| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0116/Э |
| Дугаар | 0127 |
| Огноо | 2020-01-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Тунгалагтуяа |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 31 өдөр
Дугаар 0127
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Ц.Долгормаа,
улсын яллагч А.Тунгалагтуяа,
шүүгдэгч Э.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Б овогт Эын Ут холбогдох 1908061270040 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол Улсын иргэн, 1990 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, группт байдаг гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын ... дугаар баг, Боргүвээ ... дүгээр гудамж ... тоотод бүртгэлтэй боловч одоо Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн ... дугаар хорооны Жаргалантын ... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, Б овогт Эын У /РД:.../
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Э.У нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоот М.Г-ийн гэрт Б.Н-ыг орж ирээд “М.Г-ийг унтаж байхад сэрээлээ” гэх зүйлээр шалтаглан хэл амаар доромжилж, түүний биед тархи доргилт, баруун хацар , гар, цээж, гуянд цус хуралт, завьжинд язарсан шарх, нэг шүдний сулрал, дух, хацар умдаг хэсгийн зөөлөн эдийн няцрал үүсгэж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Б.Н-ын мэдүүлэг /хх-ийн 21-22х/, гэрч У.Ц-гийн мэдүүлэг /хх-ийн 17х/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14170 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7х/, шинжээч эмч Ө.Сийн мэдүүлэг /хх-ийн 10х/, шүүгдэгч Э.Уын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 36х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 46х/, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 43-44х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 47х/, шүүгдэгч Э.Уын мэдүүлэг /хх-ийн 28-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.У нь 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 20 цагийн орчим Сонгинохайрхан дүүргийн ... дүгээр хороо ... дугаар байрны ... тоот М.Г-ийн гэрт Б.Н-тай маргалдан улмаар түүний биед тархи доргилт, баруун хацар , гар, цээж, гуянд цус хуралт, завьжинд язарсан шарх, нэг шүдний сулрал, дух, хацар умдаг хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Б.Н-ын “...2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр найз Гийн гэрт очиход Гийн найз У, мөн танихгүй нэг залуу пиво уугаад сууж байсан ба Гь унтаж байсан. Тэгэхээр нь би Гиас машиныг нь хаана байгаа талаар асуух гээд сэрээх гэсэн чинь У намайг хөөе янхан минь чи унтаж байгаа хүнийг сэрээж яах гээд байгаа юм гэхээр нь би Ут чи яагаад байгаа юм, чи яагаад Гийн машиныг хүнд өгүүлээд явуулж байгаа юм бэ гэсэн чинь У чамд ямар хамаатай юм гэсэн. Би Гийг сэрээх гээд татсан чинь У босож ирээд намайг гараараа боогоод газар унагаад миний цээжин дээр өвдөгөөрөө дараад байсан. Тэгэхээр нь би цагдаа дуудна гэсэн чинь У миний гар утсыг булааж авах гээд, би гар утсаа өгөхгүй гээд бид хоёр булаацалдаад У миний гар утсыг авсан. Тэгэхээр нь би хажуу талд байх айл руу ороод цагдаа дуудаад буцаад ороод ирсэн чинь У намайг хэл амаар доромжлоод нүүр хэсэгт 3-4 удаа гараараа цохиод, мөн чи эрэгтэй юм биш үү гээд миний салтаа руу хөлөөрөө өшиглөөд газар унагасан. Тэгэхээр нь би Уаас гар утсаа авах гээд татсан чинь миний гар утсаар миний толгой хэсэгт цохиод авсан. ... Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
Гэрч У.Ц-гийн “...гаднаас Гийн найз гээд эмэгтэй ганцаараа орж ирсэн. Тэр эмэгтэй орж ирээд Гийг бос гээд хөнжлөөс нь татаад байсан чинь У тэр эмэгтэйг чи яах гээд байгаа юм унтаж байгаа хүнийг битгий сэрээх гээд бай гэсэн чинь тэр эмэгтэй Уыг “чи зайл” гээд хэл амаар доромжлоод байсан. ...Намайг харж байхад У, Ныг цааш бай гээд түлхээд байсан. У Ныг хаана нь юугаар хэдэн удаа цохисон талаар би мэдэхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2019 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 14170 дугаартай: “Б.Н-ын биед тархи доргилт, баруун хацар, гар, цээж, гуянд цус хуралт, завьжинд язарсан шарх, нэг шүдний сулрал, дух, хацар, умдаг хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад тогтонгид нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 7х/,
Шинжээч эмч Ө.Сийн “...Б.Н-ын биед учирсан гэмтлээс тархи доргилт, завьжинд язарсан шарх гэмтлүүд нь дангаараа гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Бусад баруун хацар, гар, цээж, гуянд цус хуралт, нэг шүдний сулрал, дух, хацар, умдаг зэргийн зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 10х/,
Шүүгдэгч Э.Уын мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...гаднаас Гийн найз гэх Н ганцаараа орж ирээд манай найз охин Гийг бос гээд хөнжлөөс нь татаад “чиний машин хаана байгаа юм ээж чинь залгаад байна, чи намайг яагаад хаяад явсан юм” гээд байхаар нь би Нт “машиныг нь дүү гуйгаад аваад явсан” гэж хэлсэн чинь Н “юу яриад байгаа юм, Гийн ээж нь над руу залгаад байна, машиныг нь олоод ир гээд” гэж хэлээд над руу “чи Гийн машиныг мэддэг болсон юм уу, шалдан банди минь, чи яг одоо зайл гээд над руу салаавч гаргаад зайл” гээд хэл амаар доромжлоод байхаар нь би Нт “чи өөрөө манай гэрээс гар, би өөрийн гэртээ байна” гэж хэлээд сандал дээр сууж байсан чинь Н намайг өшиглөөд байхаар нь би зөрүүлээд хацар хэсэгт нь цохисон чинь Н гараараа хаасан. Тэгсэн манай найз Ц сууж байгаад босч ирээд Н бид хоёрыг салгасан чинь Н цагдаа дуудна гээд байхаар нь би гар утсыг нь авах гээд булаацалдаж байгаад Н бид хоёр хамт газар байсан гудсан дээр унасан. Би утсыг нь авсан. Н босч ирээд чи миний гар утсыг авчихлаа гээд над руу дайраад байхаар нь би Нт чи гар утсаараа цагдаа дуудна гээд байгаа биз дээ тэгээд би гар утсыг чинь авсан юм гэж хэлсэн. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 28-31х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.
Шүүгдэгч Э.У нь хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон бөгөөд хохирогчид учирсан хөнгөн хохирол, шүүгдэгчийн үйлдэл хоёр хоорондоо шалтгаант холбоотой, Э.Уын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнийг гэм буруутайд тооцох үндэслэл болно.
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Н-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...1,400,000 төгрөг авсан, гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлсэн /хх-ийн 22х/, хүсэлт /хх-ийн 57х/ зэргийг гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор А.Тунгалагтуяа нь Э.Ут холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Э.Ут Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хохирол төлбөр барагдуулсан байдал, мөн шүүгдэгч Э.Уын хувийн байдал /эрүүл мэндийн байдал/ зэргийг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин, орлогын байдлыг харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Э.Ут урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Уын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 2,4, 37.1, 38.1 дүгээр зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Эын Уыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Уыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ут оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгийн торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан Э.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Э.У нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ