Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 0102

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,

           нарийн бичгийн дарга Б.Төгөлдөр,

           улсын яллагч Д.Нямбат,

            шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны Г танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

            Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Бы Бд холбогдох 1908063730009 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, ... ХХК-нд гагнуурчин ажилтай, ам бүл 1, Дархан-Уул аймгийн Дархан ... дүгээр багийн Цэнгэлдэх ... дүгээр гудамжны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч одоо Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны Хайрхан ... дугаар гудамжны нийтийн байрны ... тоотын ... тоотод түр оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Бы Б /РД:.../

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 22-23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны Хайрхан ... дугаар гудамжны ... тоот нийтийн байрны ... тоот өрөөнд “миний авчирсан архийг голлоо” гэх шалтгаанаар Д.Мгийн биед хоёр удаа буюу цээж, зүүн тохой хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/, Гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6х, 7х/,  Шар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10х/, хохирогч Д.Мгийн мэдүүлэг /хх-ийн 17-18х/, гэрч Т.Нын мэдүүлэг /хх-ийн 29х/, гэрч Э.Оийн мэдүүлэг /хх-ийн 31х/,  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 442 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44х/, Б.Бгийн ажлын газрын тодорхойлолт /хх-ийн 71х/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 72х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 73х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74х/, тээврийн хэрэгсэлгүй тухай лавлагаа /хх-ийн 75х/, эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа /хх-ийн 76х/, шүүгдэгч Б.Бгийн мэдүүлэг /хх-ийн 67-68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, агуулгын хувьд зөрөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.Б нь 2019 оны 12 дугаар сарын 09-ний орой 22-23 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хорооны Хайрхан ... дугаар гудамжны ... тоот нийтийн байрны ... тоот өрөөнд “миний авчирсан архийг голлоо” гэх шалтгаанаар Д.Мн цээж, зүүн тохой хэсэгт хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь:  

Гэмт хэргийн талаарх дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 2х/, гэрэл зургийн үзүүлэлтүүд, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 4-6х, 7х/, шар өнгийн иштэй хутгыг эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 10х/,

Хохирогч Д.Мгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 12 цагийн үеэс би өөрийн түрээслэн амьдардаг байрандаа ... эхнэр бид хоёр унтаад 20 цагийн үед сэрээд байж байхад манай байрны 7 тоотыг түрээслэн амьдардаг Б гэгч залуу манайд халамцуу орж ирээд дуусаагүй үлдсэн байсан тал шил архинаас хамт уусан. Тэгээд Б 0.5 граммтай Хараа нэртэй архи дэлгүүрээс авч ирээд уг архиа задлахаар нь би Бд “би архи хольж уухгүй” гэхэд Б намайг чи голоод байгаа юм уу гээд бид хоёр жоохон маргалдаад би Бгийн эрүүнийх нь хэсэг рүү гараараа нэг удаа цохиход Б гарчхаад ирье гэж хэлээд гарч яваад удалгүй 1-2 минут болоод буцаж орж ирээд миний харалдаа урд газар суусан. Тэр үед эхнэр маань гарчихаад ирье гээд гараад явсан. Тэгэхэд Б намайг чи яагаад байгаа юм гэж хэлээд шууд миний духны хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь зөрүүлээд Бгийн цээжнийх нь хэсэг рүү гараараа түлхэхэд Б хойшоо нуруугаараа унахаар нь дээр нь гараад суухад Б миний зүүн далны хэсэг болон зүүн гарны тохойны хэсгүүдэд тус тус нэг удаа хутгаар хатгасан. Тэгтэл манай эхнэр гаднаас орж ирэхэд Б манайхаас гараад явсан. Надад Бд ямар нэгэн гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18х/,

 Гэрч Т.Нын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим баруун нийтийн байранд оршин суудаг эрэгтэй манайд орж ирээд 7 тоотын эрэгтэй хутга бариад 2 тоот айлд орлоо та очоод зохицуул гэсэн. Тэгээд би 2 тоотод яваад ороход уг тоотод суудаг эрэгтэйн зүүн далны орчмоос цус гоожиж байхыг эхнэр нь арчаад байж байхыг хараад 7 тоотод очоод хаалгыг нь татахад онгойсон. Хаалганы дотор талд хутга зоосон байсан. 7 тоотын эрэгтэй өөрөө орон дээрээ сууж байсан. Тэгээд би хутгыг сугалж аваад чи хүн хутгалсан байна, наанаасаа гарч болохгүй гэж хэлээд цагдаа дуудсан. Удалгүй цагдаа нар ирсэн. ...Намайг гаднаас орж ирэхэд Мгийн зүүн далны орчмоос цус гоожиж байсан. Б харин өрөөнд нь байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 29х/,

Гэрч Э.Оийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дал хэсэгт 1 удаа, зүүн гарын тохойнд нь 1 удаа, суган доор нь зүссэн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 31х/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 442 дугаартай: “...Б.Мгийн биед цээж, зүүн тохойд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ир үзүүртэй зүйлийн хоёр удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна” гэх дүгнэлт /хх-ийн 43-44х/, 

Шүүгдэгч Б.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 09-ны өдөр ....манай гэрт бас нэг 0.5 граммтай “Хараа” нэртэй архи байхаар нь би уг архийг аваад 20 цаг өнгөрч байх үед би байрныхаа 2 тоотод байдаг М гэдэг залуугийнд ....хувааж уухаар ороход М гэртээ найз бүсгүйнхээ хамт 0.75 граммтай нэг шил архи хувааж уусан байдалтай сууж байсан. ...Би Мгийн авч орсон архиа задлаад уг архийг хувааж ууж байхад би жоохон муудаад тасрах дөхөөд ирсэн. Тэр үед 21 цаг өнгөрч байсан байх, тэгтэл М над руу “чи манай авгайтай яасан” гээд хардаад байгаа бололтой юм ярьж байгаад гэнэт миний эрүүний хэсэг рүү гараараа нэг удаа цохиод би газар сууж байсан болохоор хойшоо нуруугаараа унахад миний дээр гарч суугаад дахин миний духны хэсэг рүү гараараа нэг удаа цохихоор нь би хажуу тийшээ харахад газар хутга харагдахаар нь уг хутгыг аваад Мгийн зүүн талын далных нь хэсэг рүү нэг удаа дүрээд хутгаа буцаагаад сугалж авахад Мгийн зүүн гарынх нь шууных нь хэсэг бага зэрэг зүсэгдээд М хажуу тийшээ атираад унахаар нь би хутгаа Мгийн гэрт нь орхиод өөрийн амьдардаг өрөөндөө ороод байж байхад удалгүй цагдаа ирээд намайг цагдаагийн хэлтэс дээр авч ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 67-68х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэргээр хангалттай нотлогдсон байна.

Шүүгдэгч Б.Б нь хохирогч Д.Мг хутгалж, эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Б.Бгийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.

Хохирол төлбөрийн тухайд: Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Мн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад ямар нэгэн гомдол санал хүсэлт байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 17-18х/, хүсэлт гаргасан /хх-ийн 80х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Нямбат нь Б.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Б.Бд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.

Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, мөн шүүгдэгч Б.Бгийн хувийн байдал /ажил хөдөлмөр эрхэлдэг/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын байдлыг харгалзан 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.

Шүүгдэгч Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

            Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэж, тус хэрэгт шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Бы Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Б.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн шар өнгийн иштэй 1 ширхэг хутгыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Б.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.АЛТАНЦЭЦЭГ