Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Гүндсамбын Энх-Амгалан |
Хэргийн индекс | 146/2017/00001/И |
Дугаар | 146/ШШ2017/00002 |
Огноо | 2016-12-26 |
Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2016 оны 12 сарын 26 өдөр
Дугаар 146/ШШ2017/00002
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан даргалж тус шүүхийн иргэний хэргийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Өвөрхангай аймгийн Хужирт сумын 3 дугаар багт оршин суух, Боржигин овгийн Даваасүрэнгийн Оюунчимэгийн хүсэлттэй,
“Ажиллаж байсан байдлаа тогтоолгох”-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонтуяа, нарийн бичгийн дарга А.Батцог оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг шүүхэд гаргасан хүсэлтэдээ: “...Д.Оюунчимэг миний бие 1983 оны 10 дугаар сараас Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд /хуучин нэрээр/ малчнаар 1990 оныг дуустал ажилласан. Гэтэл 1983 оны 10 дугаар сараас 1990 оныг дуустал ажилласан ажлыг сэргээн тогтоох шаардлага гарсан учир миний Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан жилийг тогтоож өгнө үү...” гэжээ.
Хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Отгонтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь 1983-1990 он хүртэл Бат-Өлзий сумын Батзам нэгдэлд хоньчноор ажиллаж байсан. Анх тэтгэвэрт ороход нь байцаагч нь ямар нэгэн зөрчил байхгүй гээд тэтгэвэрт орсон боловч саяхан шалгалт ирээд архивын лавлагаа гаргуулах шаардлагатай байна гэсэн учраас архивын лавлагаа гаргуулсан боловч архивын лавлагаа, хөдөлмөрийн дэвтэртэй зөрөөд байгаа. Ийм учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан...”
Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь “Ажиллаж байсан байдал тогтоолгох” тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Хүсэлт гаргагч Д.Оюунчимэг нь 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан болох нь хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт болон хүсэлт гаргагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Өвөрхангай аймгийн Архивын тасгийн 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн №684 дугаартай Архивын лавлагаа, 1983 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нээсэн хөдөлмөрийн дэвтэр, Сум дундын 18 дугаар шүүхийн 2015 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 48 дугаартай шийдвэр, гэрч Г.Дондогсэрчин, Ж.Хоролсүрэн нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтаар тогтоогдож байх тул хүсэлтийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт заасныг баримтлан Боржигин овгийн Даваасүрэнгийн Оюунчимэгийг 1983 оны 10 дугаар сарын 01-нээс 1990 оны 12 дугаар сарын 31-нийг хүртэлх хугацаанд Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын “Батзам” нэгдэлд малчнаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба хүсэлт гаргагч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЭНХ-АМГАЛАН