Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 18 өдөр

Дугаар 03

 

2018 оны 12 сарын 21 өдөр

          Дугаар 123/ШШ2017/0044

                                 Төв аймаг

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Одсүрэн даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Төв аймгийн Зуунмод сумын 1 дүгээр багийн иргэн Ж.Батмөнхийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Төв аймгийн Засаг даргад холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Ж.Батмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ж.Батмөнх, хариуцагч Төв аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, Д.Саран-Эрдэнэ, гуравдагч этгээд Төв аймгийн Биеийн тамир, спортын газрын төлөөлөгч дарга Г.Лхагвасүрэн, нарийн бичгийн дарга А.Доржпүрэв нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Батмөнх шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Ж.Батмөнх Төв аймгийн Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэхийн урд талд байрлах цэвэр дулаанд холбогдох боломжтой газрыг иргэдэд хашаа, байшингийн суурь үнэ 7.800.000 төгрөгөөр газрыг үнэгүй эзэмшүүлэхээр хүсэлт авч байсан учир холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн. Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн А/15 гоот захирамжаар Төв аймгийн Зуунмод сумын 5 дугаар баг А-0-2 тоотод байрлах 500 мкв газрыг 15 жилийн хугацаатай ахуйн зориулалтаар эзэмшихээр болсон. Энэ захирамжаар нэр бүхий 9 хүнд газар эзэмшүүлсэн. Гэтэл Зуунмод сумын Засаг дарга дээрхи 9 хүнд газар эзэмшүүлэхээр болсон захирамжаа өөрчилсөн, хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр гаргаагүй байж 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 тоот захирамж гаргаж өмнөх А/15 тоот захирамжаар газар эзэмших эрх олгосон байсан 9 хүн дээр 1 хүний нэрийг нэмж нийтдээ 10 хүнд газар эзэмшүүлэхээр А/32 тоот захирамж гаргасан байна. Энэ газрыг авахад хаан банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл авч байшингийн суурь болон хашааны үнэ болох 7.000.000 төгрөг. цахилгаан шугам сүлжээний үнэ 800.000 төгрөг, гэрчилгээний үнэ 5.000 төгрөг. тэмдэгтийн хураамж 6.000 төгрөг төлсөн. Гэтэл Төв аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамж гаргаж Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” А/32 тоот захирамжийг хүчингүй болгосон байсан тул би 2017 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Төв аймгийн Засаг даргад өргөдөл гаргасан боловч дээрхи газрыг дуудлага худалдаагаар олгоогүй, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байна гэсэн үндэслэлээр хүчингүй болгосон, эзэмших эрхийг сэргээх боломжгүй гэсэн хариу өгснийг 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр хүлээж авч Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 тоот захирамжийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус газарт байгаа айлуудаас нэг эгнээ гудамжны айлуудын газрыг хүчингүй болгосон. Гэтэл шүүхээс үзлэг хийж байхад зарим айлууд нь хашаандаа амьдарч байсан. Нийт 20 айлд газар олгосон байхад нэг хэсэг айлуудын газрыг хүчингүй болгосон нь үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй байна. Тухайн газарт байгаа зарим иргэдэд өмчлөлийн гэрчилгээ олгож байгаа гэж сонссон. Гэхдээ намайг шүүхэд нэхэмжлэл гаргасан маргаантай байгаа учраас гэрчилгээ олгохыг түр хугацаагаар хойшлуулсан гэж байна лээ. Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу захиргааны акт эрх ашиг зөрчиж байгаа тохиолдолд заавал сонсгож, оролцоог нь хангах эрхтэй ёстой. Гэтэл аймгийн Засаг даргын захирамж гарсан гэдгийг огт хэлээгүй. Нийт 20 айл газар эзэмшүүлсэн мөртлөө 10 айлын газрыг нь хүчингүй болгосон нь Монгол улсын Үндсэн хуулинд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй. Энэ зарчмыг алдагдуулсан шийдвэр гаргасан. Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас төсөл хөтөлбөр явуулж байна гэж ойлгож энэ газрыг эзэмшсэн. Тухайн үед Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргаас нь тус газарт шинэ төлөвлөлт хийж, жишиг хороолол бий болгож байгаа, өөрсдөө боломж бололцоогоороо ийм загварын байшин барих ёстой, төсөл хөтөлбөрт хамрагдах боломжтой гэж тайлбарлаж байсан. Миний хувьд одоо мөнгөө буцааж авъя гэхээр Зуунмод сумаас “Бетон зуурмаг” ХХК-иар ажлыг нь гүйцэтгүүлээд хүлээгээд авсан учраас ямар боломжгүй болоод байна. Банкинд нийт 11 сая төгрөг болгож төлөх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй байна. Надад цалингаас өөр орлого байхгүй. Төрийн байгууллагын шийдвэр, улс төрийн намын хоорондын зөрчилдөөнөөс болж жирийн ард иргэд хохирох ёсгүй. Иймд Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаартай захирамжийн Ж.Батмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төв аймгийн Зуунмод сумын иргэн Ж.Батмөнхийн захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч танилцаад дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байна. Зуунмод сумын Засаг дарга Ж.Цэндсүрэн нь аймгийн Засаг даргын 2008 оны 311 дүгээр захирамжаар Биеийн тамир спорт хороонд 60 жилийн хугацаатай эзэмшүүлсэн аймгийн стадионы урд хэсэгт байршилтай газарт 8 айлын барилгын суурь болон хашааг хийж гүйцэтгэхээр “Төв бетон зуурмаг” ХХК”-тай 2015 оны 09 сарын 21-ний өдөр хамтран ажиллах гэрээ байгуулж, хийж гүйцэтгүүлэн 2015 оны 12 сарын 14-нд ашиглалтанд хүлээн авчээ. Уг газар дээр иргэн Ж.Батмөнх нь Зуунмод сумтай 2015 оны 12 сарын 17-ны өдөр хамтран ажиллах гэрээ байгуулан хашаа болон барилгын суурийн үнэнд Төв бетон зуурмаг ХХК-ний дансанд 7.0 сая төгрөгийг төлсөн.

Тайлбар байна гээд нэгэнт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулаад хэлэлцсэн байна. Ийм учраас тухайн үед энэ үйл ажиллагааг эхлүүлсэн Цэндсүрэн гэдэг хүнийг шүүх хуралдаанд оруулах ёстой байсан. Гэтэл ажлаа өгсөн болохоор оролцох боломжгүй байна. Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу хэзээ хэрэгжиж эхлээд дуусах ёстой байсан гэдгийг иргэн хүний хувьд мэдэх боломжгүй. Миний хувьд мөнгөө өгөөд газраа авсан учраас хохирох ёсгүй.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат, Д.Саран-Эрдэнэ нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас явуулсан энэ үйл ажиллагаа нь эхнээсээ хууль зөрчсөн. Ийм учраас явцын дунд энэ нөхцөл байдал нь илэрсэн болохоор иргэдэд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгосон. Тус газрыг бусдын эзэмшил, ашиглалтанд байгаа газартай давхцуулж олгосон, энэ газар нь огт газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй байдаг. Иргэдийн зүгээс газрыг худалдаж авсан гэж хэлдэг боловч төсвийн дансанд огт мөнгө ороогүй. Тухайн айлуудаас газрын суурь үнийг төлж газраа аваагүй. Өмнө нь нэхэмжлэгч болон Уртнасан, Оюунмөнх гэсэн иргэдээс аймгийн Засаг даргад гомдол гаргаж байсан. “Бетон зуурмаг” ХХК-ийн захирал Төмөрчөдөр гэж хүнтэй уулзаж байгаад тус газрыг авсан байдаг. Төмөрчөдөр гэж хүнээс газрыг олгосон мэтээр харагдаж байсан. Тус газар нь Төмөрчөдөр гэж хүний мэдлийн газар биш. Аймгийн Засаг даргын захирамж нь Зуунмод сумын Засаг даргын буруу шийдвэрийг зөвтгөсөн. Хууль зөрчсөн ажлыг залруулсан захирамж гаргасан учраас хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Өчигдөр шүүхээс үзлэгээр очиход манай байгууллагаас хяналтын хэмжилт хийсэн. Энэ баримт хавтас хэрэгт авагдсан байгаа. Хэмжилтээс харахад 20 айл байгаа боловч урд талын айлууд нь мэдээллийн санд огт ороогүй. Бүртгэл хийгдээгүй. Зураг дээрээс харахад нийт 20 айлын хашаа нь аймгийн Биеийн тамир спорт хорооны газартай давхцуулж олгосон байдаг. Шүүхээс яаж шийдвэрлэнэ. Хэрвээ шүүхээс газар эзэмшүүлсэн зөв байна гэж шийдвэр гарах юм бол аймгийн Засаг даргын зүгээс Биеийн тамир спортын хорооны газрыг чөлөөлүүлж өгөх байх. Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас 20 дугаар тогтоол гарсаны дагуу аймгийн хэмжээнд олгогдсон газрын харилцаатай холбоотой материалыг хянаж үзсэн. Үүний хүрээнд иргэд нилээн мэдээлэлтэй байсан байх. Захиргааны ерөнхий хуулийн 28 дугаар зүйлийн дагуу сонсгож, мэдэгдсэн. Аймгийн Засаг даргын А/110 дугаартай захирамж бүрэн эхээрээ хэвлэл мэдээлэлд тавигдсан. Зууны мэдээ сонинд бүрэн эхээр тавьсан. Сонингийн дугаарыг нь мэдэхгүй байна.  Аймгийн Засаг дарга нь Зуунмод сумын хувьд инженер дэд бүтцэд холбогдох боломжтой А зэрэглэлийн газарт газар эзэмшүүлдэг. Бусад газарт Зуунмод сумын Засаг дарга газар эзэмшүүлдэг. Зуунмод сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд байхгүй байсан зүйлийг 2015 онд хийчихээд, 2016 онд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулсан байдаг. Өмнө онд хийсэн ажлаа дараа оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд оруулж тусгасан байсан. Энэ иргэдэд газар эзэмшүүлсэн төсөл хөтөлбөр нь хуулийн шаардлагыг огт хангаагүй. Бүх ажил нь 14 хоногийн дотор болж өнгөрсөн байдаг. 110 тоот захирамжийн 6-д зааснаар дахин газар өмчилж авах эрхтэй гэж заасан байна. Зарим иргэд нь өргөдлөө гаргаад газраа авсан байдаг. Зарим иргэд нь дуудлага худалдаад ороод газар авсан. Гэхдээ газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газрыг олгосон. Газар эзэмших эрх нь хүчингүй болгосон иргэдийн хувьд газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд орсон газраас газар авах эрх нь нээлттэй. Аймгийн Засаг даргын А/110 тоот захирамжинд эрх нь нээлттэй гэж тусгаж өгсөн. Гэхдээ газрыг шууд зааж өгнө гэж байхгүй. Газрын тухай хуулийн хүрээнд газар олгогдсон байсан бол төрөөс иргэнд газрыг нөхөж олгож болно. Газар эзэмших эрх нь хүчингүй болгосон иргэд хуулийн дагуу өргөдлөө өгөөд, төлөвлөгөөнд тусгагдсан газарт газар авах, мөн төсөл сонгон шалгаруулалтанд ороод газар авах эрх нь боломжтой байгаа  гэжээ.

            Гуравдагч этгээд Г.Лхагвасүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Аймгийн Биеийн тамир спортын газрын эзэмшиж байгаа 123952 м2 газрыг 2008 оны 06 сарын 17-нд кадастрын зураглал хийгдэж спорт-хүүхэд залуучуудын чөлөөт цагийг өнгөрүүлэх спортын байгууламж барихаар төлөвлөгдсөн. Иргэдэд байгууллагын эзэмшлийн газраас зөвшөөрөлгүй олгосон байна. Миний бие 2006 оноос хойш Биеийн тамир спортын хорооны даргаар ажиллаж байна. Манай байгууллагын хашаа 1963 онд аймгийн 40 жилийн ойгоор баригдаж байсан. Анх баригдсан хэмжээгээрээ байгаа. Гэхдээ 2015 онд урд болон зүүн талын хашааг эвдэлж өөрчилсөн. Хашаа эвдэлж байгааг манай жижүүр надад хэлээд би тухайн үед газар дээр нь очиход Зуунмод сумын газрын даамал гээд нэг эрэгтэй хүн трактортай хүнтэй цуг газар ухаж байсан. Би юун хүмүүс ямар ажил хийж байгаа юм бэ гэж асуухад, таньд хамаагүй гэж хэлсэн. Би хашаа буулга гэсэн захирамж, шийдвэр байна уу? гэж асуухад байхгүй гэж хэлж байсан. Тухайн үед байшингийн суурь ухаж байсан би Зуунмод сумын Засаг дарга болон аймгийн Засаг даргад албан бичиг өгсөн боловч хариу огт ирээгүй. Зуунмод сумаас манай байгууллагад энэ талаар мэдэгдэх ёстой байсан. Мэдэгдээгүй учраас ийм байдалтай болоод байна. Зуунмод сумын “төв шинэчлэл” гэж албаны хүмүүс хашааг өөрчилж барьсан, манай байгууллагын газрыг зөвшөөрөлгүй эзэмшсэн. Нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Шүүх хавтас хэрэгт хуульд заасан журмын авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлж дүгнээд дараахь үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

            Төв аймгийн Засаг даргын 2017 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд  тусгагдаагүй газарт газрыг шууд эзэмшүүлсэн...” гэх үндэслэлээр иргэн Ж.Батмөнх нарын 10 иргэнд газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

            Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “би газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан газрыг эзэмшүүлж байна уу үгүй юу гэдгийг мэдэхгүй, Зуунмод сумын Засаг даргын Тамгын газраас Төв цэнгэлдэхийн урд талд байрлах цэвэр дулаанд холбогдох боломжтой газрыг иргэдэд хашаа, байшингийн суурь үнэ 7.800.000 төгрөгөөр, газрыг үнэгүй эзэмшүүлэхээр хүсэлт авч байсан учир холбогдох материалаа бүрдүүлэн өгсөн, банкнаас 8 сая төгрөгийн цалингийн зээл авч байшингийн суурь болон хашааны үнэ болох 7.000.000 төгрөг. цахилгаан шугам сүлжээний үнэ 800.000 төгрөг, гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамж төлсөн, тухайн үед кадастрын мэдээллийн санд хэн нэгний газартай давхцалгүй байна гэсэн, ...тухайн газарт нийт 20 айлд 2 эгнээ газар олгосон мөртлөө 1 эгнээ 10 айлуудын газар эзэмшүүлэх захирамжийг нь хүчингүй болгосон, зарим айлууд нь хашаандаа амьдарч байгаа, Монгол улсын Үндсэн хуулинд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй, Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсгож, оролцоог нь хангах ёстой байхад мэдэгдээгүй. одоо би өгсөн мөнгөө буцааж авах ямар ч боломжгүй болсон “ гэж тайлбарласан байна.

            Маргааны үйл баримтуудын талаар авч үзвэл:

1. Газрын тухай хуулийн 20 дугаар  зүйлийн 20.1.1, 20.1.2-д заасныг үндэслэн Төв аймгийн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 04 дүгээр сарын 09-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг батлагдсан төлөвлөгөөний 4 дэх хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд хэсгийн 7-д “Нацагдорж 5-р багт 0,1,2 гудамжинд “гудамж төсөл” зориулалтаар дахин төлөвлөлтөөр газар эзэмшүүлэхээр төлөвлөгдсөн[1] байна.

Энэхүү 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсаны дагуу Төв аймгийн Зуунмод сумын Засаг дарга 5-р багт “Жишиг хотхон” байгуулах төслийг дэмжиж, 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн А/140 дүгээр захирамжаар[2] тус төслийг хэрэгжүүлэх гүйцэтгэгчийг сонгон шалгаруулж гэрээ байгуулахыг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газарт даалгаж, төслийн зохицуулагчаар дэд бүтэц хариуцсан мэргэжилтэнг томилон,  төслийн хүрээнд хийгдэх 25х20 м харьцаатай хашааг барьж гүйцэтгэж иргэдэд хашааг 3.500.000 төгрөгөөр, 9,8мх10 харьцаатай барилгын суурийг 3.500.000 төгрөгөөр зарж борлуулахаар тогтоосон. “Төгс Энгүүн” ХХК 25х20м харьцаатай 8 айлын хашааны төсөвт өртгийг 24.586.883 төгрөгөөр тооцсон[3] байна.

Захиалагч Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Ганбат, гүйцэтгэгч “Төв бетон зуурмаг” ХХК-ийн захирал З.Төмөрчөдөр нар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 09 дугаартай “Хамтран ажиллах гэрээ” байгуулж, уг гэрээний 1.2.1-д гүйцэтгэгч тал зураг төсвийн дагуу өөрийн хөрөнгөөр барилгын ажлыг барьж гүйцэтгэнэ, 1.3.3-д “гүйцэтгэгч нь захиалагчийн төлөвлөсөн газарт зураг төсвийн дагуу 25х20м харьцаатай хашааг  барьж, иргэдэд хашааг 3.500.000 төгрөг, 9,8х10м харьцаатай барилгын суурийг 3.500.000 төгрөгөөр чанартай хийж гүйцэтгэн захиалагч талд хүлээлгэн өгөх, 1.3.4-д захиалагч төслийн гүйцэтгэлийг хүлээн авсны дараа эзэмшигч иргэдтэй худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг гүйцэтгэгчийн Худалдаа хөгжлийн банкны 499236156 тоот дансанд  төвлөрүүлж төслийн хөрөнгө оруулалтыг нөхөн барагдуулна” гэж тус заасан.[4] Тухайн гэрээний  дагуу баригдсан хашаа, байгууламжийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газар 2015 оны 12 дугаар сарын 04-ны өдөр “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт” аар хүлээн авч, ашиглалтад оруулахаар шийдвэрлэжээ[5].

Үүний дараа нэхэмжлэгч Ж.Батмөнх нарын нэр бүхий иргэдтэй “Хамтран ажиллах гэрээний нэмэлт” гэх нэртэй гэрээ байгуулан байшингийн суурь болон хашааны үнэ болох 7.000.000 төгрөгийг худалдаа хөгжлийн банкны 499235398 тоот дансанд, цахилгаан шугам сүлжээний үнэ болох 800.000 төгрөгийг зуунмод Төрийн сангийн /ОНХСан/ 142252400 тоот дансанд 5 хоногт багтаан төлж, худалдан авагч тал гүйцэтгэгчид төлбөр тооцоог бүрэн барагдуулсны талаар мэдээлэл хүлээн авсны дараа  захиалагч захирамж гарган газрын гэрчилгээг худалдан авагч талд олгохоор тохиролцож[6], тухайн гэрээний дагуу нэхэмжлэгч Ж.Батмөнх байшингийн суурь болон хашааны үнэ болох 7.000.000 төгрөгийг “төв бетон зуурмаг” ХХК-д, цахилгаан шугам сүлжээний үнэ 800.000 төгрөгийг Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын төрийн санд, гэрчилгээний үнэ, тэмдэгтийн хураамжийг захиргааны байгууллагад тус тус төлсөн байна.

 

Түүнчлэн Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор тус сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 3 дахь хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд гэсэн хэсгийн 12-д “Нацагдорж 5-р багт, стадионы урд хэсэгт дахин төлөвлөлтөөр газар эзэмшүүлэхээр[7]төлөвлөгдсөн байжээ.

Зуунмод сумын Засаг дарга нь 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар тус сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн, “Хамтран ажиллах гэрээний нэмэлт”, төлбөр төлсөн баримт, мэдээлэл зэрэгт тулгуурлан тус сумын 5-р багийн нутагт Ж.Батмөнх нарын нэр бүхий 10 иргэнд нийт 4784 мкв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэж[8], нэхэмжлэгч ж.Батмөнхөд 2016 оны 03 дугаар сарын 14-ны өдөр 500 мкв газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, гэрээ байгуулсан зэрэг нь нэхэмжлэгчийн “би 7.000.000 төгрөгийг “Төв бетон зуурмаг” ХХК-д бэлнээр, цахилгаан шугам сүлжээний үнэ 800.000 төгрөгийг Зуунмод Төрийн сангийн 142252400 тоот дансанд төлсөн гэсэн” тайлбар, хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Отгонбат нарын “хашаа, байшингийн суурийн 7000000 төгрөгийг Төв бетон зуурмаг ХХК-д төлсөн гэсэн”, “Зуунмод сумын Засаг даргын Тамгын газрын төрийн сангийн ... тоот дансанд цахилгааны холболтын үнэнд 800.000 төгрөг төлсөн” гэх тайлбарууд, Хамтран ажиллах гэрээний нэмэлт, Засаг даргын захирамж зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд энэ нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3-д “...газрыг иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн...-д эзэмшүүлэх ашиглуулах асуудлыг шийдвэрлэх, зохион байгуулах”, 29 дүгээр зүйлийн 29.1-д “иргэнд гэр бүлийнх нь хамтын хэрэгцээнд зориулан хувийн гэр, орон сууцны хашаа барих зориулалтаар үнэ төлбөргүй эзэмшүүлэх газрын хэмжээ 0.07 га-гаас илүүгүй байна” гэж тус тус заасантай нийцэж байна.

Мөн Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг үндэслэн тус сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар[9] нэр бүхий 10 иргэнд нийт 0.5 га газрыг эзэмшүүлэхдээ 5-р багийн А1 гудамжны 4 тоот байршилд иргэн Н.Сүрэнд 500 мкв газрыг, 10 дугаар сарын 12-ны өдрийн А/210 дугаар захирамжаар[10] 20 иргэнд газар эзэмшүүлэхдээ 5-р багийн А1 гудамжны 1, 2, 8 тоотуудад С.Оюунцэцэг, В.Сүхболд, А.Лхамхүү нарт тус бүр 500 мкв газар эзэмшүүлэхээр тус тус шийдвэрлэсэн.

Төв аймгийн Засаг дарга 2016 оны 7 дугаар сарын 19-ны өдрийн А/437 дугаар захирамжаар[11] Зуунмод сумын 2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд...дахин төлөвлөлт хийхээр тусгагдсаны дагуу...дэд бүтцийг бий болгоход шаардлагатай газрыг чөлөөлөхийг зөвшөөрсөн 9 иргэнд газрын байршил, нэгж талбарын дугаарыг өөрчлөн газар өмчлүүлэхдээ Р.Төрбат, Б.Цэрэндаш, О.Лхагвацэрэн, Ц.Мягмарсүрэн нарт Зуунмод сумын 5-р баг, А1 гудамжны 4, 6, 7, 9 тоот байршил тус бүр 500 мкв газар өмчлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл Төв аймгийн Засаг дарга 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжаар “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй газрыг шууд эзэмшүүлсэн...” гэх үндэслэлээр иргэн Ж.Батмөнх нарт газар эзэмшүүлсэн Зуунмод сумын Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн[12] нь хууль бус байна.

Учир нь Зуунмод сумын 2015, 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг “дахин төлөвлөлт” гэх байдлаар эзэмшүүлэхээр төлөвлөснөөс гадна маргаан бүхий газрын урд талын эгнээнд Зуунмод сумын Засаг дарга 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн А/144 дүгээр захирамжаар иргэн Н.Сүрэнд 500 мкв газрыг, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн А/210 дугаар захирамжаар С.Оюунцэцэг, В.Сүхболд, А.Лхамхүү нарт тус бүр  500 мкв газар эзэмшүүлсэн шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа иргэн Ж.Батмөнхөд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 4.1.3-д “газар, өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчмыг баримтална” гэж заасантай нийцэхгүй  байна гэж шүүх дүгнэлээ.

Өөрөөр хэлбэл адилхан нөхцөлтэй нэгж талбарт хамаарагдах буюу маргаан бүхий газарт газар эзэмших эрх үүссэн урд эгнээнд байрлалтай газрыг эзэмшигч А.Лхамхүү, В.Сүхболд, С.Оюунцэцэг, Н.Сүрэн нарт газар эзэмшүүлэх шийдвэрийг хэвээр үлдээсэн атлаа ард талын эгнээнд байрлалтай газрыг эзэмшигч иргэн  Ж.Батмөнх болон нэр бүхий 10 иргэнд газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Тодруулбал Зуунмод сумын 2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд маргаан бүхий газрыг эзэмшүүлэхээр төлөвлөсөн төдийгүй, сумын Засаг дарга “Жишиг хотхон” байгуулах төслийг баталж, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан тухайн газарт хашаа, байшингийн суурийг барьж байгуулсан, хашаа, байшингийн суурийн үнэ 7.000.000 төгрөг, холбогдох төлбөрийг иргэн Ж.Батмөнх бүрэн төлсний дараа Зуунмод сумын Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар Ж.Батмөнхөд тухайн газрыг эзэмшүүлж, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, газар эзэмшүүлэх гэрээг 1 жилийн хугацаагаар байгуулсан байгаа нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэж заасантай нийцэж байх бөгөөд Ж.Батмөнхөд Зуунмод сумын 5-р багийн А-0-2 тоот байршилтай 500 мкв газрыг эзэмших эрх хууль ёсоор үүссэн байна.

2. Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д заасныг үндэслэн Төв аймгийн Засаг дарга 2008 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 311 дүгээр захирамжаар Зуунмод сумын 5-р багийн нутаг дэвсгэрт стадионы 123952 мкв газрыг Биеийн тамир спортын хороонд спорт цогцолборын зориулалтаар 60 жилийн хугацаатай эзэмшүүлж шийдвэрлэжээ[13].

Харин Төв аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжаар “...2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд Усны аж ахуйн хэсгийн дахин төлөвлөлттэй холбогдуулан Унагалдайн андууд цэцэрлэгийн авто зам барихтай холбогдож газраа чөлөөлөх айл өрхөд хашаа, байшин барих газар нөхөн олгох жишиг гудамж байгуулах” зорилгоор Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулан “иргэдэд 12319 мкв газар олгож, 111633 мкв газрыг Биеийн тамир спортын хороонд эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэсэн[14].

Дээрх захирамжийг батлагдан гарсны дараа Зуунмод сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 02 дугаар тогтоолоор  Зуунмод сумын 2016 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг баталж, уг төлөвлөгөөний 3 дахь хэсгийн зохион байгуулах ажлын хүрээнд гэсэн хэсгийн 12-д “Нацагдорж 5-р багт стадионы урд  улалт-газар дахин төлөвлөлт, техникийн нөхцөл-дахин төлөвлөлт”[15] гэж төлөвлөгдсөн байна.

Ийнхүү Төв аймгийн Засаг дарга 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжаар Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газрын хэмжээнд өөрчлөлт оруулан иргэдэд 12319 мкв газар олгохоор, үлдсэн 111633 мкв газрыг нь Биеийн тамир спортын хороонд эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг үндэслэн Зуунмод сумын Засаг дарга Биеийн тамир спортын хорооны эзэмшлээс хасагдсан 12319 мкв газрыг 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар иргэдэд эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн.

Мөн Төв аймгийн Засаг дарга 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар дээр дурьдсан аймгийн Засаг даргын 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн А/69 дугаар захирамжийг хүчингүй болгож, Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн 123952 мкв газрын байршилд тодотгол хийж, урд хэсгийг хасч, баруун зүүн талд нэмж кадастрын зураглалд өөрчлөлт оруулан, хэмжээг багасгалгүй биеийн тамир спорт цогцолборын зориулалтаар 123952 мкв газрыг Биеийн тамир спортын хороонд эзэмшүүлж шийдвэрлэсэн байх бөгөөд Биеийн тамир спортын хороонд анх 2008 онд эзэмшүүлсэн газрын хэмжээ өөрчлөгдөөгүй, Төв аймгийн Засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн А/244 дүгээр захирамжаар захирамж хүчин төгөлдөр байна.

Түүнчлэн маргаан бүхий газар нь Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газартай давхцалгүй бөгөөд Төв аймгийн Засаг даргын болон Зуунмод сумын Засаг даргын захирамжаар газар эзэмшигч иргэн Н.Сүрэн, С.Оюунцэцэг, В.Сүхболд, А.Лхамхүү, газар өмчлөгч иргэн Р.Төрбат, Б.Цэрэндаш, О.Лхагвацэрэн, Ц.Мягмарсүрэн нарын эзэмшил, өмчлөлийн газартай нэг нэгж талбарт хамааралтайгаар зэрэгцэн байрлаж буй нь Төв аймгийн Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн “...стадионы газрыг өөрчилсөн зургыг давхцуулан харуулж, 2016 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн А/32 дугаар захирамжаар олгосон 10 иргэн, 2016 оны 07 дугаар сарын 09-ны өдрийн  захирамжаар олгосон иргэний нэгж талбартай давхцаж байна...” гэсэн 07/41 тоот албан бичиг, түүний хавсралт зураглал, 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шүүхийн үзлэгийн тэмдэглэл, фото зураг зэргээр тогтоогдож байна.     

Иймээс хариуцагчийн “...газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, Биеийн тамир спортын хорооны эзэмшлийн газар дээр ... хууль бусаар газар эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-д заасныг зөрчсөн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна.

Хэрэв захиргааны байгууллага иргэнд эзэмшүүлсэн газрыг эргүүлэн авах шаардлагатай тохиолдолд Газрын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д “газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага нь гэрээний хугацаа дуусахаас өмнө иргэн, аж ахуйн нэгжийн эзэмшлийн газрыг улсын тусгай хэрэгцээнд буюу бүгдийг буюу зарим хэсгийг нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авах саналыг тухайн газар эзэмшигчтэй урьдчилан тохиролцсоны дараа Засгийн газарт гаргаж болно” гэж зааснаар газар эзэмшигч иргэн Ж.Батмөнхтэй газрыг нь нөхөх олговортойгоор солих буюу эргүүлэн авахаар урьдчилан тохиролцох хуулийн зохицуулалттай байна.

Хариуцагч нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох үүргээ биелүүлээгүйгээс нэхэмжлэгчийн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1, 35.1.1-д заасан “гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах”  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ж.Батмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна. Шүүхийн энэ шийдвэрээр Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ж.Батмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснээр нэхэмжлэгч Ж.Батмөнхийн газар эзэмших эрхийг сэргээж байгаа болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 20 дугаар зүйлийн 20.1.2, 21 дүгээр зүйлийн 21.4.3, 27 дугаар зүйлийн 27.1, 61 дүгээр зүйлийн 61.1, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Төв аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн А/110 дугаар захирамжийн иргэн Ж.Батмөнхөд холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ж.Батмөнхөд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар шүүхийн шийдвэрийг хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

 

 

ДАРГАЛАГЧ            ШҮҮГЧ                               Ч.ОДСҮРЭН

 


[1] Хэргийн 48-50 дугаар хуудас,

[2] Хэргийн 125-р хуудас

[3] Хэргийн 53-р хуудас,

[4] Хэргийн 126-р хуудас,

[5] хэргийн 51-р хуудас

[6] Хэргийн 54-р хуудас

[7] Хэргийн 35, 40-р хуудас,

[8] Хэргийн 33-р хуудас, захирамж, хавсралтын хамт

[9] Хэргийн 104-р хуудас,

[10] Хэргийн 109-р хуудас,

[11] Хэргийн 105-р хуудас

[12] Хэргийн 99-100 дугаар хуудас,

[13] Хэргийн 64-р хуудас

[14] Хэргийн 96-р хуудас

[15] Хэргийн 35, 40-р хуудас,