Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 652

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Соёлмаа би Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй Ц.Дэлгэрмаад холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 9.800.000 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                              

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зүүнбүрэн сумын иргэн Ц.Дэлгэрмаа нь аймгийн Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих сангийн хөрөнгөөр “Даацын блокны үйлдвэр байгуулах”-аар зориулалтын дагуу ашиглагдах, зээлийн график хуваарийн дагуу 3 жилийн хугацаанд эргэн төлөх, хэрэв зээлийн төлөлтийг хийгээгүй гэрээний хугацаа дуусгавар болсон тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.3 хувийн алданги тооцох нөхцөлтэй 10.000.000 төгрөгийн зээлийн гэрээг аймгийн Засаг даргатай 2012 оны 07 дугаар сарын 04-ний өдөр байгуулж санхүүжилт авсан. Ц.Дэлгэрмаа нь зээлийн эргэн төлөлтөөс үлдэгдэл 7.000.000 төгрөгийг хийгээгүй гэрээний ерөнхий хугацаа дууссан ба зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тул гэрээгээр олгосон зээлийн үлдэгдэл 7.000.000 төгрөг болон түүний алданги болох 2.800.000 төгрөг нийт 9.800.000 төгрөгийг барьцааны гэрээний 5.1, 5.2-т заасны дагуу барьцаа хөрөнгөнөөс гаргуулж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.  

Зохигчид нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

Нэг талаас Аймаг хөгжүүлэх сангийн мэргэжилтэй З.Загдсүрэн

Нөгөө талаас Сэлэнгэ аймаг Зүүнбүрэн сум 2-р баг 2-р хэсэг 32 тоотод оршин суух Боржигон овогт Цэрэнпагмын Дэлгэрмаа /МЖ-68022802/ нар нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагад доорх нөхцлөөр эвлэрч байна.

1.Нэхэмжилсэн үнийн дүн дээл алданги 2.800.000 төгрөгийг 700.000 төгрөг болгож 2.100.000 төгрөгийн алдангиас чөлөөлөх

2.Дээрх нэхэмжилсэн дүн 7.000.000 төгрөг, алданги 700.000 төгрөг, нийт 7.700.000 төгрөгийг 2017 оны 06-р сарын 30-ны дотор бүрэн төлж барагдуулахаар эвлэрэн хэлэлцлээ.

Эвлэрлийн гэрээ байгуулсан:

        Нэхэмжлэгчийн

        итгэмжлэгдсэн төлөөлөгч                     З.Загдсүрэн

                   Хариуцагч                                               Ц.Дэлгэрмаа  гэжээ.

                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Засаг дарга нь хариуцагч Ц.Дэлгэрмаад холбогдуулан “Зээл, зээлийн хүү, алданги 9.800.000 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 2.100.000 төгрөгний алдангиас татгалзаж, үлдэх 7.700.000 төгрөгийг нэхэмжилсэн ба хариуцагч нь 2017 оны 06-р сарын 30-ны дотор уг нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээр эвлэрэн хэлэлцсэн болох нь зохигчдоос шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээгээр нотлогдож байна.

Зохигчдын энэхүү эвлэрэл нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлийг хөндөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 7.700.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж болох 138.150 төгрөгний  тал хувь 69.075 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар Сэлэнгэ аймгийн Засаг даргын нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Дэлгэрмаад холбогдох “Зээл, зээлийн хүү, алданги 9.800.000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийн зохигчид 7.700.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.    

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн  41.1.4-т зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөн болохыг дурьдаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлага болох 7.700.000 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 138.150 төгрөгний  тал хувь болох 69.075 төгрөгийг хариуцагчаас гаргуулан орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА