| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0520/Э |
| Дугаар | 549 |
| Огноо | 2019-04-22 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., |
| Улсын яллагч | Н.У |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 04 сарын 22 өдөр
Дугаар 549
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,
Нарийн бичгийн дарга Б.Т,
Улсын яллагч Н.У,
Хохирогч С.П,
Шүүгдэгч Ц.Г, түүний өмгөөлөгч Ч.Н нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М овогт Ц.Г-д холбогдох 1903 0009 80129 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1981 оны 10 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэрэгжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-8, эхнэр, 6 хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Салхитын задгайд амьдарч байгаа, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, М овогт Ц Г, РД:..............
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 19 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны замд замд Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а-д заасан“...жолоочид дараах зүлйсийг хориглоно: а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчин согтуурсан үедээ Hyundai Accent Verna” маркийн 61-97 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад мөн дүрмийн 11.3-т заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэх заалтыг зөрчсөний улмаас эсрэг урсгалд явж байсан Toyota Pruis маркийн 63-32 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч С.Пэрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад :
Шүүгдэгч Ц.Г нь 2019 оны 01 дүгээр сарын 23-ны 19 цаг 35 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Баруун салааны замд замд Hyundai Accent Verna” маркийн 61-97 УНН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7.а/-д заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохыг хориглох тухай”, 11.3.-д заасан “эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглох” тухай заалтуудыг зөрчсний улмаас Toyota Pruis маркийн 63-32 УНҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч С.Пэрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь :
- 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-3-10/,
- хохирогч С.П:..тэр үед Баянхошууны тойргоос 1000 нэртэй унаанд суугаад явж байсан. Дотор нь 6 том хүн 1 хүүхэд байсан. Хүүхэд нь ээжтэйгээ хамт урд талын суудал дээр би хойд талын зүүн буланд сууж явсан. 4 дүгээр буудал өнгөрөөд 5 дугаар буудал дөхөж явтал эсрэг талын урсгалаас нэг машин зам шүлжээд манай урсгалд орж ирээд машины зүүн талаас мөргөсөн. Би нэг хэсэг ухаан алдсан байсан...осол гаргасан жолооч согтуу байсан...гэх мэдүүлэг /хх-18-20/
- хохирогчийн өвчний түүх /хх-22-31/,
- иргэний нэхэмжлэгч С.Эн:..2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 19 цаг өнгөрч байхад Приус-11 маркийн 63-23 УНҮ улсын дугаартай автомашиныг жолоодон шунхлай шатахуун түгээх газрын хажууд зогсож байгаад 5 хүнийг тус бүр 500 төгрөгөөр бодож суулгаад баруун салааны эцэс орохоор яваад хорооны буудал өнгөрөөд ногоон дэлгүүрийн буудал дөхөж явсан, эргэлтэн дээр өмнөөс нэг машин урсгал сөрөөд шууд мөргөсөн маш хуртай явж байсан. Ямар ч үйлдэл хийх боломж олгоогүй...3.355.000 төгрөгний хохирол, үнэлгээний хөлс 170.000 төгрөг зэргийг нөгөө машины жолооч төлсөн...гэх мэдүүлэг /хх-41-42, 68/,
- иргэний нэхэмжлэгч Т.С:..2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр би ээж, хүүгийн хамтаар Баянхошууны тойрог дээрээс Тоёота приус маркийн автомашинд суугаад Баруун салааны эцэс орохоор яваад ногоон дэлгүүрийн буудал дөхөж явж байтал өөдөөс ирж явсан машин ирж мөргөөд осол гаргасан...гэх мэдүүлэг /хх-60-61, хх-151-152, х-152, х-157-166/
- шинжээчийн дүгнэлт : “П-н биед аарцаг яс, хамар яс, цээжний баруун талын 5-р хавирганы далд хугарал, зүүн хөмсөгт шарх, зүүн нүдний зовхи, хамарт зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тэл гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй /хх-86/,
- шинжээчийн дүгнэлт :..шинжилгээнд ирүүлсэн В30692440 серийн дугаартай хуруу шилтэй Г 38 эр гэж хаяглан цусанд 2,6 промилли спирт илэрч цусан дахь 2,6 промилл спирт нь согтолтын хүнд зэрэгт хамаарна...гэсэн дүгнэлт /хх-91-92/,
- тээврийн цагдаагийн албаны шинжээчийн дүгнэлт : Х.Верна маркийн 61-97 УНН дугаартай тээврийн хэрэгслитйг жолоодож явсан жолооч Ц овогтой Г нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн: 3.7.Жолоочид дараах зүйлийг хориглоно : а/...согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3. Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй /х-114/,
- шүүгдэгчийн :..2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр Даринчулуун гэх залуугийн гэрийн гадаа 0.5 л хараа архи худалдан авч хоёулаа хувааж ууж дуусаад дахиад 2 шил пиво авч уугаад удалгүй машинаа асааж Баяраа гэдэг ахаараа бариулахаар 99277779 дугаартай утас руу залгаад утсаа аваагүй. Тэгэхээр нь би ойрхон болохоор нь машинаа унаад эхнэр миний хажууд суугаад бид хоёр баруун салааны замаар доошоо уруудаад эргэлтэн дээр тормос гишгээгүй шууд явсан, гишгэхээр бөгсөө шидэх байх гэж бодоод өөдөөс ирсэн автомашинтай мөргөлдсөн...Би сонсгож байгаа зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна.../хх-126/ гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгчийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.П эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар :
Шүүгдэгч нь иргэний нэхэмжлэгч Т.С, С.Г, Ж.Т нарт учирсан хохиролд нийт 405.000 төгрөгийг /хх-150, 152, 155, 157, 158, 163-166/ төлсөн баримтыг шүүх хуралдаанд гаргасан, иргэний нэхэмжлэгч С.Эрдэнэзулд 3.355.000 төгрөг /хх-168, хх-170/ төлсөн, хохирогч С.П-д нийт 4.019.280 төгрөгийг /хх-170-172, х-179/ төлж барагдуулсан, энэ талаар хохирогч шүүх хуралдаанд мэдүүлсэн байх тул шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, харин хохирогч С.П гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэрэг байдлыг харгалзан нэмэгдэл ял хэрэглэн, харин хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж шийдвэрлэв.
Шүүгдэгчийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах нэмэгдэл ял оногдуулсан тул түүний В ангиллын 177009 дугаартай жолооны үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлэх, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүйг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Ц.Г автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг согтуугаар үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Г-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.5-д зааснаар хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нэхэмжлэл гаргасан тохиолдолд гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, мөн оршин суух газраа өөрчилвөл хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг шүүгдэгчид тус тус хүлээлгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, уг хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай.
6. Шүүгдэгчийн В ангиллын 177009 дугаартай жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлсүгэй.
7. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ГАНБААТАР