Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 828

 

 

Д.Ч-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч М.Пүрэвсүрэн, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          прокурор Э.Ундраххэрлэн, ,

          шүүгдэгч Д.Ч /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Ц.М,

          хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б, түүний өмгөөлөгч Б.Б,

          нарийн бичгийн дарга Б.Болорчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, Ч.Алтанцэцэг, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Чимэдхүүгийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Д.Ч-д холбогдох 2017 2501 0611 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б- овгийн Д-ын Ч, 1990 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Нарантуул” Олон Улсын худалдааны төвд тэрэг түрдэг ажилтай, ам бүл 3, 2 дүүгийн хамт Багануур дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэр хэсэг гэх газарт оршин суух хаягийн бүртгэлтэй, одоогоор Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэр үйлдвэрийн хашаанд түр оршин суух,

- Багануур дүүргийн шүүхийн 2012 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 11 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 3 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн. /РД: /;

Д.Ч нь архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ, танхайн сэдэлтээр 2017 оны 2 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн ажилчдын 27/1 дүгээр байрны доод гаражны үүдэнд 56 настай эмэгтэй ыг онц харгис хэрцгий аргаар хэвлий, бэлэг эрхтэн орчимд хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Д.Ч-гийн үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12  дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Д.Ч-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2, 91.2.12 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Шинэчлэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар прокуророос Д.Ч-д 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг хэрэгсэхгүй болгож, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 болгон өөрчилж, Д.Ч-г онц харгис хэрцгий аргаар хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-г 18 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.Ч-д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.Ч-гийн урьд цагдан хоригдсон 206 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн дүрс бичлэг бүхий 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, хар хүрэм 2 ширхэг, ягаан хүрэм 1 ширхэг, цэнхэр цамц 1 ширхэг, хөх саравчтай малгай 1 ширхэг, улаан хөхний даруулга 1 ширхэг, ягаан оймс 1 хос, хар алаг үстэй гутал 1 хос, ягаан цамц 1 ширхэг, хар хөх оймс 1 хос, бор алаг өмд 1 ширхэг, улаан хүрэн алаг өмд 1 ширхэг, хар өмд 1 ширхэг, хар дотуур өмд нэг ширхэг, ягаан эрээн богино ханцуйтай цамц 1 ширхэг, хар ногоон цамц 1 ширхэг, юүдэнтэй хар хах өнгийн цамц 1 ширхэг, шар өнгийн өмд 1 ширхэг, саарал өнгийн дотоож 1 ширхэг, цагаан өнгийн гутал 1 хос, цагаан өнгийн бээлий 1 хос, хар саарал бээлий 1 ширхэг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Д.Чгийн ар гэрийн хувьд ногдох хөрөнгөөс 5.592.596 төгрөгийг гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-т олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Д.Ч давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. 2017 оны 2 дугаар сарын 18-ны орой 21 цагийн үед Халдвартын автобусны буудал дээр согтуу явж байх үед хэн нэгэн миний толгой тархи руу цохиж, миний хүрэмний энгэрийн доторх халаас руу гар орох үед миний бие айж сандарсандаа толгой хэсэгт нь 2 удаа цохиж, унахад нь 2 удаа өшиглөчихөөд зам гараад явсан. Миний хувьд талийгаач А.Т-ыг урьд огт таньж, мэдэхгүй бөгөөд тухайн үед над руу дайрсан хүнийг дээрэмдэх гэж байна бодон хариу үйлдэл хийсэн. Тэр хүнээс салаад “Нарантуул” захын агуулахын хашаанд байдаг манаачийн байранд хамт ажилладаг Сугартай хамт хоносон. Тэр шөнө дахиж өөр тийшээ яваагүй. Харин талийгаачийн цогцос маргааш өглөө нь буюу 2017 оны 2 дугаар сарын 19-ний өглөө Шүүхийн ажилчдын 27/1 дүгээр байрны доод гаражийн үүднээс олдсон байдаг. Хэрэгт авагдсан гэрч Н.Оргилын мэдүүлэгт “...талийгаачтай хамт байсан эрэгтэй хүн нь 31 насны орчим, 170 см орчим өндөртэй, шардуу царайтай хүн байсан...” гэж мэдүүлдэг. Мөн Г.Г-ын мэдүүлэгт “...гараж дотор хүмүүс хэрэлдээд байх шиг байсан...” гэж мэдүүлдэг. Эндээс харахад талийгаач нь Халдвартын буудлаас намайг явсны дараа өөр хэн нэгэнтэй таарч, архи ууж маргалдан улмаар зодуулан, үхэлд хүргэх гэмтэл авсан байх магадлал маш өндөр байна. Миний өндөр 160 см, царайны өнгө бор бөгөөд гэрч болох Н.О-ын мэдүүлэгт өгсөн хүний гаднах байдалтай тохирдоггүй.

Хэрэгт миний “Шөнийн зах”-ын урдуур урагш “Нарны зам” дагуу явж байгаа камерийн бичлэг байдаг. Мөрдөн байцаалтын шатанд тэр шөнө надтай хамт хоносон Сугараас гэрчийн мэдүүлэг аваагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байж хэргийг шүүхэд шилжүүлэн намайг яллаж байгаад миний бие гомдолтой байна. Мөн анхан шатны шүүхийн шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1, 2-т заасны дагуу “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх заалтыг зөрчиж байна. Иймд хэргийг анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт буцааж өгнө үү...” гэв.

Шүүгдэгч Д.Ч-гийн өмгөөлөгч Ц.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Д.Чгийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэж үзвэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б тус шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: “...Д.Чгийн зүгээс хохирол төлбөрийг төлж барагдуулаагүй, маш их гомдолтой байна...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.Б-ын өмгөөлөгч Б.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Зүйлчлэлийг өөрчлөхгүйгээр ялыг хүндрүүлж өгнө үү...” гэв.

Прокурор Э.Ундраххэрлэн тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Д.Ч-гийн үйлдэл нь анхан шатны шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалт, хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 7 дугаар сарын 27-ны өдрийн 289 дугаартай шүүгчийн захирамжийн захирамжлах нь хэсэгт: “шүүгдэгч Д.Ч-д холбогдох эрүүгийн 2017 2501 0611 дугаартай хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдааныг 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 10 цаг 00 минут хүртэл хойшлуулсугай” гэсэн байх боловч тогтоосон хугацаанаас хойно буюу 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр шүүх хуралдаан хийж, шийтгэх тогтоол гарсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааныг хойшлуулахад талуудын санал, хүсэлтийг харгалзан дараагийн шүүх хуралдааны товыг тогтоож, хуралдааны бэлтгэл хангах арга хэмжээг авна.” гэсэн заалтыг зөрсөн нь мөн хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн.” гэсэн заалтыг зөрсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр шүүгдэгч Д.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Анхан шатны шүүх нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байх тул тус шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Ч-гийн гаргасан давж заалдах гомдлыг хянан хэлэлцээгүй болохыг дурдаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 509 дүгээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг дахин хэлэлцүүлэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэл шүүгдэгч Д.Ч-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Д.ОЧМАНДАХ

                        ШҮҮГЧИД                                                       М.ПҮРЭВСҮРЭН

                                                                                                Ш.БАТ-ЭРДЭНЭ