| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбодоржийн Ганбаатар |
| Хэргийн индекс | 188/2019/0578/Э |
| Дугаар | 577 |
| Огноо | 2019-05-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Р.О |
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 28 өдөр
Дугаар 577
Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Г даргалж,
Нарийн бичгийн дарга Т.С,
Улсын яллагч Р.О,
Шүүгдэгч Х.Анарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял сонсгож, хялбаршуулсан журмаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х овогт Х-гийн А-д холбогдох 1908 0221 20725 хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1974 оны 06 дугаар сарын 1-ны өдөр Дорнод аймгийн Чойбалсан суманд төрсөн, 44 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл-4, эхнэр 2 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хороо 20 дугаар байрны 15 тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй, Х овгийн Х А /............/,
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 15 тоотод эхнэр Т.У-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:Үүнд
Шүүгдэгч Х.А нь 2019 оны 04 дүгээр сарын 19-20-нд шилжих шөнө 03-04 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20 дугаар байрны 15 тоотод эхнэр Т.У-тай маргалдан нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь :
- хохирогч Т.У-гийн:...Би А-тай 2007 онд гэр бүл болсон, 2 хүүхэдтэй. 2019 оны 04 сарын 19-нйи өдөр манай том охины сургуулийн эцэг эхийн хурал болоод тараад эхчүүд нь пабад суусан. Ингээд нилээн оройтоод 03 цаг өнгөрч байхад гэртээ ирсэн. Гэрт орсон нөхөр уурлаад бид 2 маргалдаж би нөхрөө цохих гэж байгаад нөхрийн тэвэрч байсан бага охиноо цохичихсон юм. Тэгсэн нөхөр уурлаад миний нүүрэнд 1 удаа цохисон. Миний 2 шүд хугараад 2 шүд хөдөлсөн...Урьд нь зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй...гэх мэдүүлэг /хх-13/,
- шинжээчийн дүгнэлт :...Т.У-гийн биед доод уруулын салстад цус хуралт, доод баруун 1-р шүд, дээд баруун 2-р шүдний булгарал, дээд баруун 1-р шүдний сулрал, буйланд шарх, доод баруун 2-р шүд, доод зүүн 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги 10 хувь алдагдуулна... гэх дүгнэлт /хх-17/,
- шүүгдэгчийн :.. Би эхнэр Т.У 2007 онд Солонгос улсад танилцаад нэг гэрт хамт амьдраад 12 жил болж байна. Ингэж амьдрах хугацаанд бид хоёр охинтой болсон...Манай эхнэр Уранчимэг 2019 оны 04 сарын 19-ний орой 18 цагийн үед том охин Цэлмүүний эцэг, эхийн хуралд суухаар сургууль руу нь явсан юм. Би эхнэр лүүгээ орой 22 цагт залгахад эцэг, эхийн хурал тарсан гэхээр нь хүлээгээд байсан...03.30 цагийн үед манай эхнэр хөл дээрээ тогтож чадахгүй согтуу орж ирсэн. Би тэгээд түүний том өрөөнд унтаа гээд эхнэрээ ор луу нь түлхээд гар луу нь цохитол тэр урдаас чи ганц удаа гарчихаад ирж байхад уурлалаа гээд хэрэлдэж эхэлсэн. Би энэ үед бага охиноо тэвэрсэн байсан юм. Тэр эхийнхээ мөөмийг идэх гээд унтахгүй байсан юм. Хэрэлдэж байгаад эхнэр намайг цохих гээд дайрахаар нь би зайлтал тэр тэвэрч байсан охиныг цохиод авсан. Охин бүр айгаад орилоод эхэр татаад уйлахаар нь би уурлаад эхнэртээ “чи хүүхэд цохичихлоо” гээд зүүн гараараа түүний аман тус газар нь 1 удаа цохисон. Их хүчтэй цохичих шиг болсон. Намайг цохисны дараа эхнэрийн амнаас цус гараад шүд нь ойчсон...Тэгээд хадам эгч Эрдэнэчимэг рүү залгаад би дүүгийн чинь цохичихлоо, хүрээд ирээч гэж хэлсэн...Эхнэрээ цохисон миний буруу гэж уучлалт гуйсан...гэх мэдүүлэг /хх-26-27/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч тухайн гэмт хэрэг үйлдснийг нотолж буй тус хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн нотлох баримтууд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын зөрчилгүй, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хамааралтай, хангалттайгаас гадна тухайн нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, үнэлэхэд хохирогч, гэрч нар худал мэдүүлсэн, шинжээч худал дүгнэлт гаргасан гэж үзэх үндэслэл, нотолгоо тогтоогдоогүй тул тус хэргийн зүйлчлэлийг зөв гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Х.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Хохирогчид нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-62-65/ гэжээ.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарна.
Шүүгдэгч нь ам бүл 4, өсвөх насны 2 хүүхэдтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн зэрэг хувийн байдалд хамаарах нотлох баримтын эх сурвалж хэрэгт авагдсан байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын шинж чанар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан торгох ял оногдуулж, уг торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 17.5 дугаар зүйлийн 8, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дахь заалт, 36.3, 36.8, 36.10, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч Х.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Х.А-г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөөөр торгох ял шийтгэсүгэй
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Х.Амарсанаад оногдуулсан 500000 төгрөгийн торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Х.А-д торгох ялыг биелүүлэхгүй зайлсхийвэл 15 нэгжийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, тус хэрэгт хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хохирогч нь гэмт хэргийн улмаас учирсан бусад хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдсугай
6. Уг тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
7. Эрх бүхий прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.А-ад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.ГАНБААТАР