Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 59

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны  шүүхийн эрүүгийн хэргийн шүүх  хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Нарантуяа,   улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч Н.Очирбат нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан  шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5  дугаар зүйлийн 1-д  зааснаар  яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******ад холбогдох эрүүгийн 2036000480054 дугаартай, 178/2019/0063/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 сарын 03-ны өдөр хүлээн авч  2020 оны 04 дугаар сарын 13-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1991 оны 03 сарын 05-ны  өдөр  Ховд аймгийн Мянгад суманд төрсөн, 29 настай, ард халх, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан  багт оршин суух, хувиараа мал аж ахуй  эрхэлдэг, аминдаа 302 толгой мал, гэр  нэгийн хөрөнгөтэй, сарын өрхийн орлого байхгүй, ял шийтгэлгүй,  ******* регистрийн дугаартай,  ******* овогт ******* *******                                         

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэнд тусгагдсанаар:

Шүүгдэгч Э.******* нь 2019 оны 12 сард Ховд аймгийн Мянгад  сумын Цагаанбулан  багийн нутаг дэвсгэр Сайхан бураат хэмээх нэртэй Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр  нохойгоор бариулан агнаж махыг нь хүнсэндээ хэрэглэсэн мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн толгойг Ховд аймгйин Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний амбаарт хадгалж хууль бусаар ан агнасан,  тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нараас гаргасан мэдүүлэг, талуудын шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтыг хянан хэлэлцэв.

Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн...Хэрэг учрал болсон гэх газар  нь Мянгад  сумын Цагаанбулан  багийн нутаг дэвсгэр “Сайхан бураат” хэмээх нэртэй газар ирэхэд ойр орчим нь гүн шигүү зэгстэй газар байв. “Сайхан бураат” гэх газар нь Ховд аймгийн Мянгад сумын төвөөс 48 км зайд байх ба хэргийн холбогдогч Э.******* М.Дашзэвэг нараар гахай байсан гэх газрыг заалгав. Гахай байсан газрын зэгс нь хугарч газарт унасан байв. Гахай байсан гэх газарт ирэхэд нарийн жим гарсан байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авав.  Уг хэрэг үйлдсэн газрын коорднатыг тогтоох JPS байхгүй учир Ховд аймгийн Мянгад сумын газар нутгийн координатаар харуулсан 1 см=1000м масстай бүхий газрын зургийг ашиглаж 92, 16, 23, 532 48, 13, 36, 624 координатыг  тогтоож гэрэл зургаар тогтоосон талаар харуулав...гэх тэмдэглэл, гэрэл  зураг / хэргийн 14-18 дугаар хуудас/

Эд мөрийн баримт хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 23-40-рт/,

Мөрдөн  шалгах ажиллагаанд  хохирогч байгууллагын төлөөлөгч  /Ховд аймгийн Мянгад  суманд 1971 оны 09 сарын 01-ний өдөр төрсөн, 49 настай, эрэгтэй, дээд боловсролтой, төрийн  захиргааны удирдлагын  мэргэжилтэй, Ховд аймгийн Мянгад  сумын  Засаг дарга ажилтай  ******* дугаарын регистртэй/ *******  овогт  ******* Лхамхүүгийн  өгсөн... “ Ховд аймгийн Мянгад  сумын Цагаанбулан  багийн нутаг дэвсгэр Сайхан бураат хэмээх нэртэй газарт 2019 оны 12 сарын дундуур зэгсний зэрлэг гахай агнагдсан гэх гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Энэ гэмт хэрэг нь байгалийн зэрлэг амьтныг хууль бусаар агнаж Монгол улсад мөрдөгдөж байгаа хууль тогтоомжийг зөрчсөн асуудал гарсан ба энэ асуудлыг хуулийн дагуу шийдвэрлэж байгаль орчинд учирсан хохирлыг барагдуулж өгнө үү? ..." гэх мэдүүлэг /хх- ийн 44-рт/

Эд мөрийн баримтаар хураан авсан...Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр Э.*******ын амбаараас хуйхалсан гахайн толгой нэг ширхэгийг хураан авсан...тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 23-25 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.Дашзэвэгийн  гэрчээр өгсөн... Би Э.******* ахтай цуг явсан гэхдээ гахай алсан хэрэгт нь оролцоогүй. Гахай худалдаж авахаар ирсэн хүмүүс нь “цусыг нь хэрэглэх гэсэн юмаа, нохойгоор бариулсан өвчтэй юм шиг байна “ гээд махыг нь авахгүй явсан ...гэх мэдүүлэг/ хэргийн 49 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд И.Батсүхийн гэрчээр өгсөн...Намайг машинаас буугаад иртэл нэг залуу гахай авах хүн үү  гэхээр нь мөн байна. Гахайг чинь үзье гэтэл намайг гахай байгаа газраа  аваачсан. Гахайг нь хартал ам, хөл 2-ыг нь уячихсан жижиг биетэй зэгсний зэрлэг гахай  байсан. Гахайны биенээс нь цус гарчихсан, нохойгоор бариулсан болохоор янз бүрийн өвчтэй байж магадгүй гэж бодоод худалдаж аваагүй. Би гахай барьсан залууд хурдан тавьж явуулсан нь дээр байхаа  ахын дүү гэж хэлээд явсан...гэх мэдүүлэг /хх-ийн 52-53-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Мөнхзаяагийн гэрчээр өгсөн...2019 оны 12 сард гэртээ байж байтал Батсүх ах Буянт сумын Нарийн гол баг орж өвс худалдаж авна. Цуг яваад ачилцаад өг гэж хэлсэн. И.Батсүх ах надаас гадна Баасандорж гэж надтай хамт авч ачдаг залуу бид 2-ыг аваад Баатархайрхан багийн эмнэлэгийн хашаанд байдаг айл руу ороод танихгүй эгчийг машиндаа суулгаснаа Мянгад сум орох ажилтай боллоо.  Маргааш өвч ачихаас гэж Баасандорж бид 2-т хэлсэн. Тэгээд бид нар Мянгад сумын хөдөөний айлд орсон. Цуг явж байсан танихгүй эгч тэр хөдөөний айлыг таньдаг  юм шиг байсан. Машинаас бууснаа шууд гэрлүү нь  яваад орсон. И.Батсүх ах, Баасандорж бид 3-ыг машинаас буутал нэг хөдөөний залуу И.Батсүх ахтай уулзаж байгаад И.Батсүх ахыг өвсний хашааруу дагуулаад явсан. Баасандорж бид 2 тамхи татчихаад  машиндаа суугаад И.Батсүх ахыг хүлээсэн. Хэсэг хугацааны дараа И.Батсүх ах хамт явсан эгчтэй хүрч ирээд машиндаа суугаад бид 4 аймгийн төв орсон. Аймгийн төв ороод би шууд гэртээ буусан. Өөр зүйл болоогүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 54-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Л.Мөнхцэцэгийн гэрчээр өгсөн...2019 оны 12 сарын дундуур манай нөхөр адуунд явна гээд Мянгад сумын Цагаанбулан багийн малчин М.Дашзэвэгтэй гараад явсан. Маргааш орой нь манай нөхөр ирээд адуунд явж байтал нохой гахай бариад шархдуулаад хаячихсан байна. Бараг үхэж байх шиг байна. Хүнсэндээ хэрэглэнэ гээд гахайг алж янзалсан юм. Э.******* гахайны толгойг нь үлдээгээд бусдыг нь идэж дуусгасан. Би тухайн үед нөхөр болох Э.*******ад наад гахайгаараа яах гээд байгаа юм бэ? Тавьж явуулаач гэсэн боловч шархадчихсан  байна.  Удахгүй үхнэ гэж хэлсэн. Би тэгэхээр нь юм хэлээгүй...гэх мэдүүлэг/ хх-ийн 55-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ө.Хишигтогтохын гэрчээр өгсөн...2012 онд Хар ус нуурын улсын тусгай хамгаалалттай газрын захиргаанаас Ховд голын ай сав  газар буюу Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт зэгсний 100 тооны зэрлэг гахай тоологдож байсан. Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт ойн зэрлэг гахайг гаршуулж тэжээсэн гахай байдаггүй. Ойн зэрлэг гахай Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэрт амьдрах боломжгүй. Зэгсний зэрлэг гахай бор саарал өнгийн зүстэй мөн сэрвээний үс босоо, соёо шүдний хөгжил сайтай, үс нь хатуу, ширүүн байдаг юм. Зэгсний зэрлэг гахай ойн болон гаршуулж тэжээсэн гахайнаас биеэр харьцангуй том байдаг. Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн нутаг дэвсгэр “Сайхан бураат” гэх  газар улсын тусгай хамгаалалттай газарт 1996 онд орж байсан...гэх мэдүүлэг/ хх-ийн 56-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Б.Батхишигийн гэрчээр өгсөн...Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт ойн болон гэрийн тэжээмэл гахай байдаггүй. Ганцхан зэгсний зэрлэг гахай байдаг. Зэгсний зэрлэг гахай  саарал өнгийн зүстэй, сэрвээний үс босоо, ширүүн үстэй байдаг... гэх мэдүүлэг / хх-ийн 57-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  С.Батзоригийн  гэрчээр өгсөн...2019 оны 12 сарын дундуур манай   Мянгад сумын Цагаанбулан багт мал малладаг М.Дашзэвэг, Э.******* 2 манай гэрт унтаад үлдсэн. Өдар намайг гэртээ иртэл манайд Д.Сүрэнхүү эгч Ховдоос ирчихсэн Э.*******, М.Дашзэвэг 2 гадаа нэг эрэгтэй хүнтэй уулзаад манай өвсний хашаанаас гахай буулгаад үзүүлж байхыг би гэрийнхээ үүднээс харсан. Тэгээд удалгүй Д.Сүрэнхүү эгч ирсэн хүмүүстэйгээ буцсан юм. Э.******* машинтай хүмүүс явсаны ард гахайгаа гэрлүүгээ дүүрч явна гэж надад хэлсэн. Би малаа харах ажилтай байсан учраас  яваад өгсөн. Өөр зүйл болоогүй ээ... гэх мэдүүлэг/ хх-ийн 58-рт/

2020 оны 02 сарын 17-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн...Зэгсний зэрлэг гахайн толгой эр нас гүйцсэн Засгийн газрын 2012 оны 01 сарын 11-ний өдрийн  7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан.  Ховор Амьтны жагсаалтад орсон. Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд  Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр зэгсний зэрлэг гахай эр нь 2900000 төгрөг. Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-т Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн  хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлт /хх-ийн 66-рт/

Мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...Эм үхэр 5 толгой 800000=4000000 төгрөг,  Адуу 2 толгой 850000=1700000 төгрөг, гүү  3 толгой 800000= 2400000 төгрөг нийт 8100000 төгрөг гэх баримт /хх-ийн 68-рт/

Мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...Адуу 1 толгой 850000 төгрөг гэх баримт /хх-ийн 70-рт/

Мал үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлтээр...Тэмээ /ат/ 1 толгой 1000000 төгрөг, Адуу 2 толгой 850000= 1700000 төгрөг, гүү  2 толгой 800000=1600000 төгрөг, нийт 4300000 төгрөг гэх баримт /хх-ийн 72-рт/

Мөрдөн шалгах ажиллагаанд  болон шүүхийн хэлэлцүүлэгт Э.*******ын хэргээ хүлээн мэдүүлсэн...2019 оны 12 сарын 15-ны үед Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн  “Сайханбураат” гэх газраас нэг тооны гахай агнасан үйлдлээ хүлээн хүлээн зөвшөөрч байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан зүйлчлэлийг зөвшөөрч байгаа. Хохирлыг төлнө. Гахай агнахад унаж явсан морио хураалгахад татгалзах зүйл байхгүй. Гэм уруугаа ойлгож байна. Хорих ялыг тэнсэж өгнө үү? ..гэх мэдүүлэг/ хэргийн 79 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмыг дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, яллагдагч болон гэрч хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллгааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх хэрэгт авагдсан дээрхи  нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд шилжүүлэн ирүүлсэн хэргийн хүрээнд шүүхийн хэлэлцүүлэгээр хэлэлцэгдсэн дээрх  нотлох баримтыг үнэлж дүгнэхэд:

Шүүгдэгч Э.******* нь 2019 оны 12 сарын 15-ны үед  Ховд аймгийн Мянгад  сумын Цагаанбулан  багийн нутаг дэвсгэр “Сайхан бураат” хэмээх нэртэй Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутгаас  ховор амьтан болох 1 тооны зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр  нохойгоор бариулан агнаж махыг нь хүнсэндээ хэрэглэсэн мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн толгойг Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний амбаарт хадгалсан  хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Э.******* болон түүний өмгөөлөгч нар нь  ,  ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, тэдгээрийн  түүхий эдийн зүйлийг хадгалсан гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй байна. 

Шүүгдэгч Э.*******ын  2019 оны 12 сарын 15-ны  үед  Ховд аймгийн Мянгад  сумын Цагаанбулан  багийн нутаг дэвсгэр “Сайхан бураат” хэмээх нэртэй Хар ус нуур орчмын улсын тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтан болох 1 тооны   зэгсний гахайг тусгай зөвшөөрөлгүйгээр  нохойгоор бариулан агнаж махыг нь хүнсэндээ хэрэглэсэн, мөн ховор амьтны гаралтай түүхий эдийн зүйл болох 1 тооны зэгсний зэрлэг гахайн толгойг Ховд аймгийн Мянгад сумын Цагаан булан багийн нутаг дэвсгэрт байрлах өвөлжөөний амбаарт хадгалсан  үйлдэл нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан...улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүй  ан амьтан агнасан, тэдгээрийн түүхий эдийн зүйлийг  хадгалсан... гэх гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцов. 

Иймд Ховд аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Э.*******ыг...тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр, ховор амьтныг   агнасан тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг  хадгалсан...гэх үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь үндэслэлтэй.

Хохирол хор уршигийн талаар:

2020 оны 02 сарын 17-ны өдрийн 08 дугаартай шинжээчийн...Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтанд  Ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээгээр зэгсний зэрлэг гахай эр нь 2900000 төгрөг. Амьтны  тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д Амьтны тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас амьтны аймагт учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн  төлүүлнэ. 37 дугаар зүйлийн 37.2-д заасны дагуу амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоосон экологи, эдийн засгийн үнэлгээг 2 дахин өсгөж тогтооно...гэх дүгнэлт, мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч байгууллалын төлөөлөгч С.Лхамхүү нь...хохирлыг төлүүлж  өгнө үү...гэх мэдүүлэг  гаргасан байх тул  /хх-ийн 66-рт/-ээр Амьтны аймгйин тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч Э.*******аас зэгсний гахайн экологи, эдийн засгийн үнэлгээ болох 2900000 төгрөийг 2 дхин өсгөж 5800000 төгрөг гаргуулан Ховд аймгйин Мянгад сумын  Засаг даргын тамын газарт олгох нь зүйтэй.

                        Хоёр: Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Э.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь хэргийн  85 дугаар хуудас дахь “ Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас” , Э.******* нь ам бүл-5, эхнэр хүүхдүүдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багт  амьдардаг,  2019 онд 302 толгой мал тоолуулсан гэх...Ховд аймгийн Мянгад сумын Цагаанбулан багийн Засаг даргын 2020 оны 03 сарын 05-ны өдрийн 32 дугаартай тодорхойлолт,  2019 онд тэмээ-1, адуу-22, үхэр-4, хонь-25, ямаа-250 нийт 302 толгой мал тоолуулсан тухайн мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2019 оны тооллогын баримт / хэргийн 101-103 дугаар хуудас / зэрэг баримт хэрэгт авагдсан байна.

Улсын яллагчийн дүгнэлтэд: Шүүгдэгч Э.*******ад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн 2036000480054  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  гахайн толгой 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт “ Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол”-оор 1 тэмээ, 4 тооны адууг битүүмжилснийг хэвээр үлдээх,  Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 -т зааснаар шүүгдэгч Э.*******ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан  1 тооны адууны үнэ 850000 төгрөг гаргуулан улсын  төсөвт шилжүүлж,  Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч Э.*******аас 5800000 төгрөг гаргуулан Ховд аймгийн Мянгад сумын  Засаг даргын тамгын газарт олгох, шүүгдэгч Э.*******ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтэд: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байгаа. Хувьдаа 302 толгой малтай тул  зэгсний зэрлэг гахайн нөхөн төлбөр болох 5800000 төгрөгийг 5-6 сард ноос ноолуур гарах үеэр төлөх боломжтой. Үүнийг төлөхөд татгалзах зүйл байхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д  заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж , Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 850000 төгрөгийг  хураан улсын төсөвт шилжүүлэхийг зөвшөөрнө...гэх дүгнэлт тайлбар гаргав.

Иймд шүүхээс шүүгдэгч Э.*******ыг...тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан,  тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг  хадгалсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцов.

Шүүгдэгч Э.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт тайлбар, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөх хүсэлт гаргасан , эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас учирсан зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших Эрүүгийн хуулийн шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.*******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч Э.*******ын  гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан морины үнэ 850000 төгрөгийг  хураан улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн 2036000480054  дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  гахайн толгой 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгаж,  шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 -т зааснаар шүүгдэгч Э.*******аас 1 тооны адууны үнэ 850000 төгрөг гаргуулан улсын орлого болгох, Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч Э.*******аас 5800000 төгрөг гаргуулан Ховд аймгийн Мянгад сумын  Засаг даргын тамгын газарт олгохоор шийдвэрлэсэн тул шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 1 тооны тэмээ, 4 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 5/ 28 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хохирол болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээв.

Шүүгдэгч Э.*******ад “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр хэрэглэв. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******ыг тусгай хамгаалалттай газар нутагт ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр  агнасан ,тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг  хадгалсан,  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.5 дугаар зүйлийн 1-д зааснаар  шүүгдэгч ******* овогт ******* *******ыг хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар  тэнссүгэй. 

3.Эрүүгийн 2036000480054 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  гахайн толгой 1 ширхэгийг  шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг эд мөрийн баримт устгах комисст  даалгаж,  шүүгдэгчээс гаргуулах  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Э.******* нь цагдан хоригдсон хоноггүй   болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар шүүгдэгч Э.*******аас 1 тооны адууны үнэ 850000 төгрөг гаргуулан улсын  төсөвт шилжүүлсүгэй.

5.Амьтны аймгийн тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2-т зааснаар шүүгдэгч Э.*******аас 5800000 төгрөг гаргуулан Ховд аймгийн Мянгад сумын  Засаг даргын тамын газарт олгосугай.

6.Шүүгдэгч Э.*******ын эзэмшлийн 1 тооны тэмээ, 4 тооны адууг битүүмжилсэн прокурорын 2020 оны 03 сарын 09-ний өдрийн 5/ 28 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг хохирол болон хөрөнгө хураах албадлагын арга хэмжээ биелэгдэх хүртэл хэвээр үлдээсүгэй.

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4,5-д  зааснаар  тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял  оногдуулахыг шүүгдэгч  Э.*******ад  тайлбарлан өгч, тэнсэн хугацаанд хяналт тавихыг Ховд аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

8.Шүүгдэгч Э.*******ад “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хэвээр үлдээсүгэй.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлжэгч  Ховд аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд  гомдол гаргах , улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих  эрхтэй ба  гомдол, эсэргүүцлээ  шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Т.ЦЭЦЭГМАА