Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 071

 

БӨ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч А.Дауренбек даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Е,

улсын яллагч, БӨ аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор М.Ф,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч А.С,

шүүгдэгчийн өмгөөлөгч Т.К,

шүүгдэгч Д.С нарыг оролцуулан БӨ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.С-д холбогдох 1913002740231 дугаартай дугаартай эрүүгийн хэргийг хаалттай хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 06 дугаар сарын 21-ний өдөр БӨ аймгийн Ц суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, яс үндэс Тува, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, БӨ аймгийн Ц сумын 0 дугаар багт оршин суух хаягтай, ам бүл-1, ганцаараа амьдардаг, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Д.х овогт Д-ын С, регистрийн дугаар БЛ..................

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн оюуны хүнд хомсдолтой Ш-ын К-ийг өвчний улмаас биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд дурдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.С-гийн өгсөн мэдүүлэг.

1. Шүүгдэгч Д.С шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Тухайн үед би хоёр найзтайгаа хамт архи уусан байсан. А гэдэг хүний дэлгүүрээс “Нутаг” нэртэй 2 шир архи авсан. М, Б гэдэг хүмүүс байсан. Тэгээд согтуу юу болсныг санахгүй байгаа. Тэр охин хашааны гадаа харагдсан болохоор “ахын дүү яасан бэ” гэж асуухад өөрөө дагаад явсан. Тэгээд согтуу голын эргээр яваад байхад зөндөө хүмүүс харсан. Тухайн харсан хүмүүс охиныг салгаад авахгүй, ийм юм болсон хойно сонин сонин юм яриад байх юм. Ш.К-ийг хүчиндсэн зүйл байхгүй. Би хүчиндэж, айлган сүрдүүлсэн зүйл байвал шинжээчийн дүгнэлтээр гарна. Одоо үед бүх юм хөгжсөн байгаа.” гэв.

Хоёр. Эрүүгийн 1913002740231 дугаартай хэргээс:

2. Хохирогч Ш.К-ийн хууль ёсны төлөөлөгч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-н 33-34, 37-38-р хуудас/,

 ”...2019 оны 07 аар сарын 27-ны өдөр орой 20 цаг 40 минутын үед гадаа тоглож байсан оюуны хомсдолтой 20 настай охин болох Ш.К-ийг гэртээ оруулахаар дуудсан боловч алга болчихсон байсан. Манай гэрт гол ойрхон болохоор усанд живчихсэн болов уу гэж санаа зовоод гол дагуу хайсан боловч олдоогүй. Тэгээд сумын Засаг даргын орлогч С.Б рүү залгаж миний охин алга болчихсон гэж хэлсэн ба С.Б таны охиныг үл таних залуу гол дагуу доошоо хөтлөөд аваад явж байсан байна, намайг айлд хүргэсэн мотоциклийн жолооч харсан байна гэсэн. Мөн гүүрийн аманд хураамж авдаг Мүталип гэгч таны охиныг үл таних хар өнгийн куртиктэй залуу дагуулаад явж байсныг харсан байна. ...Тэгж байхад П гэж дууддаг залуу болон М.С нар таны хүүхэд доод гудамжинд явж байна гэж миний охиныг аваад ирсэн. Дараа нь сумын орлогч дарга С.Б таны охиныг А-гийн гэрт байлгаж байсан Д.С гэгч залууг бид одоо баривчлаад аваад ирнэ. Сумын цагдаад мэдэгдсэн байгаа гэж хэлсэн. Дараа нь С.Б сумын эмч нар болох Т.А, Х.А нарыг дуудуулж Ш.К-ийг үзүүлэхэд дотоожинд цус байна, оролдсон байна гэсэн. Маш их гомдолтой байна. Миний охин болох Ш.К нь оюуны хомсдолтой өвчтэй хүүхэд байгаа юм. Сайн ярьж чадахгүй, биеэ хамгаалах чадваргүй байдлыг нь далимдуулж Д.С гэх залуу хүч хэрэглэн, байшинд байлгаж, хүчиндсэн байна. Охин маань надад тэр залуу секс хийе гээд хувцас хунарыг минь тайлж, миний дээр гарч, бэлгийн ажил хийсэн гэж хэлсэн. Манайх Ц сумын 3 дугаар багт оршин суудаг ба хэрэг болсноос хойш аймгийн төв рүү 5 удаа ирж мэдүүлэг байцаалт өгсөн. Ц сумаас аймгийн төв рүү таксигаар явахад нэг хүн талдаа 10000 төгрөг юм. Тэгэхэд таксины хөлсөнд 200000 төгрөг төлсөн. Би 2 удаа Б.Б- гэх таксины жолоочоор явж 80000 төгрөг төлсөн. Даку гэх жолоочид 120000 төгрөг төлсөн. Үүнийг тус тус нэхэмжилж байна. Мөн өвчтэй хүүхдийг минь хүчиндэж, сэтгэл хохирол учруулсан явдалд маш их гомдолтой байна. Уг залууд хуулийн дагуу арга авч, ял оногдуулж өгөхийг хүсэж байна” гэх мэдүүлэг,

3. Гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-н 39-р хуудас/

“Х.А-ыг дагуулан А.К-гийн гэрт очиж алга болж олдсон гэх оюуны хомсдолтой охин болох Кенжегүлийн биед үзлэг хийхэд биед нь ямар нэгэн гэмтэлгүй, хувцас хунар нь урагдалгүй, биеийн байдал нь хэвийн байдалтай боловч дотоож нь нэлээн цус болсон байсан болохоор би юу болсон бэ гэж Ш.К-ээс асуухад секс хийсэн гэсэн. Бид гайхаад энэ болсон асуудлыг ухамсарлаж ойлгож чадах уу гэж эргэлзсэн. Тэгэхэд Х.А нь чамд тэр залуу хийсэн үү, чиний дээр гарсан уу гэж асуухад тэгсэн, тэр залуу миний дээр гарсан гэсэн. Х.А бид хоёр Ш.К-ийг эмэгтэйчүүдийн зориулалтын үзлэгийн оронд гаргаж үзлэг хийхэд бэлэг эрхтэн нь улайсан, мөн онгон хальсгүй болчихсон байдалтай байсан. Тэгээд бид цаашаа үзээгүй, бэлгийн харьцаанд орсон шинж тэмдэг байна гэж хэлээд явуулсан”... гэх мэдүүлэг,

4. Гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 40-41-р хуудас/

“...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр эмэгтэйчүүдийн эмч Т.А 14 цагийн үед сумын гудамжинд тааралдаж, эмнэлгийн дарга К.Ө А.К-гийн гэрт очоорой, өчигдөр охин нь алга болоод өнөөдөр олдсон байна, биеийг нь үзээд өгөөрэй гэж хэлсэн гэхээр нь Т.А-ийн хамт А.К-гийн гэрт очиж олдсон гэх оюуны хомсдолтой охин болох Ш.К-ийн биед үзлэг хийхэд бие нь ямар нэгэн гэмтэлгүй, хувцас хунар нь урагдалгүй байсан боловч дотоож нь нэлээн цус болсон байсан. Би тэр охиноос чамд юу болсон бэ гэхэд секс хийсэн гэхээр нь энэ юу яриад байна, оюуны хомсдолтой хүүхэд тийм зүйлийг мэдэх үү гэж бодоод эргээд чухам юу болсон, чиний дээр гарсан уу гэж ойлгогдох хэлээр дөхүүлж асуухад дээр гарч авсан гэж хариу өгсөн. Би түүнээс өөр зүйл асуугаагүй. Т.А бид хоёр Ш.К-ийг эмэгтэйчүүдийн зориулалтын үзлэгийн оронд гаргаж үзлэг хийхэд бэлэг эрхтэн нь улайсан, мөн онгон хальсгүй болчихсон байдалтай байсан. Орой Ш.К-ийг үзэхэд хувцсыг нь сольсон, усанд оруулсан гэж ээж нь хэлж байсан” гэх мэдүүлэг,

5. Гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-н 42-43-р хуудас/,

“...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр миний бие 20 цаг минутын үед дүү С.А-ын хамт мотоциклээр айлд цай уухаар явж байгаад Ц сумын 9 дүгээр багийн иргэн А-ийн гэрийн хажуугаар Ховд голын эргээр явж байсан ба бид нараас нэлээд зайтай газар манай ээжийн талын холын хамаатан болох А.К-н охин Ш.К бараан хар өнгийн хувцастай явж байсныг анзаарч хараад хаашаа  явж байгаа юм бол гэж бодоод өнгөрсөн. Мөн хажууд нь үл таних залуу явж байсан... Тэгээд би айлд цай ууж сууж байхад 22 цагийн үед А.К утсаар залгаж миний охин гэрийн хажуугаас алга болсон гэхээр нь би таны охиныг голын эрэгт явж байсныг харсан. Хажууд нь үл таних нэг залуу явж байсан гэж хэлсэн. Тэгээд би Ц сумын Гал түймэр унтраах аврах 71 дүгээр анги, БӨ аймгийн Онцгой байдлын газар, хэсгийн төлөөлөгч Б.Ш нарт мэдэгдэж эрлийн ажлыг зохион байгуулж, Ш.К-ийг Ховд голын эрэг, айлуудын хашаа хорооноос хайж эрсэн боловч тэр өдөр олдоогүй. Тэгээд тэр өдрийн маргааш нь дахиж хүмүүсийг гаргаж эрэн хайх ажиллагаа хийж байхад иргэн М.С-ы эхнэр А.Б- Ш.К-ийг айлын хашааны буланд сууж байхад олж авч А.К-гийн гэрт хүргэж өгсөн байна. ...Бидний сэжиглэж барьж авсан Д.С гэгч залуу намайг мотоциклээр явж байхад Ш.К-ийн хажууд явж байсан залуугийн хувцас, гадны байдал нь яг төстэй байсан. Ш.К-ийг хар өнгийн хувцастай бидний барьж авсан залуу дагуулаад явж байсныг Ховд голын модон гүүрийн манаач Ш.М гэх хүн харсан гэж хэлсэн” гэх мэдүүлэг,

6. Гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 44-45-рх/

“...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн гэрээс гарахад манай хөрш айл болох М-ын болон П-гийн айлын хашааны гадна талд нэг эмэгтэй зогсож байсан. Би алга болсон А.К-гийн охин болов уу гэж бодоод эргэлзээд гэрт ороод нөхөр М.С-д А.К-гийн охин алга болсон гэж байсан биз дээ, гадаа түүний охинтой адил охин байна гэхэд чи очоод өөрөөс нь асуугаарай гэсэн. Тэгээд би нөгөө охин очоод чиний нэр хэн бэ, яах гэж байгаа юм бэ гэж асуухад тэр нэг юм хэлсэн, түүнийг би ойлгосонгүй. Би Ө-ыг таних уу, түүнийг охин Бота гэгчийг таних уу гэхэд толгойгоороо дохихоор нь би нөгөө алга болсон охин мөн юм шиг байна гэж бодсон” гэх мэдүүлэг,

7. Гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 47-рх/

“...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр 20 цаг 40 минутын үед миний бие өөрийн мотоциклоор төрсөн ах С.Б-ийг Ц сумын төвд эршин суудаг Ж гэх хамаатны гэрт хүргэж өгөөд буцаж явах үед замд Ховд голын эргээр Ш.К-ийг урьд өмнө харж байгаагүй үл таних залуу суугдаж аваад хөтлөөд доошоо явж байсныг харсан. Тэр залуу хар өнгийн хувцастай явж байсан” гэх мэдүүлэг,

8. Гэрч М.С-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 48-49-рх/

“...эхнэр гадагшаа гарсан ба манайд ойролцоо оршин суудаг М, П нарын хашааны урьд нэг эмэгтэй зогсож байна, нөгөө алга болсон охин байж магадгүй гэж гэртээ орж ирээд хэлсэн. Тэгэхээр нь би чи очоод хараад ирээч, мөн байвал гэрт нь хүргэж өгье гэж хэлсэн. Тэгээд эхнэр А.Б нөгөө эмэгтэйн хажууд очиход нөгөө алга болсон охин мөн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр охиныг миний машинд суулгаж аваад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг,

9. Гэрч Ш.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 50-51-рх/

“...2019 оны 07 дугаар сарын 27-ны өдөр байсан байх, өдрийн сайн санахгүй байна, орой 20 цагийн үед ажил үүргээ гүйцэтгэж зогсож байхад гүүрийн хажуугаар хар царайтай 25-30 орчим насны намхандуу биетэй залуу хажуудаа 20 орчим насны гаднаас нь харахад хөгжлийн бэрхшээлтэй охин хүүхдийг дагуулаад сумын төв рүү чиглэж явсан. Ингээд тус өдрийн шөнө 03 цагийн үед манай байшингийн цонхыг тогших шиг болохоор нь босоход хөгжлийн бэрхшээлтэй Ш.К гэгч охин алга болсон талаар хүмүүс хайж ирсэн байсан. Тэгээд би харж үзсэн зүйлээ хэлж өгсөн" гэх мэдүүлэг,

10. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай “...Иргэн Д.С-гийн цусанд 0.7% этилийн спирт илрэв” гэх дүгнэлт /хх-ийн 67-рх/,

11. Шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71-рх/,

12. БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 19 дугаартай магадалгаа /хх-ийн 79-80-рх/,

13. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-16-рх/,

14. Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-рх,

15. Хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-рх/,

16. Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22-рх/,

17. Шүүгдэгч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: /хх-ийн 113-115, 119-121-рх/

“...чухам хэний гэрт очсоноо санахгүй байна. Миний таньдаг айл байсан бөгөөд уг хашаан дотор бие засаад зогсож байхад ойролцоо хашаанд үл таних охин тоглож явж байсныг нь харсан. Тэгээд дараа нь ямар үйлдэл хийснээ санахгүй байна. Учир нь би нэлээн согтуу ухаан санаа орж гараад байсан. Тэгсэн нэг мэдэхэд ухаан орсон, уусан архи маань бага зэрэг гарсан байдалтай сэрэхэд Ц сумын төвд байрлах хамаатан ах болох М-ын байшин дотор орны урьд талд газар хэвтэж байсан. ...миний бодож байгаагаар нөгөө охиныг согтуудаа М-ын байшин руу дагуулж ирсэн юм шиг байна. Учир нь би согтуу байхдаа ухаанаа мэдэхгүй, хийсэн үйлдлээ мэдэрдэггүй. ...миний бодлоор согтуудаа оролдсон байж магадгүй” гэх мэдүүлэг,  

18. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар нотлох баримтууд:

- 2012 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр олгосон “РД:БЛ.................., овог: Д.х, эцэг /эх/-ийн нэр:Д, нэр: С, яс үндэс: Монголын харьяат бусад яс үндэстэн, хүйс:Эрэгтэй, төрсөн огноо: 1988/06/21, төрсөн газар:Баян-Өлгий, Ц , хаяг:Баян-Өлгий, Ц , 7-р баг, Долоон гаталга, бүртгэлийн дугаар:833733271948, хүчинтэй хугацаа:2033/06/21, хэд дэх:1” гэх иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 123,128/,

- БӨ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 01/953 дугаартай “Д овогтой С /БЛ................../-ийн нэр дээр өнөөдрийн байдлаар манай цахим мэдээллийн санд ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө бүртгэгдээгүй байн” гэх албан бичиг /хх-ийн 127/,

- Шүүгдэгч Д.С нь Төрийн банк, Алдияр ХЗХ, Байтерек ХЗХ,  Хас банк, ХААН банк, Голомт банк, Капитрон, Транскапитал  ББСБ-д ямар нэгэн данс эзэмшдэггүй болохыг тодорхойлсон албан бичгүүд /хх-ийн 130-138/,

- БӨ аймгийн Татварын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 191 дугаартай “БЛ.................. регистрийн дугаартай, Д овогтой С нь цахим төлбөрийн санд бүртгэлгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 152/,

- БӨ аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 238 дугаартай “Иргэн Д овогтой С /БД88062118/-тэй холбоотой мэдээллийг мэдээллийн баазаас шүүж үзэхэд 2018, 2019 онуудад нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй байна” гэх  албан бичиг /хх-ийн 155/,

- БӨ аймгийн Авто тээврийн үндэсний төвийн 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 112 дугаартай “Д овогтой С-гийн /БЛ................../ нэр дээр бүртгэлтэй тээврийн хэрэгсэл байхгүй байна” гэх албан бичиг /хх-ийн 156/,

- Шүүгдэгч Д.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 81/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичмэл нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Хэрэгт цугларсан, талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаас дүгнэж үзээд: 

Гурав. 1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг үндэслэн шүүх хуралдаанд оролцсон талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтуудыг тал бүрээс нь харьцуулж, үнэлж дүгнэхэд шүүгдэгч Д.С нь үйлдсэн гэмт хэргээ хүлээн зөвшөөрөхгүй байгаа боловч 2019 оны 07 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн иргэн оюуны хүнд хомсдолтой Ш-ын К-ийг сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орж хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч Ш.К-ийн хууль ёсны төлөөлөгч А.К-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн ”...Охин маань надад тэр залуу секс хийе гээд хувцас хунарыг минь тайлж, миний дээр гарч, бэлгийн ажил хийсэн гэж хэлсэн” гэх мэдүүлэг /хх-н 33-34, 37-38-р хуудас/, гэрч Т.А-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “Х.А бид хоёр Ш.К-ийг эмэгтэйчүүдийн зориулалтын үзлэгийн оронд гаргаж үзлэг хийхэд бэлэг эрхтэн нь улайсан, мөн онгон хальсгүй болчихсон байдалтай байсан, Тэгээд бид цаашаа үзээгүй, бэлгийн харьцаанд орсон шинж тэмдэг байна гэж хэлээд явуулсан” гэх мэдүүлэг, /хх-н 39-р хуудас/, гэрч Х.А-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...А.К-гийн гэрт очиж олдсон гэх оюуны хомсдолтой охин болох Ш.К-ийн биед үзлэг хийхэд бие нь ямар нэгэн гэмтэлгүй, хувцас хунар нь урагдалгүй байсан боловч дотоож нь нэлээн цус болсон байсан. Би тэр охиноос чамд юу болсон бэ гэхэд секс хийсэн гэхээр нь энэ юу яриад байна, оюуны хомсдолтой хүүхэд тийм зүйлийг мэдэх үү гэж бодоод эргэ чухам юу болсон, чиний дээр гарсан уу гэж ойлгогдох хэлээр дөхүүлж асуухад дээр гарч авсан гэж хариу өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 40-41-р хуудас/, гэрч С.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Бидний сэжиглэж барьж авсан Д.С гэгч залуу намайг мотоциклээр явж байхад Ш.К-ийн хажууд явж байсан залуугийн хувцас, гадны байдал нь яг төстэй байсан.” гэх мэдүүлэг /хх-н 42-43-р хуудас/, гэрч А.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн: “...2019 оны 07 дугаар сарын 28-ны өдөр 12 цагийн гэрээс гарахад манай хөрш айл болох М-ын болон П-гийн айлын хашааны гадна талд нэг эмэгтэй зогсож байсан, би алга болсон гэж байсан А.К-гийн охин болов уу гэж бодоод эргэлзээд гэрт ороод нөхөр М.С-д А.К-гийн охин алга болсон гэж байсан биз дээ, гадаа түүний охинтой адил охин байна гэхэд чи очоод өөрөөс нь асуугаарай гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 44-45-рх/, гэрч С.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Ш.К-ийг урьд өмнө харж байгаагүй үл таних залуу суугдаж аваад хөтлөөд доошоо явж байсныг харсан. Тэр залуу хар өнгийн хувцастай явж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 47-рх/, гэрч М.С-ы мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...Тэгээд эхнэр А.Б нөгөө эмэгтэйн хажууд очиход нөгөө алга болсон охин мөн байна гэж хэлсэн. Тэгээд бид хоёр охиныг миний машинд суулгаж аваад гэрт нь хүргэж өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 48-49-рх/, гэрч Ш.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “...хар царайтай 25-30 орчим насны намхандуу биетэй залуу хажуудаа 20 орчим насны гаднаас нь харахад хөгжлийн бэрхшээлтэй охин хүүхдийг дагуулаад сумын төв рүү чиглэж явсан." гэх мэдүүлэг /хх-ийн 50-51-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай “...Иргэн Д.С-гийн цусанд 0.7% этилийн спирт илрэв” гэх дүгнэлт /хх-ийн 67-рх/, шүүх шинжилгээний албаны шинжээч К.Х-ын 2019 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 331 дугаартай дүгнэлт /хх-ийн 70-71-рх/, БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүх сэтгэц гэм судлалын 19 дугаартай магадалгаа /хх-ийн 79-80-рх/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 09-16-рх/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 17-18-рх, хүний бие, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 19-рх/, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 20-22-рх/, шүүгдэгч Д.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн мэдүүлэг /хх-ийн 113-115, 119-121-рх/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Хохирогч Ш.К нь сэтгэцийн өвчтэй биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй болох нь хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-ийн 30, 85/, БӨ аймгийн Нэгдсэн эмнэлгийн 2019 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 19 дугаартай шүүх сэтгэц гэм судлалын магадалгаа /хх-ийн 79-80/, БӨ аймгийн Ц сумын 3 дугаар багийн Засаг даргын 2019 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 275 дугаартай тодорхойлолт /хх-ийн 141/ зэргээр тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.С нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан гэх боловч өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг мэдсээр байж, хүсч үйлдсэн шууд санаатай үйлдэл бөгөөд бэлгийн дур хүслээ хангахаар сэтгэцийн өвчтэй, биеэ хамгаалах чадваргүй байдлыг далимдуулан хохирогчийн бэлгийн эрх чөлөөнд халдсан санаатай үйлдлээ гүйцэлдүүлснээр уг гэмт хэрэг төгссөн байна.

Хүчиндэх гэмт хэрэг нь эмэгтэй хүний хүсэл зоригоос гадуур түүний эсэргүүцлийг няцааж хүч хэрэглэх, айлган сүрдүүлэх зэргээр хурьцал үйлдэхийг хэлэх ба хүч хэрэглэж хурьцал үйлдэх нь хохирогчийн биед гэмтэл учруулах, боох, цохих, зодох гэх мэт бусад арга хэлбэрийг ойлгох бөгөөд тус гэмт хэргийн объект нь эмэгтэй хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдал юм.

Иймд улсын яллагчийн шүүгдэгч Д.С-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүх хүлээн авч, шүүгдэгчийг “Сэтгэцийн өвчтэй биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь үндэслэлтэй байна. Энэ гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.С-гийн ёс суртахуун, хувь хүний төлөвшил доогуур байдал, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдал нөлөөлсөн гэж үзлээ.

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн тухай.

Уг гэмт хэргийн улмаас хохирогч Ш.К-д 160000 төгрөгийн хохирол учирсныг шүүгдэгч Д.С- төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.

 

3. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.С-гийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг удирдлага болгов.

Шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.5 дугаар зүйлд заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд, мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.6-д заасан хохирогчийн бие хамгаалж чадахгүй байдлыг мэдсээр байж гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С нь хохирогч Ш.К-ийн бэлгийн эрх чөлөөнд халдсан үйлдэл нь хууль бус болохыг мэдсээр байж гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр хүсэж үйлдсэн тул тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй.

Шүүгдэгч Д.С нь урьд ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 162/-аар тогтоогдож байна.

Шүүгдэгч нь би согтуу байхдаа ухаанаа мэдэхгүй, хийсэн үйлдлээ мэдэрдэггүй гэж мэдүүлдэг боловч согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн болох нь шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай дүгнэлт болон өөрийнх нь мэдүүлгээр тогтоогдож байгаа бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн 6.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Согтуурсан, мансуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэн нь эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх учиргүйг дурдаж байна.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Д.С-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгчийн хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасныг удирдлага болгон ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан шүүгдэгч Д.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Д.С нь 2019 оны 10 дугаар сарын 30-ны өдрөөс эхлэн 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл нийт 141 /нэг зуун дөчийн нэг/ хоног баривчлагдаж, цагдан хоригдсон байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцох нь зүйтэй байна.

4. Бусад асуудлаар.

Шүүгдэгч Д.С-гээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, эд мөрийн баримтаар ирүүлсэн болон битүүмжилсэн зүйлгүй, түүний хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг дурдаж,  шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлүүд, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Д.х овогт Д-ын С-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т заасан “Сэтгэцийн өвчтэй биеэ хамгаалах, эсэргүүцэл үзүүлэх чадваргүй байдлыг далимдуулан хүчээр бэлгийн харьцаанд орсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.С-г 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.С-гийн баривчлагдаж, цагдан хоригдсон 141 /нэг зуун дөчин нэг/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

5. Шүүгдэгч Д.С нь бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйл болон битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай. 

6.  Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Д.С-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх хорих ялыг 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн тоолсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч,  улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор БӨ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          А.ДАУРЕНБЕК