Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 752

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Д.Алтанжигүүр даргалж,

улсын яллагч Г.Эрдэнэ,

шүүгдэгч Б.Б-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, Д.Ганбат,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хаалтай хийсэн хуралдаанаар Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш овогт Б-ийн Б-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1802004810286 дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1982 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, эрэгтэй, дээд боловсролтой, IT инженер мэргэжилтэй, Монгол Улсын Их сургуулийн Хүмүүнлэгийн Ухааны 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүрэг .... дүгээр хороо, .... дугаар байр, ... тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, бие эрүүл, ухаан бүрэн, Ш овогт Б-ийн Б.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан 4.9740 грамм "шавар" гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай 2 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нидерландын Вант улсаас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтсан 0.9720 грамм MDMA /Methylenedioxymethamphemine/ мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0390 грамм Лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Их Британи улсаас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн жагсаалтанд багтсан гялгар уутны хамт 8.8126 грамм Метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

 

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нидерландын Вант улсаас НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн жагсаалтанд багтсан гялгар уутны хамт 0.9207 грамм Метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн 8 удаагийн үйлдэлтэй,

 

Мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын 1971 оны "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц"-ийн 2 дугаар жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /Шавар/ гэх нэршилтэй мансууруулах бодис, амыг нь тугалган цаасаар таглан цоолсон бохирлогдсон тетрагидроканнабинолын бодис агуулсан хуванцар сав болон мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай LSD гэх нэршилтэй 0.5x0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис зэргийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Гурван Оргил хорооллын 63 дугаар байрны гадаа 38-19 УНЯ улсын дугаартай Аудио А-6 маркын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

         

Нэг:  Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.Б-: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн, нэмж мэдүүлэг өгөхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна, өөр хэргийг илрүүлэхэд оролцсон нөхцөл байдлыг харгалзан хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

 

Хоёр: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд:

 

Гэрч Б.Өлзийхишиг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн мэдүүлэгтээ: “...Би “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбарт шуудан хүргэгчээр ажилладаг. ...Б.Б-ын гэр нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Анома хотхоны 72 дугаар байрны 5 давхарт байдаг. Намайг ажилд орсноос хойш тухайн хүний гэрийн хаягаар олон удаа энгийн захиа, албан бичиг /Монгол улс болон гадаад улсаас ирж байгаа албан бичиг, захиаг ойлгоно/, баталгаат боодол /гадаад улсаас ирж байгаа илгээмжийг хэлнэ/, интернет дэлгүүрээс авсан онлайн захиалгын бараа зэргийг манай салбарт гэрийн хаягаар болон утасны дугаартай ирсэн тохиолдолд хүргэж өгдөг байсан. Мөн Б.Б-ын 88806600 гэсэн дугаар руу зарим тохиолдолд холбогдож илгээмж ирсэн байгаа талаар хэлэхэд өөрөө ирж авдаг байсан. Энэ байдлаас түүний гэрийн хаягийг нь сайн тогтоосон, мөн байнга л хүргэж өгдөг учраас зүс царайг нь мэддэг болсон.

Бид ирж байгаа илгээмжийг хаанаас ирсэн талаар шалгах боломжгүй, шууд л хаягаар нь хүлээлгэж өгдөг. Манай салбар дээр ирж байгаа илгээмжүүд бүгд төв салбараас гэрийнх нь хаягаар ирдэг. Б-ын гэрийн хаягаар ойролцоогоор 10 гаруй удаа энгийн захиа, албан боодол, албан бичиг зэргийг хүргэж өгч байсан. Энэ талаарх баримт нь бүртгэлийн дэвтэр дээр байгаа, заримдаа өөрөө ирж авдаг. Гэхдээ очиж өгсөн болон өөрөө ирж авсан бүх тохиолдолд бүртгэлийн дэвтэр дээр гарын үсэг зуруулж баталгаажуулж авдаг учраас манайхаар дамжуулан нийтдээ хэдэн удаа илгээмж авсан нь харагдах байх.

...Б.Б нь миний гар утасны дугаарыг мэддэг, мөн манай салбарын 70078953 гэсэн дугаарыг мэддэг учраас надаас болон манай салбарын утаснаас өөрийнхөө нэр дээр гэрийн хаягаар шуудан илгээмж ирсэн талаар асууж лавласан тохиолдол байдаг. Надаас асууж лавлахаар хариуг нь хэлдэг, учир нь өглөө бүр ажил дээрээ очиж ирсэн илгээмжүүдийг явах чиглэлдээ хувааж аваад гардаг учраас тухай бүр ирсэн ирээгүй талаар хариуг нь өгчих боломжтой байдаг...” /1-р хх-ийн 136-137/ гэсэн,

 

Шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 11 дүгээр сарын 04-нөөс 05-ны хооронд би өөрийнхөө гар утсаар интернетээр холбогдож “Dream market” гэх сайт руу орж хамгийн хямд авах боломжтой 5 грамм гашиш буюу шавар гэх бодисыг 25 доллар орчмоор, харин 2 ширхэг лсд гэх марк мэт цаасыг 8 доллароор буюу 1 ширхэгийг нь 4 доллароор захиалахад бонус гэж 2 ширхэг лсд дагалдаж ирэх талаар мэдээлэл өгсөн, ингээд төлбөрөө өөрийнхөө цахим мөнгө /биткойн/ ашиглаж “Dream market” сайтын данс руу шилжүүлээд хүлээж авах хаягтаа өөрийн гэрийн хаяг болох Хан-Уул дүүргийг 11 дүгээр хороо, Анома хотхоны 72 дугаар байрны 20 тоот гэж бичээд өөрийн захиалсан бараагаа хүлээсэн. Надад тухайн сайтаас ямар нэгэн код өгөөгүй.

Харин 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр “Монгол шуудан” ХК-ийн Зайсан дахь гэрийн ойролцоох салбараас миний гар утас руу залгаад “шуудан илгээмж ирсэн байна, ирж аваарай” гэж хэлэхээр нь тухайн өдөр завгүй байна гэж хэлээд өнөөдөр буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 11-12 цагийн үед гэрийнхээ ойролцоо байх Монгол шуудангийн салбар дээрээс очиж цаасан дугтуйтай ирсэн илгээмжийг аваад машинд орж суугаад цагдаагийн ажилтнуудад баригдсан. Би өөрийн авсан илгээмжийг задалж үзэж амжаагүй баригдсан. Үүнээс өөр зүйл болоогүй. Би захиалж авсан шавар болон лсд гэх бодисыг өөрөө л хэрэглэж үзэх гэж байсан. Түүнээс хэн нэгэн хүнд худалдах, борлуулах санаа зорилго байгаагүй. ...Би мөс гэх нэршилтэй бодис болон шавар гэх бодисыг одоогоос 4-5 хоногийн өмнө гадуур архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхдаа хэрэглэсэн, их согтуу байсан болохоор ямар хүмүүстэй хамт хэрэглэснээ санахгүй байна...” /1-р хх-ийн 174-175/ гэсэн,

Мөн “...Би одоо сар өдрийг нь санахгүй байна 2018 оны 8 сарын дунд үеэр санагдаж байна “Dream market” гэх сайтын талаар мэдсэний дараа тухайн сайт руу орж компьютерийн вирусийн талаарх мэдээлэл харж байх үед “үнэгүй дээж” гэсэн утгатай хэсэг байхаар нь орж үзэхэд “MDMA” гэсэн бичиглэл бүхий хар өнгийн зурагтай эд зүйл байхаар нь гэрийнхээ хаягаар захиалж үзсэн, тухайн эд зүйл нь аль улсаас ирэхийг мэдээгүй. Гэхдээ түүнийг захиалаад бараг 3 сар болж байхад надад илгээмж ирээгүй тул худлаа юм байна гэж бодсон, харин намайг цагдан хоригдож байх үед манай гэрийн хаягаар ирсэн бололтой. Би тухайн зүйлийг үнэгүй гэхээр нь сонирхоод захиалчихсан юм. Ер нь тухайн сайт руу ороход сайтаар дамжуулж худалдаа наймаа хийх гэж байгаа хүмүүс нь эхлээд зарах гэж байгаа зүйлийнхээ дээжийг хүмүүст үнэгүй байдлаар тарааж сурталчилж үнэлэмжээ өсгөх аргатай байдаг...” /1-р хх-ийн 187-188/ гэсэн,

 

Мөн “...2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр намайг цагдан хорих 461 дүгээр ангиас түрээр авч “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбар дээр очиж АНУ-аас миний нэр дээр ирсэн 2 ширхэг энгийн захиа бүхий илгээмжийг хураан авч үзлэгийг явуулахад дотроос нь тус бүр 2 ширхэг лсд гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй цаас илэрсэн. Уг 4 ширхэг лсд гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй цаас нь “Dream market” гэх сайтаас өмнө нь захиалсан байсан 4 ширхэг лсд гэх цаасыг би хүлээн аваад сайт руу орж хүлээн авсан гэсэн товчлуурыг дарж дундын дансанд байршсан өмнөх захиалгын мөнгийг худалдаалагч талын данс руу оруулж амжаагүй байсан тул худалдаалагч талаас дахин 4 ширхэг лсд-г явуулсан гэж бодож байна. Уг нь бол би 2 ширхэг лсд-г 8 доллароор 2018 оны 10 сард захиалж байсан, бонус 2 ширхэг тусдаа ууттай илгээмжээр ирж 4 болсон. Энэ 4 ширхэг лсд ч гэсэн дээрх байдлаар ирсэн гэж бодож байна...” /1-р хх-ийн 190/ гэсэн,

Мөн “...Ер нь тухайн сайтад өмнө нь би олон удаа орж хандалт хийж “үнэгүй дээж” гэх зүйлүүд дээрээ өөрийн гэрийн хаяг болон утасны дугаар, нэрээ бүртгүүлж захиалга өгч байсан. Тухайн эд зүйлүүд намайг цагдаагийн байгууллагад баригдсанаас хойш ирж байгаа гэж би ойлгож байна. Интернет сайтаар дамжуулан бараа эд зүйл захиалахад хугацаа алдаж ирдэг...” /1-р хх-ийн 192/ гэсэн мэдүүлгүүд,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн №12332 дугаартай дүгнэлтэд: “... Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн 42 дугаартай шавар мэт зүйл, 45 дугаартай хуванцар сав зэрэгт дельта-9-тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ тус тус илрэв. Шинжилгээнд ирүүлсэн 43 дугаартай эрээн цаас 2 ширхэг, 44 дугаартай эрээн цаас 2 ширхэг зэрэгт ЛСД /Lysergide LSD/ илрэв.

Шинжилгээнд ирүүлсэн “Б-ийн Б РД:..................” гэж хаягласан шээсэнд тетрагидроканнабинол /ТНС/, метамфетамин /МАМР/ тус тус илрэв.

3. ЛСД /Lysergide LSD/, тетрагидроканнабинол /delta-9 tetrahybrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын жагсаалтад багтдаг...” /1-р хх-ийн 147-150/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн №12835 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээ бүхий гялгар уутны хамт 1,3 грамм жинтэй цагаан цайвар өнгийн бодис шинжилгээнд тэнцэнэ. Шинжилгээнд цайвар өнгийн талстлаг бодисоос MDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ байна.  MDMA /3, 4 Methylenedioxymethamphemine/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцын жагсаалтад хамаарна...” /1-р хх-ийн 153-154/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн №61 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн №90, №91 гэж хаягласан зиплок түгжээ бүхий ууттай эрээн цаас тус бүр нь шинжилгээнд тэнцэнэ.

2. Шинжилгээнд ирүүлсэн №90, №91 гэж хаягласан эрээн цаас тус бүрээс Лизергид /Lysergide LSD/ илэрч байна.

3. Шинжилгээнд илэрсэн Лизергид /Lysergide LSD/ нь НҮБ-ын “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай” конвенцод багтдаг болно...” /1-р хх-ийн 157-158/ гэсэн,

 

Мөн хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн №137 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Шинжилгээнд ирүүлсэн “Б.Б 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйл нь 8,8126 грамм, шинжилгээнд тэнцэнэ.

2. “Б.Б 9,2 грамм мөс мэт бодис” гэж хаягласан гялгар ууттай цайвар өнгийн мөс мэт зүйлд метафетамин илэрсэн.

3. Метафетамин нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын жагсаалтад багтдаг болно...” /1-р хх-ийн 161-162/ гэсэн,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн №190 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1.2. Шинжилгээнд ирүүлсэн зиплок түгжээтэй дээжүүд шинжилгээ хийхэд тэнцэнэ. 1, 2 гэж дугаарласан 2 ширхэг цэнхэр өнгийн гялгар ууттай мөс мэт зүйл метафетамин /methamphamine/ илэрч байна.  Метафетамин нь НҮБ-ийн 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад хамаарна...” /1-р хх-ийн 165-167/ гэсэн,

 

Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн дүгнэлт №92 дугаартай дүгнэлтэд: “...Дүгнэлт 1. Б.Б урьд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл үгүй байна.

2. Б.Б нь одоогоор сэтгэцийн ямар нэгэн өвчингүй.

3. Б.Б нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай.

4. Б.Б нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хэрэг хариуцах чадвартай байсан.

5. Б.Б нь ял эдлэх чадвартай.

6. Б.Б-т эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

7. Б.Б нь одоогоор мансуурах донтой эсвэл мансуурах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг үгүй байна...” /1-р хх-ийн 171-172/ гэсэн дүгнэлтүүд,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-14/,

- Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/,

- Хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-20/,

- Эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 33-35/,

- Хураан авсан эд зүйлсэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-39/,

- Эд мөрийн баримт хураан авах тухай прокурорын зөвшөөрөл /1-р хх-ийн 56, 57-66, 68, 69-72, 74, 75-84, 87, 89-95, 97/,

- Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл, Прокурорын зөвшөөрлөөр хураан авсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-ийн 98-106/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 116-120/,

- Эд мөрийн баримтаар тооцох , тухай тогтоол /1-р хх-ийн 121-123, 125-129/,

- “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбарын шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 35, 59, 70, 76/,

- Дансны хуулга /1-р хх-ийн 202-210, 212, 217/,

- Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 4/,

- Шүүгдэгч Б.Б-ын хувийн байдалтай холбоотой гэрч М.Буяннэмэх, Ч.Ганзориг, Ч.Мэндбаяр, Б.Санаабат нарын мэдүүлэг /1-р хх-ийн 133-134, 138-139, 141-142, 143-144/, ял шалгах хуудас /1-р хх-ийн 197/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-ийн 224/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 234/, дипломын хуулбар /1-р хх-ийн 250, 2-р хх-ийн 1-2/ оршин суугаа газрын тодорхойлолт /2-р хх-ийн 3/, жолоочийн лавлагаа мэдээлэл /2-р хх-ийн 6/ зэрэг болно.

 

Тухайн хэргийн хувьд нотловол зохих Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нөхцөл байдлуудыг зохих журмын дагуу шалгасан, хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан журмын дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд үнэлэт дүгнэлт хийж, Б.Б-т холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.

                                                                                                                                 

Гурав. Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт болон хууль зүйн дүгнэлт

 

Шүүгдэгч Б.Б нь 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Америкийн Нэгдсэн улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтанд багтсан 0.5x0.5 см-ийн хэмжээтэй лизергидийн агууламжтай 2 ширхэг марк мэт мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 удаа, мөн өдөр Холбооны Бүгд Найрамдах Герман улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан 4.9740 грамм “шавар” гэх нэршилтэй дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг,

- 2018 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр Нидерландын вант улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан 0.9720 грамм MDMA мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг,

- 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Америкийн Нэгдсэн Улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан 0.7x0.7 см-ийн хэмжээтэй 0.0390 грамм лизергид /lysergide LSD/-ийн агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг 2 удаа,

2018 оны 12 дугаар сарын 12-ны өдөр Их Британи улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан гялгар уутны хамт 8.8126 грамм метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг,

2018 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Нидерланд вант улсаас НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 2 дугаар жагсаалтад багтсан гялгар уутны хамт 0.9207 грамм метамфетамины агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг тус тус шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нийт 8 удаагийн үйлдлээр нэвтрүүлсэн,

- Мөн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 1 дүгээр жагсаалтад багтсан дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай 4.9740 грамм жинтэй гашиш /шавар/ гэх нэршилтэй мансууруулах бодис, уг бодисыг агуулсан хуванцар сав /бохирлогдсон/, мансууруулах сэтгэцэд нөлөөт бодисын агууламжтай лизергид гэх нэршилтэй 0.5x0.5 см-ийн хэмжээтэй 4 ширхэг мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис /марк мэт/ зэргийг 38-19 УНЯ улсын дугаартай Аудио А-6 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь гэрч Б.Өлзийхишиг болон шүүгдэгч Б.Б-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 12332, 12835,  61, 137, 190 дугаартай /1-р хх-ийн 147-150, 153-154, 157-158, 161-162, 165-167/ дүгнэлтүүд, Сэтгэц эмгэг судлалын 2018 оны 92 дугаартай /1-р хх-ийн 171-172/ дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 8-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 15-18/, хүний биеэс биологийн дээж авч, мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 19-20/, эд зүйл хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 33-35, 98-106/, хураан авсан эд зүйлсэд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 36-39/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 116-120/, “Монгол шуудан” ХК-ийн 53 дугаар салбарын шуудан хүргэгчийн дэвтрийн хуулбар /1-р хх-ийн 35, 59, 70, 76/, тээврийн хэрэгслийн лавлагаа /1-р хх-ийн 234/ зэрэг хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Монгол Улсын Олон улсын гэрээнд сэтгэцэд нөлөөлөх бодисыг тусгай зөвшөөрөл, хяналтын дор бэлтгэх, худалдах, түгээх үйл ажиллагаа явуулах хэм хэмжээг тогтоосон ба “сэтгэцэд нөлөөт бодис” гэдэгт НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтсан байгалийн буюу нийлэг аливаа бодис, эсхүл байгалийн аливаа материалыг хэлэх бөгөөд энэ төрлийн бодис, бэлдмэл нь хараат байдлыг үүсгэж донтуулах чадвартай, төв мэдрэлийн тогтолцоог сэргээх буюу дарангуйлах нөлөө үзүүлж, үр дүнд нь хий үзэгдэл харахад хүргэх, хүний хөдөлгөөний үйл ажиллагаа, сэтгэхүй, мэдрэхүй, зан авирыг саатуулан хямрааж, олон нийтийн эрүүл мэнд болон нийгэмд хортой үр дагавар үүсгэх чадвартай учир сэтгэцэд нөлөөлөх бодис, эм бэлдмэлийг хууль бус аргаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулахад чиглэсэн аливаа үйл ажиллагааг олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

Иймд шүүгдэгч Б.Б-ыг НҮБ-ын 1971 онд баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн 1, 2 дугаар жагсаалтад багтсан MDMA, лизергид /lysergide LSD/, метамфетамин, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисуудыг ХБНГУ, АНУ, Их Британи, Нидерландын Вант улсаас нийт 8 удаагийн үйлдлээр шуудан илгээмж ашиглан Монгол улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн,

Мөн лизергид, дельта-9 тетрагидроканнабинолын агууламжтай мансууруулах бодис, уг бодисыг агуулсан хуванцар сав /бохирлогдсон/ зэргийг 38-19 УНЯ улсын дугаартай Аудио А-6 маркийн тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзнэ.

 

Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэм буруутай үйлдэлд тохирсон байна.  

 

Шүүгдэгч Б.Б нь нийт 8 удаагийн үйлдлээр НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэт нөлөөх бодисын тухай конвенц”-ийн 1, 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг шуудан илгээмж ашиглан Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн, мөн НҮБ-ийн 1971 оны “Сэтгэцэт нөлөөх бодисын тухай конвенц”-ийн 1, 2 дугаар жагсаалтад багтсан мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Тухайн хэргийн шүүгдэгч Б.Б нь сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай болох нь Шүүх сэтгэц эмгэг судлалын төвийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 92 тоот дүгнэлтээр тогтоогдсон байна /1-р хх-ийн 165-167/.

 

Шүүгдэгч Б.Б нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь хэргийн 197 дугаар талд авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтаар тогтоогдсон тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэл болно.

 

Өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар шүүгдэгч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөвөөр мэдүүлэг өгч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд санаатай саад учруулсан гэх нөхцөл байдал илрээгүй, анх удаа гэмт хэрэгт холбогдсон, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй түүний хувийн болон ар гэрийн байдал зэргийг харгалзан шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт биечлэн эдлэх ялыг тогтоож, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл нийт 58 хоног /1-р хх-ийн 176, 194, 196, 2-р хх-ийн 20/ цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулж тооцох хууль зүйн үндэслэлтэй.

 

Эрүүгийн 1802004810286 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зиплок түгжээ бүхий уутнууд, тэдгээрт хийсэн зүйлүүд,  А4-ийн хэмжээтэй цагаан өнгийн цаасан дугтуй, жижиг цаасан уут болон цэнхэр өнгийн гялгар уут, эрээн цаас мэт зүйлүүд, ны дугтуйнууд, дотор байх цагаан өнгийн цааснууд, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн хуванцар сав, бор шаргал өнгийн дугтуй, саарал өнгийн жижиг гялгар уут зэрэг зүйлс /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгаж, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдаж, мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 20 хуудас материал хэргийн хамт ирүүлснийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх нь зүйтэй.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбат, С.Намжилцогт нараас “...Шүүгдэгч Б.Б нь өөрийн үйлдсэн гэмт хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад үнэн зөв мэдүүлэг өгдөг бөгөөд Чингэлтэй дүүргийн Цагдаагийн хэлтэст өөр мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодистой холбоотой хэргийг илрүүлэхэд, тухайн гэмт хэргийг үйлдсэн хүнийг илчлэхэд гэрчээр идэвхитэй оролцсон, тухайн хэрэг нь Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг. Энэ талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлэх боломжгүй байсан, иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн “Тайлбар:-Энэ зүйлд заасан гэмт хэрэг үйлдэж, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийг сайн дураараа шилжүүлэн өгсөн, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээртэй адилтгах зүйлийн хууль бус эргэлттэй холбоотой гэмт хэргийг илрүүлэх, таслан зогсооход идэвхтэй туслалцаа үзүүлсэн, түүнийг үйлдсэн хүнийг илчилсэн, гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг илрүүлсэн хүнийг ялаас чөлөөлнө гэж заасны дагуу Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгуулийн ял оногдуулж өгнө үү...” гэсэн саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

Учир нь хэрэгт мөрдөн шалгах нууц ажиллагааны 20 хуудас баримтыг хэргийн хамт ирүүлсэн бөгөөд уг баримтад шүүгдэгч Б.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлд заасан ямар гэмт хэргийг илрүүлэхэд хэрхэн, яаж оролцсон талаарх нотлох баримт авагдаагүй, энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд гэрчээр, эсхүл өөр байдлаар оролцсон гэж үзэх нотлох баримт үгүй, түүнийг энэ төрлийн гэмт хэргийг илрүүлэхэд идэвхитэй оролцсон гэж үзэх боломжгүй байна.

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч мөн шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялаас чөлөөлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох торгуулийн ял оногдуулах санал гаргасныг шүүх хүлээн авахгүйгээр шийдвэрлэсэн. Учир нь гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлага нь тухайн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд шүүгдэгч Б.Б-ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ нь тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавартай шууд холбоотой ойлголт бөгөөд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх, ашиг сонирхлын үнэ цэнэ, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээгээр тодорхойлогдоно. Шүүгдэгч нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнд ангиллын гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн байхад торгуулийн ял оногдуулах боломжгүйн дээр улсын яллагч ямар үндэслэлээр торгуулийн ялын санал гаргасан нь ойлгомжгүй, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн гэм буруугийн хэлбэрт тохироогүй санал гэж шүүх үзэв.

 

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

         

1. Шүүгдэгч Ш овогт Б-ийн Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хориглосон мансуурах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч Б-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Б-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч Б.Б-ын нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жилийн хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын цагдан хоригдсон 58 /тавин найм/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-т оногдуулсан 3 /гурав/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан зиплок түгжээ бүхий уутнууд, тэдгээрт хийсэн зүйлүүд,  А4-ийн хэмжээтэй цагаан өнгийн цаасан дугтуй, жижиг цаасан уут болон цэнхэр өнгийн гялгар уут, эрээн цаас мэт зүйлүүд, ны дугтуйнууд, дотор байх цагаан өнгийн цааснууд, зиплок түгжээ бүхий уутанд хийсэн хуванцар сав, бор шаргал өнгийн дугтуй, саарал өнгийн жижиг гялгар уут зэрэг зүйлс /Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн Эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдаж байгаа/-ийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн Ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.

 

7. Эрүүгийн 1802004810286 дугаартай хэргийн хамт ирүүлсэн мөрдөн шалгах нууц ажиллагаатай холбоотой 20 хуудас баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй, шүүгдэгч Б.Б-ын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Б-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, түүнийг цагдан хорьж, эдлэх ялыг 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                                      Д.АЛТАНЖИГҮҮР