Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 632

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 07 тоотод оршин суух Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй Цагааннуур сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 030 тоотод оршин суух Г.Эрдэнэбаярт холбогдох “1.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:            

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Г.Эрдэнэбаяр нь 2014 оны 04 дүгээр сарын 15-наас 2014 оны 05 дугаар сарын 23-ны хооронд 5.860.000 төгрөгийг 6.000 ширхэг блок хийж өгнө гэж авсан. Үлдэгдэл 2.500 ширхэг блокноос 1.000 ширхэг  өөрийн хашааны хундамент хэрэглэсэн гэж үзээд 1.500 ширхэг блок 1.200 төгрөг өөр бодож үзээд 1.800.000 нэхэмжилж байна гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Цагааннуур сумын 3 дугаар баг 2 дугаар хэсэг 07 тоотод оршин суух Г.Эрдэнэбаяр нь /ФА-78122416/  нь шүүхэд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Эрдэнэбаяр надад холбогдох 6.000 ширхэг блокны үлдэгдэл болох 1.500 ширхэг блокны 1.800.000 төгрөгийг нэхэмжилсэн уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.Ганцэцэг нь хариуцагч Г.Эрдэнэбаярт холбогдуулан “1.800.000  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан “...1.5000 ширхэг блокны 1.800.000 төгрөгийг нэхэмжилсэн уг шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг төлөхөд татгалзах зүйлгүй. Улсын тэмдэгтийн хураамж төлөхийг ойлголоо...” гэх тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21.875 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 21.875 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.Ганцэцэгт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Г.Ганцэцэгийн нэхэмжлэлтэй хариуцагч Г.Эрдэнэбаярт /ФА-78122416/ холбогдох “1.800.000 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 43.750 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 21.875 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 21.875 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА