| Шүүх | Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Жигжидийн Эрдэнэбат |
| Хэргийн индекс | 149/2016/00164/И |
| Дугаар | 00176 |
| Огноо | 2016-06-13 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 00176
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж явуулсан иргэний шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1988 оны 06 дугаар сарын 23-ны өдөр төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 2, хүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг Дуушийн 46 тоотод оршин суух хаягтай, /РД:МЗ:88062314/ Харчин овогт Чүлтэмсүрэнгийн Болор-Эрдэнийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Мандал суманд 1990 оны 05 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 26 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 6 дугаар баг, Баянхангайн 170 тоотод оршин суух хаягтай, /РД:МЗ:90052866/ Халх овогт Цэрэндоржийн Сд холбогдох
Гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай иргэний хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Б, Хариуцагч Ц.С, Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Цагаанцоож нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: … Миний бие нь Ц.Стэй 2008 онд танилцаж үерхэж байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Анар-Эрдэнэ төрсөн. Хамт амьдарч байх хугацаандаа эхний жилүүдэд бусдын адил сайхан амьдарч байсан. Гэвч 2010 оноос бид хоёр байнгын хэрүүл маргаантай болж энэ байдлаасаа болоод 2010 оны 09 дүгээр сараас эхлэн тусдаа амьдрах болсон. Энэ хугацаанд би хүү Анар-Эрдэнийг өөрийн асрамжиндаа байлгаж 6 жилийн турш өнөөдрийг хүртэл өсгөж, хүмүүжүүлж байна. Одоо Ц.С өөр хүнтэй хамтран амьдраад хоёр хүүхэд төрүүлсэн. Одоо бидний хооронд ямар нэгэн харилцаа байхгүй мөн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүү Б.Анар-Эрдэнийг миний асрамжинд үлдээж өгнө үү. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэжээ.
Хариуцагч Ц.С шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: ... Миний бие Ч.Бтэй 2008 онд танилцаж улмаар үерхэж байгаад 2009 онд гэрлэлтээ батлуулж хамт амьдарч эхэлсэн. Бидний дундаас 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Анар-Эрдэнэ төрсөн. Гэр бүлийн маргаанаас болж таарч тохирохгүй болоод 2010 оноос хойш бид хоёр тус тусдаа амьдарч байна. Нэгэнт би өөр хүнтэй амьдрал зохиосон учраас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Ч.Б, хүү Б.Анар-Эрдэнийг өөрийнхөө асрамжинд авна гэж байгаа учраас надад хүү Б.Анар-Эрдэнэнийг, эцэг Ч.Бний асрамжинд үлдээхэд татгалзах зүйлгүй. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ц.Сд холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Ч.Б, хариуцагч Ц.С нар нь 2008 оны 05 дугаар сард гэр бүл болж 2009 оны 12 дугаар сарын 09-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж хамт амьдарч байсан ба тэдний дундаас 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр хүү Анар-Эрдэнэ төрсөн болох нь зохигчдын тайлбар болон №0355515 Г-27 дугаартай хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2010 оноос хойш одоог хүртэл тус тусдаа амьдарч байх ба энэ хугацаанд Ц.С нь өөр хүнтэй гэр бүлийн харьцаатай болж хоёр хүүхэд төрүүлсэн. Мөн нэхэмжлэгч Ч.Б нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч гэрлэгчид нь эвлэрэхгүй нь нэгэнт ойлгомжтой болсон, талуудаас эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгох тухай хүсэлтийг уулзалтын явцад гаргасан нь цаашид эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулах шаардлагагүй болсон тул шүүхийн эвлэрүүлэн зуучлагчаас 2016 оны 05 дугаар сарын 06-ны өдөр эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болгосон байна /ХХ-н 5-р тал/. Гэрлэгчдийн хэн аль нь харилцан ойлголцож гэрлэлтээ цааш үргэлжүүлэх сонирхолгүй, гэрлэлтээ цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байгаа зэргээс үзэхэд Ч.Б, Ц.С нарын гэрлэлтийг цаашид үргэлжлүүлэх боломжгүй, цуцлах үндэслэлтэй байна гэж үзлээ.
Хүүхдийн асрамжийг шийдвэрлэхдээ хүүхдийн өсөж хүмүүжих орчин, эцэг, эхийн халамж, нэхэмжлэгч, хариуцагч нарын санал зэргийг харгалзан хүү Б.Анар-Эрдэнийг эцэг Ч.Болор-Эрдэний асрамжинд үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Ч.Б нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй, зохигчид эд хөрөнгийн маргаан байхгүй гэснийг тус тус дурьдаад
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Харчин овогт Чүлтэмсүрэний Б, Халх овогт Цэрэндоржийн С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д заасныг баримтлан 2009 оны 12 дугаар сарын 23-ны өдөр төрсөн хүү Анар-Эрдэнийг эцэг Ч.Болор-Эрдэний асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигч хүүхдийн тэтгэлэг болон эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч Ч.Болор-Эрдэний улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц.Сэс 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ч.Бд олгосугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Г.Мэндбаярт даалгасугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дах хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ Ж.ЭРДЭНЭБАТ.