| Шүүх | Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Содовын Цэрэндулам |
| Хэргийн индекс | 163/2020/0043/Э |
| Дугаар | 45 |
| Огноо | 2020-02-21 |
| Зүйл хэсэг | 24.6.1., |
| Улсын яллагч | М.Сайнзаяа |
Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 21 өдөр
Дугаар 45
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,
Нарийн бичгийн дарга Т.Б ,
Улсын яллагч М.Сайнзаяа,
Шүүгдэгч П.Э , түүний өмгөөлөгч М.Найдан нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх М.Сайнзаяагийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2015000170017 дугаартай, 163/2020/0043/Э индекстэй П.Э од холбогдох хэргийг 2020 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8, урьд 1 удаагийн ял шийтгэлтэй, С овогт П-ын Э.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч П.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Б аймгийн Б сумын ... дүгээр багийн нутаг “Б” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 193800 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/
Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйл байхгүй гэв.
2015000170018 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:
Шүүгдэгч П.Э яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэр гал алдчихаад мөн манай бэр маань төрчихөөд ирчихсэн нялх хүүхэдтэй байсан юм. Тэгээд би тэр өдөр 16 цагийн үед сумынхаа “Б” гэх газар луу түлээний модонд миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн ...-... БУА улсын дугаартай ачааны “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд “Б” гэх ууланд очоод унасан унанги ойр орчмын цасыг нь малтаж байгаад хөрөөдөөд тээврийн хэрэгслийнхээ ачаан дээр ачаад гэр лүүгээ явж байгаад сумынхаа цагдаад баригдсан. ...” гэх мэдүүлэг /хх 69 тал/,
Хохирогч Б.П-ийн өгсөн: “...Б сумын ... дүгээр багийн нутаг “Б” гэх газар нь 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байгаа. “Б” гэдэг газар нь ашиглалтын бүсийн ойдоо орно. Би Бугат сумын ... дүгээр багийн байгаль хамгаалагч учир надаас мод бэлтгэх эрхийн бичиг авна. П.Э нь надаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...” гэх мэдүүлэг /хх 36 тал/,
Гэрч Н.Б-ны өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бугат сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд ...-... БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад П.Э нь түлээний хуурай шинэс төрлийн мод тээвэрлэж явсан. Модны зөвшөөрлийн бичиг байгаа эсэхийг асуухад ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэрт түлээний модгүй болчихоод түлээний модонд явж байгаа талаар хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх 41 тал/,
2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр эзэлхүүн нь 6.8м3 шинэс төрлийн түлээний модны үнэлгээ 193800 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх 43 тал/,
2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн шүүгдэгч П. Э ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 6.8м3 модонд Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ш.Энх-Амгалангийн тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 193800 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 581400 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт /хх-47 тал/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 01/, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 05/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 06-10/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 11-12/, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоол /хх 13-15, 19-21/, хөрөө, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх 16-17, 22-28/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 44-45, 57-58, 65-66/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 51, 74/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд /хх 72-82/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 71/, шийтгэх тогтоолын хуулбар /хх 84-88/, хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 79/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.
Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч П.Э нь 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 193800 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.
Энэ үйл баримтаар шүүгдэгч П.Э ын гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгч П.Э ын өгсөн: “...2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр манай гэр гал алдчихаад мөн манай бэр маань төрчихөөд ирчихсэн нялх хүүхэдтэй байсан юм. Тэгээд сумынхаа “Б” гэх газар луу түлээний модонд миний өөрийн нэр дээр байдаг миний эзэмшлийн **-** БУА улсын дугаартай ачааны “HYUNDAI PORTER” маркийн тээврийн хэрэгсэлтэй явсан. Тэгээд “Б” гэх ууланд очоод унасан унанги ойр орчмын цасыг нь малтаж байгаад хөрөөдөөд тээврийн хэрэгслийнхээ ачаан дээр ачаад гэр лүүгээ явсан. ..” гэх, хохирогч Б.П-ийн: “...Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Б” гэх газар нь 2020 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдээгүй байгаа. П.Э нь надаас ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. ...” гэх , гэрч Н.Б ы өгсөн: “...Би 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр Бугат сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолоочийг шалгахад П.Э нь түлээний хуурай шинэс төрлийн мод тээвэрлэж явсан. Модны зөвшөөрлийн бичиг байгаа эсэхийг асуухад ойгоос мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй гэрт түлээний модгүй болчихоод түлээний модонд явж байгаа талаар хэлсэн. ...” гэх /хх 41 тал/ мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тээврийн хэрэгсэл, хөрөө, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоолууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 51, 74/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд /хх 72-82/ хохирол, төлбөр төлсөн талаарх баримт /хх 79/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв.
Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч П.Э ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 193800 төгрөгийн шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.1 дэх заалтыг үндэслэн “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 581400 төгрөгийг нэхэмжилсэн байх ба шүүгдэгч П.Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлсөн байна.
Шүүгдэгч П.Э од эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч П. Э нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулж, хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч П.Э ын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 54 ширхэг буюу 6.8м3 мод болон түүнийг бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан Ашид билгүүн ХХК-ны үнэлгээгээр 4000000 сая төгрөгөөр үнэлэгдсэн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл, 70000 төгрөгөөр үнэлэгдсэн хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгч П.Э оос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.
Энэ хэрэгт шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. С овогт П-ын Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч П.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Э од оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгуулийг сар бүр 37500 /гучин долоо мянга таван зуу/ төгрөгөөр хэсэгчлэн төлүүлж, торгуулийн ялыг биелүүлэх хугацааг 12 /арван хоёр/ сарын хугацаагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч П.Э нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд төлөөгүй бол 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг хорих ялын 1 хоногтой дүйцүүлж, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 54 ширхэг буюу 6.8м3 мод, 4000000 төгрөгөөр үнэлэгдсэн **-** БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл, 70000 төгрөгөөр үнэлэгдсэн Хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгч П.Э оос албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй
6. Шүүгдэгч П.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Э од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЦЭРЭНДУЛАМ