| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00641/И |
| Дугаар | 684 |
| Огноо | 2016-12-13 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 13 өдөр
Дугаар 684
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд явуулсан шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Шаамар сумын 1 дүгээр баг Дэлгэрхаан 34 дүгээр точикт оршин суух, 53 настай, эмэгтэй, одоо группт байдаг Черучи овогт Зайтханы Каримхааны /МО-63123104/ хүсэлттэй
“Л.Батмөнхийг нас барсан болохыг зарлуулах тухай” хүсэлтийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Каримхаан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар З.Каримхаан нар оролцов.
Нэхэмжлэгч З.Каримхаан Шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний 3 дахь хүү Л.Батмөнх нь 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрж 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэнэт нас барсан. Би залуу байсан учраас юунаас болж нас барсан талаар сайн мэддэггүй юм. Одоо тэтгэвэрт гарах гэтэл миний хүү одоо болтол амьд гэдгээр улсын бүртгэлд бүртгэлтэй явдаг юм байна. Тухайн үед би хүүгээ ах, дүү хамаатан саднаа бараадуулаад Налайхад аваачиж оршуулсан юм. Манай ёсонд оршуулганд эмэгтэй хүн оролцдоггүй учраас нэг л удаа хүүгийнхээ тавьсан газарт очсон. Түүнээс хойш очиход олоогүй юм. Тэнд амьдарч байсан манай ах, дүү нар Казакстан явсан. Тухайн үед нас барсны гэрчилгээ авдаг гэдгийг ч сайн мэддэггүй байсан юм байна. Одоо миний хувьд хүү Л.Батмөнхийг улсын бүртгэлээс хасалт хийлгүүлэх шаардлагатай гэсэн. Иймд миний хүү Л.Батмөнхийг нас барсанд тооцож улсын бүртгэлээс хасалт хийлгүүлж өгнө үү гэх.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Т.Самалийн шүүхэд өгсөн мэдүүлгээс:
З.Каримхааны хүү нь 1995 оны 07 дугаар сард гэнэт нас барсан. Тухайн үед хүү нь 7 настай байсан. Гэнэт өндөр халуураад таталт өгөөд л нас барсан. Эмнэлгийн тусламж авч чадаагүй.. 2 хоног халуурч байгаад нас барсан юм. Налайхаас хамаатнууд нь ирээд шарилыг нь авч яваад Налайхад оршуулсан...З.Каримхаан нь 4 хүүхэд төрүүлсэн. Нас барсан хүү нь 3 дахь хүүхэд нь байсан...гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон гэрч Ч.Болорын шүүхэд өгсөн мэдүүлгээс:
...Бид 1982 оноос эхлэн Шаамар сумын тэжээлийн аж ахуйд хамт ажиллаж эхэлсэн. Тэр цагаас эхлэн З.Каримхааныг мэдэх болсон...1995 онд нэг хүү нь нас барсан гэдгийг мэднэ. Гэнэт л өнгөрсөн юм. Сүүлд нь өөрөөс нь сонссон. Ёс заншлаа дагаад шарилыг нь авч явсан гэсэн. Шаамар суманд нутаглуулаагүй юм...гэжээ.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Хүсэлт гарагч нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний 3 дахь хүү Л.Батмөнх нь 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрж 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гэнэт нас барсан... Тухайн үед нас барсны гэрчилгээ авдаг гэдгийг ч сайн мэддэггүй байсан юм байна...Иймд миний хүү Л.Батмөнхийг нас барсанд тооцож улсын бүртгэлээс хасалт хийлгүүлж өгнө үү” гэсэн хүсэлтийг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
З.Каримхааны хүү Л.Батмөнх нь 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан, улсын бүртгэлээс хасалт хийгдээгүй болох нь Лхасүрэнгийн Батмөнхийн 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Г-98 дугаартай “Төрсний гэрчилгээ”-ний хуулбар, Шаамар сумын Дэлгэрхаан багийн засаг даргын 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн тодорхойлолт, З.Каримхааны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, гэрч Т.Самаль, Ч.Болор, Н.Нансалмаа нарын шүүхэд гаргасан тодорхойлолт болон мэдүүлгүүд зэргээр нотлогдож байна.
Иймд 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Лхасүрэнгийн Батмөнхийг 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсанд тооцож, улсын бүртгэлт бүртгэх нь үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2261 дугаартай захирамжаар 70200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, 133 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.3-т зааснаар 1988 оны 07 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Лхасүрэнгийн Батмөнхийг 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсан болохыг тооцсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар нэхэмжлэгчийг зааснаар шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 2261 дугаартай захирамжаар 70200 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдсугай.
3.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д зааснаар Л.Батмөнхийг 1995 оны 07 дугаар сарын 05-ны өдөр нас барсныг бүртгэхийг улсын бүртгэгчид даалгасугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурьдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА