| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гаанжуурын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 188/2020/0123/Э |
| Дугаар | 0130 |
| Огноо | 2020-02-03 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Ц.Гансүлд |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 0130
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Алтанцэцэг даргалж,
нарийн бичгийн дарга Б.Сосорбарам,
улсын яллагч Ц.Гансүлд,
шүүгдэгч Ё.Б, өмгөөлөгч Ч.Даваасүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн Х овогт Ёгийн Бд холбогдох 1908062100029 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн байцаалт
Монгол улсын иргэн, 1978 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Баянхонгор аймгийн Богд суманд төрсөн, 42 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ... ажилтай, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо, Орбитын ... дугаар гудамж ... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х овогт Ёгийн Б /РД:.../,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Яллагдагч Ё.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй худалдааны төвийн баруун талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эхнэр Р.Г-ийг хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож, улмаар биед нь тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, ууцанд зулгаралт бүхий гэмтэл учруулж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогдсон гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Р.Г-ийн мэдүүлэг /хх-ийн 6х, 7х/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14293 дугаартай дүгнэлт /хх-ийн 15х/, гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдлын үнэлгээ, Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны хамтарсан багийн хурлын тэмдэглэл /хх-ийн 29-35х/, шүүгдэгч Ё.Бгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 39х/, ажлын газрын цалингийн тодорхойлолт /хх-ийн 40х/, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-ийн 41х/, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар /хх-ийн 43х/, гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 44х/, хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 45х/,
Шүүгдэгч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг /хх-ийн 23-26х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл, журмаар цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны гэж үзэж нотлох баримтаар үнэлэв.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Ё.Б нь 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Э” нэртэй худалдааны төвийн баруун талд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай эхнэр Р.Г-ийг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь:
Хохирогч Р.Г-ийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө манай нөхөр Ё.Б гэрээсээ ажилдаа явна гээд гараад явсан. Би ...таксинд явж байсан чинь манай нөхөр Ё.Бтэй хамт ажилладаг гэх нэг залуу таараад манай ажлынхан Э худалдааны төвийн ойролцоо архи ууж байна гэхээр нь би очоод нөхөр Ё.Бг чи архи уусан байна, яагаад архи уусан юм гэсэн чинь Ё.Б намайг “янхан минь зайл” гээд намайг хэл амаар доромжлоод байхаар нь би айгаад өөрийн машин луугаа орсон. Ё.Б миний араас ирээд машины цонх руу гараараа цохиод байхаар нь би машинаасаа буугаад Ё.Бгийн сууж байсан машинд орсон чинь Ё.Б араас орж ирээд намайг цохиод авсан, би Ё.Бг аргадаад авч явах гэсэн чинь миний үгэнд орохгүй надаас зугтаагаад такси бариад явсан. ...Ё.Б гараараа миний нуруу хэсэгт цохиод, мөн хөлөөрөө нуруу болон миний зүүн гуя хэсэгт нэг удаа өшиглөөд, гараараа миний зүүн нүд хэсэгт 1-2 удаа цохисон. Тэгээд намайг машинд сууж байхад миний цамцны захны араас зулгаагаад газарт өвдөг хэсгээр унагаасан. ...Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6х, 7х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 14293 дугаартай:
“...Р.Г-ийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн бугалга, баруун өвдөг, зүүн гуянд цус хуралт, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт /хх-ийн 15х/,
Шүүгдэгч Ё.Бгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 27-ны өглөө гэрээсээ ажилдаа гараад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо ... шарын хойд талын автобусны буудлаас Энхжин худалдааны төв хүртэл цэвэрлэгээ хийсэн. Би ажлаа хийж дуусаад Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хорооны нутагт байрлах Эд хамт ажилладаг Т, Б хоёртой хамт 1 шил Хараа нэртэй архи хувааж ууж байхад 15 цагийн орчим манай эхнэр Г ганцаараа өөрийн хувийн машинтайгаа миний архи ууж байсан газар ирсэн. Г ирээд машинаасаа бууж ирэхгүй байхаар нь хаалгыг нь татаад юу хийж байгаа юм гэхэд юм ярихгүй машиндаа суугаад байсан. Би гараараа машины цонхыг цохиход машинаасаа бууж ирээд намайг өшиглөөд би өнөөдөр архи уулаа гэсэн. Би архи уусан, машин барихгүй гээд хамт архи уусан Б, Т хоёрын машинд суухад манай эхнэр орж ирээд архи уух гээд байсан. Би эхнэртээ чи архи ууж болохгүй гээд гараараа нэг удаа зүүн шанаа хэсэгт цохиход машинаас буусан. Би араас нь очоод тэвэрч аваад Гийн өвдөг хэсгээр нь газар унасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-26х, шүүх хуралдааны тэмдэглэл/ зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.
Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуульд гэр бүлийн хамаарал бүхий этгээд эхнэр, нөхөр, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч нарыг гэр бүлийн хамаарал бүхий этгээдэд ойлгохоор, гэр бүлийн хүчирхийлэл гэж “...гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодох, харгис хэрцгий харьцах, догшин авирлах, тарчлаах, эд хөрөнгө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд нь халдах, сэтгэл санаанд нь дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг” ойлгохоор тус тус хуульчилсан байна.
Шүүгдэгч Ё.Б, хохирогч Р.Г нар нь 2003 оны 12 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болсныг илтгэх гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа авагдсан, 3 хүүхэдтэй болох тэдгээрийн мэдүүлгүүдээр тогтоогдож байх тул Ё.Б, Р.Г нарыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай этгээдүүд буюу эхнэр, нөхөр гэж үзнэ.
Тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл нь шүүгдэгчийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэр бүлийн таарамжгүй харилцаа, үл ойлголцол зэргээс болсон байна.
Шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Ё.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Ё.Б болон түүний өмгөөлөгч хэргийн үйл баримт, гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, хүлээн зөвшөөрч оролцсон болно.
Иймд шүүгдэгч Ё.Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна.
Гэмт хэргийн улмаас хохирогч Р.Г-ийнэрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэж мэдүүлэг /хх-ийн 4-6х, 7х/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Гансүлд нь Ё.Бд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдүүлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Ё.Бд танилцуулсан байх ба тэрбээр гарын үсэг зурсан байна.
Шүүгдэгч Ё.Бд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүхээс шүүгдэгч Ё.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, түүний ажил хөдөлмөр эрхэлдэг зэрэг хувийн байдлыг харгалзан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний цалин хөлсний байдлыг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч Ё.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Ё.Бгийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, цагдан хоригдсон хоноггүй, мөн шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 5,8,9 дэх хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1,2,4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт Ёгийн Бг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ё.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Бд оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ё.Б нь дээрх хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Энэ хэрэгт иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Ё.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
6. Энэ тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол Ё.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АЛТАНЦЭЦЭГ