Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 13 өдөр

Дугаар 60

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

              Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Цэцэгмаа даргалж, шүүх хуралдааны  нарийн бичгийн дарга Б.Гантуяа, улсын яллагч Т.Өсөхболд, шүүгдэгч Б.*******, түүний өмгөөлөгч Л.Эрдэнэцэцэг  нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Т.Өсөхболдоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэн ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* *******д  холбогдох эрүүгийн 2036000640059  дугаартай, 178/2020/0052/Э/ индекстэй хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр  хүлээн авч, 04 сарын 13-ны өдөр  хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1997 оны 05 сарын 02-ны өдөр Ховд аймгийн Дөргөн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, автомашин механикчийн мэргэжилтэй,  эрхэлсэн ажилгүй, ам бүл-4, эцэг, эх, эгч, дүү нарын хамт Ховд аймгийн Дөргөн сумын Сээр , 2 дугаар багт оршин суух, аминдаа хашаа, гэр, 500 толгой малын хөрөнгөтэй, сарын өрхийн орлого 500000 төгрөг, урьд шийтгэлгүй, өвчний учир группэд байдаг, ******* дугаарын регистртэй, ******* овогт ******* *******

      Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэнд  дурдсанаар/

Шүүгдэгч Б.******* нь  2020 оны 02 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн “Хондлой” гэх газарт 18-70 ХОҮ улсын дугаартай  Приус маркын тээврийн хэрэгсэлийг жолоодож, замын хөдөлгөөнд оролцох явцдаа Монгол улсын Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсний улмаас иргэн ******* дайрч амь насыг нь хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт оролцогчдоос гаргасан мэдүүлэг, талуудын судалсан эд мөрийн баримтууд болон бичгийн нотлох баримтуудад үндэслэн

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлд зааснаар

ТОДОРХОЙЛОХ нь:

                     Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэх талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3-т  зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэрэгт авагдсан дараахи нотлох баримтуудыг хянан хэлэлцэв.

Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн...Уг хэрэг учрал болсон гэх газар нь Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн “Хондлой” гэх нэртэй газар болсон байх ба 18-70 ХОҮ улсын дугаартай саарал өнгөтэй, Приус-20 маркын тээврийн хэрэгсэл урдаас хойд зүгт чиглэн явж байгаад зогсож хүүхдүүд буулгаад хөдлөхдөө хүүхэд дайрсан гэх ба 18-70 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл зогсож байгаа газрыг “Д” үсгээр авто машины  хойд талд ертөнцийн зүгээр авто машинаас урд зүгт 40х45 см хэмжээтэй хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон газрыг “А” үсгээр тэмдэглэж, “А” үсэгний орчим авто машины мөр арилсан, Авто машины урд зүгээс эхэлж мөр гараад “А” цэгээр тэмдэглэсэн хэсгээр авто машины зүүн талын 2 дугуй дайрч өнгөрсөн мөр ертөнцийн зүгээр баруун , авто машины  зүүн тал руу муруйсан байгааг 2 болон 3 тоогоор тэмдэглэв. “А” цэгээс зүүн тийш 2 монгол бариа гэр байв... гэх тэмдэглэл, гэрэл зураг / хэргийн 4-10 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч / Ховд аймгийн Чандмань сумын Баянхайрхан багт оршин суух, 1995 онд төрсөн, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ПН 95012018 дугаарын регистртэй/ Наймынхан овогт Цагаанцоожийн Баасанжавын өгсөн...Би 2020 оны 02 сарын 19-ний өглөө малдаа явсан. Өдөр нь 13 цагийн Б.******* над дээр мотоцикльтой ирээд “ би танай Ялгууныг дайрчирлаа” гэж хэлсэн. Юугаар дайрсан гэхэд машинаар гэсэн. Хүүхэд гэрт байгаа гэсэн. Тэгээд гэртээ ирэхэд манай охиныг орон дээр хэвтүүлсэн толгой нь цус болсон байсан. Охиноо тэвэрхэд амнаас нь цус гарч байсан. Тэгээд орон дээр тавиад хажууд нь сууж байхад багийн эмч болон манай эхнэр хоёр ирсэн. Эмч үзээд нас барсан байна гэсэн. Б.******* нь Б.Доржсүрэнгийн машин унаж байгаад дайрсан гэж хэлсэн. Б.******* аавынхаа ногоон өнгийн аксент маркын машин унадаг байсан. Жолооны үнэмлэх байхгүй.  Миний охиныг Баасанжавын Ялгуун гэдэг. Санамсаргүй ийм зүйл болсон болохоор нэхэмжлэх,  зүйл гомдол байхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 23, 31 дүгээр хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.Хөхнохойгийн гэрчээр өгсөн... Намайг 2020 оны 02 сарын 19-ний өдөр Ховд аймагт ажилтай явж байхад манай сумын Аргалант багийн эмч М.Орломсүрэн нь “******* ******* нь хүүхэд  дайрсан, дуудлагаар очиход хүүхэд нас барсан байна. Сумын цагдаа Т.Нуржолд хэлээд орхи” гэхэд  нь утсаар мэдэгдсэн...гэх мэдүүлэг / хэргийн 26 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  М.Орломсүрэнгийн гэрчээр  өгсөн...2020 оны 02 сарын 19-ний өдөр ажил дээрээ байхад Дөргөн сумын Сээр багийн Ш.Батнасан “ 2 настай эмэгтэй хүүхэд машинд дайрагдсан “ тухай дуудлага өгсөн. Дуудлагаар Ц.Баасанжавын гэрт очиход  хүүхдийг гэрт оруулсан. Гэрийн зүүн талын орон дээр хэвтүүлсэн байсан. Хүүхдийг үзэхэд нас барчихсан, бие нь хөрчихсөн байсан. Тэгээд би  Эрүүл мэндийн төвийн М.Хөхнохойд утсаар мэдэгдэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагаар очиход сумын төвөөс нас барсан хүүхдийн ээж Б.Отгон нь хамт очсон. Ц.Баасанжавын гэрт нас барсан хүүхдийн аав Ц.Баасанжав, 4, 6 насны хоёр хүүхэд, бэр эгч Ө.Итгэл, хоёр хүүхдийн хамт Б.Цэрэннадмид нар байсан. Гэрийн ард тал байсан саарал өнгийн Приус машинаар  хүүхэд дайрсан гэсэн. Хүүхдийн хамар чихнээс  цус гарсан байдалтай, нүүрийн баруун тал нь нэлэнхүйдээ цус болж хатсан, зүүн чихнээс цус гоожиж цустай хөвөнтэй, дух хөмсөгний дээд талаар дөрвөлжин дүрс үүссэн байсан.  Ш.Батнасан нь 2020 оны 02 сарын 19-ний өдрийн 13 цаг 15 минутанд дуудлага өгсөн...гэх мэдүүлэг / хэргийн 27 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд  Ө.Итгэлийн гэрчээр өгсөн...2020 оны 02 сарын 19-ний өдөр хадам эгч Б.Цэрэннадмидын хамт гэрт боорцог хийж байсан. 12-13 цагийн үед хүүхдүүд шуугилдаад Б.******* орж ирээд “******* дайрчихлаа” гэж хэлсэн. Тэгээд юу яриад байгаа юм бэ гээд гэрээс  гарахад авто машины ар талд жоохон зайтай, газар дээр Б.Ялгууны хамар чихнээс нь цус гоожиж байсан. Б.Цэрэннадмид аваад Ц.Баасанжавын илүү гэрт оруулсан. Тэгээд сумын төв явж байсан хадам ээж аавд “дуудлага өг” гэж хэлсэн. Тэгээд удалгүй эмч ирж үзээд “хүүхэд нас барсан байна” гэж хэлсэн. Б.******* намайг боорцог хийж байхад манай гэрээс орж ирээд машины түлхүүр аваад гарсан. Б.*******гаас өөр машин барих том хүн байгаагүй. Манай нөхөр малдаа явсан. Ц.Баасанжав хонинд явсан байсан. Гэрт Б.Цэрэннадмид, Б.******* бид  гурваас өөр том хүн байгаагүй. 6 хүүхэд байсан. Б.******* нь урьд  нэг хоёр удаа машин барьж байсан...гэх мэдүүлэг / хэргийн 30 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй гэрч Ц.Алтанцэцэгийн  өгсөн... Бид нар гол дээрээс авто машинд суугаад гэрийн ард ирээд би Ялгууныг / Бор окоог/ авто машинаас аваад буусан. Машинаас буугаад дүүгээ тавьсан. Машин хөдлөөд явсан. Тэгэхэд Ялгуун газар дээр хэвтэж байсан. Авто машинаас буугаад Ялгууныг тавьсан хаашаа явсныг хараагүй. Машины аль хэсгээр дайрсаныг мэдэхгүй...гэх мэдүүлэг / хэргийн 32 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд иргэний нэхэмжлэгч  Б.Доржсүрэнгийн гэрчээр  өгсөн...Тухайн өдөр миний машины түлхүүр гэрт шүүгээнд байсан. Б.******* нь авч унаад ийм зүйл болчихлоо. Манай дүү Б.*******д жолооны үнэмлэх байхгүй. Би тухайн үед малаа хариулаад явж байсан...гэх / хэргийн 33 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд Б.Цэрэннадмидын гэрчээр өгсөн...2020 оны 02 сарын 19-ний 13 цагийн үед хүүхдийнхээ хамт гэртээ байхад Б.******* нь гаднаас орж ирээд “ хүүхэд дайрчихлаа” гэсэн. Би сандраад гэрээс гарахад унаж явсан машин нь хойшоо харсан байдалтай, хойд хэсэгт нь машины багажны хажууд манай хүргэн Ц.Баасанжавын 2 настай  Ялгууны хамарнаас нь  цус гарсан байдалтай, газар хэвтэж байхаар нь сандраад  тэвэрч аваад Ц.Баасанжавын гэрийн баруун орон дээр хэвтүүлчихээд Дөргөн суманд явж  байсан аав Ш.Батнасанд “ хүүхэд машинд дайрагдчихлаа , дуудлага өгөөрэй “ гэж хэлсэн. Б.Ялгууны хажууд байхад чихнээс нь бага зэргийн цус гарсан байдалтай байсан. Удалгүй багийн эмч М.Орломсүрэн ирсэн. Тухайн машин нь манай дүү Б.Доржсүрангийн машин, хотоос авчираад удаагүй байсан. Б.*******  нь архи уудаггүй, ээж аавын үгнээс гардаггүй хүүхэд байсан...гэх мэдүүлэг / хэргийн 35 дугаар хуудас /

Шинжээчийн 2020 оны 03 сарын 04- ний өдрийн ... Жолооч Б.******* нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн байна. Явган зорчигч Б.Ялгуун нь замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй  байна. Жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараах бичиг баримттай байна. 3.1 а-д ...тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөл , мөн дүрмийн 10.1-д заасан... Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана ...гэсэн заалтыг зөрчсөн байна.

Жолооч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.1-д заасан заалтыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарах шалтгаан болсон... гэх дүгнэлт / хэргийн 39 дүгээр хуудас/

Цогцосны гадна үзлэг хийсэн...Уг цогцос нь 80 см орчим урттай, толгойн зулай хэсэг 17 см урттай бор шаргал өнгийн үстэй, мах мярааны байдал дунд  зэрэг 2 орчим насны эмэгтэй хүүхдийн цогцос байв. Хоёр чих хамар амнаас  нь улаан өнгийн шингэн зүйл гарсан байдалтай. Хамар болон хацар яс хугаралын хавиралдах чимээтэй, ам хаалттай үзэгдэх шүднүүд бүрэн бүтэн, дээд эрүү дунд хэсгээр хугаралтай, духны баруун хэсэгт 9,5х2см, 3.5х0,3см, 3х0,2 см, баруун хацар хэсэгт 4х5см, 4, 2.3 см, 1.5х 0.5 см, 1.8, 0.7 см, 1.5х 0.4 см , баруун доод эрүүний хэсэгт 4.5 х1.5 см, хэмжээтэй хүрэн өнгийн зулгаралтууд, духны хэсэгт дөрвөлжин хээ мэт / дугуйны / дүрс үүссэн. Гавлын ясны орой хэсэгт хугарлын чимээтэй  байв... гэх тэмдэглэл/ хэргийн 49-50 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2020 оны 03 сарын 04-ний өдрийн 18 дугаартай ...1.Б.Ялгууны цогцост гэмтэл  тогтоогдлоо. 2. Б.Ялгууны гэх  цогцост суурь яс, дух яс, баруун чамархай яс, дагз ясны бяцарсан хугарал, тархины суурь хэсгийн няцрал, хамар яс, хацар яс, дээд эрүү ясны хугарал, духны баруун хэсэгт зулгаралтууд, баруун хацар хэсэгт зулгаралтууд гэмтэл тогтоогдлоо. 3. Б.Ялгууны цогцост учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Б.Ялгууны цогцост учирсан гэмтлүүд нь Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 3.1.2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Гавал  тархины гэмтэл нь амь насанд нөлөөлсөн. 4. Б.Ялгууны духны арьсны хэсэгт гарсан дугуйны мөр гэх хээний чиглэлийг тогтоох боломжгүй. 5.Б.Ялгуун нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан. 6.Б.Ялгууны  цогцост шинжилгээ орсоноос 20-24 цагийн өмнө нас барсан байх боломжтой. 7.Б.Ялгууны цогцосноос авсан гэх цус нь монокон оношлуураар О/I/ бүлгийн цустай байна...гэх дүгнэлт / хэргийн 51-52 дугаар хуудас/

Ховд аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн  2020 оны 03 сарын 03-ны өдрийн 23 дугаартай...Шинжилгээнд ирүүлсэн мөр /гэрэл зургаар бэхжүүлсэн/ болон харьцуулах загвараар ирүүлсэн дугуйнууд нь шинжилгээнд тэнцэнэ. Шинжлэгдэж буй / Зураг 4/ мөр нь шинжилгээнд харьцуулах  загвараар ирүүлсэн урд дугуйны хээний дардастай ерөнхий шинжээр тохирно...гэх дүгнэлт / хэргийн 65-66 дугаар хуудас/

Мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.*******гийн хэргээ хүлээн мэдүүлсэн...2020 оны 02 сарын 19-ний өдөр төрсөн ах Б.Доржсүрэнгийн машины түлхүүр аваад машин асааж байхад манай эгч Б.Цэрэннадмид нь  “ мөс цоолчихоод яв “ гэхээр нь би гэрийн гаднаас машинтай яваад усны цооног гаргаад байж байтал манай ах эгч нарын хүүхэд болох Алтанцэцэг, Амартүвшин, Амаржаргал, Мягмарсүрэн, Лхагвасүрэн, Ялгуун нар ирсэн. Тэгээд бүгдийг нь суулгаад гэрийн хажууд ирсэн. Машины баруун талаар Амартүвшин, Амаржаргал, Мягмарсүрэн, Лхагвасүрэн нарыг буулгасан. Зүүн талаар Алтанцэцэг Ялгууныг тэврээд буусан. Тэгээд авто машиндаа суугаад асаагаад  явтал араас Алтанцэцэг орилоод гүйгээд ирсэн. Тэгээд машинаа зогсоогоод буугаад хартал Ялгууныг дайрчихсан байсан. Авто машины хойд талд Ялгуун хэвтэж байсан. Би гүйгээд бэргэн эгч Ө.Итгэл, эгч Б.Цэрэннадмид нарт би “Ялгууныг / бор окиог дайрчихлаа “ гэж хэлсэн. Б.Цэрэннадмид эгч Ялгууныг аваад гэрт оруулсан. Тэгээд хүмүүс рүү утсаар ярьсан. Намайг Б.Ялгууны аавыг дууд гэсэн. Би Ц.Баасанжав ахад хэлээд  малаа хараад үлдсэн. Манай төрсөн ах Б.Доржсүрэнгийн саарал өнгийн 18-70 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркийн машин байсан.  Намайг машин асгаад хөдөлгөхөд миний буулгасан хүүхдүүд буулгасан газар зогсож байсан. Алтанцэцэг Ялгуун хоёрыг хараагүй. Машин хөдлөөд удаагүй байхад Алтанцэцэг орилсон. Алтанцэцэг хамгийн том нь 6 настай хүүхэд байсан. Би гэрийн ойр зуур машин барьж байсан. Б.Доржсүрэн ах гэртээ байхгүй. Намайг машин барьсан талаар мэдэхгүй байсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж харамсаж байна.  Би хавдрын улмаас хагалгаа хийлгэсэн. Химийн эмчилгээтэй байгаа. Эрүүл мэндийн байдлыг шийтгэл оногдуулахдаа харгалзан үзнэ үү...гэх мэдүүлэг

Наймынхан овогт Баасанжавын Ялгуун 2018 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн, ПН 18221704 дугаарын регистр бүхий төрсний гэрчилгээний хуулбар/ хэргийн 117 дугаар хуудас/

ПН 18221704 дугаарын регистртэй, Баасанжавын Ялгуун 2018 оны 02 сарын 19- ний өдөр нас барсан тухай эмнэлэгийн гэрчилгээ / хэргийн 124 дүгээр хуудас/  зэрэг болно.

Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэл болсон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд өөр хоорондоо агуулгын зөрүүгүй, шүүгдэгчээс яллагдагчаар болон гэрч, хохирогч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж үзэхэд:

Шүүгдэгч Б.******* нь 2020 оны 02 сарын 19-ний өдөр Ховд аймгийн Дөргөн сумын Аргалант багийн “Хондлой” гэх газар 18-70 ХОҮ улсын  дугаартай өөрийн төрсөн ах Б.Доржсүрэнгийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлийг жолоодож замын хөдөлгөөнд оролцож, голын мөсөн дээр очиж “ цооног” гаргаж байх үед нь өөрийн төрсөн ах эгч нарын хүүхэд Алтанцэцэг, Амартүвшин, Амаржаргал, Мягмарсүрэн, Лхагвасүрэн, Ялгуун нарыг очиход нь машиндаа суулгаж, гэрийнхээ гадна ирээд хүүхдүүдийг буулгаад хөдлөх үедээ ******* дайрч, амь насыг нь хохироосон хэргийн үйл баримт тогтоогдож байна.

Шүүгдэгч Б.******* нь  Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараахи бичиг баримттай байна. 3.1 а –д ...тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөлтэй байна.  мөн дүрмийн 10.1-д заасан...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана...гэсэн заалтуудыг зөрчсөн байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь Автотээврийн хэрэгсэлийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэлэмхгүйгээр тээврийн хэрэгсэл жолоодож,  хөдөлгөөн эхлэхдээ осол үүсгэхгүй байх нөхцөлийг хангаж хөдлөөгүйгээс  хохирогч Б.Ялгууны амь нас хохироосон байна.  

Шүүгдэгч Б.******* нь Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.1, Механикжсан тээврийн хэрэгсэлийн жолооч дараахи бичиг баримттай байна. 3.1 а –д ...тухайн ангилалын тээврийн хэрэгсэлийг жолоодох эрхийн хүчинтэй үнэмлэхтэй буюу түр зөвшөөрөлтэй байна.  мөн дүрмийн 10.1-д заасан...Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх , чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсэхгүй байх бүх нөхцөлийг хангана ... гэсэн заалтуудыг зөрчиж, тухайн тээврийн хэрэгсэлээс буусан 2018 оны 02 сарын 17-ны өдөр төрсөн, 2 настай, Баасанжавын Ялгууныг дайрч амь насыг нь хохироосон үйлдэлд нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж үзнэ.

Шүүгдэгч Б.******* болон өмгөөлөгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй  байна.

Шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодож  замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн холбогдох заалтыг зөрчиж, хүний амь нас хохироосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан...Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон... гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Ц.Баасанжав нь...нэхэмжлэх зүйл , гомдол саналгүй...гэж  хэргийн 23 дугаар хуудаст  мэдүүлсэн тул шүүгдэгч Б.*******г төлөх төлбөргүй  гэж үзнэ. 

            Хоёр.Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлийн талаар:

Шүүгдэгч Б.******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн болох нь “Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас”-аар /хэргийн 87-р/  тогтоогдож байна

Шүүгдэгч Б.*******гийн хувийн байдал, эрүүл мэндийн талаар гэрч Ц.Даваажаргалын өгсөн...Би Сээр багийн эмчээр 6 дахь жилдээ ажиллаж байна. Б.******* нь 2018 оны 06 дугаар сард төмсөгний хорт хавдараар хагалгаанд ороод миний хяналтад байна. Б.******* нь группэд байдаг. Одоо химийн тариа эмчилгээтэй байгаа. Б.******* нь хэвтэрийн дэглэм сахих, машин унаа унахгүй байх шаардлагатай...гэх мэдүүлэг, гэрч Д.Буянжаргалын өгсөн...Б.******* нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй. 12 жилийн сургуулиа төгсөөд коллеж төгссөн.Эцэг эхийн хамт амьдардаг...гэх мэдүүлэг, гэрч Б.Энхтайваны...Б.******* нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй,  даруу  төлөв зантай, хүнд тусархуу хүүхэд байгаа юм...гэх мэдүүлэг,  Ховд аймгийн Дөргөн сумын Сээр багийн Засаг даргын  2020 оны 03 сарын 10- ны өдрийн 28 дугаартай... Тус багийн иргэн ******* ******* нь 1997 онд төрсөн, эрэгтэй,  ам бүл-4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг. Манай багийн иргэн мөн болохыг тодорхойлов... гэх  тодорхойлолт, ...Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэхэд Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2019 оны 09 сарын 05- ны өдрийн ... ******* ******* нь СПКМЛ п/п Семипома правого лачка гэх өвчний заалтаар хөдөлмөрийн чадвар алдалтыг 69 хувиар 12  сараар  тогтоож шийдвэрлэв...гэх шийдвэр... хэргийн 113 дугаар хуудас/  зэрэг баримт хэрэгт авагджээ.

Шүүгдэгч Б.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1,1.2-т заасан  тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүх хуралдаанд улсын яллагчаас: Шүүгдэгч Б. *******г  Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний  амь нас хохироосон  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 8 сарын хугацаагаар хорих ял шийтгэх,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан   2 ширхэг машины дугуйг  тухайн тээврийн хэрэгсэлийн эзэмшигч, иргэний нэхэмжлэгч Б.Доржсүрэнд буцаан олгох, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх хохирол төлбөргүй, цагдан хоригдоогүй, иргэний нэхэмжлэгч Б.Доржсүрэнгийн эзэмшлийн 18-70 ХОҮ улсын дугаартай Приус -20 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох  дүгнэлт,тайлбар гаргаж байна гэв. 

Шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч Б.*******гийн хувьд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргахгүй байна. Түүний эрүүл мэндийн байдал, анх удаа тохиолдолын шинжтэй нөхцөл байдлын  улмаас гэмт хэрэг үйлдсэн, эрүүл мэндийн байдал зэргийг харгалзан хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэж өгнө үү гэх дүгнэлт, тайлбар гаргав.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон  гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамаарах бөгөөд шүүгдэгч Б.******* нь анх удаа хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг нөхцөл байдал болон шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагчийн ялын санал болон эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хуулийн шударга  ёсны болон гэм буруугийн зарчимд нийцүүлэн  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Б.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр  1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан...тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож  ял оногдуулах, тэнссэн хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт  хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг журмыг...шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгч,  2036000640059 дугаартай  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан  автомашины 2 ширхэг дугуйг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц 18-70 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Доржсүрэнд буцаан олгож, Б.Доржсүрэнгийн 18-70 ХОҮ улсын дугаартай Приус-20 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 сарын 20-ны өдрийн  5/20 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  хүчингүй болгов.

 Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдоогүй,  гаргуулах хохиролгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,  шүүгдэгчид  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр  болтол хэвээр хэрэглэхээр тогтов.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1,36.2-1,2,4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ******* овогт ******* *******г  авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар   шүүгдэгч ******* овогт ******* *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр1 жил 6 сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн 2036000640059 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан авто машины 2 ширхэг дугуйг 18 - 70 ХОҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн эзэмшигч иргэний нэхэмжлэгч Б.Доржсүрэнд буцаан олгож, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, цагдан хоригдсон хоноггүй, төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д заасан   “тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, хязгаарлалтыг зөрчсөн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулах, тэнссэн хугацаанд  энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт  хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг” шүүгдэгч Б.*******д тайлбарлан өгсүгэй.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.7 дугаар зүйлийн 1, 3-т зааснаар  шүүгдэгч Б.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6. Иргэний нэхэмжлэгч Б.Доржсүрэнгийн 18-70 ХОҮ улсын дугаартай приус -20 маркын тээврийн хэрэгсэлийг битүүмжилсэн прокурорын 2020 оны 02 сарын 20- ны өдрийн  5/20 дугаартай “ Эд хөрөнгө битүүмжлэх тухай “ тогтоолыг  хүчингүй болгосугай. 

7.Шийтгэх тогтоол нь уншиж сонсгомогц хүчинтэй болох ба шүүгдэгч Б.*******д  хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсныг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор  шүүгдэгч ,  хохирогч  гомдол,  улсын яллагч дээд шатны прокурор  эсэргүүцлээ Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй  ба гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Т.ЦЭЦЭГМАА

Top of Form