| Шүүх | Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Хашхүүгийн Одбаяр |
| Хэргийн индекс | 187/2020/0079/Э |
| Дугаар | 100 |
| Огноо | 2020-02-19 |
| Зүйл хэсэг | 19.14.1., 23.3.1., |
| Улсын яллагч | Г.Эрдэнэ |
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 19 өдөр
Дугаар 100
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,
шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Улаанмуна хөтөлж,
улсын яллагч Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Г.Эрдэнэ,
шүүгдэгч З.С, түүний өмгөөлөгч Л.Батаа,
гэрч Д.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт З-ын С-т холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн,
Холбогдсон хэргийн талаар
/яллах дүгнэлтэнд бичигдснээр/
Шүүгдэгч З.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн Г овогтой Ч-ын Г-ийн гадаад паспортыг ашиглан “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоор зорчин явахдаа Ч.Г-ийн гадаад паспортыг зориуд устгасан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч З.С-ын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж ярих зүйлгүй, гэм буруугийн талаар маргахгүй гэв.
Гэрч Д.О-ийн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Турк улсад бид хоёр 1 жил 10 сар хамт байсан. С “Таван толгой түлш” компанид ажилд орсон. Биеийн байдлаас болооод “Таван толгой түлш” компанидаа ажиллаж чадахгүй болоод манай комппанид туслах ажилтнаар ажиллаж байгаа...гэв.
Эрүүгийн *** дугаартай хэргээс:
Хилийн *** дугаар ангийн дэргэдэх тагнуулын тасгаас ирүүлсэн “Хилийн зөрчлийн материал” /хх-ийн 3-15 дугаар хуудас/,
Туркиш Эйрлайне Улаанбаатар төлөөлөгчийн газраас ирүүлсэн “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зорчин ирсэн зорчигчдын нэрсийн жагсаалт /хх-30-31/
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн З.С-, Ч.Г- нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
З.С-, Ч.Г- нарын гадаад паспорт авахад бүрдүүлсэн материалын лавлагаанууд /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Шүүгдэгч З.С-ын мөрдөн байцаалтанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 53-56-р хуудас/,
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд ял шалгах хуудас /хх-ийн 59-р хуудас/, гэрч Д.О-ийн мэдүүлэг /хх-ийн 46-р хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 34-р хуудас/, суурь боловсролын гэрчилгээ /хх-ийн 64-р хуудас/, өвчний түүх /хх-66-72/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.
Тухайн хэргийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч З.С-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.
Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.
Шүүгдэгч З.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Монгол Улсын иргэн Гэлэг овогтой Чулуунбаатарын Ганхуягийн гадаад паспортыг ашиглан “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоор зорчин явахдаа Ч.Г-ийн гадаад паспортыг зориуд устгасан,
мөн 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь:
Хилийн 0218 дугаар ангийн дэргэдэх тагнуулын тасгаас ирүүлсэн “Хилийн зөрчлийн материал” /хх-ийн 3-15 дугаар хуудас/,
Туркиш Эйрлайне Улаанбаатар төлөөлөгчийн газраас ирүүлсэн “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоос 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр зорчин ирсэн зорчигчдын нэрсийн жагсаалт /хх-30-31/
Хил хамгаалах ерөнхий газраас ирүүлсэн З.С, Ч.Г нарын Монгол Улсын хилээр орсон, гарсан талаарх лавлагаа /хх-ийн 28 дугаар хуудас/,
З.С-, Ч.Г- нарын гадаад паспорт авахад бүрдүүлсэн материалын лавлагаанууд /хх-ийн 22-23 дугаар хуудас/
Гэрч Б.О-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2019 оны 11 сарын 12-ны өдрийн 06 цагт Истанбул-Бишкек-Улаанбаатар чиглэлийн *** аяллын онгоцоор ирсэн зорчигчдыг бүртгэж байхад З.С- Бишкекийн онгоцны буудалд бичиг баримтаа өөрийн цамцтайгаа цуг мартсан тухайгаа хэлсэн. Би энэ талаар ахлах ажилтан, ахмад С.Д-д хэлж гүнзгийрүүлсэн шалгалт хийж, тухайн хүний мэдээллийг өөрөөс нь асуухад өөрийн нэр, төрсөн он сар өдөр, регистрийн дугаар, хэзээ хаагуур хилээр нэвтэрсэн зэргээ үнэн зөвөөр хэлж байсан. Туркээс ямар хүний бичиг баримтаар ирсэн тухайгаа надад хэлээгүй, өөрийн бичиг баримтаа хаясан л гэж хэлээд байсан..., Бичиг баримтаа хаясан гэж худлаа хэлсэн байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 41-42-р хуудас/,
Гэрч Б.М-ийн мөрдөн байцаалтанд өгсөн: Миний хүү Ч.Г-..., 2019 оны 03 сарын 06-нд Турк улс руу ажил хийх зорилгоор явсан. Одоо Турк улсад оёдлын үйлдвэрт ажилладаг гэсэн. 2020 оны 02 сарын үед Монголд ирнэ гэж ярьж байсан. З.С-ыг танихгүй, тийм нэр дуулж байгаагүй.., Миний хүү Ц гэх нэртэй Монгол хүнээс мөнгө зээлээд, барьцаанд нь паспортоо тавьсан гэсэн. Удахгүй өрөө төлөөд паспортоо авна гэж ярьж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 43-44-р хуудас/,
Шүүгдэгч З.С-ын мөрдөн байцаалтанд өгсөн: Туркэд оёдлын үйлдвэрт ажилладаг Цэнгэл гэх 40 орчим настай эрэгтэй хүнээс 1000 лираг 7 хоногийн 10 хувийн хүүтэй зээлсэн. Ингэхдээ өөрийн иргэний үнэмлэх, гадаад паспортоо барьцаанд тавьсан. Тэгээд төлж чадахгүй, паспортоо ч авч чадахгүй байдалд орсон. Ээжийн бие муу, дүүгийн хүүхдийн бие тааруу байсан болохоор Монгол руу буцахаар болоод 2019 оны 08 сард Ц ахаас паспортоо авахаар гуйхад, мөнгөө төлж байж ав. Би чиний овог нэрийг Консулд өгчихсөн байгаа, чамд цагаан хуудас ч гарахгүй гэж хэлсэн. Монголоос шинэ паспорт захиж аваад ч нэмэргүй Туркийн хил дээр гаргахгүй гэсэн. Тэгээд Туркэд танилцсан Даваа гэдэг найзаасаа хүний паспорт ашиглаж Туркын хилээр гарч болох талаар мэдсэн. Даваа надад ашиглаж болохоор паспорт асууж өгье, 100-150 америк доллар болдог гэж 2019 оны 10 сарын 28-нд хэлсэн. Ашиглаж болох паспорт олсон талаар 2019 оны 11 сарын 01- нд над руу залгаж хэлсэн. 2019 оны 11 сарын 11-нд Туркын Станбул хотын Станбул шинэ онгоцны буудал дээр надад Ч-ын Г гэх МУ-ын үндэсний энгийн гадаад паспортыг “бүдүүн Батаа” гэх хүн авчирч өгсөн. Би тэр хүнд 70 америк доллар өгсөн. Тэгээд уг паспортоо аваад онгоцны буудлын цагдаа дээр очоод торгуул болох 20 доллар тушаагаад, тамга даруулсан. Учир нь энэ паспортын визний хугацаа дуусаад 7 сар болсон байсан. Тэгээд онгоцондоо суугаад Бишкек орсон. Тэнд транзит зааланд байсан болохоор паспортыг маань шалгаагүй. Цаашаа Бишкек-Улаанбаатар чиглэлийн онгоцруу орохдоо онгоцны үйлчлэгчид үзүүлэхэд хальт хараад надад буцааж өгсөн. Онгоцондоо суугаад би Ч-ын Г-ийн гадаад паспортыг онгоцны бие засах газрын суултуур руу урж хаясан гэсэн мэдүүлэг /хх-ийн 53-56-р хуудас/ мэдүүлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч З.С-ыг Монгол улсад нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн, бусдын гадаад паспортыг зориуд устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан, ба шүүгдэгч З.С- болон түүний өмгөөлөгч Л.Батаа нар нь хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.
Монгол Улсын Хилийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Монгол Улсын нутаг дэвсгэрийн зах хязгаарыг газрын гадаргуу, усны мандал дээр хил залгаа улсын нутаг дэвсгэрийн хязгаараас зааглаж, Монгол Улсын олон улсын гэрээгээр тодорхойлж, тогтоосон шугамыг Монгол Улсын хил гэнэ” гэж заасан ба Улсын хил нь халдашгүй дархан байх бөгөөд Монгол Улсад орох, гарах хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр, эсхүл хуурамч баримт бичгээр, эсхүл зохих зөвшөөрөлгүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн үйлдлийг Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтрэх гэмт хэрэгт тооцохоор хуульчилж тогтоосон.
Шүүгдэгч З.С- нь 2019 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр “Истанбул-Бишкек-Улаанбаатар” чиглэлийн *** дугаартай аяллын онгоцоор зорчин ирэхдээ Монгол Улсад орох, гарах, хил нэвтрэх эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг хууль бусаар нэвтэрсэн болох нь дээрх нотлох баримтуудаар илэрчээ.
Иймд шүүгдэгч З.С нь бусдын гадаад паспортыг зориуд устгасан, мөн Монгол улсад эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн гэмт хэргийн шинжийг хангасан гэм буруутайд тооцох үндэстэй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Улсын яллагчаас шүүгдэгч З.С-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжээр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжээр торгох ял оногдуулах, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэн 1850 нэгжээр тогргох дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Батаагаас “торгох ялын талаар маргахгүй. З.С- нь осолд орсны улмаас биедээ хүнд гэмтэл авсан эмнэлгийн чөлөөтэй байгааг харгалзан оногдуулсан торгох ялыг 12 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр хугацаа тогтоож өгнө үү” гэсэн санал гаргав.
Шүүгдэгч З.С нь урьд ял шийтгэгдэж байгаагүй болох нь ял шалгах хуудсаар /хх-ийн 59-р хуудас/ тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ” гэж заасан ба шүүгдэгч З.С-ын үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.
Шүүгдэгч З.С-ыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ослын улмаас биедээ хүнд гэмтэл авсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ыг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял тус тус оногдуулж шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч З.С-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.С-ыг 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн З.С-ын биечлэн эдлэх ялыг 1850 /нэг мянга найман зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.С-т оногдуулсан 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч З.С-т сануулах нь зүйтэй.
Шүүгдэгч З.С нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Х овогт З-ын С-ыг Монгол улсад эрхийн баримт бичиггүйгээр Монгол Улсын хилийг нэвтэрсэн,
Бусдын гадаад паспортыг зориуд устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-ыг 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар З.С-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 3, 4 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 23.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 19.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1350 /нэг мянга гурван зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял дээр нэмж нэгтгэн шүүндэгч З.С-ын биечлэн эдлэх ялыг 1850 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч З.С-т оногдуулсан 1.850.000 /нэг сая найман зуун тавин мянга/ төгрөгийн торгох ялыг 12 /арван хоёр/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд 15 нэгжийг 1 хоногоор тооцон хорих ялаар солихыг шүүгдэгч З.С-т сануулсугай.
6. Шүүгдэгч З.С- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт баримт ирээгүй болохыг дурдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч З.С-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Х.ОДБАЯР