| Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Ламжавын Соёлмаа |
| Хэргийн индекс | 148/2016/00649/И |
| Дугаар | 680 |
| Огноо | 2016-12-12 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 12 сарын 12 өдөр
Дугаар 680
Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймгийн Орхон сумын 1 дүгээр баг Баян-Өлзийт тосгон 8 дугаар гудамж 6 тоотод оршин суух, 54 настай, эмэгтэй, одоо Орхон сумын 8 дугаар 12 жилийн бүрэн дунд сургуульд жижүүр ажилтай Боржигон овогт Жийсэнжавын Оюундэлгэрийн /МО-62112405/ нэхэмжлэлтэй:
“Ажилласан байдал тогтоолгох тухай“ иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч Ж.Оюундэлгэр, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюундэлгэр шүүх хуралд гаргасан тайлбартаа:
Миний бие нь 1983 онд Сэлэнгэ аймгийн Алтанбулаг дахь Хөдөө аж ахуйн техникум төгсөөд Шаамар сум дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байгаад нөхрөө дагаад Орхон аймаг руу шилжсэн юм. Гэтэл “Хөдөлмөрийн дэвтэр”-т ажлаас чөлөөлсөн тушаалын бичилтэнд зөгийчин гээд буруу бичилт хийгдсэн байгаа. Тухайн үед зоотехникч нь зөгийчнөө хамт хийдэг бид нарын зөгийчнөөс ялгаатай нь тогтмол цалин авдаг, зөгийчин нь хийснээрээ цалинждаг байсан. Манай зөгий үржүүлэх газрын материалууд архивт ирээгүй, байхгүй юм билээ. Хамт ажиллаж байсан хүмүүсээс сураглахад тус газар маань хувьд очоод бичиг баримт нэг давс хадгалдаг байшинд байсныг хүмүүс аваад галд шатаагаад юу ч үгүй болсон сурагтай байсан. “Хөдөлмөрийн дэвтэр”-т бүрэн бичилттэй байгаа. Ажилд орсон, гарсан тушаал байхгүй учраас заавал шүүхээр орж ажилласан жил тогтоолгох шаардлагатай гэсэн.
Иймд намайг Сэлэнгэ аймгийн Шаамар дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү гэх.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ж.Оюундэлгэр нь “...намайг Сэлэнгэ аймгийн Шаамар дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан болохыг тогтоож өгнө үү.” гэх шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Ж.Оюундэлгэр нь Сэлэнгэ аймгийн Шаамар дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажиллаж байсан болох нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтаар нотлогдож байна. Үүнд:
1983 оны 06 дугаар сарын 18-ны өдөр нээлгэсэн №034797 дугаартай “Хөдөлмөрийн дэвтэр”-ийн “Ажлын тухай мэдээ”-ний 6-9 талд авагдсан Ж.Оюундэлгэрийн Шаамар дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр ажилласан талаарх ажилд томилогдсон, ажлаас чөлөөлөгдсөн тушаалуудын бичилтүүд, 1987 оны 02 дугаар сарын 10-ны өдөр нээлгэсэн №680865 дугаартай “Үйлдвэрчний эвлэлийн гишүүний бат илэрхийлэх”-ийн хуулбарууд, 1983 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн “Баярын бичиг”, гэрч И.Ууганцэцэг, Д.Амарсанаа, Д.Батдэлгэр нарын шүүхэд Ж.Оюундэлгэрийн ажилласан байдлын талаар гаргасан тодорхойлолт, шүүхэд өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Иймд Ж.Оюундэлгэрийг Сэлэнгэ аймгийн Шаамар дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан жилийг тогтоох нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжинд 70200 төгрөг төлсөн болохыг дурьдах нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар Жийсэнжавын Оюундэлгэрийг Сэлэнгэ аймгийн Шаамар дахь “Зөгий үржүүлгийн газар”-т зоотехникчээр 1983 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 06 дугаар сарын 25-ны өдөр хүртэл ажилласан болохыг тогтоосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал энэ хуулийн 119.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах эрхтэй болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА