Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 134/ШШ2016/00176

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 2 дугаар танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:1961 онд төрсөн, 55 настай, эмэгтэй, Дорноговь аймгийн Даланжаргалан сумын 9 жилийн сургуулийн сургалтын менежер ажилтай, Дорноговь аймгийн Даланжаргалан сум, Цомог баг, 40 айлын 1-2 тоотод оршин суух, Бүргэдүүд   овогт Далхсүрэнгийн Үрэлмаагийн /РД:УХ61120129, утас:96516121, 89017969/ нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: 1967 онд төрсөн, 49 настай, эмэгтэй, Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг, 3 дугаар байрны 1-02 тоотод суух, Боржигон овогт Пүрэвдоржийн Бадамцэцэгт /РД: ЕЭ67120961, утас:88549094/ холбогдох

 

Зээл, зээлийн хүү 4 100 000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Үрэлмаа, түүний өмгөөлөгч Э.Мандахнаран, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Үрэлмаа нь хариуцагч Д.Үрэлмаагаас үндснэ зээл 3 000 000, зээлийн хүү 1 100 000 төгрөг нийт 4 100 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

     Нэхэмжлэгч Д.Үрэлмаа шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2013 оны 07 дугаар сард манай ангийн хүүхэд Ж.Гангамаа, Г.Янжинсүрэн, П.Бадамцэцэг нар манай гэрт ирээд сумаас 150.000.000 төгрөгний тендер авсан гэж хэлсэн. Тус компанийн захирал Бадамцэцэгт 2013 оны 10 дугаар сард мөнгөгүйн улмаас ажил зогсоод хүйтэн болох гээд хэцүү байна гээд дахин, дахин утасдаад байхаар нь би хүнээс 5.000.000 төгрөг олж өгсөн. Тэгээд 5.000.000 төгрөгийг Ж.Гангамаа, П.Бадамцэцэг нар манай гэрт ирж өөрсдөө тоолж авсан. Тухайн үед гэрээ хийгээгүй, амаар 10 хувийн хүүтэй мөнгө олж өгсөн. Сардаа багтаагаад эхний санхүүжилт орохоор мөнгийг өгнө гэсэн болзолтойгоор зээлсэн. Санхүүжилт орж ирсэн боловч тухайн үед мөнгө өгөөгүй. Утсаар залгахаар П.Бадамцэцэг мөнгийг нь өгнө, өгнө гэдэг байсан. Сүүлдээ утсаа ч авахгүй болсон. Дараа нь үлдэгдэл мөнгө болох 6.905.000 төгрөгийн гэрээ байгуулсан. Үүний 600 000 төгрөг нь манай дэлгүүрээс бараа, цемент зээлээр авсан мөнгө. Үүнийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан. Сүүлийн санхүүжилт ороход 2.000.000 төгрөг өгсөн. Бусад мөнгийг нь яасан юм бэ? гэхэд би өгч чадахгүй Г.Янжинсүрэн өгнө гэж хэлсэн. Би олон удаа утасдахад өгнөө, өгнө санхүүжилт орохоор өгнө гэж хэлсэн. 2015 оны 04 дүгээр сард л санхүүжилт орж 2.000.000 төгрөг өгсөн. Мөн хүүнд нь 800 000 төгрөг нийт 2800 000 төгрөг өгсөн. Би цагдаад хандаж хэлэхэд мөнгийг нь өгнө гэж байгаа бол цагдаад хандах боломжгүй, шүүхэд ханд гэж хэлсэн. Одоо зээлийн үлдэгдэл буюу үндсэн зээл 3 000 000 төгрөг, хүү 1 100 000 төгрөг нийт 4 100 000 төгрөгийг П.Бадамцэцэгээс гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч П.Бадамцэцэг шүүхэд гаргасан тайлбартаа: Миний хувьд Үрэлмаа гэдэг хүнээс мөнгө зээлээгүй, огт танихгүй. Харин барилга дээр менежер хийж байсан Гангамаа гэгч эмэгтэй найз нөхөд гээд Г.Янжинсүрэнг дагуулж очиж мөнгө зээлсэн гэж надад хэлсэн. Тухайн үед тус мөнгийг барилга дээр хэрэглэсэн гэсэн. Ажилчдын хоол, хүнс мартериалд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхээр нь би зөвшөөрсөн. Харин дараа баримтаар тулгана гэж хэлсэн. Гангамаа нь надад хэлэхдээ 5 000 000 төгрөгийг зээлсэн. Би 500 000 төгрөгийг өөрөө хэрэглэсэн. 4 500 000 төгрөгийг барилгад хэрэглэсэн менежер Янжинсүрэнд өгсөн. Би буцаагаад 2013 оны 12 дугаар сард буцаад санхүүжилт орж ирэнгүүтэл 5 000 000 төгрөгийг Янжинсүрэн, Гангамаа хоёрт өр өгөхөөр данснаас гаргаж бэлэн өгсөн. Тэр хоёрт Үрэлмаа багшийнх ороод нийт 1 965 200 төгрөгийг хүмүүсээс авсан өрөндөө тараа гэж өгсөн. Тухайн үед баримтыг 2014 онд баталгаажуулж авч баримтад хавсаргасан. Харин тэр хүүхэн над дээр 2015 онд ирж уулзаж, чамаас авна, чамд авч өгсөн гээд гарын үсэг хэрэгтэй гээд байхаар нь би тэгээ тэг би өгсөн авсан хүнтэй баримттай та итгэхгүй бол үз гэсэн. Би тэр хоёрыг шүүхэд өгнө чи надад хэрэглэсэн гэсэн баримт нотолгоо өг гэхээр нь би хожим гарын үсэг зурсан. Тэд хүн юу гэж бичсэнийг мэдэхгүй. Үнэмшилгүй хүнийг далимдуулж гарын үсэг зуруулчихаад түүгээрэй нотлох баримт хийх гээд байдаг нь хуурамч асуудал. Миний хувьд 1 жилийн дараа над дээр ирчихээд тэр 2 надад мөнгийг өгөөгүй гээд зовлонгоо тооцоод байхаар нь би дараа учир нь олдох байх гээд 2 000 000 төгрөг өгсөн. Надад тэр 2 хэлэхдээ Үрэлмаад 2 800 000 төгрөгийг өгсөн үлдэгдлийг өгөөгүй гэж байсан. Ямар учиртай өгөөгүйг би мэдэхгүй гэжээ.

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Үрэлмаа нь хариуцагч П.Бадамцэцэгээс үндсэн зээл 3000 000 төгрөг, зээлийн хүү 1 100 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийнхээ шаардлагыг Сүмбэр гүн компани иргэн Д.Үрэлмаатай хийсэн гэрээнд үндэслэсэн бөгөөд хариуцагч хариу тайлбараа өөрийн тооцоог  тэмдэглэсэн дэвтрийн хуулбар болон гэрч Г.Янжинсүрэн, Ж.Гангамаа нарын мэдүүлэгт  үндэслэж үгүйсгэсэн байна.

 

            Нэхэмжлэгч Д.Үрэлмаа нь 2013 оны 10-11 дүгээр сарын үед 5000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй хариуцагч П.Бадамцэцэгт зээлдүүлсэн аман гэрээ хийгдэж, улмаар П.Бадамцэцэг нь мөнгийг бэлнээр тоолж авсан болох нь талуудын маргаангүй тайлбар, гэрч Г.Янжинсүрэн, Ж.Гангамаа нарын мэдүүлгээр тогтоогдож байна.

 

            Гэвч Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т зааснаар зээлийн гэрээний талууд хүү тохиролцсон тохиолдолд бичгээр гэрээ байгуулах ёстой байтал талууд хуульд заасан гэрээний хэлбэрийн шаардлагыг хангасан гэрээг хийгээгүй тул зээлдүүлэгч хүү авах эрхээ алдсан байна. Иймд талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.-т заасан хүчин төгөлдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

 

            Хэдийгээр талууд сүүлд нөхөж гэрээ хийсэн гэрээний дагуу хүү авах эрхтэй гэж нэхэмжлэгч Д.Үрэлмаа тайлбарлаж байгаа боловч уг гэрээний агуулгаас үзэхэд Сүмбэр гүн ХХК, иргэн Д.Үрэлмаа нарын хооронд 6 905 000 төгрөгийн, хүүний талаар огт тусгагдаагүй гэрээ байх тул Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1-т зааснаар хүчин төгөлдөр гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Өөрөөр хэлбэл уг гэрээг талуудын урьд нь тохиролцсон хэлцлийг баталгаажуулах зорилгоор бичгээр хийсэн гэх боловч гэрээнд  хариуцагч П.Бадамцэцэг нь Сүмбэр гүн ХХК-ийн захирлын хувиар гарын үсэг зурж, тамга дарж баталгаажуулсан, зээлийн гэрээгээр өгсөн мөнгөн дүн зөрүүтэй, хүүтэй мөнгө зээлсэн талаар тусгагдаагүй зэрэг урьдны тохиролцоо буюу зээлийн гэрээний гол нөхцлүүд бүрэн тусгагдаагүй байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8-т зааснаар хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн  хүчин төгөлдөр бус хэлцэл байх бөгөөд улмаар мөн зүйлийн 56.3-т зааснаар гэрээг шинээр хийсэнтэй адилтгаж хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх боломжгүй юм.

 

            Түүнчлэн нэхэмжлэгч Д.Үрэлмаа нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа иргэн П.Бадамцэцэгийг хариуцагчаар сонгож нэхэмжлэл гаргасан хариуцагч талаас энэ талаар маргаагүй тул хэргийн жинхэнэ хариуцагч нь П.Бадамцэцэг гэж үзэхээр байна.

 

            Иймд  хариуцагч П.Бадамцэцэг нь зээлийн 5000 000 төгрөгөөс үндсэн зээл 2000 000 төгрөг, хүү 800 000 төгрөг нийт 2800 000 төгрөгийг буцаан төлсөн талаар талууд маргаагүй тул үлдсэн 2 200 000 төгрөгийг хариуцагч П.Бадамцэцэгээс гаргуулж нэхэмжлэгч Д.Үрэлмаад нь олгох нь зүйтэй байна.

 

            Нэхэмжлэгч Д.Үрэлмаа нь хэдийгээр 800 000 төгрөг нь хүүнд тооцож өгсөн учраас үндсэн зээлээс хасах үндэслэлгүй гэж маргаж байгаа хэдий ч энэ нь дээрх гэрээний хүчин төгөлдөр байдлаар үгүйсгэгдэж байна.

 

            Мөн хариуцагч П.Бадамцэцэг нь зээлж авсан 5000 000 төгрөгийг Г.Янжинсүрэнгээр дамжуулж нэхэмжлэгч Д.Үрэлмаад өгсөн нь тэмдэглэлийн дэвтрийн хуулбараар нотлогдоно хэмээн маргаж байгаа ч нэхэмжлэгч Д.Үрэлмаа гэрээний үүргийн гүйцэтгэлийг Г.Янжинсүрэнгээр дамжуулж  хүлээлгэж өгөх талаар хариуцагч П.Бадамцэцэгтэй тохиролцоогүй, нөгөө талаар уг дэвтрийн хуулбар нь түүний тухайн үеийн зарлагын тооцоог өөртөө тэмдэглэсэн баримт болохоос 5000 000 төгрөгийг Д.Үрэлмаад хүлээлгэж өгснийг нотлох баримт биш байна.     

 

            Түүнчлэн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс үүрэг гүйцэтгэгч мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд гүйцэтгээгүй тул зээлийн гэрээний хүү 1 100 000 төгрөгийг Иргэний хуулийн 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар ...тохирсон хүү гэж үзэж нэхэмжилж байна хэмээн тайлбарлаж байгаа хэдий ч дээрх хуулийн зохицуулалтын тохирсон хүү гэдэг нь талуудын анхны аман гэрээгээр тохиролцсон 10 хувийн хүү биш бөгөөд нэхэмжлэгч талаас 1 100 000 төгрөгийг юуг үндэслэж, хэрхэн тооцож байгаа нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байна.

 

            Иймд Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.5-д зааснаар зээлийн гэрээний хүү 1 100 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй. 

 

Нэхэмжлэгч Д.Үрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 50 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

            Хариуцагч П.Бадамцэцэгт шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн түүнийг оролцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 222 дугаар зүйлийн 222.5-т зааснаар хариуцагч П.Бадамцэцэгээс зээл 2 200 000 /хоёр сая хоёр зуун мянган/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Үрэлмаад олгож, нэхэмжлэлийн шаардлагаас зээл, зээлийн хүү 1 900 000 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Үрэлмаагийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 80 550 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг хангасан үнийн дүнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж 50 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                  Б.НАРАНЧИМЭГ