Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 03 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2018/00337

 

Д, А-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2319 дүгээр магадлалтай,

Д, А-ын нэхэмжлэлтэй,

“М” ХХК-д холбогдох,

178.800.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, Х.Одсайхан, Б.Төрбадрах нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, Х.Одсайхан, Б.Төрбадрах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Чинбаатар, өмгөөлөгч Д.Нямдорж, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч Д /Duffer Bradly Glen/ болон А-  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: АНУ-ын иргэн Б нь 2006 онд Монгол улсад эхнэр  6 хүүхдийн хамт ирж  Англи хэлний институтын Монгол дахь салбарт ажиллаж эхэлсэн. Тэрээр тус салбарын захирлаар ажиллаж байх үедээ гэр бүлээрээ амьдрах зориулалтаар 2008-2009 онд Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44-87 байршилд 400 м.кв талбай бүхий зоорийн давхартай 2 давхар хувийн сууцанд  орчин үеийн халаалтын хамгийн дэвшилтэт технологийн шийдэл болох газ, цахилгаан эрчим хүч хэрэглэхээр өөрийн хөрөнгөөр барьж улсын бүртгэлийн газраас 2010 оны 2 дугаар сарын 01-ний өдөр гэрчилгээ авсан. Энэ үеэс хойш М ХХК-тай сүүлийн 2 жилийн хугацаанд хамтран ажиллаж үл хөдлөх эд хөрөнгөө даатгуулж ирсэн. Хамгийн сүүлд 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр АУС13/04 тоот Үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээг 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдрөөс 2014 оны 5 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд дараах 6 төрлийн үндсэн эрсдлээс даатгуулсан. Даатгалын гэрээнд заасан даатгалын хураамж болох 1.030.150 төгрөгийг цаг хугацаанд нь бүрэн төлсөн. Гэр бүлээрээ 2013 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Тайланд улс руу явсан хойгуур  2014 оны 1 дүгээр сарын 01-ний өдөр сууцанд гал гарч холбогдох байгууллага, даатгалын байгууллагын ажилтнууд газар дээр нь ирж галыг унтраах арга хэмжээ авсан. Хөрөнгийн үнэлгээний Гэрэгэ эстимэйт ХХК-ийн гаргасан Эд хөрөнгийн хохирлын үнэлгээний тайланд гал түймрийн улмаас 178.800.000 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. Даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар 2014 оны 6 дугаар сарын 25-ны өдөр М ХХК-д өргөдөл, холбогдох материалыг гаргасан боловч  2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 03/56 тоот албан бичгээр Даатгалын гэрээнд заагдсан эрсдэлийн улмаас хохирол учирсан болох нь тогтоогдоогүй буюу даатгалын тохиолдол бий болоогүй гэсэн үндэслэлээр нөхөн төлбөр өгөхөөс татгалзсан. Даатгалын гэрээний 2.1.1-т заасан бүх төрлийн галын /ой хээрийн түймэр гэх мэт/, 2.1.4-т  заасан цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/ гэсэн эрсдэл үүссэн гэж үзэж байна. Иймд нөхөн төлбөрт 178.800.000 төгрөг гаргуулж  өгнө үү гэжээ.

Хариуцагч “М” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.4.2, Даатгалын гэрээний 2.1-т  даатгалын зүйлийг үндсэн эрсдэлээс даатгасан бөгөөд нэхэмжлэгчийн дотоод цахилгааны утасны хэлхээний эрсдэлээс учрах хохирлыг даатгаагүй болно. Даатгалын зүйлд дотоод цахилгааны утасны хэлхээнд үүссэн шилжилтийн эсэргүүцлийн улмаас гал гарсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь гэрээний 2.1.4-д заасан цахилгаан эрчим хүч түгээгчээс хэрэглэгчид нийлүүлж байгаа цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачааллаас үүдэн гарсан эрсдэл биш юм. Гал гарсан шалтгааныг Цагдаагийн байгууллага шалгаж гаднын нөлөөгүй гэж тогтоосон тул  даатгалын гэрээнд заасан эрсдэл үүссэн нь тогтоогдохгүй байна. Даатгуулагч өөрийн байрны дотоод цахилгаан хэлхээг бүрэн унтрааж салгаагүйн улмаас шилжилтийн эсэргүүцэл үүссэн байх бөгөөд хэрэглэгч 380 вольтын цахилгаан хэрэглэж байсан нь Прокурорын байгууллагын мэдэгдлээр тогтоогдсон. Мөн нэхэмжлэгч нь Санхүүгийн зохицуулах хорооноос хариу авснаас хойш 10 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах хугацаагаа хэтрүүлсэн байна. Хохирлын хэмжээг тогтоосон акт нь хэт нэг талыг баримталсан, үндэслэлгүй, хууль бус дүгнэлт болсон байна.  Даатгалын гэрээний 3.2.2. Даатгуулагч даатгагчид худал мэдээлсэн, хуурамч бичиг баримт бүрдүүлсэн, 3.2.3. Даатгалын гэрээнд тусгагдаагүй шалтгаан, эрсдэлийн улмаас хохирол гарсан, 3.3.2. Техник , тоног төхөөрөмжийн ашиглалтын горим зөрчсөн, даац, ачаалал хэтрүүлснээс үүссэн хохирол. гэсэн заалтууд нь ерөнхий болон тусгай хасалтуудад орж байгаа тул даатгалын нөхөн төлбөрийг олгох үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасныг тус тус баримтлан М ХХК-иас 178.800.000 /нэг зуун далан найман сая найман зуун мянга/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч АНУ-д төвтэй Англи хэлний институтийн Монгол дахь төлөөлөгчийн газар, Д нарт хувь тэнцүүлэн олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч АНУ-д төвтэй А-, Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.103.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1.051.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт хувь тэнцүүлэн олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар шинжээчийн зардал 20.526.000 төгрөгийг нэхэмжлэгч нараас хувь тэнцүүлэн гаргаж хөрөнгийн үнэлгээний Лэндс ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2319 дүгээр магадлалаар: Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны  9 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэрийн 1, 2 дахь заалтыг хүчингүй болгож, Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч М ХХК-иас даатгалын гэрээний үүрэгт 178.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч  А- болон Д нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар шүүгчийн захирамжаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.051.950 төгрөгийг буцаан олгохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Булган, Х.Одсайхан, Б.Төрбадрах нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.08-ны 2319 дугаар магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүх гэрээний талуудын хүсэл зориг, гэрээний агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах тухай Иргэний хуулийн 41-р зүйлийн 41.1,198-р зүйлийн 198.1 дэх хэсэгт заасныг ноцтой зөрчсөнөөр хэргийн нөхцөл байдлыг зөв тогтоож чадаагүй. Зохигчдын байгуулсан 2013.04.29-ний АУС13/04 тоот Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээгээр хариуцагч нь эрхийн улсын Ү-000097040 дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгийг бүх төрлийн галын (ой хээрийн түймэр г.м), цахилгаан эрчим хүчний (цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал) зэрэг 6 төрлийн эрсдэлээс даатгах үүрэг хүлээсэн. Түүнчлэн энэхүү даатгалын гэрээ Иргэний хуулийн 200-р зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар стандарт нөхцөлтэй байхад стандарт нөхцөлийг мөн хуулийн 201-р зүйлийн 201.1 дэх хэсэгт зааснаар хэрэглэгч талд ашигтайгаар тайлбарлах зохицуулалт үйлчлэхийг шүүх анхаарсангүй. Магадлалд ЦЕГ-ын МШУТөвийн шинжээчийн тайлбар, Дулааны 4-р цахилгаан станц ТӨХК-ийн 2017.07.31 -ний албан бичиг, ЭХЯамны 2013.10.16-ны албан бичгийг үндэслэсэн. Дээрх баримтуудын алинд ч нэхэмжлэгчийг гэм буруутай гэж тогтоогоогүй байхад шүүх ийнхүү дүгнэсэн нь хэтэрхий өрөөсгөл байна. Гал гарсан нөхцөл байдалд хэн гэм буруутайг зөвхөн шүүхээс эрх үүрэг, хариуцлага тайлбарласан шинжээч тогтоохоос биш хариуцагч байгууллагын хүсэлтээр бүрдүүлсэн шинжээч, дулааны 4-р цахилгаан станц ТӨХК, ЭХЯамны тодорхойлолт, бичгээр тогтоох үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл, шүүх талуудын тохиролцсон болзол бүрдсэн эсэхийг хянаж дүгнэхээс биш нэхэмжлэгч буруутай тул даатгалын тохиолдол үүсээгүй гэж дүгнэж болохгүй юм.

Иймд хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017.11.08-ны 2319 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017.09.26-ны 181/ШШ2017/02382 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.  

Нэхэмжлэгч Д,  АНУ-д төвтэй А- нь хариуцагч “М” ХХК-с 178.800.000 төгрөг нэхэмжлэхдээ шаардлагаа даатгалын нөхөн төлбөр гэж тодорхойлжээ.  Хариуцагч нэхэмжлэлээс татгалзахдаа даатгалын гэрээнд заасан эрсдэл үүсээгүй гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Нэхэмжлэгч Д нь өөрийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо Гүнжийн 44 дүгээр гудамжны 87 тоот, 400 м.кв талбай бүхий 2 давхар хувийн сууцыг даатгуулахаар  хариуцагч “М” ХХК-тай харилцан тохиролцож, 2013 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ байгуулжээ /хэргийн 1 дүгээр хавтас 14-16 дугаар тал/.

Талуудын хооронд даатгалын гэрээ бичгээр байгуулагдсан, даатгуулагч  даатгалын хураамж төлсөн байх ба зохигчид энэ талаар маргаагүй тул гэрээг хүчин төгөлдөр гэж үзнэ. Хүчин төгөлдөр гэрээнд заасан үүргээ биелүүлэхийг талууд шаардах эрхтэй.

2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр даатгалын гэрээгээр даатгагдсан байшингийн газар давхрын гол хэсэгт байрлаж байсан цахилгаан хуваарилах самбарт цахилгааны утаснуудын холболт суларч шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс халж, утаснуудын бүрээс шатаж улмаар модон тулгуурууд цонож гал түймэр гарсны  улмаас  байшин бүрэн шатаж, нэхэмжлэгчид эд хөрөнгийн  хохирол  учирсан нь хэргийн баримтаар тогтоогджээ.   

Талууд даатгалын тохиолдол бий болсон эсэх, хариуцагч нөхөн төлбөр төлөх үүрэгтэй эсэх талаар маргасан байна.  

Нэхэмжлэгч нь даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, нөхөн төлбөр нэхэмжилсэн  бол хариуцагч “...нэхэмжлэгчийн дотоод цахилгаан утасны хэлхээний эрсдэлээс учрах хохирлыг даатгаагүй, ...цахилгаан утасны холболт суларсан нь гал гарах нөхцлийг бүрдүүлсэн, нэхэмжлэгч ашиглалтын горимыг зөрчсөн”  гэж үзэж, даатгалын нөхөн  төлбөрийг  олгохоос татгалзжээ.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь хураамж төлөх үүргийг тус тус хүлээх ба даатгалын тохиолдол гэж даатгуулсан зүйлд учирсан хохирол, тохиролцсон болзол бүрдэхийг ойлгоно.

Хариуцагч даатгуулсан зүйлд хохирол учирсныг зөвшөөрсөн боловч даатгалын гэрээгээр тохиролцсон болзол бүрдээгүй гэж маргажээ.

Давж заалдах шатны шүүх “...гал түймрийн шалтгаан нь гэрээнд заасан ой хээрийн түймэр, цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачааллаас үүссэн нь нотлогдоогүй, харин нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагаа буюу цахилгаан утасны холболт суларснаас үүссэн” гэж үзэж,  анхан шатны  шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,  нэхэмжлэлийг  хэрэгсэхгүй болгохдоо  хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын  дагуу  үнэлээгүй,  хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

Нэхэмжлэгчид учирсан хохирол нь талуудын хооронд байгуулагдсан гэрээнд заасан даатгалын тохиолдолд хамаарвал нэхэмжлэлийг хангах нөхцөл бий болох ба даатгалын зүйлийг гэрээний 2 дугаар зүйлийн 2.1.1.-т бүх төрлийн галын /ой хээрийн түймэр гэх мэт/ 2.1.4.-т цахилгаан эрчим хүчний /цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачаалал/ эрсдэлээс даатгажээ.

Даатгагдсан байшингийн цахилгаан хуваарилах самбарт шилжилтийн эсэргүүцэл үүссэнээс гал түймэр гарсан  нь хэргийн баримтаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх “...гал түймрийн шалтгаан нь талуудын байгуулсан гэрээний тохиолдол болох ой хээрийн түймэр, цахилгаан эрчим хүчний хэлбэлзэл, хэт ачааллаас  үүссэн нь нотлогдоогүй”  гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3-т нийцээгүй байна.

“М” ХХК нь нэхэмжлэгчид нөхөн олговор олгохоос татгалзахдаа даатгалын гэрээний 3.2.2,  3.2.3, 3.3.2 дах заалтыг дурдсан боловч  эдгээр заалт нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5 дахь хэсгийн аль үндэслэлд хамаарч буйг үндэслэл бүхий тайлбарлаж чадаагүй байна.

Нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах үндэслэлийг гэрээгээр тохиролцох талаар Даатгалын тухай хууль, Иргэний хуульд заагаагүй тул даатгагч нь хуульд заасан үндэслэлээр нөхөн төлбөрийг бүрэн буюу түүний зарим хэсгийг олгохоос татгалзах нь Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.5, 9 дүгээр зүйлийн 9.1.1-т нийцнэ.

Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангаж магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй.  

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг хуульд заасан журмын дагуу үнэлж, даатгалын тохиолдол бий болсон, хариуцагч даатгалын нөхөн төлбөрийг олгох үүрэгтэй гэж үзсэн нь хуульд нийцсэн боловч нэхэмжлэгчид учирсан хохирлыг  зөв тогтоогоогүй,  нэхэмжлэгч  А-ын нэхэмжлэлийн талаар  үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, шинжээчийн зардлыг нэхэмжлэгчээс гаргуулсан нь хуульд нийцээгүй байна.

Даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх үүрэгтэй  бөгөөд  Даатгалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.6-т  “даатгалын нөхөн төлбөр” гэж гэрээний дагуу даатгалын тохиолдол үүссэн нөхцөлд даатгагчаас даатгуулагчид олгох мөнгөн хөрөнгийг ойлгоно гэжээ.

Гал түймрийн улмаас даатгагдсан барилгын хийц бүтцэд гарсан эвдрэл гэмтэл нь цаашид уг барилгыг буулгахгүйгээр сэргээн засварлах боломжгүй болсон нь Монгол улсын Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн дүгнэлтээр тогтоогджээ /хэргийн 29-36 дугаар тал/.

Нэхэмжлэгч өөрт учирсан хохирлыг “Гэрэгэ Эстимейт” ХХК-ийн үнэлгээний тайланг үндэслэн тодорхойлсон, анхан шатны шүүх уг үнэлгээгээр хохирлыг тооцохдоо барилга буулгалт, хог хаягдал, тээвэрлэлтийн зардал 11.120.000 төгрөгийг хохиролд тооцсон нь учир дутагдалтай тул  нэхэмжлэлээс хасч тооцох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т зааснаар хуульд заасан эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж үзэж эрхээ сэргээлгэхээр өөрийн болон бусдын нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргагч этгээдийг нэхэмжлэгч гэнэ.

Талуудын хооронд байгуулагдсан даатгалын гэрээнд Англи хэлний институтийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тамга дарагдсан хэдий ч энэ нь тухайн этгээдийг нэхэмжлэгч гэж үзэх үндэслэл болохгүйг анхан шатны шүүх анхаараагүй байна.  

Шинжээчийн ажлын хөлс нь шүүхийн зардалд хамаарах бөгөөд энэхүү зардлыг гүйцэтгэлийн баримтад заасан хэмжээгээр нөхөн төлүүлэхээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-т тус тус заасан.

Нэхэмжлэгчийн “...шинжээч томилж хохирлыг тогтоолгох” хүсэлтийг хариуцагч дэмжсэн, шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 10-ний өдрийн 11636 дугаар захирамжаар “ЛЭНДС” ХХК шинжээчээр томилж, байшинг засан сайжруулахад гарах бодит үнэлгээг тодорхойлохыг даалгажээ. Шинжээч нь үнэлгээ,  дүгнэлтийг гаргаж шүүхэд  ирүүлж,  улмаар  ажлын хөлс 20.526.000 төгрөг нэхэмжилснийг шүүх нэхэмжлэгчээс гаргуулж шийдвэрлэжээ.

Хэрэгт авагдсан нэхэмжлэхээс үзэхэд шинжээч нь 3 хүний 14 хоног ажилласны хөлс 10.080.000 төгрөг, гүйцэтгэлийн зураг, төсөв гаргахад 7.580.000 төгрөг, геологи, геодезийн дүгнэлт 1.000.000 төгрөг, НӨАТ-т 1.866.000 төгрөг гэсэн байх ба уг ажлын хөлсийг хэрхэн тооцож  гаргасантай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байхад зардлыг нэхэмжлэгчээс гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т нийцээгүй гэж үзнэ.

Иймд шинжээч нь ажлын хөлстэй холбоотой нэхэмжлэлээ холбогдох баримтыг бүрдүүлэн жич нэхэмжлэхэд энэхүү тогтоол саад болохгүйг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 2319 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШШ2017/02382 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн  1 дэх заалтыг “Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1., Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.-д заасныг баримтлан хариуцагч “М” ХХК-иас 167.680.000 /нэг зуун жаран долоон сая зургаан зуун наян мянган/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Д /Duffer Bradly Glen/-д олгож, нэхэмжлэлээс 11.120.000 төгрөгийн шаардлага болон А-ын нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч АНУ-д төвтэй А-, Д нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.103.900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “М” ХХК-с улсын тэмдэгтийн хураамжид 996.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Дд олгосугай” гэж тус тус өөрчлөн, 3 дах заалтыг хүчингүй болгож, “Лэндс” ХХК нь шинжээчийн зардал 20.526.000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай гэсэн заалт нэмж,  шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр төлсөн 1.051.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.         

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

 ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ