Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2016 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 146/ШШ2016/00321

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Э.Дулмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Хүсэлт гаргагч: Монгол Улсын иргэн, 1965 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 51 настай, эмэгтэй, Өвөрхангай аймаг, Хужирт сум, 5 дугаар баг, 58 тоотод оршин суух, ЙС65040708 дугаарын регистртэй, Боржигин овгийн Дашзэвэгийн Энхтуяагийн  

Ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч  хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Д.Энхтуяа миний бие нь 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгч, өлгүүрчнээр 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал ажилласан. 1983 оны 11 дүгээр сарын 14-нд ажилд орсон. Тушаал дээр миний нэрийг хүүхэд байхад дууддаг нэрээр буюу Дашзэвэгийн Цэвэл гэж нэрээр гарсан нь зөрчилд тооцогдоод байгаа тул Д.Энхтуяа намайг 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуульд үйлчлэгч, хувцас өлгөгчөөр тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү...” гэжээ.

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа нь 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд гаргасан хүсэлтдээ:

“...Миний бие тус шүүхэд ажилласан жилээ тогтоолгохоор хүсэлт гаргасан. Би Улаанбаатар хотод түр оршин сууж байгаа бөгөөд өрх толгойлсон ганц бие эмэгтэй оюутан хүүхэдтэй нааш цааш явах боломжгүй байгаа тул хэргийг маань намайг байлцуулалгүйгээр эзгүйд шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуульд 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал цэвэрлэгч, хувцас өлгөгчөөр тус тус ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хүсэлт гаргагч Д.Энхтуяа нь 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуульд цэвэрлэгч, хувцас өлгөгчөөр тус тус ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

Үүнд: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуулийн захиргааны 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай “Ажилчин авах тухай” тушаалын хуулбар, 1987 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Д.Энхтуяад олгогдсон хөдөлмөрийн дэвтэр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 2/151 дугаартай архивын лавлагаа, хүсэлт гаргагч Д.Энхтуяагийн 1990-1993 оныг дуустал хугацааны цалингийн түүвэр, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын сургуулийн 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 75 дугаартай “...Дашзэвэг овогтой Энхтуяа нь тус сургуульд 1983-1993 он хүртэл үйлчлэгчээр ажил эрхэлж байсан нь үнэн болохыг тодорхойлов...” гэсэн тодорхойлолт, Өвөрхангай аймгийн Хужирт сумын Ерөнхий боловсролын 2 сургуулийн захиралын 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 03 дугаартай “Орон тоо халагдсантай холбогдуулан зарим ажилд ажлаас чөлөөлөх тухай” захиралын тушаал, гэрч Б.Надмидийн “...Би 1983 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр Хужирт сумын 8-н жилийн сургуульд үйлчлэгчээр анх ажилд орж байсан бөгөөд Д.Энхтуяа нь мөн адил надтай цуг ажилд орсон. Тухайн үед манайхан Д.Цэвэлээ гэж дууддаг байсан. Тэгсэн Д.Энхтуяа нэртэй байсан юм билээ. Энэ талаараа сүүлд надад хэлж байсан юм. Дашзэвэгийн Цэвэл, Дашзэвэгийн Энхтуяа гэдэг чинь 1 хүн байгаа юм. Намайг ажиллаж байхад цэвэрлэгч хийдэг байсан. Харин сүүлд хувцас өлгөгчөөр ажилласан...” гэсэн мэдүүлэг, гэрч Ц.Товуу “...Хужирт сум чинь 2 сургуультай байсан бөгөөд 8-н жилийн дунд сургууль нь 1983-1984 оны хичээлийн жилд байгуулагдсан юм. Би тэр үед захиралаар нь ажиллах болсон. Тэгээд шинэ сургуульдаа шинэ ажилчин авсан. 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай ажилчин авах тухай тушаалаар би Дашзэвэгийн Цэвэл гэдэг хүнийг ажилд авсан. Манай сумынхан Д.Цэвэл гэж дууддаг байсан. Тэгсэн Дашзэвэгийн Энхтуяа нэртэй байсан юм билээ. Би тухайн үедээ мэдээгүй сүүлд мэдсэн. Мэдсэн бол би тушаалаа Дашзэвэгийн Цэвэл гэж гаргахгүй байх байсан. Дашзэвэгийн Цэвэл, Дашзэвэгийн Энхтуяа гэдэг чинь 1 хүн байгаа юм...” гэсэн мэдүүлэг зэрэг бичгийн нотлох баримтуудаар  тогтоогдож байна.

Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуулийн захиргааны 1983 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 11 дугаартай “Ажилчин авах тухай” тушаалд Дашзэвэгийн Цэвэл гэж нэрийг зөрүүтэй бичсэн нь гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож  байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээв.

Хүсэлт гаргагч Д.Энхтуяа нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлт шүүхэд ирүүлсэн байх тул түүний хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 , 100 дугаар зүйлийн 100.1, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг тус тус удирдлага болгон                                            

          ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч Боржигин овгийн Дашзэвэгийн Энхтуяаг 1983 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 1993 оны 02 дугаар сарын 02-ны өдрийг дуустал Өвөрхангай аймгийн Хужирт сумын 8-н жилийн дунд сургуульд цэвэрлэгч, хувцас өлгөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч Д.Энхтуяагийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын  орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар хүсэлт гаргагч нь  шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

                                             ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Э.ДУЛМАА