Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 2

 

2017 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 125/ШШ2018/0002

Ховд аймаг

ХАРИУЦАГЧИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ

БАТАЛЖ, ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОХ ТУХАЙ

 

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Янжиндулам би Ховд аймгийн Ховд сумын Улаанбураа багийн иргэн М.Е-ийн Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.Е-ийн өндөр насны тэтгэврийг бууруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, урьд авч байсан өндөр насны тэтгэвэр болох 610015 төгрөгөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 4 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийн зөрүүг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч хянаад:

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Е Захиргааны хэргийн шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 1963-1972 он хүртэл Ховд сумын Тариалан нэгдэлд ногоочин, 1973-1987 он хүртэл тус нэгдэлд тракторчин, 1987-1991 он хүртэл моторчин, цахилгаанчин, 1991-1997 он хүртэл Улаанбуруу ХК-нд моторчин, цахилгаанчинаар ажиллаж байсан. 2006 оны 12 сарын 01-ний өдөр тэтгэвэртээ гарсан. Тэтгэвэр тогтоолгосноос хойш 2017 оны 4 сар хүртэл 610015 төгрөгийн тэтгэвэр авч байсан. Гэтэл 2015 оны 5 сараас миний тэтгэврийг 251000 төгрөг болгон бууруулсан учир энэ талаар тодруулахад тэтгэвэр тогтоолгохоор сонгосон 5 жилийн цалингийн дундаж үндэслэлгүй байсан тул тэтгэврийн доод хэмжээгээр тэтгэвэр тогтоосон гэсэн хариу өгсөн.

Иймд миний өндөр насны тэтгэврийг бууруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, урьд авч байсан өндөр насны тэтгэвэр болох 610015 төгрөгөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 4 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийн зөрүүг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Н.Б шүүхэд гаргасан тайлбартаа: Ховд сумын тэтгэвэр авагч М.Е-ийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байгаагаа үүгээр мэдэгдэж байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Е нь Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан М.Е-ийн өндөр насны тэтгэврийг бууруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, урьд авч байсан өндөр насны тэтгэвэр болох 610015 төгрөгөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 4 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийн зөрүүг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байгаагаа бичгээр илэрхийлэн маргаанаа дуусгавар  болгож байгаа нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

            Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт  заасныг удирдлага болгон

 

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт зааснаар М.Е-ийн Ховд аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтэст холбогдуулан гаргасан “М.Е-ийн өндөр насны тэтгэврийг бууруулсан үйлдлийг хууль бус болохыг тогтоолгох, урьд авч байсан өндөр насны тэтгэвэр болох 610015 төгрөгөөр тэтгэвэр тогтоохыг хариуцагчид даалгах, 2017 оны 4 сараас шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацааны тэтгэврийн зөрүүг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 47 дугаар зүйлийн 47.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М.Е-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ховд аймгийн Эрүүл мэнд, ниймгийн даатгалын сангаас 35100 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжинд гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

4.Энэ захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                               Г.ЯНЖИНДУЛАМ