| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0047/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/051 |
| Огноо | 2020-02-07 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 02 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/051
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: Э.Гантулга
Шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч Ц.******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Над холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2019 оны 12 дугаар сарын 27-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа төмөр хийц хийдэг, Н.Н
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 дугаар сараас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын ******* байх хашаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Н.Нын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн
...Яллах дүгнэлтэд 2 дугаар сараас 9 дүгээр сар хүртэл үйл ажиллагаа явуулсан мэтээр бичсэн байна. Би 9 дүгээр сарын 25-30-ны өдрийг хүртэл л үйл ажиллагаа явуулсан. Алтыг нь ялгаж өгөөгүй, чулууг бутлаад нунтаглаж өгсөн. Өөр зүйлгүй гэв.
Шүүгдэгч Н.Нын мөрдөн байцаалтад өгсөн
...би 2019 оны 02 дугаар сард тухайн хашаанд байх байранд үйл ажиллагаа явуулж эхлээд байж байтал аймгийн мэргэжлийн хяналтын газраас үйл ажиллагааг зогсоогоод торгуулийн арга хэмжээ авсан. Тэгээд түүнээс хойш ямар нэгэн үйл ажиллагаа явуулахгүй байж байгаад 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс үйл ажиллагааг дахин ажиллуулсан бөгөөд 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Цагдаагийн газраас шалгаад үйл ажиллагааг зогсоосон, баяжмалтай чулууг тээрэм буюу бутлуур луу оруулж нунтаглаад түүнийг арзгар резин дэвссэн налуу замаар усаар гүйлгэж, баяжмалтай хэсгийг нарийсгаж ялгаж авдаг. Ямар нэгэн бодис ашигладаггүй, усаар урсгаж нарийсгаж авдаг. Миний хувьд өөрөө чулууг тээрэмдэж нарийсгаж ялгаж өгдөггүй, харин чулуу тээрэмдүүлэх гэж байгаа хүмүүс нь ерөнхийдөө өөрсдөө ажиллуулдаг. 2019 оны 09 дүгээр сарын 25-наас хойш 40 орчим шуудай чулуу тээрэмдсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 120-122/
Иргэний нэхэмжлэгч Х.******* мөрдөн байцаалтад өгсөн
...Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй чулуу тээрэмдэж бутлах, боловсруулалт явуулах үйл ажиллагааг явуулахыг хориглодог. Н.Н нь хориглосон үйл ажиллагаа явуулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 /,
Гэрч Ч.******* мөрдөн байцаалтад өгсөн
...Ч.******* төрсөн ахын хувьд тухайн тоот хашаанд байх байшингийн хажуугийн гражид чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулдаг байсныг мэднэ. Гэхдээ дандаа уг ажиллагааг явуулдаггүй, зарим үед л явуулж байсан....2019 оны 02 дугаар сарын үед буюу Цагаан сарын өмнөхнөөс эхэлж ажиллуулсан санагдаж байна, түүнээс хойш байнга ажиллаж чадаагүй, чулуу тээрэмддэг “*******” ХХК-ний үйл ажиллагаа зогсчихсон үед л ажиллаж байсан байх. Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-08-20 тоот хашаа, уг хашаанд байх чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан граж байшин, дотор байх чулуу тээрэмдэх зориулалтай тоног төхөөрөмж Н.Н, Ч.******* хоёрын эзэмшлийнх...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 /,
Гэрч Ч. мөрдөн байцаалтад өгсөн
... 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-08-20 тоотод Н.Н гэх хүн чулуу тээрэмддэг гэж сураг сонсоод 2 шуудай чулуу тээрэмдүүлэхээр очиж ажиллаж байсан . Хэзээнээс эхэлж тухайн үйл ажиллагааг явуулж байсныг мэдэхгүй. Миний хувьд урьд өмнө нь чулуу тээрэмдүүлж байгаагүй, өчигдөр л сураг сонсоод 2 шуудай чулуу тээрэмдүүлэхээр очсон. Тэгээд 1 шуудайтай чулуугаа бутлуур луу хийж бутлаад усаар гүйлгэж нарийсгаад тайрсан хөх өнгийн хуванцар саванд хийсэн байсан. Харин нөгөө шуудайтай чулууг нь буталж чадаагүй байхад Цагдаагийн алба хаагч нар ирээд үйл ажиллагааг зогсоод тайрсан хөх өнгийн хуванцар саванд хийсэн нарийсгасан шороо, буталж чадаагүй байсан шуудайтай чулууг хураасан,...нэг шуудай чулууг 10.000 төгрөгөөр тээрэмддэг байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 74 /,
Гэрч Х. мөрдөн байцаалтад өгсөн
...2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс Н.Н нь намайг тухайн тээрмийг ажиллуулаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би түүнийг нь хариуцаад ажиллуулж байсан. Тухайн чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан байшин, граж, тоног төхөөрөмж нь Н.Нын эзэмшлийнх. Миний хувьд тухайн байр тоног төхөөрөмжийг хэзээнээс эхэлж байрлуулсныг мэдэхгүй. Н.Н нь төмөр хийц хийх гэж байгаа гээд хашааныхаа хойд хэсэгт 2019 оны 08 дугаар сараас эхэлж шинээр 1 давхар гражтай ажлын байр барьсан юм. Би тухайн барилга дээр нь ажиллаж байсан болохоор мэдээгүй. Хүмүүс баяжмалтай чулуугаа авчраад тээрэм буюу бутлуур луу оруулж нунтаглаад түүнийг арзгар резин дэвссэн налуу замаар усаар гүйлгэж, баяжмалтай хэсгийг нарийсгаж ялгаж авдаг. Ямар нэгэн бодис ашигладаггүй. Миний хувьд тоног төхөөрөмжийг асааж өгөөд, усыг нь тааруулж өгдөг бөгөөд тухайн хүмүүс нь өөрсдөө чулуугаа тээрэмддэг. Харин тээрэмдээд дууссаны дараа нь шалмыг нь шуудайлж авдаг. 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн хувьд нэг хүн 2 шуудай чулуу тээрэмдүүлье гэж ирээд нэг шуудайг нь тээрэмдчихсэн байсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 75-77 дугаар тал/,
Гэрч Ж. мөрдөн байцаалтад өгсөн
...2010 оноос судалгаа шинжилгээ нь явагдаж байгаа тухайн ондоо Монгол улсын Уул уурхайн яамнаас техник эдийн засгийн үнэлгээ нь батлагдсан. 2014 онд Монгол улсын Байгаль орчны яамнаас байгаль орчны нарийвчилсан үнэлгээ нь хийгдэж дүгнэлт нь гараад үйл ажиллагаа явуулж эхэлсэн. Техник эдийн засгийн үнэлгээ хийгдэнэ гэдэг нь тухайн үйлдвэрт ямар ямар тоног төхөөрөмж ашиглагдах, үйл ажиллагаа нь яаж явагдах талаар тусгагддаг. Тиймээс тухайн техник эдийн засгийн үнэлгээнд тусгагдсан тогоо /булт тээрэм/, бутлуур, химийн бодис ашиглахгүй, хүндийн хүчний үйлчлэлээр баяжмал ялгадаг тоног төхөөрөмжийг ашигладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 /,
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ийн 2019.12.17-ны өдрийн 652 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 600 000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 113 /,
Геологийн төв лаборатори төрийн өмчит үйлдвэрийн газрын 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 1066 дугаар шинжээчийн
1. Шинжилгээнд ирүүлсэн дээжнүүд нь шинжилгээнд тэнцэнэ.
2. Хэргийн газрын үзлэгээр хураагдсан Н.Н улсын дугаартай хөх өнгийн портер маркийн авто машин дээр ачсан 25 шуудай чулуунаас авсан дээж /25 ширхэг чулуу/-2.0-8.0 см хэмжээтэй, зарим нь шаргалдуу туяатай, цайвар саарал өнгөтэй, янз бүрийн хэлбэртэй чулуу нь (Шл № 6)- Брекчилэгдсэн судлын кварц. Энэхүү судлын кварц нь 0.7-5.0 мм хэмжээтэй кварцын мөхлөгүүдээс тогтох бөгөөд брекчилэгдэх процесст өртсөнөөс чулууны 15-20% нь үйрч жижгэрсэн бөгөөд энэ эвдэрсэн хэсэгт төмрийн усан ислээр нэвчсэн хүдрийн эрдэс (цөөн тоо), серицитийн хайрсууд (0.5%) бага хэмжээгээр үүссэн байна.
3. Баянхонгор аймгийн сумын 1-р баг, Цагаан цахир гэх газарт байх Ч.******* нөхөрлөлийн нүхнээс авсан чулууны дээж /10 ширхэг чулуу/-(шл № 3)- 5.5-11.0 см хэмжээтэй, цайвар саарал өнгөтэй, янз бүрийн хэлбэртэй чулуунууд нь судлын кварц байна. Энэхүү судлын кварц нь 1.2-4.0 мм хэмжээтэй кварцын мөхлөгүүдээс тогтох бөгөөд тэдгээр нь даралт шахалтанд өртсөнөөс эрс долгиолог унтралтай болсон, мөн зарим хэсэгтээ бага зэрэг үйрч жижгэрсэн, энэ хэсэгт нь серицит бага зэрэг үүсчээ.
4. Дээрх 2 дээж нь бүтэц найрлагын хувьд ижил судлын кварц байна. Энэ судлын кварцуудын эрдэслэг бүрэлдэхүүн (дан кварцаас тогтсон), бүтэц ижил байгаа нь петрографийн шинжилгээгээр нотлогдож байна.
4. Хэргийн газрын үзлэгээр чулуу тээрэмдэх үйл ажиллагаа явуулж байсан байрны чулуу бутлуурын савнаас хураагдсан иргэн Ч.Жамьянсүрэнгийн гэх нэг шуудай чулуунаас авсан дээж /10 ширхэг чулуу/-Шл № Жам-7-шаргал өнгийн шороо, шаврын түрхэцтэй, 2.3-8.5 см хэмжээтэй цайвар өнгийн чулуунууд брекчилэгдсэн судлын кварц байна. Энэ судпын кварц нь 1.0-8.0 мм хэмжээтэй кварцын мөхлөгуүдээс тогтох ба брекчилэгдэх процесст өртсөнөөс чулууны 30-35% нь үйрч жижгэрсэн, энэ эвдэрч суларсан хэсгээр нь төмрийн усан исэл, хүдрийн эрдэс, серицит бага зэрэг үүсчээ.
5. Баянхонгор аймгийн сумын 1-р баг, Цагаан цахир гэх газарт байх нөхөрлөлийн нүхнээс авсан чулууны дээж 10 ширхэг чулуу № 4 Шаргалдуу туяатай цайвар саарал өнгөтэй 6.0-10.5 см хэмжээтэй чулуунууд- Судлын кварц байна. Энэхүү судлын кварц нь 1.7-7.0 мм хэмжээтэй кварцын мөхлөгүүдээс тогтох бөгөөд даралт шахалтанд өртөж кварцын мөхлөгүүд эрс долгиолог унтралтай болсон, цөөн тохиолдолд 0.7 мм хүртэл өргөнтэй нарийн судал байдлаар эвдэрч үйрсэн байна. Мөн энэ судлын кварц нь 0.02-0.25 мм өргөнтэй, карбонатаар дүүргэгдсэн цөөн тооны бичил ан цавтай болсон байна. Шинжилгээнд ирүүлсэн Ч.Жамьянсүрэнгийн гэх 1 шуудай чулуунаас авсан дээж / 10 ширхэг чулуу/ нь Баянхонгор аймгийн сумын 1-р баг, Цагаан цахир гэх газарт байх нөхөрлөлийн нүхнээс авсан чулууны дээж /10 ширхэг чулуу/ зэрэг нь бүтэц, найрлагын хувьд хоорондоо адилхан байна. Энэ 2 чулууны гарал үүсэл, найрлага, бүтэц нь адилхан гэдэг нь петрографийн шинжилгээгээр тогтоогдсон болно.
6. Энэхүү дүгнэлт нь ПГ 2019/0213 захиалгын зургийн хамт хүчинтэй...гэх дүгнэлт /хх-ийн 109-110/
- Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-04 /, гэмт хэргийн талаар гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/ хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 10-13/, хэргийн газраас хураан авсан шалмаас дээж авсан тэмдэглэл /хх-ийн 15-16/, харьцуулах дээж авсан тэмдэглэл /хх-ийн 17-21/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт / хх-ийн 39-56/, эд мөрийн баримтыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /хх-ийн 57-60/, шүүгдэгч Н.Нын эд хөрөнгөтэй эсэх лавлагаа / хх-ийн 126/, шүүгдэгч Н.Нын иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 127/, шүүгдэгч Н.Нын депозит дансны хуулгууд / хх-ийн 130-134/, шүүгдэгч Н.Нын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас / хх-ийн 135/, шүүгдэгч Н.Нын оршин суугаа хаягийн тодорхойлолт / хх-ийн 63/, зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Шүүгдэгч Н.Н нь 2019 оны 02 сараас 2019 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9-08-20 тоотод байх хашаанд тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалтын үйл ажиллагаа явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Н.Нын... өөрөө чулууг тээрэмдэж нарийсгаж ялгаж өгдөггүй, харин чулуу тээрэмдүүлэх гэж байгаа хүмүүс нь ерөнхийдөө өөрсдөө ажиллуулдаг....гэх мэдүүлэг /хх-ийн 120-122/
Иргэний нэхэмжлэгч Х.*******...Баянхонгор сумын нутаг дэвсгэрт хууль бусаар, тусгай зөвшөөрөлгүй чулуу тээрэмдэж бутлах, боловсруулалт явуулах үйл ажиллагааг явуулахыг хориглогдог. Н.Н нь хориглосон үйл ажиллагаа явуулсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 66 /,
Гэрч Ч.*******...2019 оны 02 дугаар сарын үед буюу Цагаан сарын өмнөхнөөс эхэлж ажиллуулсан, гэхдээ түүнээс хойш байнга ажиллаж чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 70-72 /,
Гэрч Ч.,...Н.Н гэх хүн чулуу тээрэмддэг гэж сураг сонсоод 2 шуудай чулуу тээрэмдүүлэхээр очиж ажиллаж байсан... гэх мэдүүлэг /хх-ийн 74 /,
Гэрч Х.... нэг хүн 2 шуудай чулуу тээрэмдүүлье гэж ирээд нэг шуудайг нь тээрэмдчихсэн байсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 75-77/,
Гэрч Ж.... тухайн техник эдийн засгийн үнэлгээнд тусгагдсан тогоо /булт тээрэм/, бутлуур, химийн бодис ашиглахгүй, хүндийн хүчний үйлчлэлээр баяжмал ялгадаг тоног төхөөрөмжийг ашигладаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 81 /
Баянхонгор аймгийн “Энх нахиа” ХХК-ны 2019.12.17-ны өдрийн № 652 дугаар шинжээчийн “...боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 600000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 113 /зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Н.Над Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Над нь хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Н.Н нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч Н.Над ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, харин шүүгдэгч Н.Н нь орон нутгийн төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн хяналтын газраас хууль бус үйлдлээ зогсоохыг шаардсан шаардлагыг үл биелүүлж хоёр удаагийн үйлдлээр хууль бусаар ашигт малтмал боловсруулалт явуулсан тул гэмт хэргийг хоёр удаа үйлдсэн байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.
Шүүгдэгч Н.Над ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс Н.Нын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Н.Нын хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.
Шүүгдэгч Н.Наас гэмт хэргийн улмаас бусдад хохирол учруулсан хохирол төлбөргүй гаргуулах хохиролгүй болно.
Шүүгдэгч Н.Н нь гэмт хэрэг үйлдэхдээ өөрийн эзэмшлийн цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, чулуу буталгагч 1 ширхэг зэргийг ашигласан байх тул тэдгээрийг хурааж, улсын орлого болгож, шлам 1 савыг утггуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт шилжүүлж, харин хохирлыг нөхөн төлүүлэх хор уршгийг арилгуулах зорилгоор шүүгдэгч Н.Нын эзэмшлийн.... суурин компьютер 1 ширхэгийг зэзэмшигч Н.Над, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот 236м2 талбайтай, ажлын байр, гаржийн зориулалттай тоот гэрчилгээтэй хашааны бусдын өмчлөл болох тогтоогтогдож байх тул эзэмшигч Баянжаргалд буцаан олгуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Н.Н хууль бусаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал боловсруулалт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Ныг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар Н.Над оногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ялыг хэсэгчлэн буюу 1 жилийн хугацаанд сар бүр 450000 төгрөг төлөхөөр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Н.Нын эзэмшлийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан цахилгаан үүсгэгч мотор 1 ширхэг, чулуу буталгагч 1 ширхэг зэргийг хурааж, улсын орлого болгосугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7-т зааснаар шүүгдэгч Н.Н нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар .... Н.Нын эзэмшилийн.... суурин компьютер 1 ширхэгийг зэзэмшигч Н.Над, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын тоот 236м2 талбайтай , ажлын байр, гаржийн зориулалттай тоот гэрчилгээтэй хашааг эзэмшигч Баянжаргал нарт буцаан олгож, эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолуудыг хүчингүй болгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан шлам 1 савыг утггуулахаар Баянхонгор аймгийн Шүүхийн тамгын газарт даалгасугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.8 дүгээр зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.Над хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА