Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 694

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй О.Батжаргалд холбогдох “Зээл, зээлийн хүү 944.664 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                  

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Очир овогтой Батжаргал нь 2015 оны 01-р сарын 23-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10703291 тоот зээлийн гэрээ байгуулан 1.000.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугацаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч О.Батжаргал нь үндсэн зээл 753.691 төгрөг, хүү 178.773 төгрөг, торгуулийн хүү 3000 төгрөг, нотариатын хөлс 9200 төгрөг, нийт 944.664 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 4-р баг 4-р хэсэг 101 тоотод оршин суух Шарнууд овогт Очирын Батжаргал /ОТ-80120460/  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Очирын Батжаргал би “Вишнфанд” ББСБ-аас тухайн үед 1.000.000 төрөг зээлсэн. Сэлэнгэ аймаг Сүхбаатар суманд ажиллаж байсан тус байгууллага татан буугдаж харилцах хүнгүй болсон.

Би зээл авсан нь үнэн тул төлөх ёстойг ойлгож байна. Гэвч ам бүл 4, 2-10 насны 3 хүүхэдтэйгээ амьдардаг. Өөрөө эрхэлсэн ажилгүй, хүүхдээ харж, гэртээ байдаг. Гурван хүүхдийнхээ 60.000 төгрөгөөр амьдардаг. Өөр өрхийн орлогогүй.  Хүүхдүүдийнхээ 60.000 төгрөгөөр зээл болох 944.664 төгрөгийг төлж барагдуулах болно. Миний 5 настай хүү тархины саажилттай, амьдралаас болоод эмчилгээ хийлгэж чадахгүй явна. Энэ байдлыг харгалзан үзэж зохих шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.   

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Вишнфанд” ББСБ нь хариуцагч О.Батжаргалд холбогдуулан “Зээл, зээлийн хүү 944.664 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан Би зээл авсан нь үнэн тул төлөх ёстойг ойлгож байна. Хүүхдүүдийнхээ 60.000 төгрөгөөр зээл болох 944.664 төгрөгийг төлж барагдуулах болно.....” гэх тайлбараар нотлогдож байна.

Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27.222 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.611 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 13.611 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй. 

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” ББСБ-ын нэхэмжлэлтэй хариуцагч О.Батжаргалд холбогдох “Зээл, зээлийн хүү 944.664 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 27.222 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 13.611 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 13.611 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА