Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 819

 

 

 

 

 

Ч.Г-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Оч даргалж, шүүгч Д.Оюунчулуун, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Эсэн,

нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулж,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнийн даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 830 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Г.Эсэнгийн бичсэн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 36 дугаар прокурорын эсэргүүцлээр Ч.Г-д холбогдох 2017 2503 0306 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Ч.Г- нь хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулж, 2016 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Д.Анхзаяагаас түүний хүүхэд “Ц.Энхлэнг Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгт оруулж өгнө” гэж М.Түмэн-Өлзийгөөр дамжуулж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн зэргэлдээ орших шилэн байрны гаднаас 500.000 төгрөг авч залилсан,

-2016 оны 9 дүгээр сарын эхээр А.Юмчинсүрэнгээс түүний хүүхэд “Б.Ундрамыг Сүхбаатар дүүргийн 135 дугаар цэцэрлэгт оруулж өгнө” гэж М.Түмэн-Өлзийгөөр дамжуулж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар их дэлгүүрийн зэргэлдээ орших шилэн байрны гаднаас 500.000 төгрөг авч залилсан,

-2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Ш.Энхбатаас “хүүхдийг нь Хан-Уул дүүргийн 67 дугаар цэцэрлэгт оруулж өгнө” гэж Хан-Уул дүүргийн 3 дугаар хороонд байрлах дүүргийн Засаг даргын тамгын газрын байрны гадна 500.000 төгрөг авч залилсан,

-2016 оны 12 дугаар сарын 2 болон 2016 оны 12 дугаар сарын 9-ний өдрүүдэд Г.Лхагвацэцэгээс “Наран Эло ХХК-ний ажилчдад шагнал хөөцөлдөж өгнө” гэж итгүүлж Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын зэргэлдээ байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж нийт 1.156.000 төгрөгийг тус тус залилсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Ч.Г-д холбогдох үйлдлийг 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зарим нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл байгаа мөн шүүх хуралдаанаар нотолбол зохих байдал дутуу тогтоогдсон байх тул шүүх хэргийг прокурорт буцааж,

Ч.Г-г “Д.Анхзаяа, А.Юмчинсүрэн нарын хүүхдийг “цэцэрлэгт оруулж өгнө” хэмээн М.Түмэн-Өлзийгөөр дамжуулан тус бүрээс 500.000 төгрөгийг залилан авсан” хэмээн ялласан үндэслэл эргэлзээ бүхий байна. М.Түмэн-Өлзий нь Д.Анхзаяа, А.Юмчинсүрэн нарын хүүхдийг “цэцэрлэгт оруулна” гэж тус бүрээс 500.000 төгрөгийг авч, үүнээс хүн тус бүрийн өгсөн 500.000 төгрөгөөс 100.000, 100.000 төгрөгийг өөрөө авч, үлдэх мөнгийг Б.Аарагчаад өгсөн. Б.Аарагчаа нь уг мөнгөнөөс 100.000, 100.000 төгрөгийг өөрт үлдээн Ч.Г-д “цэцэрлэгт хүүхэд оруулах” ажил хөөцөлдүүлэхээр Д.Анхзаяагийн 300.000, А.Юмчинсүрэнгийн 300.000 төгрөгийг тус тус өгчээ. М.Түмэн-Өлзий, Б.Аарагчаа нар Д.Анхзаяа, А.Юмчинсүрэн, Ч.Г- нарын аль алинд мэдэгдэхгүйгээр өөрсдөө хохирогч нарын мөнгөнөөс далд суутган авах байдлаар бие даасан үйл ажиллагаа явуулсан байдаг. Гэтэл прокурор тухайн үед нэгийгээ танихгүй, уулзаагүй. мөнгөн хөрөнгийг биечлэн нэгэндээ өгч аваагүй Ч.Г-г М.Түмэн-Өлзийгөөр дамжуулан залилан мэхлэх санаа зорилго агуулж хохирогч нарын тус бүр 500.000 төгрөгийг залилан авсан гэж дүгнэсэн нь учир дутагдалтай.

Мөн Б.Бэлгүтэйн гэрчээр мэдүүлсэн мэдүүлгээс Ч.Г- нь “Наран Эло” ХХК-ийн ажилчдад тодорхой “шагналуудыг” хөөцөлдөн авч өгсөн нөхцөл байдал харагдсаар байхад огтоос “шагнал хөөцөлдөж өгөөгүй” 1.156.000 төгрөгийг залилан авсан мэтээр түүнийг хавтгайруулан яллахад хүргэсэн байна.

Ч.Г-д холбогдох хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нууж төөрөгдөлд оруулан бусдыг залилсан гэмт хэргийн мөрдөн байцаалтыг хохирогч нарт итгэл төрүүлсэн Ч.Г-гийн үг, үйл ажиллагаа ямар байсан болон энэ нь бодитой байсан эсэх, эс биелсэн шалтгааныг харьцуулан шалгахын оронд зөвхөн хохирогч нарыг байцаах төдийгөөр хязгаарлаж Ч.Г- нь “цэцэрлэгт хүүхэд оруулж өгөх”, “шагнал хөөцөлдөж өгөх” тухай хохирогч нартай хийсэн тохироогоо биелүүлэх талаар хийсэн зүйл бий эсэх, хохирогч нар “хүүхэд нь цэцэрлэгт ороогүй, шагналд хамрагдаагүй” шалтгааныг бүрэн тогтоогоогүй нь мөрдөн байцаалтыг нэг талыг барьж нөгөө талын эрхийг хязгаарлаж явуулсан буюу гүйцэд биш явуулсан гэж үзэхээр байна.

Дээрх зорилгоор Ч.Г-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “хохирогч нарын хүүхдийн материалыг мөнгөний хамт Отгонжаргал гэгчид өгсөн байгаа, үлдсэн шагналын мөнгийг буцааж өгье гэтэл “шагналаа авна” гэсэн” гэх мэдүүлгийг шалгаж батлах, эсхүл няцаах учиртай.

Дээрх нөхцөл байдлууд нь гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх асуудлууд бүрэн тогтоогдоогүй гэж үзэх үндэслэл болов.

Прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай танилцаад “гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэх” нөхцөл байдлыг бүрэн хяналгүйгээр хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлсэн байна.

Нэгэнт хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэлтэй гэж үзэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийн ажиллагааг явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар бүлэгт заасан журмыг баримтлахгүй нь хууль зүйн үр дагавар, агуулгын хувьд “хэргийг прокурорт буцаасан шийдвэрт” прокурор эсэргүүцэл бичихгүйгээр хуульд зохицуулсан гэж шүүх үзэн, 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллахаар прокурорын дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Чимэдрэнцэнгийн Г-д холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн прокурорт буцааж, хэрэг прокурорт очтол шүүгдэгч Ч.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгчийн захирамжид гомдол, эсэргүүцэл бичих эрхгүйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор Г.Эсэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт “Яллагдагчийг шүүхэд шилжүүлэх асуудлыг шийдвэрлэх” үед мөн хуулийн 34.7 дугаар зүйлд “Прокурор шүүх хуралдаанд оролцохдоо уг зүйлийн 6 дахь хэсгийн 6.2 дахь хэсэгт "Хэргийг прокурорт буцаах шаардлагатай" гэж үзсэн тохиолдолд, мөн 33.3 дугаар зүйлд заасан үндэслэлээр шүүхээс хэргийг Прокурорт буцаах эрхтэй” болохыг хуульчилсан байна.

Шүүгдэгч Ч.Г-д холбогдох хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдөр нээлттэйгээр хэлэлцэж тус шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж явуулсан хуралдаанд улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.24 дүгээр зүйлд заасны дагуу дүгнэлт хэлж, 35.25 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгч эцсийн үгээ шүүхэд хэлж шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсон.

Ийнхүү шүүх шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орсны дараа гаргах шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэм буруутай болох нь нотлогдсон бол шүүх шийтгэх тогтоол гаргана”, 5 дахь хэсэгт “Шүүгдэгчийн холбогдсон үйлдэл, эс үйлдэхүй нь гэмт хэргийн шинжгүй, эсхүл шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргана” гэж заасан байхад Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж гаргасан 830 дугаартай захирамжийг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн гэв.

ХЯНАВАЛ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл анхан шатны шүүх хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг харьцуулах замаар хэргийн үйл баримтыг нотлогдсон хэмжээнд нь дүгнэж, шүүгдэгч Ч.Г- залилах гэмт хэрэгт гэм буруутай эсэхийг эцэслэн шийдвэрлэх боломжтой байна гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ч.Г- хохирогч Д.Анхзаяа, А.Юмчинсүрэн, Ш.Энхбат, Г.Лхагвацэцэг  нарыг залилсан гэх гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо бүрэн төлсөн, хэргийн оролцогч нар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ мөрдөгч болон прокурорт бичгээр гаргасан, прокуророос яллагдагч Ч.Г-гийн хүсэлтийг хангаж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2017 оны 10 дугаар сарын 6-ны өдөр 204 дүгээр тогтоол гаргасан, шүүгдэгч Ч.Г- нь энэ тухай хүсэлтээ шүүх хуралдаанд дахин илэрхийлсэн байх ба хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр хүсэлт, прокурор санал  гаргаагүй байх тул  “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх”-ээр прокурорт хэргийг буцаах үндэслэлгүй байна.

Гэтэл анхан шатны шүүх яллагдагч Ч.Г-гаас хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтийг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэхийн оронд  хэргийг ердийн журмаар хэлэлцэж, шүүгдэгч Ч.Г-г  “гэм буруутай эсэхийг тогтоох” болон “эрүүгийн хариуцлага хүлээлгэх эсэх асуудлыг хэлэлцэх” шүүх хуралдааныг явуулж, прокурорын дүгнэлт, шүүгдэгчийн эцсийн үгийг сонссон атлаа “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зарим нөхцөл байдал хангагдаагүй, нотолбол зохих байдал дутуу тогтоогдсон” гэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 4, 5, 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн  заалт, шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүх ийнхүү хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамж гаргасан атлаа захирамжийн тодорхойлох хэсэгт Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлаж уг шийдвэрт прокурор эсэргүүцэл бичих эрхийг заалгүй орхисон нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн ”хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэй” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэв.

Иймд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 830 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурор Г.Эсэнгийн бичсэн эсэргүүцлийг хангаж, Ч. Г-д холбогдох хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.