| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Адшаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 145/2016/00590/И |
| Дугаар | 590 |
| Огноо | 2016-12-16 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 16 өдөр
Дугаар 590
Өвөрхангай аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Үүрийнтуяа даргалж
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Богд сумын 3 дугаар баг, Баян төхөм гэх газар оршин суух, 1961 онд төрсөн, 55 настай, Толин овгийн Цэндийн Эрдэнэцэцэгийн хүсэлттэй
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн тухай иргэний хэргийг хянан хэлэлэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч төлөөлөгч Ц.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Б.Бямбасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний бие нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан. Ингээд өндөр насны тэтгэвэр тогтоолгох гэтэл хөдөлмөрийн дэвтрээ үрэгдүүлсний улмаас улсад ажилласан хугацаа маань ажилласан жилд орж тооцогдохгүй хохироход хүрээд байна. Иймд намайг дээрх хугацаанд ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэжээ.
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Ц.Эрдэнэцэцэг “Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Ц.Эрдэнэцэцэг нь 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсан болох нь Өвөрхангай аймгийн архивын тасгийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 760 тоот лавлагаа, Өвөрхангай аймгийн Барилга монтажийн конторын даргын 1978 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 90 тоот тушаал, Өвөрхангай аймгийн Барилга угсралтын трестийн даргын 1989 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 345 тоот тушаал, гэрч Ж.Надмид А.Буянтогтох, Д.Жаргал нарын мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтаар тус тус нотлогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаарТолин овгийн Цэндийн Эрдэнэцэцэгийг 1978 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл Өвөрхангай аймгийн Барилга угсралтын конторт нормчноор ажиллаж байсанболохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3. Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй бөгөөд хүсэлт гаргагч шийдвэрийг эс зөвшөөрвөлгардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ А.ҮҮРИЙНТУЯА