Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 199

 

Ц.Гал-Эрдэнийн нэхэмжлэлтэй 

захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимын хяналтын шатны шүүх хуралдааныг Танхимын тэргүүн М.Батсуурь даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Х.Батсүрэн, П.Соёл-Эрдэнэ, Д.Мөнхтуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Батбаяр, Г.Тэмүүлэн нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 222 дугаар магадлалтай, Ц.Гал-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодоржийн хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Д.Мөнхтуяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Миний бие Ц.Гал-Эрдэнэ нь 2012 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах иргэн Д.Энхмаа, Б.Мөнхбат, Д.Дөлгөөн нарын тус бүр 1 га газрыг буюу нийтдээ 30,000 м.кв газрыг аж ахуйн зориулалтаар эзэмшихээр хуульд заасны дагуу шилжүүлэн авсан. Дээрх 30,000 м.кв газрыг шилжүүлэн авахад Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 тоот захирамж гарсан бөгөөд мөн оны 12 дугаар сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай (2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүртэл) байгуулсны дагуу Баянгол дүүргийн Газрын албанаас гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн 000417158 дугаартай гэрчилгээгээр уг 30.000 м.кв газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар надад олгосон.

Гэтэл 2013 оны 05 дугаар сарын 06-ны өдөр буюу 5 жилийн хугацаатай газар эзэмшүүлснээс хойш 5 сарын дараа Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус газар эзэмших захирамжийг 2-оос дээш жилээр зориулалтаар нь ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлах жагсаалтанд оруулсан хэмээн тус дүүргийн газрын албаны мэргэжилтэн мэдэгдсэн. Миний бие уг газрыг 6 сарын өмнөхөн нэр бүхий 3 иргэнээс хуулийн дагуу шилжүүлэн авч, газрын төлбөр, хураамжийг зохих журмын дагуу цаг хугацаанд нь төлж байсан бөгөөд Ерөнхий төлөвлөгөөний дагуу ашиглахаар Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох хүсэлтээ гаргахаар хөөцөлдөж байхад Баянгол дүүргийн Засаг дарга намайг 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгон, цуцлах тухай шийдвэр гаргасан нь ямар ч хуулийн үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй хууль бус үйлдэл юм.

Уг газартаа Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний дагуу барилга барих хүсэлт 2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр гаргасан. Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан өөрийн хүсэлтийн талаар 2013 оны 05 дугаар сарын үед тус газрын дүүрэг хариуцсан архитектороос тодруулахад 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/02 тоот тогтоолоор таны газар эзэмших эрхийг цуцалсан тул танд барилга барих зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг нь амаар мэдэгдсэн.

Төрийн байгууллага, албан тушаалтан нь иргэд байгууллагаас ирсэн хүсэлт өргөдлийг холбогдох хууль журмын дагуу хянан үзээд шийдвэрлэн, хариуг албан ёсоор өгөх үүрэгтэй боловч өнөөдрийг хүртэл миний хүсэлтийг зохих журмын дагуу шийдвэрлээгүй болно. Миний бие тухайн үед газрын мэргэжилтнээс Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын холбогдох тогтоол болон Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийг хуульд заасны дагуу надад гардуулан өгөхийг шаардсан боловч тэрээр "...яг одоогоор тогтоол, захирамж надад байхгүй, таньд гардуулан өгнө, тэгээд ч уг тогтоол, захирамжаар олон иргэн, хуулийн этгээдийн газар эзэмших эрхийн хамт хүчингүй болгож, цуцалсан тул бүгдэд нь мэдэгдэнэ..." хэмээн өгөөгүй бөгөөд өнөөдрийг хүртэл миний газар эзэмших эрхийг цуцалсан захирамж, шийдвэрийг хуульд заасны дагуу надад гардуулан өгөөгүй, энэ талаар мэдэгдээгүй байна.

Тухайн үед буюу 2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний бие Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод хандан тухайн асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй бөгөөд миний бие түүнийг уг асуудлыг шийдвэрлэхийг хүлээн өөрийн эзэмшлийн газар дээр үйл ажиллагаагаа хэвийн явуулж чадахгүйд хүрсэн. Гэтэл Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр А/224 дугаартай захирамжаар миний эзэмшлийн газар дээрх хашааг буулган газар чөлөөлүүлэхээр шийдвэрлэн энэ 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн Газрын алба, цагдаагийн албан хаагч гэх мэт 7 хүн 2 техник хэрэгсэлтэй ирж миний эзэмшил газрын 400 метр урт бетонон блокоор хийсэн 32 175 000 төгрөгийн үнэлгээ бүхий хашааг эвдэн нурааж, миний хууль ёсны өмчлөлийн зүйлийг устган хохирол учруулсан.

Баянгол дүүргийн Засаг дарга, Газрын албаны дээрх хууль бус, дээрмийн шинжтэй балмад үйл ажиллагааг эсэргүүцэн миний бие Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлд заасанчлан урьдчилан шийдвэрлэх ажиллагааны дагуу Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан боловч Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2015 оны 06 дугаар сарын 12-ны өдрийн 3/3701 албан тоотоор Баянгол дүүргийн Засаг даргын хууль бус үйлдлийг зөвтгөн эрх зөрчигдсөн гэж үзвэл шүүхэд хандан асуудлаа шийдвэрлүүлэхийг мэдэгдсэн.

Миний бие Баянгол дүүргийн Засаг дарга нь удаа дараагийн хууль бус захирамж, хууль бус үйлдлээ залруулахгүй иргэн миний хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчин, газар эзэмших эрхийг маань хууль бусаар хүчингүй болгож, миний өмч хөрөнгийг эвдэж устган, улмаар миний газар дээр давхардуулан Баянгол дүүргийн Засаг даргын Тамгын газрын нэр дээр газар олголт хийсэн тул энэ асуудлыг шударгаар шийдвэрлэнэ гэдэгт эргэлзэж байгаа тул хуульд заасны дагуу харъяалах дээд шатны албан тушаалтан буюу Нийслэлийн Засаг даргад Баянгол дүүргийн Засаг даргын хууль бус захиргааны акт, үйл ажиллагааг хүчингүй болгохыг даалгуулан газар эзэмших захирамж гаргахыг даалгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн иргэн Цолмон овогтой Гал-Эрдэнэд холбогдох хэсгийг илт хүчин төгөлдөр бус болохыг нь хүлээн зөвшөөрч хүчингүй болгон, Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/224 дугаар захирамжийг хүчингүй болгуулан, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3 дах заалтын дагуу зөрчигдсөн эрхийг минь сэргээж, Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30,000 м.кв газрыг иргэн Ц.Гал-Эрдэнэд эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийг танай шүүхэд гаргаж байгааг зохих журмын дагуу шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагч Баянгол дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Энэхүү 30000 м.кв газрыг анх 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 240 дүгээр захирамжийг үндэслэн иргэн Д.Энхмаа, Б.Мөнхбат, Д.Дөлгөөн нарт 10000 м.кв тус бүрт нь эзэмшүүлсэн байсныг 2012 оны 08 дугаар сарын 29-ний өдөр газар эзэмших эрх шилжүүлэх гэрээгээр Ц.Гал-Эрдэнэ эрх шилжүүлэн аван дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжаар 8023/5168 дугаар бүхий 30000 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар аж ахуйн зориулалтаар эзэмшүүлсэн байдаг.

Газар эзэмшүүлсэн дээрх 2008 оны 05 дугаар сарын 30-ны 240 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31 .2, 33 дугаар зүйлийн 33.4 дэх заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон тул дүүргийн Засаг дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3-д “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно” гэсэн заалтыг үндэслэн дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаартай захирамжаар Ц.Гал-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэрээр: Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.5, 38 дугаар зүйлийн 38.4, 57 дугаар зүйлийн 57.4, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэд холбогдох хэсэг, 2013 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/224 дүгээр захирамжийг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30.000 м.кв газрыг иргэн Ц.Гал-Эрдэнэд эзэмшүүлэх захирамж гаргахыг Баянгол дүүргийн Засаг даргад даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 222 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д зааснаар иргэн Ц.Гал-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Баянгол дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Гомбодорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Иргэн Цолмон овогтой Гал-Эрдэнэ нь түүний газрын эрхийг хууль бусаар хүчингүй болгосон Баянгол дүүргийн Засаг даргын хууль бус захиргааны акт үйл ажиллагааг, эс зөвшөөрч захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гарган хандсан.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс хариуцагч Баянгол дүүргийн Засаг даргын давж заалдах гомдлыг хангаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгосон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 221/МА2016/0222 дугаартай магадлалыг хүчингүй болгуулж Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү хэмээн хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалын хянавал хэсэгт хэргийн үйл баримт, нотлох баримтыг үнэлж дүгнэхдээ алдаатай дүгнэсний улмаас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-д заасан "шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн" тул мөн хуулийн 116.2-д заасан "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн хуулийи гол шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь заалтыг хэрэглэхдээ, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.1, Иргэний хуулийн 72.1 дэх заалтуудыг үндэслэж "... гэж заасны дагуу хугацааг тоолон үзэхэд Ц.Гал-Эрдэнийн нэхэмжлэл гаргах хугацаа дуусгавар болсон байна ..." гэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй дүгнэлт болоогүй.

Учир нь иргэн хүн өөрийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг зөрчсөн шийдвэр гарсныг тухайн шийдвэрийг гардан авснаар буюу түүнд зохих ёсоор мэдэгдсэнээр зөрчигдсөн эрхээ сэргээхээр гомдол гаргах хуулийн зохицуулалттай. Гэтэл энэ хэргийн хувьд хариуцагч БГД-ийн засаг дарга нь 2013.05.23-ны А/287 дугаар захирамжаар иргэн Ц.Гал-Эрдэнийн газар эзэмших эрхийг цуцалсан тухай шийдвэрийг нэхэмжлэгчид албан ёсоор гардуулаагүй, энэхүү захирамж гарсан тухай зохих журмаар өнөөдрийг хүртэл мэдэгдээгүй.

Монгол Улсын Дээд шүүхээс Газрын тухай хуулийн 40.2 дахь заалтыг тайлбарласан 2008 оны 3 дугаар сарын 31-ны өдрийн 15 дугаартай Газрын тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолын 1.11-д тайлбарласнаар "... Хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасан "... мэдэгдэнэ ..." гэдэг нь Засаг даргын захирамж эсхүл түүний утгыг бүрэн илэрхийлсэн мэдээллийг эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу барьцаалсан этгээдэд биечлэн гардуулах, түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-майл, цахилгаан зэргээр холбогдох этгээдэд мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулсныг хэлнэ" гэж тайлбарласан. Гэтэл хариуцагчийн зүгээс дээрх мэдэгдэх үйл ажиллагааг хийгээгүй байхад нэхэмжлэгчийн зүгээс сэжиг, таамгаар Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан удирдах дээд шатны албан тушаалтан буюу шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй байсан.

Улмаар Баянгол дүүргийн Засаг даргын 2015.04.09-ний өдөр А/224 дугаартай захирамжаар иргэн Ц.Гал-Эрдэнийн эзэмшлийн газар дээрх хашааг эвдэн нураасан тул нэхэмжлэгч арга буюу дээд шатны албан тушаалтан буюу Нийслэлийн засаг даргад хандсан бөгөөд Нийслэлийн өмчийн харилцааны газрын 2015.06.12-ны өдрийн албан бичгийг аваад Захиргааны шүүхэд 2015.07.09-ны өдөр нэхэмжлэл гаргасан.

Дээрх нөхцөл байдлууд нь нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй бөгөөд анхан шатны шүүх ч нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг хянан шийдвэрлэхдээ дээрх нөхцөл байдлыг харгалзан үзсэн. Харин давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримт, нотлох баримтыг буруу үнэлж, Газрын тухай хуулийн 40.2-т заасан мэдэгдэх тухай зохицуулалт, түүнийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн хууль тайлбарласан 2008 оны 15 дугаар тогтоол, мөн Газрын тухай хуулийн  40.3-д заасан тухайн шийдвэрийг гарсныг мэдсэнээс хойш 10 хоногийн дотор гомдол гаргах тухай хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснээр шүүхийн шийдвэр үндэслэл бүхий байх нөхцлийг хангаагүй.

Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн 2013.05.23-ны А/287 дугаар захирамжаар  иргэн  Ц.Гал-Эрдэнийн  газар  эзэмших  эрхийг  цуцлахдаа  түүнд  огт хамаарахгүй үндэслэл буюу Газрын тухай хуулийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэсэн хариуцагчийн үндэслэл тайлбарыг зөвтгөн "... гэж заасан нь өөр эзэмшигчид шилжсэн тохиолдолд шилжсэн хугацаанаас эхлэн тооцно гэсэн агуулгыг илэрхийлээгүй байна... " /магадлалын 7-р талын сүүлийн, 8-р тал эхний догол мөр/ гэсэн нь хуулийг тайлбарлахдаа илэрхий алдаатай дүгнэлт хийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

Монгол Улсын Иргэний хуулийн хуулийг төсөөтэй хэрэглэх зарчмын дагуу Иргэний хуулийн 110, 111, 121 дүгээр зүйл болон Иргэний хуулийн 15 дугаар бүлэг Гэрээний эрх зүйн зохицуулалтууд, Газрын тухай хуулийн 5 дугаар бүлэгт зааснаар газар эрх эзэмших эрх нь зөвхөн эрхийн гэрчилгээтэйгээр тодорхой нөхцөл шаардлагыг ханган, газар эзэмших гэрээ байгуулснаар үүсч, тухайн гэрээний нөхцөл, хуульд заасны дагуу газар эзэмших эрхээ шилжүүлэх, эрх нь дуусгавар болох болон цуцлах хуулийн зохицуулалттай.

Нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ нь 2012 онд Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах иргэн Д.Энхмаа, Б.Мөнхбат болон Д.Дөлгөөн нарын тус бүр 1 га газрыг буюу нийтдээ 30,000 м2 газрыг аж ахуйн зориулалтаар ашиглахаар хуульд заасны дагуу шилжүүлэн авахад Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 тоот захирамж гарсан бөгөөд мөн оны 12 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн Газрын албатай Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг 5 жилийн хугацаатай (2017 оны 12 дугаар сарын 6-ны өдөр хүртэл) байгуулсны дагуу Баянгол дүүргийн Газрын албанаас Гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн №000417158 дугаартай гэрчилгээгээр уг 30,000 м2 газрыг 5 жилийн хугацаатай, аж ахуйн зориулалтаар гэрээ, гэрчилгээний дагуу эзэмшилдээ авсан.

Гэтэл түүний газар эзэмших эрх үүссэнээс хойш 6 сарын дараа буюу хариуцагчийн 2013.05.23-ны А/287 дугаар захирамжаар түүний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон үндэслэлэлээ Газрын тухай хуулийн 40.1.6. хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй" гэснийг үндэслэсэн. Мөн үүнийг нь давж заалдах шатны шүүх зөвтгөн хэргийн үйл баримт, нотлох баримтыг үнэлэхдээ өмнөх эзэмшигч нарын эзэмшиж байх хугацаандаа хүлээсэн үүргийг шинээр гэрээ байгуулж, гэрчилгээ авч эзэмших эрх үүссэн этгээд нь үргэлжлүүлэн өмнөх эзэмшигчийн хүлээсэн үүргийг биелүүлэх, газар эзэмших эрхийн хугацаа нь шинэ эзэмшигчийн хувьд өмнөх эзэмшигчийн хугацааг хамааруулан тооцох боломжтой гэсэн агуулгаар хуулийг тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй бөгөөд хууль  хэрэглээний ноцтой алдаа гэж үзэж байна.

Давж заалдах шатны шүүх энэ бүх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй, хэргийн нотлох баримтуудыг тал бүрээс нь эргэлзээгүй байдлаар шалгаж үзэлгүй холбогдох хууль тогтоомжийг буруу хэрэглэж, хэрэглэх ёстой хуулийн зохицуулалтыг хэрэглэхгүйгээр хэргийг хэрэгсэхгүй болгон, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Иймд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн 222 дугаар магадлалыг хүчингүй болгож, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 12 дугаар сарын 11-ний едрийн 882 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анх Баянгол дүүргийн Засаг даргын 2008 оны 240 дүгээр захирамжаар тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт, ТЭЦ-4 станцын урд байршуулан иргэн Д.Энхмаа, Б.Мөнхбат, Д.Дөлгөөн нарт тус бүр 10000 м.кв газар эзэмшүүлсэн, эдгээр иргэдээс иргэн Ц.Гал-Эрдэнэ газар эзэмших эрхийг шилжүүлэн авснаар Баянгол дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжаар дээрх 30000 м.кв газрыг 5 жилийн хугацаагаар, аж ахуйн зориулалтаар иргэн Ц.Гал-Эрдэнэд эзэмшүүлж, Баянгол дүүргийн Газрын алба 2012 оны 12 дугаар сарын 06-ны өдөр  иргэн Ц.Гал-Эрдэнэтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн 000417158 дугаартай гэрчилгээ олгосон байна.

Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3, 31 дүгээр зүйлийн 31.2, 33 дугаар зүйлийн 33.1.2, 33.4, 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасныг зөрчсөн гэх үндэслэлээр дүүргийн Засаг даргын 2012 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн А/477 дугаар захирамжийн иргэн Ц.Гал-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгохоор, мөн 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн А/224 дугаар захирамжаар  Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4, 59 дүгээр зүйлийг тус тус үндэслэн “... иргэн Ц.Гал-Эрдэнийн зөвшөөрөлгүй байрьсан хашаа, болон ухсан нүхийг булж газар чөлөөлөх”-өөр тус тус шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгч “...газар эзэмшүүлснээс хойш 5 сарын дараа ... намайг 2 жил газраа зориулалтын дагуу ашиглаагүй хэмээн газар эзэмших эрхийг хүчингүй болгон, цуцлах тухай шийдвэр гаргасан, ... миний эзэмшлийн газар дээрх хашааг буулган, газар чөлөөлөхөөр шийдвэрлэсэн нь ... хууль бус” гэж, хариуцагч “...анх газар эзэмшүүлсэн дээрх 2008 оны 240 дүгээр захирамж нь Газрын тухай хуулийн ... /холбогдох/ заалтыг зөрчин тухайн оны дүүргийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, газар эзэмшүүлэх шийдвэр гаргах журам, хуулиар тогтоосон хязгаарлалт, зохицуулалтыг зөрчиж, хуульд заасан бүрэн эрхээ хэтрүүлэн, захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байхгүй байхад газар эзэмших эрх олгосон ..., 2008 оноос хойш зориулалтын дагуу ашиглаагүй ... /тул/ хүчингүй болгож, ... газар чөлөөлсөн... нь хууль зөрчөөгүй” гэж маргажээ.

  1. Анхан шатны шүүх Газрын тухай хуулийн холбогдох заалтуудыг маргааны үйл баримтад холбогдуулан зөв тайлбарлан хэрэглэсэн боловч анх нэхэмжлэлийг хүлээн авахдаа Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8-д заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн эсэх талаар шалгаж, дүгнэлт хийлгүй хэргийг шийдвэрлэсэн нь буруу байна.

Нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ 2015 оны 07 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр шүүхэд гаргасан тайлбартаа “...газар эзэмшүүлснээс хойш 5 сарын дараа Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тогтоолоор тус газар эзэмших захирамжийг 2-оос дээш жилээр зориулалтаар нь ашиглаагүй гэсэн үндэслэлээр цуцлах жагсаалтанд оруулсан хэмээн тус дүүргийн газрын албаны мэргэжилтэн /надад/ мэдэгдсэн”, “...би  2013 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандан барилга барих хүсэлт гаргасан, ... өөрийн хүсэлтийн талаар 2013 оны 05 дугаар сарын үед тус газрын дүүрэг хариуцсан архитектороос тодруулахад 2013 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн Баянгол дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 8/02 тоот тогтоолоор таны газар эзэмших эрхийг цуцалсан тул танд барилга барих зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуг нь амаар мэдэгдсэн”, “...2013 оны 05 дугаар сарын 09-ний өдөр миний бие Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоод хандан тухайн асуудлаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй” гэснээс үзвэл Ц.Гал-Эрдэнэ өөрийн газар эзэмших эрхийг цуцалсан захиргааны акт гарсан, уг актын улмаас түүний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдснийг тухай үед буюу 2013 оны 05 дугаар сард мэдсэн байжээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д тус тус зааснаар “иргэн … захиргааны байгууллага, албан тушаалтны захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл  мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” гомдлоо дээд шатны захиргааны байгууллагад эсхүл шүүхэд гаргахаар тусгайлан журамласан, мөн хуулийн  34 дүгээр зүйлийн 34.1.8-д “… /уг/ хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн бол” шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзахаар тус тус заасан, нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэ нь “...мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” шүүхэд хандах хуулийн дээрх зохицуулалтыг зөрчиж, “...Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн иргэн Ц.Гал-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг 2015 оны 07 дугаар сард шүүхэд гаргасан нь хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэх үндэслэлтэй байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1.8 дахь заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн нь зөв байна.

Харин Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ... /тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийг хүчингүй болгох/” хуулийн зохицуулалтын “2 жил”-ийн хугацааг газар эзэмшигч, эзэмшүүлэгчийн хооронд гэрээ байгуулсан өдрөөс хойш тоолох байтал давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтад холбогдуулан буруу тайлбарласныг дурдах нь зүйтэй.

Өөрөөр хэлбэл, тухайн газар эзэмшигчийн хувьд  “газар эзэмшүүлэх гэрээ” байгуулснаар гэрээнд заасан эрх эдэлж, үүрэг хүлээх тул “гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа ашигласан эсэх”-ийг тогтоох, түүнд хамаарах хугацааг тоолохдоо тухайн газрыг өмнө нь өөр этгээд эзэмшиж байсан хугацааг оруулан тооцох үндэслэлгүй, давж заалдах шатны шүүх “... Газрын тухай хуулийн ... 40.1.6-д ... заасан нь өөр эзэмшигчид шилжсэн тохиолдолд шилжсэн хугацаанаас эхлэн тооцно гэсэн агуулгыг илэрхийлээгүй” гэж үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

Гэвч давж заалдах шатны шүүхийн энэхүү алдаатай дүгнэлт нь нэхэмжлэгчийн шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн үйл баримт, энэ үндэслэлээр нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан шүүхийн шийдвэрийн үндэслэлд хамааралгүй тул давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгох үндэслэл болохооргүй байна. 

Түүнчлэн, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...энэ хуулийн 40.1-д заасан үндэслэл тогтоогдвол ... Засаг дарга эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон захирамж гаргаж, энэ тухайгаа эрхийн гэрчилгээ эзэмшиж байсан буюу түүнийг барьцаалсан этгээдэд мэдэгдэнэ” гэж заасан, Баянгол дүүргийн Засаг дарга маргаан бүхий 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжаар нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнэд газар эзэмших эрх олгосон дүүргийн Засаг даргын 2012 оны А/477 дугаар захирамжийн холбогдох хэсгийг хүчингүй болгосон талаар Ц.Гал-Эрдэнэд “түүний оршин суугаа болон ажлын газрын хаягаар баталгаат шуудангаар хүргүүлэх, утас, факс, е-мэйл, цахилгаан зэргээр” мэдэгдэж, түүнийгээ баталгаажуулаагүй, захирамжийн хувийг түүнд биечлэн гардуулаагүй, талууд уг үйл баримттай маргаагүй боловч хариуцагчийн Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасныг зөрчиж “мэдэгдээгүй” энэхүү үйл баримт нь шүүхээс Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 12 дугаар зүйлийн 12.1-д заасныг хэрэглэхгүй байх үндэслэл болохгүй юм.

Тодруулбал, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д “...иргэн ... захиргааны хууль бус акт нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзвэл холбогдох захиргааны актыг хүлээн авснаас, эсхүл мэдсэнээс хойш 30 хоногийн дотор” гомдол гаргахаар заасан нь иргэн захиргааны актыг “албан ёсоор хүлээн авсан”-аар эсхүл өөр бусад байдлаар “мэдсэн”-ээр гомдол гаргах эрх нээгдэх зохицуулалт гэж үзнэ.

Иймд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “... захирамж гарсан тухай ... зохих журмаар мэдэгдээгүй тул ... нэхэмжлэл гаргах боломжгүй байсан”, “...давж заалдах шатны шүүх ... Газрын тухай хуулийн ... 40.2, ... 40.3-т заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн” гэх хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй байна.

  1. Нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны А/287 дугаар захирамжийн Ц.Гал-Эрдэнэд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг дээрх үндэслэлээр шүүх хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэж байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн А/287 дугаар захирамжийн Ц.Гал-Эрдэнэд холбогдох хэсэг хүчинтэй, нэхэмжлэгч Ц.Гал-Эрдэнийн маргаан бүхий газрыг эзэмших эрх, эрхийн гэрчилгээ нь 2013 оны 05 дугаар сарын 23-ний өдөр хүчингүй болсон гэж үзнэ.

Иймд давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны А/224 дугаар захирамжийг хүчингүй болгох” нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв, нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30,000 м.кв газрыг иргэн Ц.Гал-Эрдэнэд эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг мөн хангах боломжгүй  байна.

Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3-т “зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө”, 57.4-т “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан, нэхэмжлэгч маргаан бүхий газрыг 2013 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс хойш зохих зөвшөөрөлгүй эзэмшсэн нь тогтоогдсон байх тул Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн “Албадан буулгаж, газар чөлөөлөх тухай” захирамжийг хүчингүй болгох үндэслэлгүй.

Нэхэмжлэгчээс Газрын тухай хуулийн дээрх заалтад дурдсан “...хугацаатай мэдэгдэл өгсөн эсэх”, “...өөрөө чөлөөлөх боломжтой байсан эсэх” талаар шүүхэд маргаагүй тул хяналтын шатны шүүх энэ талаар дүгнэлт хийх боломжгүй байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30,000 м.кв газрыг иргэн Ц.Гал-Эрдэнэд эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол Засаг даргад даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэлийн дээрх шаардлагыг хэрэгсэхгүй болгосныг магадлалын тогтоох хэсэгт дурдалгүй орхигдуулсан,  мөн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ холбогдох хуулийг баримтлаагүй байх тул магадлалд зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 222 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...хүлээн авахаас татгалзаж” гэсний дараа “Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4 дэх хэсгийг тус тус баримтлан” гэж, “... А/224 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэсний дараа “Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт ТЭЦ-4 станцын урд байрлах нэгж талбарын 8023/5168 дугаар бүхий 30,000 м.кв газрыг иргэн Ц.Гал-Эрдэнэд эзэмшүүлэх тухай захирамж гаргахыг Баянгол Засаг даргад даалгах” гэж, “нэхэмжлэлийн шаардлагыг” гэсний дараа “тус тус” гэж нэмэн, магадлалын бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                                 М.БАТСУУРЬ

 

ШҮҮГЧ                                                                          Д.МӨНХТУЯА