| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00689/И |
| Дугаар | 700 |
| Огноо | 2016-12-19 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 12 сарын 19 өдөр
Дугаар 700
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй Г.Батбаярт холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 5.384.770 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сумын Орхон 6-р багийн 2-р хэсэг 6-р байр 23 тоотод оршин суух Гажийзаа овогтой Батбаяр нь 2013 оны 07-р сарын 16-ны өдөр Сум хөгжүүлэх сангаас “Гахайн аж ахуй” төсөл хэрэгжүүлэхээр 5.000.000 төгрөгийг жилийн 3 хувийн хүүтэй 36 сарын хугацаатайгаар эргэн төлөх нөхцөлтэйгээр зээлж авсан. Иргэн Г.Батбаярын зээлийн хугацаа 2016.07.16-ны өдөр дууссан бөгөөд одоо болтол зээлээ төлж дуусгаагүй байна. Иймд иргэн Г.Батбаяраас үндсэн зээл болох 5.000.000 төгрөг, алданги зээлийн хүү 250.020 төгрөг, алданги 131.250 төгрөг, нотариатын хөлс 3500 төгрөг, нийт 5.384.770 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 6 дугаар баг 2-р хэсэг 6-р байр 23 тоотод оршин суух Моода овогт Гажийзаагийн Батбаяр /МЮ-71120516/ нь шүүхэд гаргасан тайлбартаа:
Гажийзаа овогтой Батбаяр миний бие 2013 оны 07-р сарын 16-нд Сүхбаатар сумын Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан нь үнэн. Миний бие уг 5.384.770 төгрөгийг төлөх нь үнэн болно. Миний бололцоог харгалзан үзэж 2017.05.01-н хүртэл хугацаанд уг мөнгийг төлүүлж туслана уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газар нь хариуцагч Г.Батбаярт холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 5.384.770 төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн болох нь түүний шүүхэд гаргасан “...Сум хөгжүүлэх сангаас 5.000.000 төгрөгийг 36 сарын хугацаатай авсан нь үнэн. Миний бие уг 5.384.770 төгрөгийг төлөх нь үнэн болно....” гэх тайлбараар нотлогдож байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5.984.770 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 101.106 төгрөгний тал хувь 50.553 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сүхбаатар сумын Засаг даргын Тамгын газрын нэхэмжлэлтэй хариуцагч Г.Батбаярт холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 5.384.770 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 5.384.770 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 101.106 төгрөгний тал хувь болох 50.553 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах эрхгүйг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.СОЁЛМАА