Булган аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 47

 

Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Цэрэндулам даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгч З.Э  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1915005990012 дугаартай, 163/2020/0041/Э индекстэй З.Э ад холбогдох хэргийг 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.  

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1959 оны 03 дугаар сарын 10-ны өдөр Б аймгийн Б суманд төрсөн, 61 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 8, эхнэр, хүүхдүүдийн хамт Б аймаг,  .... оршин суух, ял шийтгүүлж байгаагүй, Б овогт З.Э.

Холбогдсон хэргийн талаар:  

     Шүүгдэгч З.Э  нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Могой” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн тээвэрлэж байгаль экологид 1299817 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

   Шүүгдэгч З.Э ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж ярих зүйлгүй гэв.

191500599012 дугаартай эрүүгийн хэргээс мөрдөн байцаалтын шатанд:

Хохирогч Б.П-гийн өгсөн: “...Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Могойн модон хошуу” гэдэг газар нь 2019 онд мод бэлтгэх талбайн тусгаарлалт хийгдсэн газар байсан. З.Э  нь ойгоос мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй ба Бугат сумын цагдаа, дэд ахлагч Н.Б аас З.Э  гэх хүн “Могой” гэдэг газраас зөвшөөрөлгүй мод бэлтгэсэн талаар сонссон. Э ын бэлтгэсэн мод нь шинэс төрлийн түлээний зориулалтаар тайрсан хуурай, чийгтэй хольмог байсан. Байгаль эклогид учирсан хохиролоо барагдуулна ...” гэх мэдүүлэг /хх 34 хуудас/,

Гэрч Н.Б-ны өгсөн: “...Би 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Бугат сумын төвд эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх хугацаанд **-** БУА улсын дугаартай хөх өнгийн ачааны Портер маркийн тээврийн хэрэгсэл дээр түлээний мод аччихсан явж байхад нь шалгасан. З.Э  гэж хүн ямар нэг зөвшөөрлийн бичиггүй мод тээвэрлэж явсан. Ийм учир Цагдаагийн хэсэг дээр авч ирж саатуулсан. ...” гэх мэдүүлэг /хх 39 тал/,

Гэрч Э.С-ын өгсөн: “...2019 оны 12 дугаар сард манай аав З.Э  урд уул буюу “Могойн модон хошуу” гэдэг газарт түлээний мод бэлтгэсэн байсан. Тэгээд би ачиж өгсөн юм. ...” гэх мэдүүлэг /хх 41 хуудас/,

Гэрч Ж.Б-гийн өгсөн: “...2019 оны 12 дугаар сарын 07-ны орой хүн ам, мал тооллогоор тоонд очсон. Тэгэхэд З.Э  нь надаас “Орхон аймаг руу түлээний мод нэг хөгшин хүнд оруулж өгөх гэсэн юм. Модны зөвшөөрөл өгч байна уу?” гэж асуусан. Тэгэхэд нь би модны зөвшөөрөл өгдөг хүмүүс хүн ам, мал тооллогонд явсан байгаа. Ирэхийг нь дөхүүлж байгаад сумын төв рүү ороод авчих гэж хэлсэн  юм. ...” гэх мэдүүлэг /хх 46 хуудас/,

Гэрч Н.Ж-ийн өгсөн: “...2019 онд хамгийн сүүлд Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Могойн эх” гэдэг газар нь ойн арчилгааны огтлол, цэвэрлэгээний  огтлолоор “О” ХХК-ийн компаны нэр дээр талбайн тусгаарлалт хийгдсэн учраас иргэд түлээний мод бэлтгэж болохгүй. ...” гэх мэдүүлэг /хх 48 хуудас/,

Шүүгдэгч З.Э  яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ: “...2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Могойн модон хошуу” гэх газраас түлээний мод бэлтгээд 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр сумын төв дээр өөрийн эзэмшлийн ...-... БУА улсын дугаартай тээврийн хэрэгслээр тээвэрлэж яваад цагдаа зогсоож шалгасан. Мод бэлтгэх эрхийн бичиг аваагүй. Модоо бэлтгэчихээд очиж авах гэж байсан юм. Би “Могойн модон хошуу” гэх газраас 3 босоо хуурай шинэс төрлийн мод бэлтгэсэн. Нойтон мод бол унагаагүй газар байсан хоёр модыг л авсан. 1.4 метрийн урттай 50 ширхэг мод бэлтгэж тээвэрлэсэн. ...” гэх мэдүүлэг /хх  112 хуудас/,

2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн Экологи эдийн засгийн үнэлгээгээр  50 ширхэг хуурай, нойтон түлээний модны үнэлгээ 1299817 төгрөг болохыг тогтоосон шинжээчийн дүгнэлт  /хх 73 тал/,

 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн шүүгдэгч З.Э ын зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн гэх 50 ширхэг модонд сум дундын ойн инженер Б. Ж-ийн  тогтоосон экологи эдийн засгийн үнэлгээ нь 1299817 төгрөг болсон байна. Тус үнэлгээг үндэслэн Байгаль орчны хяналтын улсын байцаагч Х. Э Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49.2 дугаар зүйлд заасны дагуу 3 дахин өсгөж тооцоход 3899451 төгрөг болж байна гэх хохиролын үнэлгээ тооцсон баримт  /хх-80 тал/,

Гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 02/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 03-07/, мод, хөрөө, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх 08-18/, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоол /хх 19-24/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл /хх 61-62, 68-69, 74-75,81-82/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд /хх 83-88/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 89/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 90/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол /хх 106-107/ зэрэг баримтуудыг шинжлэн судлав.  

Хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч З.Э нь 2019 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Булган аймгийн Бугат сумын 1 дүгээр багийн нутаг “Могой” гэх газраас ойгоос зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэн, өөрийн эзэмшлийн **-** БУА улсын дугаартай “Портер” маркийн тээврийн хэрэгслээр тээвэрлэж байгаль экологид 1299817 төгрөгийн шууд хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байна.        

Энэ үйл баримтаар шүүгдэгч З.Э ын гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлгээр тогтоогдсон хэрэг, үйл баримт болсон цаг хугацаа, орон зай, түүний сэдэлт шалтгаан, учирсан хор уршигийн талаар шүүгдэгч З.Э ын мэдүүлэг,  хохирогч Б.П , гэрч Н.Б , Э.С , Н.Ж  нарын мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүгүй, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт тээврийн хэрэгсэл, хөрөө, модонд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг, эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл, тогтоолууд, шинжээчийн дүгнэлт танилцуулсан тухай тэмдэглэл, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх 89/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, хувийн байдлыг тогтоох баримтууд зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдож байна.

 Дээрхи нотлох баримт нь тухайн хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларч бэхжигдсэн, байгаль экологид учирсан хохирлын талаархи дүгнэлтүүдийг тусгай мэдлэг эзэмшсэн, эрх бүхий шинжээч гаргасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн үндэслэл бүхий байх тул шүүх түүнийг үнэн зөв, нотолгооны ач холбогдолтой гэж үнэлэв. 

Хууль бусаар мод бэлтгэх гэдэгт мод бэлтгэх зөвшөөрөл аваагүй, тогтоосон төлбөр хураамжийг төлөөгүй байх, түүнчлэн зөвшөөрөлтэй боловч уг зөвшөөрөлд зааснаас өөр газар, илүү хэмжээгээр, эсвэл өөр нэр төрлийн мод бэлтгэсэн үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч З.Э ын дээрхи үйлдэл нь Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажсан иргэний эрүүл аюулгүй орчинд амьдрах, орчны бохирдол, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхэнд халдаж хүрээлэн байгаа орчны эсрэг хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэх гэмт хэргийн бүрэлдэхүүний бүхий л шинжийг агуулж байх тул түүнийг гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.  

Түүний гэм буруутай үйлдлийн улмаас байгаль экологид 1299817 төгрөгийн  шууд хохирол учирч, хохирогч Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэхь хэсгийн 1 -т заасныг үндэслэн улсын байцаагчийн тогтоосон “модны экологи эдийн засгийн үнэлгээ”-г гурав дахин нэмэгдүүлэн 3899451 төгрөгийг нэхэмжилсэн байх шүүгдэгч З.Э  нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж, хохирогчтой төлбөр төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан, хохирол бодит байдлаар төлөгдөөгүй байна.

Шүүгдэгч З.Э ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хохирогчтой эвлэрлийн гэрээ байгуулсан болохыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөх талаар эвлэрлийн гэрээ байгуулсан, одоогоор хохирол төлөгдөөгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал болон түүний хөрөнгө, орлогын байдлыг харгалзан торгуулийн ялын доод хэмжээгээр оногдуулах зүйтэй гэж үзэв.

Шүүгдэгч З.Э ын эд хөрөнгө битүүмжилсэн мөрдөгчийн 2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 50 ширхэг буюу 5.87 м3 мод болон түүнийг бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан Ашид билгүүн “ ХХК-ны 9000000 төгрөгөөр үнэлсэн  ...-... БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгслийг тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж, түүний үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3899451 төгрөгийг нөхөн төлүүлж  Бугат сумын байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг тус тус шүүгдэгч З.Э аас албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч З.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдвал зохино.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2,3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б овогт З-н Э ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар зөвшөөрөлгүйгээр хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч З.Э ыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч З.Э  торгуулийн ялыг хэсэгчлэн төлөх санал гаргаагүй болохыг дурьдсугай,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1,2,3, 4 дэх хэсэгт зааснаар  2019 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн тогтоолыг хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэж олсон шинэс төрлийн 50 ширхэг буюу 5.87 м3 мод болон түүнийг бэлтгэх, тээвэрлэхдээ ашигласан Ашид билгүүн “ХХК-ны 9000000 төгрөгөөр үнэлэсэн ...-... БУА улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл,  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан хятад улсад үйлдвэрлэсэн цахилгаан хөрөөг /70000/  тус тус шүүгдэгчээс албадан гаргуулж, 9000000 төгрөгний үнэлгээ бүхий  ...-... БУА улсын дугаартай /“Портер” /загварын тээврийн хэрэгслийн үнийн дүнгээс гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол 3899451 /гурван сая найман зуун ерэн есөн мянга/ төгрөгийг нөхөн төлүүлж Бугат сумын байгаль хамгаалах санд оруулах, үлдэх хэсгийг улсын төсөвт шилжүүлсүгэй.

5. Шүүгдэгч З.Э  нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдсан иргэний бичиг баримтгүйг тус тус дурьдсугай.

6. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Э ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга  хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       С.ЦЭРЭНДУЛАМ