Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 677

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хурлын танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр Хонгорморьтын 1 дүгээр хэсэг 219 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 18 тоотод оршин суух, 33 настай, эрэгтэй, одоо “Батхүлэг авто сервиз” ХХК-нд ажилладаг Боржигон овогт Чинзоригийн Баттүвшингийн /МЬ-83120917/ нэхэмжлэлтэй

Хариуцагч:  Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын 1 дүгээр Хонгорморьтын 1 дүгээр хэсэг 219 тоотод оршин суух цахим үнэмлэхний хаягтай одоо Сүхбаатар сумын 4 дүгээр баг 5 дугаар хэсэг 041 тоотод оршин суух, 30 настай, эмэгтэй одоо “Уран Сэлэнгэ” тоосгоны үйлдвэрт тогооч ажилтай Боржигон овогт Нарантуяагийн Алтаншагайд /АН-86022700/ холбогдох

  “Гэрлэлт цуцлуулах тухай“, Н.Алтаншагайгийн сөрөг нэхэмжлэлтэй Ч.Баттүвшинд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай  иргэний хэргийг хянан хэлэлцэв.  

Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгч буюу хариуцагч Ч.Баттүвшин, сөрөг нэхэмжлэгч буюу хариуцагч Н.Алтаншагай, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Э.Бүүвэйцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Н.Алтаншагай бид хоёр 2004 онд танилцан 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулж, хамтран амьдарч байгаад 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Сүхбат, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Мөнхбат нар төрсөн. Хүү Б.Мөнхбатыг гэдсэнд байхад буюу 2011 оны 04 дүгээр сараас бидний хооронд үл ойлголцол гарч тус тусдаа амьдрах болсон. Одоо би хамтран амьдрагчтай болсон. Олон жил тус тусдаа амьдарсан учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү гэх.  

  Хариуцагч Н.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Бид хоёр 2004 онд танилцан 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Бид хоёр дундаасаа хоёр хүүтэй болсон. Бага хүүгээ гэдсэнд байхад бидний дунд үл ойлголцол гарч Ч.Баттүвшин гэртээ ирж хонохоо больж бусад шалтгаанаас тус тусдаа амьдрах болсон. Бага хүү маань 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн. Том хүү маань одоо 2 дугаар ангид сурдаг. Бидний дунд айхтар хэрүүл, маргаан болсон зүйл байдаггүй. Энэ олон жил болж байхад ерөөсөө хүүхдээ харж ханддаггүй, цөөн удаа л хэдэн төгрөг өгсөн байх. Үүнээс өөр тусламж үзүүлдэггүй. Бид хоёр тус тусдаа амьдраад олон жил болсон учраас гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй гэх.

Сөрөг нэхэмжлэгч Н.Алтаншагай шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ч.Баттүвшин нь надаас салаад 5 жил гаруй болсон. Би эмэгтэй хүний хувьд эхний хоёр жил хоёр хүүгээ бодоод эргээд ирэх болов уу гэж хардаг байсан. Хааяа нэг би өөрөө залгаж байж л утсаар ярьдаг байсан. Миний хувьд сөрөг нэхэмжлэл гаргахгүй ч байж болох байсан боловч эцэг хүний үүрэг хариуцлагыг ойлгуулах, хоёр хүүгийнхээ ирээдүйн хувь заяаг бодолцон хүүхдийн тэтгэлэг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан юм. Учир нь:

Эхний хоёр жилдээ би ерөөсөө ярьдаггүй бас өөрийг нь ажил төрөлд ороод хөл дээрээ тогтохыг нь хараад л байдаг байсан. Миний хувьд хоёр хүүхдээ бага байхад ээжээрээ харуулчихаад л тоодоггүй байсан. Хоёр хүү маань том болж би ганцаараа ажилтай, тэгээд ч хөдөө ажилладаг учраас хүүхдийн сургалтанд анхаарах боломж гардаггүй, хүүдээ тусалж чаддаггүй. Манай ээж, эгч хоёр маань хоёр хүүг маань харж анхаарал халамж тавьдаг. Хичээл сургуулийн хувьд ээж маань настай хүн учраас хичээлийг зааж сургах тал дээр хэцүү байдаг учраас хүүдээ багш авч, өдөр өнжүүлэхэд явуулдаг. Өдөр өнжүүлэхэд нэг сарын л 168.000 төгрөг төлдөг. Хажуугаар нь хүүхдийнхээ ирээдүйг бодон дугуйлан секцэнд явуулахад ч мөнгө хэрэгтэй болдог. Цэцэрлэгийн хүүхэд ч ялгаа байхгүй байдаг. Одоо үед бүх зүйл л мөнгөөр хэмжигдэж байдаг учраас хэдийгээр би боломжийн цалин авдаг байлаа ч хаанаа ч хүрдэггүй. Тийм учраас Ч.Баттүвшингээс эцэг хүний хувьд хүүхдээ тэжээн тэтгэх шаардлагатай гэж үзэж байх тул тэтгэлэг гаргуулж өгнө үү гэх.

Хариуцагч Ч.Баттүвшин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний хувьд Н.Алтаншагайгийн шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. Хоёр хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй гэх.   

ҮНДЭСЛЭХ нь :

Ч.Баттүвшингийн нэхэмжлэлтэй Н.Алтаншагайд холбогдох “Гэрлэлт цуцлуулах тухай”, Н.Алтаншагайгийн сөрөг нэхэмжлэлтэй Ч.Баттүвшинд холбогдох “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай“ нэхэмжлэлийн шаардлагуудыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Зохигчид нь 2004 онд танилцан гэр бүл болж хамтран амьдарч гэрлэлтээ  2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр бүртгүүлж, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүү Б.Сүхбат, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр хүү Б.Мөнхбат нар төрсөн болох нь зохигчдын гэрлэлтийг 2006 оны 07 дугаар сарын 31-ний өдөр №0013791, Г-137 дугаарт бүртгэсэн “Гэрлэлтийн гэрчилгээ”, хүү Б.Сүхбатыг 2009 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр бүртгэсэн №0000967136, Г-144 дугаартай, хүү Б.Мөнхбатыг 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр бүртгэсэн №0000686990, Г-329 дугаарт тус тус бүртгэсэн “Төрсний гэрчилгээ”-ний хуулбарууд  зэргээр  нотлогдож байгаа болно.  

Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй бөгөөд зохигчид нь 2011 оны 04 дүгээр сараас эхлэн тус тусдаа 5 жил гаруй амьдарч, Ч.Баттүвшин нь хамтран амьдрагчтай болсон тул цаашид Н.Алтаншагайтай хамтран амьдрах боломжгүй болсон нь түүний шүүх хуралдаанд гаргасан ”... Одоо би хамтран амьдрагчтай болсон. Олон жил тус тусдаа амьдарсан учраас цаашид хамтран амьдрах боломжгүй гэж үзэж байх тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү... Хоёр хүүдээ тэтгэлэг төлөхөд татгалзах зүйлгүй” гэх тайлбараар, мөн хариуцагч буюу сөрөг нэхэмжлэгч Н.Алтаншагайгийн шүүх хуралдаанд гаргасан  “...Бид хоёр тус тусдаа амьдраад олон жил болсон учраас гэрлэлт цуцлахад татгалзах зүйлгүй... Ч.Баттүвшингээс эцэг хүний хувьд хүүхдээ тэжээн тэтгэх шаардлагатай гэж үзэж байх тул тэтгэлэг гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгүүдээр зохигчдын гэр бүлийн амьдралыг цаашид үргэлжлүүлэх боломжгүй гэж үзэн  гэрлэлтийг цуцалж, мөн сөрөг нэхэмжлэгч Н.Алтаншагайгийн Ч.Баттүшигт холбогдуулан гаргасан “Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийг ханган шийдвэрлэх  үндэслэлтэй гэж үзнэ.

Иймд зохигчдын гэрлэлтийг цуцалж, 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Сүхбат, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарыг эх Н.Алтаншагайгийн  асрамжинд үлдээж,  Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Сүхбат, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн Б.Мөнхбат нарыг 11 нас хүртэл нь тухайн орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-д  зааснаар хүү Б.Сүхбат, Б.Мөнхбат нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Баттүвшингээр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ нэхэмжлэлийн үнийн дүн нь Ч.Баттүвшингээс хүү Б.Сүхбат, Б.Мөнхбат нарт төлөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээр тодорхойлогдох тул (/164.300:2х2х12=1.971.600төгрөг) хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн115 дугаа зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасны удирдлага болгох ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Ч.Баттүвшин, Н.Алтаншагай нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Сүхбат, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарыг эх Н.Алтаншагайгийн асрамжинд үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д зааснаар 2009 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр төрсөн хүү Б.Сүхбат, 2011 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн хүү Б.Мөнхбат нарыг 11 нас хүртэл нь орон нутагт тогтоогдсон амьжиргааны түвшингийн 50 хувиар, 40.1.2-т зааснаар хүү Б.Сүхбат, Б.Мөнхбат нарыг 11-16 нас (суралцаж байгаа бол 18 нас)-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ч.Баттүвшингээр тэжээн тэтгүүлсүгэй.

4. Зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй болорхыг дурьдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөг,  орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар Ч.Баттүвшингээс 46.495 төгрөг гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т зааснаар зохигчдын гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Д.Ариунтуяад даалгасугай.

8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц  хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн  119.4-д зааснаар  шүүх  хуралдаанд  оролцсон тал  энэ  хуулийн 119.3-т заасан   хугацаа  өнгөрснөөс  хойш 14  хоногийн  дотор  шүүхэд  хүрэлцэн ирж шийдвэрийг  өөрөө  гардан  авахыг анхааруулсугай.

10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурьдсугай.

11.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд давж заалдах  эрхтэй болохыг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Л.СОЁЛМАА