь архи ууж гэртээ агсам тавьж гэр бүлдээ таагүй байдал үүсгэж байснаас шалтгаалаад 2016 оны 03 дугаар сараас хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд зохигч эвлэрээгүй, нэхэмжлэгч Б.Н нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэр бүлийн хүчирхийлэлтэй, эвлэрүүлэн зуучлал хэрэглэх боломжгүй байх тул Б.Нийн өргөдөлд эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах нь зүйтэй байна гэсэн Эвлэрүүлэн зуучлагч Б.Эрдэнэмөнхийн Эвлэрүүлэн зуучлал хэрэглэхээс татгалзах тухай тэмдэглэл хавтаст хэрэгт авагдсан байна /ХХ-ийн 12-13 дугаар хуудас/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Б.Н, З.Э нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна.

Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, хүүхдийн санал зэргийг харгалзан 2003 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Тамирыг эх Б.Нийн асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэл хангагдсан учир хариуцагчаас 70200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна. 

Нэхэмжлэгч Б.Н нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурьдаад

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                        

ТОГТООХ нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Боржигон овогт Баасанжавын Н, Харнууд овогт Замиланий Э  нарын гэрлэлтийг цуцалсугай.     

            2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2003  оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн хүү Э.Тамирыг эх Б.Нийн  асрамжинд үлдээсүгэй.                                    

3. Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Б.Нийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч З.Эгээс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Нт олгосугай.  

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй. 

6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                        Ж.ЭРДЭНЭБАТ.