Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2016 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 628

 

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн, шүүгч Л.Соёлмаа би “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй Ш.Цэнгэлд холбогдох “Зээл, зээлийн хүү 1.669.021 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хүлээн авч танилцаад

ТОДОРХОЙЛОХ нь:                               

Нэхэмжлэгч: “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллага нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Шуурайгийн Цэнгэл нь 2014 оны 08 дугаар сарын 07-ны өдөр “Вишнфанд” ББСБ-ын Сэлэнгэ салбараас 10702764 тоот зээлийн гэрээ байгуулан 2.500.000 төгрөгийн зээлийг эргэлтийн хөрөнгө нэмэгдүүлэх зориулалтаар 18 сарын хугцаатай сарын 2.8 хувийн хүүтэй зээлж авсан. Зээлдэгч Ш.Цэнгэл нь үндсэн зээл 1.137.721 төгрөг, хүү нь 519.300, нотариатын хөлс 12.000 төгрөг нийт 1.669.021 төгрөгний төлбөртэй байна. Иймд манай зээлийг төлүүлж хохиролгүй болгож өгнө үү гэжээ. 

Хариуцагч: Сэлэнгэ аймаг Сүхбаатар сум 2 дугаар баг Цагаан эрэг 19 дүгээр байр 34 тоотод оршин суух, “Буянт рашаан эмийн сан”-д ажилладаг Торгууд овогт Шуурайгийн Цэнгэл нь /МЛ-68010102// шүүхэд гаргасан тайлбартаа:

“Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилсэн 1.669.021 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг татгалзах юм байхгүй төлнө. Улсын тэмдэгтийн хураамж төлөхөд татгалзах зүйлгүй гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч: “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллага нь хариуцагч Ш.Цэнгэлд  холбогдуулан “Зээл зээлийн хүү, нотариатын хөлс 1.669.021  төгрөг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн нь түүний шүүхэд гаргасан ““Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагаас нэхэмжилсэн 1.669.021 төгрөгийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг татгалзах юм байхгүй төлнө...” гэх тайлбараар нотлогдож байна. Хариуцагчийн энэхүү зөвшөөрсөн байдал нь хууль ёсны бөгөөд гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.655 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20.827 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 20.827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагад олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар  зүйлд заасныг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр  зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар “Вишнфанд” банк бус санхүүгийн байгууллагын нэхэмжлэлтэй хариуцагч Ш.Цэнгэлд /МЛ-68010102/ холбогдох “Зээл, зээлийн хүү, нотариатын хөлс 1.669.021 төгрөг гаргуулах”-ыг хүссэн нэхэмжлэлтэй иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 41.655 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 20.827 төгрөгийг хариуцагчаас, үлдэх тал хувь болох 20.827 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэж болохыг дурьдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дугаар зүйлийн 74.4-т зааснаар зохигчид давж заалдах, хяналтын  журмаар  хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд гомдол гаргах  эрхгүйг дурьдсугай.

 

ШҮҮГЧ                                       Л.СОЁЛМАА