Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 09 өдөр

Дугаар 51

 

Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Цэрэнханд даргалж,

Нарийн бичгийн дарга Б.Энхзул,

Улсын яллагч М.Сайнзаяа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн,

Шүүгдэгч Г.Б  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор, хууль цаазын дэд зөвлөх Д.Сүрэнхорын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б т холбогдох эрүүгийн 1934011170550 дугаартай, 163/2020/0046/Э индекстэй хэргийг 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, мэргэжилгүй, малчин, ам бүл 4, урьд ял шийтгүүлж байгаагүй, Т овогт Г.Б.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Г.Б ыг 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн ... сумын нутгаас иргэн Г.Б ын 18 тооны адууг хулгайлж, 47641500 төгрөгийн хохирол учруулсан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б ын өгсөн: Би 2019 оны 10 сард урд уул руу өдөр бүр адуундаа явдаг байсан. Тэр үед урд нуруунд 18 тооны халиун азаргатай адуу байдаг байсан. Адуунд явж байгаа залуус эзэн нь сурахгүй байна, алдагдсан адуу юм шиг байна гэж ярьж байсан. Мөн багийн Засаг дарга А  халиун азаргатай 18 тооны адуу харагдсан уу? гэж асууж байсан. 2019 оны 11 дүгээр сарын 11-нээс 12-ны өдрүүдэд цасан шуурга болоод адуу уруудсан ба 11 сарын 13-ны өдөр адуундаа явж байхдаа халиун азаргатай адуутай таарсан. Тэр үед хүнээс зээл авсан байсан ба мөнгөний хэрэгтэй байсан тул алдуул адуу гэж бодоод оройхон гэрлүүгээ авчраад махалсан. Борлуулсаныхаа дараа буюу цагдаа нарыг хэлэхэд хүний адуу гэдгийг нь мэдсэн. Адууны эзэн нь Увс аймгаас нүүж ирээд удаагүй байсан юм байна лээ. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,

Эрүүгийн 1934011170550 дугаартай хэргээс мөрдөн шалгах ажиллагааны шатанд хэрэгт цугларсан яллах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтаар шүүгдэгч Г.Б  нь иргэн С.О аас авсан зээлээ төлөх зорилгоор 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Булган аймгийн ... сумын нутаг “М” гэх газраас хохирогч Г.Б ын 18 тооны бод малыг бэлчээр дээрээс нь хулгайлан авч захиран зарцуулсан үйлдлээрээ 47641500 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал тогтоогдож байна.

Энэ үйл баримт нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогч Г.Б ын өгсөн: Би гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөвөөр бүгдийг нь ярьсан. “...Миний төрсөн ах А  нь Булган аймгийн ... сумын нутаг “М” гэх газраас 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөрт шилжих шөнө гэрийнхээ ойролцоо байсан 18 тооны адуугаа алдаад олохгүй байна гэж надруу утсаар ярихаар нь би Улаанбаатар хотоос очоод ах А ын хамт гэрийнх нь ойролцоо болон Төв, Булган, Сэлэнгэ аймгийн нутгуудаар машинтай явж хайсан боловч адуугаа олоогүй. Тэгээд 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Төв аймгийн Лүн сумын нутаг “Б” гэх газарт манай 16 тооны адууны толгой шийр, арьсыг машинтай зөөж авчраад хөдөө хээр хаясан байна” гэж ах А  надад утсаар хэлсэн...” гэх /хх-13-15 тал/ , ...манай адуу миний төрсөн аав болох Монгол улсын алдарт уяач Х Г  угшлын унаган адуунууд, ...нийт адуугаа 48500000 төгрөгөөр үнэлнэ гэх /хх-12 тал/, ...шинжээчийн дүгнэлтүүдтэй танилцсан, ...Г.Б ын зүгээс хохирол, төлбөрөө барагдуулчихсан учраас надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй, шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гэж үзэж байна гэх /хх-14 тал/ мэдүүлэг,

гэрч Г.А ын өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс 14-нд шилжих шөнө Булган аймгийн ... сумын “М” гэх газраас Халиун азаргатай 18 тооны адуу алга болсон. Тухайн үед сураг тавьж явтал Д “манай гэрийн баруун урагшаа 2 км орчим зайд Г.Б  гэх залуу танай адуунуудыг өөрийнхөө адуутай цуг “Т” гэх газраас тууж оруулж ирсэн, маргаашнаас нь тэр хавиар харагдахаа больсон” гэж хэлсэн. Тэрнээс хойш хайгаад олоогүй байж байгаад Д гийн хамт 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр “арьс байна” гэх Төв аймгийн Лүн сумын “Б” гэх газарт очиж үзтэл манай адууны арьс мөн байсан.  ...Хөдөө, айлын гадаа Б, Б  нар цуг зогсож байгаад Б нь Г.Б т “Т” гэх газарт халиун азаргатай адуунууд байна лээ, хойноос хүн сураг тавиад байгаа гэсэндээ гэж хэлэхэд Г.Б  мордоод явчихсан гэсэн.

“Т”-оос Д гийн гэрийн урд руу хөх бор морь уначихсан өөрийнхөө адуутай хамт тууж яваад үлдээгээд явахыг Д харсан байсан. Манай алдсан адууны 16 арьс, 6 толгой байсан, нэг унага, нэг гүүний арьс байгаагүй...” гэх мэдүүлэг /хх-20-21 тал/,

гэрч Б.Д гийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр оройны 17 цагийн үед Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн нутаг “Б” гэх нэртэй газарт өөрийнхөө тугалтай гурван үхрээ хайж яваад буцаад гэрлүүгээ мотоцикльтой харьж явсан. Тэр үед Б  гэх залуу манай гэрээс ертөнцийн зүгээр баруун урд зүгт 2 км орчим зайд баруун талаар адуугаа тууж яваад нэг мотоцикльтой хүнтэй уулзаж байсан. Энэ үед би адууных нь хажуугаар зөрсөн. Тэр хавьд О  ах нүүдэл хийж, хонио тууж явахад бид хоёр уулзсан. …О  ахтай уулзах гээд явж байх үед Б  өөрийнх  нь бор азаргатай адуу, эрлийз хээр, А ын халиун азаргатай адуу нийлээд 50 орчим адууг туугаад манай баруун урд орхиод гэрлүүгээ яваад өгсөн. Б  буцаж ирээд 50 орчим тооны адуугаа авсан талаар би хараагүй, гадаа харанхуй болсон байсан. ...А ын халиун азаргатай 18 тооны адууг 2019 оны зунаас хойш тамга, зүс, тоогоор нь мэднэ. Яагаад гэвэл манай хоёр айл, саахалт байдаг байсан. Мөн адуугаа нэг газраас усалдаг...” гэх мэдүүлэг /хх-22 тал/,

гэрч Г.Б ийн өгсөн: “...би 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр Б  ахынд машин авчирч орхиход хонины хашаанд адуу хашаатай байсан. Орой гэртээ байж байхад манай ах Б  намайг утсаар дуудаад “ах нь хэдэн адуугаа хийчихлээ, чи хүрээд ир” гэсэн. Ингээд би орой 23 цагийн үед Б  ахынд очиход Б  ахын машин дээр нилээд олон адууны мах ачсан байсан. Мөн гэрийн гадаа хашааны урд талд мах овоолчихсон байсан. Чи миний машиныг унаад манай эхнэртэй явж мах зарчихаад ир гэж хэлсэн. Тэгээд би Б  ахын эхнэр Б тай хамт явж “Эмээлт” зах ороход  Б  эгч нэг хүнтэй утсаар яриад махаа аваачиж өгсөн. Тэр нь 6 сая орчим төгрөг болсон. Махаа зарчихаад буцаж шөнөдөө яваад гэртээ очиж нэг цаг гаруй унтчихаад дахиад өглөө 06 цаг болж байхад буцаж Б  ахынд ирээд Б  ах, Б  эгч нартай хамт явж нөгөө газартаа махаа өгөөд нийт 13 сая орчим төгрөг болсон гэж байсан. Араас Б , Б  нар **-** БУА улсын дугаартай “Приүс-30” маркийн машинтайгаа хамт дагаж ирээд махаа өгчихөөд үлдсэн. Би “Бонго Жи-3” машиныг унаад буцаад явсан. ...Надад мөнгө өгөөгүй, ...надад өөрийнхөө адууг нядалсан гэж Б  ах хэлсэн. Зээлээ төлөх гэж байгаа гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-25 тал/,

гэрч О.Б ын өгсөн: “... 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр манай нөхөр Б  өглөө босоод адуундаа явна гэж хэлээд морьтой гэрээсээ гарсан. Ингээд 12 цагийн орчимд манай нөхөр 15-18 толгой адуу авчирч хонины хашаандаа хашаад гаргана гэж хэлсэн. Надад хэлэхдээ “хүнээс авлагаа авлаа бугуйлны хөлсөнд ирсэн адуу, зарим нь хүнээс авах авлагаа авлаа” гэж хэлсэн. Ингээд манай нөхөр адуугаа ганцаараа гаргаад би гэдэс дотрыг нь цэвэрлэж өгсөн. Энэ зуурт манай хадам дүү Б  ирээд явсан. Орой адуугаа янзалж дуусаад нөхөр маань Б ийг дуудаад Б  бид хоёр махаа борлуулахаар яваад зам дагуу байдаг газарт үнийг нь асууж байгаад хамгийн өндөр үнээр авч байсан газарт өгөөд шөнөдөө буцсан. Ингээд Б  машинаа унаад махаа ачаад Б  приүс машинаа унаад хамт яваад махаа өгчихөөд ирсэн. Адуугаа хийж дуусаад унагатай гүүгээ гаргая гээд хээр унагатай, хээр гүү хоёуланг нь гаргаад явуулсан” гэх мэдүүлэг /хх-26 тал/,

гэрч С.О ын өгсөн: “... Б  нь надаас 2019 оны 7 дугаар сард хургатай хонь худалдаж авах гэсэн юм гээд 10 сая төгрөг дансаар зээлж аваад 10 дугаар сард эргүүлж мөнгөө төлнө гэсэн. Ингээд хугацаандаа мөнгөө өгөхгүй 11 дүгээр сар гарсан. Би мөнгөө нэхэж утсаар ярьтал  Б  “би одоо ингээд хийнэ” гэж хэлээд миний данс руу 3 сая төгрөг, ... 2 хоногийн дараа АТМ-ээс 7 сая төгрөг шилжүүлсэн,  ...би  түүнд “хүүний мөнгийг цалингаас чинь суутгана шүү” гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-27 тал/,

гэрч Д.Д гийн өгсөн: “...2019 оны 11 дүгээр сарын 15-наас 16-нд шилжих шөнө эхлээд 01-02 цагийн орчимд нэг эмэгтэй, нэг багахан залуу хоёр ирээд адууны мах авч байгаа юу? гэж үнэ асуугаад авч байгаа гэхэд 8 адууны махыг нэг килограммыг нь 6200 төгрөгөөр бодож тушаагаад үлдсэн адууныхаа махыг эргэж ирж өгнө гэж хэлээд 200000 төгрөг бэлнээр аваад явсан. Ингээд өглөө 08:30-09:00 цагийн хооронд цагаан өнгийн “Приүс-30” загварын машинтай нэг залуу түрүүлж ирээд араас нь шөнө ирсэн нөгөө цагаан өнгийн Бонго загварын машинтай ирж 4 адууны мах өгөөд нийт 13200000 төгрөг болоод мөнгийг нь 2 хувааж тухайн үед өөрсдийнх нь Х банкны дансруу нь өөрийнхөө Х банкны ********** тоот данснаас хийсэн. ...” гэх мэдүүлэг /хх-29 тал/,

шүүгдэгч Г.Б ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-157тал/,

алдагдсан малд зах зээлийн үнэлгээ тогтоосон “Эй Жэй Жэй Эм” ХХК-ийн шинжээчийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 06/476 дугаартай: “иргэн Г.Б ын өмчлөлийн 18 тооны адууны зах зээийн үнэ цэнэ нь үнэлгээний өдөр болох 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн байдлаар 47641500 төгрөг болно” гэх дүгнэлт /хх-32-48 тал/,

тээврийн хэрэгсэлд үнэлгээ тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн “**-** БУА улсын дугаартай “KIA Bongo 3” маркийн тээврийн хэрэгслийн үнэ 5 000 000 төгрөг” гэх 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №27 дугаартай дүгнэлт /хх-113-116 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.

Мөрдөгч дээр дурьдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг нь бусдын өмчийг гэмт этгээд хууль бус ямар аргаар өөртөө олж авч байгаагаас хамаараад энэ төрлийн бусад гэмт хэргүүдэд ангилагддаг бөгөөд “мал хулгайлах” гэмт хэрэгт бусдын малыг өмчлөгч, эзэмшигчид нь мэдэгдэхгүй нууц, далд аргаар, хууль бусаар олж авсан үйлдлийг ойлгох бөгөөд халдлагын зүйл нь таван хошуу мал байдгаараа хулгайн бусад гэмт хэргээс ялгагдана.

Шүүгдэгч Г.Б ын бусдын 18 тооны адууг бэлчээрээс нь тууж хашаанд хашиж нуун далдлах замаар махлаж, машин механизм ашиглан тээвэрлэж зарж борлуулсан үйлдэл идэвхтэй, өөрийн үйлдлийн хууль бус болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай, өмчлөх эрхийн эсрэг бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Г.Б од 47641500 төгрөгийн шууд хохирол учирч, мөрдөн шалгах ажиллагааны шатанд 2940000 төгрөгийн үнэлгээ бүхий унагатай гүүг биет байдлаар хүлээн авч, үлдэх 16 тооны адууны хохиролд 44701500 төгрөг, адууг эрж хайх, үнэлгээ хийлгэх, хэрэг хянан үийдвэрлэх ажиллагаанд оролцохтой холбоотой гарсан шууд бус хохиролд 2940000 төгрөг, нийт  47641500 төгрөгийг мөнгөн хэлбэрээр /хохирогч Г.Б ын Х банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэргийн 176-177 тал/ төлж, шүүгдэгч Г.Б  нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, гэм хорыг арилгасан байна.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч Г.Б  нь эхнэр, хоёр хүүхдийн хамт мал маллан амьдардаг, өмнө  гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй зэрэг түүний хувийн байдлыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-149 тал/, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа /хх-146 тал/, иргэний үнэмлэхний хуулбар /хх-147 тал/, багийн Засаг даргын тодорхойлолт /хх-163 тал/ зэрэг нотлох баримтуудаар тогтоосон байна.

Шүүгдэгч Г.Б т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурьдаж, бусдын хурдан угшлын олон тооны мал хулгайлсан гэмт хэргийн нийгмийн хор аюул, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан шүүгдэгч Г.Б т  дөрвөн жилийн хорих ял оногдуулж, нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь түүний гэм бурууд тохирно гэж үзэв.

Хэрэгт 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр битүүмжлэгдсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан **-** БУА улсын дугаартай “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгсэл нь /хх-10 тал/ иргэн Г.Б ийн эзэмшилд байгаа болох нь түүний иргэний нэхэмжлэгчээр өгсөн мэдүүлэг /хх-17тал/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-166 тал/, Автотээврийн үндэсний төвийн лавлагаа /хх-156 тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдсон байх тул тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож Булган аймгийн ... сумын 2 дугаар багийн иргэн Г.Б ийн эзэмшилд үлдээж шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Г.Б аас “Хас үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр гаргасан /хх-113-116 тал/ үнэлгээний дагуу уг тээврийн хэрэгслийн үнэ 5000000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэх нь зүйтэй байна.

Энэ хэрэгт шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Г.Б  нь энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2135 цагт баривчлагдаж 12 дугаар сарын 06-ны өдрийн 1955 цагт прокурорын тогтоолоор суллагдсан байх тул баривчлагдсан хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож, түүнд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

Монгол улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1-4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Т овогт Г.Б ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ыг 4 /дөрөв/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б ын баривчлагдсан 2 /хоёр/ хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Г.Б т оногдуулсан 4 /дөрвөн/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Шүүгдэгч Г.Б  нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, иргэний бичиг баримтгүй болохыг тус тус дурьдаж, **-** БУА улсын дугаартай “ Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгслийн битүүмжлэлийг хүчингүй болгож, уг тээврийн хэрэгслийг Булган аймгийн ... сумын 2 дугаар багт оршин суух Т овогт Г.Б -ийн эзэмшилд үлдээсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 5 дахь хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан **-** БУА улсын дугаартай “Kia Bongo 3” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 5 000 000 /таван сая/ төгрөгийг шүүгдэгч Г.Б аас гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын цагдан хорих байранд цагдан хорьсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Б т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   С.ЦЭРЭНХАНД